Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Төрийн  банкны Дундговь салбар ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын 9-р баг ******* тоотод  оршин суух Ц  овогт Д-н Ц  /*******/, Б  овогт Ц-н Э /*******/ нарт холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 15253371 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний хавсралт 7.2 дахь заалтыг үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О ,  хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч , нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТБ  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Ц, Ц.Э   нар нь ТБ-аас 2016 оны 12 сарын 14-ний өдөр хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлийн 220000436149 тоот гэрээ байгуулан  15 сая төгрөгийг жилийн 2.5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар  авсан. Хариуцагч  Д.Ц, Ц.Э  нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс оршин суугаа хаяг дээр нь 5 удаа очиж шаардлага тавьж мэдэгдэл өгсөн боловч  эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй 208 хоног хугацаа хэтрээд байна.

Иймд хариуцагч  Д.Ц, Ц.Э  нараас Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 12729000 төгрөг,  хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 2491391 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 22930 төгрөг, нотариатын зардал 8400 төгрөг, шуудан хүргэлтийн зардал 1650 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 234215 төгрөг, нийт 15253371 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний 7.2 дахь заалтаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Э  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төрийн банкны нэхэмжлэлийг хүлээн авсан. 15253371 төгрөгийг төлөх боломжгүй. Би өөрөө цалингийн зээлтэй гэжээ.

 

Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нөхөр Ц.Э ын хамт ТБаас 2016.12.14-ний өдөр 15 сая төгрөгийг зээл авсан нь үнэн. 2018 оны 4 сараас Ц.Э  бид хоёр тусдаа амьдарч байгаа. Үсчиний салоны үйл ажиллагаа зогсож, эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөлд орсон учраас 2018 оны 7 сараас хойш зээлээ графикийн дагуу төлж чадахгүй байсаар өдий хүрч банкны ажилтнуудад хүндрэл учруулсан. Зээлийн гэрээний 2.2.4-т зааснаар банк хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Э ын данснаас зээлийг төлүүлэх арга хэмжээ авах боломжтой байсан. Ц.Э  бид хоёр энэ зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан боловч Ц.Э од приус маркийн автомашин худалдан авч гэр бүлийн дундын хэрэгцээндээ болон хөрөнгө оруулалтын зориулалтаар зарцуулсан.   

ТБаас нэхэмжилсэн 15253371 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Э той адил тэнцүү хэмжээгээр зээлийг хувааж төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Барьцаа хөрөнгийг би өмчлөгчийнх нь зөвшөөрөлтэйгээр барьцаалсан.

Иймд барьцаа хөрөнгө Ц.Э ын үүргийн гүйцэтгэлийг хангахад хамааралгүй гэж үзэж байна  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн  банкны Дундговь салбар нь хариуцагч Д.Ц, Ц.Э  нараас зээлийн гэрээний үүрэгт 15253371 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний хавсралт 7.2 дахь заалтыг үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Д.Ц, Ц.Э  нар нь  зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн  боловч Ц.Э  нь төлөх боломжгүй, Д.Ц нь тэнцүү хэмжээгээр хувааж төлнө  гэж маргажээ.

 

Зохигчийн хооронд 2016 оны 12 сарын 14-ний өдөр 220000436149 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд, 15 сая төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай нэхэмжлэгч тал хариуцагч нарт зээлдүүлсэн болох нь хэргийн 4-7-р хуудсанд авагдсан 220000436149 тоот гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцэж байна. Гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан  220000436149 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 сарын 14-ний өдөр дуусахаар гэрээнд заасан байх тул гэрээ дуусгавар болоогүй байна. Нэгэнт зохигчийн хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болоогүй байх тул нэхэмжлэгч тал нэг талын санаачилгаар гэрээг цуцалсаны үндсэн дээр зээлдэгч нараас гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргавал хуульд нийцнэ. Эсхүл шүүхэд гэрээ цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй.  Гэвч нэхэмжлэгч шүүхэд гэрээ цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

 

Шүүхэд гэрээ цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалсан эсэхэд дүгнэлт хийе.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай зохицуулалт буюу үндэслэлүүдийг заасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нарт зээл төлөх тухай шаардлага тавьж, мэдэгдэл 5 удаа өгсөн гэж тайлбарладаг. Хариуцагч Д.Ц-ын өмгөөлөгч манай үйлчлүүлэгч банкнаас мэдэгдэл авч байгаагүй бөгөөд гэрээ цуцалсан талаар банк надад мэдэгдээгүй гэж ярьсан гэж тайлбарладаг. Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар хоорондоо зөрүүтэй байх тул хэрэгт авагдсан баримтанд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн 16-20-р хуудсанд зээл хаалгах тухай 3 мэдэгдэл, гэрээ цуцлах тухай 2 мэдэгдэх хуудас байгаа боловч, 2018 оны 3 сарын 1 болон 2018 оны 7 сарын 19-ны 2 мэдэгдэх хуудас нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх үнэлэх боломжгүй байна. 2018 оны 10 сарын 22-ны мэдэгдэх хуудсыг Ц.Э од мэдэгдээгүй байна. 2018 оны 11 сарын 12, 2018 оны 12 сарын 14-ны өдрийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлүүд хэрэгт авагдсан боловч дээрх 2 мэдэгдлийг хариуцагч нарт гардуулсан болон хүргүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул банкнаас хариуцагч нарт хүргүүлсэн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлүүд нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймээс зээлийн гэрээ цуцалсан гэж үзэх хуулийн үндэслэл бүрдээгүй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэжээ.

 

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тухайлбал хамгийн сүүлд зээлдэгч нар хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр зээл төлсөн тухай, 2491391 төгрөгийн хүү нь хэдэн төгрөгөнд хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн сарын хэдний өдрийг хүртэл тооцсон хүү нь тодорхой байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  234215 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

Хариуцагч Д.Ц, Ц.Э  нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Төрийн  банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ц, Ц.Э  нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15.253.371 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний хавсралтын 7.2 дахь заалтыг үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  234215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.Х