| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/42 |
| Огноо | 2023-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/42
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,
Шүүгдэгч М.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.с овогт М-ийн Н-д холбогдох эрүүгийн 2313000000046 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13- ны өдрийн 15 цаг 57 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, яс үндэс Казак, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа амьдардаг, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.15-д зааснаар 25 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 25 хоногийн хорих ялаас Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө суллагдсан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, БЖ............... регистрийн дугаартай, К.с овогт М-ийн Н-.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ах дам” зах дотор 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагийн үед хохирогч Б.М-ад нэг нутгийн хүмүүс байж, надаас яагаад хивэг авч болдоггүй юм бэ гэх зүйл хэлэх явцдаа түүний хамар тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч А.Д-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
2. Шүүгдэгч М.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эрхэм шүүгчээс намайг уучлахыг хүсэж байна. Хохирогч надтай нас чацуу бид хоёр багаасаа тоглож өссөн. Гэнэтийн үйл явдлын улмаас түүнд гар маань хүрсэн. Одоо 60 настай шээс маань тогтохгүй байгаа. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313000000046 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Иргэн Б.М-аас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 45 минутанд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
5. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-09 дэх тал/,
6. Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 24 дэх тал/,
7. Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
8. Гэрч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
9. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
10. Шүүгдэгч М.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
11. Шүүгдэгч М.Н-ы өмгөөлөгч С.Т-эс: Эмчилгээний карт, албан тоот зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
12. Шүүгдэгч М.Н-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
13.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
14. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.Н-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
15. Шүүгдэгч М.Н- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ах дам” зах дотор 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагийн үед хохирогч Б.М-ад нэг нутгийн хүмүүс байж, надаас яагаад хивэг авч болдоггүй юм бэ гэх зүйл хэлэх явцдаа түүний хамар тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
16. Иргэн Б.М-аас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 45 минутанд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...15 цагийн үед иргэн М.Н-д зодуулсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
17. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-09 дэх тал/,
18. Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие өнөөдөр өдөр 15 цагийн үед саалийн үнээндээ хивэг авахаар болоод “Ах дам” зах ороод зах дотор гурил, хивэг борлуулдаг С- гэх залууд очоод тэр залуугаас 4 шуудай хивэг авахаар болсон..., ...Тэгээд С-ээс 4 шуудай хивэг авахаар болж түүнд хивэгний мөнгийг өгч байтал хажуугаас миний таньдаг, манай Дэлүүн сумаас гаралтай иргэн М-ийн Н- гэх хүн хүрч ирээд надад бид хоёр нэг нутгийн хүмүүс байна, надаас яагаад хивэг авч болдоггүй юм бэ гэж хэлэхээр нь би түүнд би С-ээс байнгын хивэг, гурил авдаг шүү дээ, чи өөрөө мэдэж байгаа байлгүй дээ гэж хэлтэл иргэн М.Н- нь баруун гараараа миний хамар луу нэг удаа цохиж авсан. Тэр үед миний нүд цайгаад явчихсан ба М.Н-ы захнаас заамдаж автал миний хамарнаас цус гарчихсан. Тэгээд тэнд байсан С-ээс эхлүүлээд тэндхийн наймаачид намайг салгаж авсан...”, ...”Мөлдир тас” гэх хувийн эмнэлэгт очиж, аппаратад орсон бөгөөд бэлнээр 30,000 төгрөг төлсөн. Тэр өдөр эмнэлэг, цагдаа хооронд такси хөлсөлж явахад 10,000 төгрөг бэлнээр төлсөн. Зодуулсны улмаас тархи хөдөлсөн бөгөөд бариач Ж-гаар 6 хоног толгойгоо бариулахад 60.000 төгрөг төлсөн, баримтыг нь танд гаргаж өгсөн байгаа. Бариачид өдөрт 10.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Одоогоор надаас 100,000 төгрөгийн зарлага гарсан гэж ойлгож болно. Өөр ямар нэгэн зарлага гараагүй бөгөөд би Өлгийд хамраа янзлуулж чадаагүй, тэгээд ч энд хамар янзлах газар байхгүй гэж байсан тул цаашид хэдэн сарын дараа Улаанбаатар хотод очиж, хамрын хагалгаанд орж, янзлуулна гэж бодож байгаа. Одоогоор хамар маань нэг тал руугаа муруйсан, нэг тал нь битүүрч амьсгалахад хэцүү байгаа тул цаашид хотод очиж эмчилгээ, хагалгаа хийлгэвэл тухайн үед баримтуудыг нь цуглуулж байгаад шүүхээр нэхэмжилнэ гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 24 дэх тал/,
19. Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өнөөдөр 15 цаг өнгөрч байх үед над руу миний байнгын үйлчлүүлэгч болох настай ах Б.М- хүрч ирээд 4 шуудай хивэг авахаар болоод зогсож байтал хажуунаас хүний гурил, хивэг борлуулдаг М.Н- гэгч хүн хүрч ирээд М-ад хандаад чи яагаад надаас хивэг авахгүй байгаа, бид хоёр нэг нутгийн хүн гэж хэлэхэд М- ах тэр хүнд би С-ээс байнгын гурил, хивэг авдаг, бараг 15 жил болж байгаа гэж хэлэхэд М.Н- нь М-ын хамар тус газар гараараа нэг удаа цохиж авсан. Тэр үед М-ын хамарнаас шууд цус гараад эхэлсэн..., ...М- зүгээр зогсож байхад М.Н- нь баруун гараараа тэр хүний хамар луу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
20. Гэрч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэнэт тас гэх дуу чимээ гарсан ба би эргэж харахад М.Н- гэх хүн М- гэх хүний хамар луу цохиж авах шиг болсон. М- нь хамраа бариад зогсох үед цус гараад эхэлсэн..., ...Тэр үед би М.Н-д та ямар сонин хүн бэ, настай хүн байж гэж хэлэхэд тэр хүн наадах чинь өөрөө эхэлсэн гэж хэлсэн. Гэхдээ М- нь М.Н-д гар хүрээгүй. Миний харснаар тэр хоёр хоорондоо юм яриад зогсож байтал М.Н- нь гэнэдүүлж байгаад цохичих шиг болсон..., ...Тэгээд М-, М.Н- хоёрыг салгаж авах үед М.Н- нь үхвэл чи үх гэж хэлээд яваад өгсөн. Харин М-ын хамарнаас их хэмжээгээр цус гараад бүр цус нь тогтохгүй болохоор С- нь түргэний эмч дуудсан..., ...М.Н- нь М-ын хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
21. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 100 дугаартай “...Б.М-ын биед тархины доргилттой, хамрын ясны хугаралтай, таславчийн зүүн тийш мурийлттай, зүүн нүдний дээд ба доод зовхинд цус хуралттай, зүүн хацарт хавдартай, цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамраас цус гарсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. Б.М-ын дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
22. Шүүгдэгч М.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна..., ... Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед миний бие “Ах дам” зах дээр хивэг худалдаж авч байсан манай сумын уугуул иргэн Б.М- гэгчтэй тааралдаад улмаар түүнтэй тоглоом шоглоом болж байгаад санамсаргүйгээр хамар тус газар нь гараа хүргэж, цохисны улмаас тэр хүний хамарнаас цус гарчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
23. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
24. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
25. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
26. Шүүгдэгч М.Н- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
27. Шүүгдэгч М.Н-ы үйлдлийн улмаас хохирогч Б.М-ын биед хөнгөн гэмтэл учирсан нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/-ээр тогтоогдож байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
28. Шүүгдэгч М.Н-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
29. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
30. Шүүгдэгч М.Н-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохиролд 100.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
31. Хохирогч Б.М-ын “... цаашид хамраа эмчлүүлэх шаардлагатай тул хохирол нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.М- нь эрүүл мэндээ эмчлүүлэхэд цаашид гарах зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
32. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч М.Н-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.М.Н- нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар 4 жил 10 сар 25 хоногийн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж шүүгдэгчийн эдлэх ялыг 4 жил 10 сар 25 хоногоор хорих ял эдлүүлж, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг сарыг нэмж Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 11 сар 25 хоногоор тогтоох” дүгнэлтийг,
33. Шүүгдэгч М.Н-аас “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг,
34. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс “Миний үйлчлүүлэгчийг хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан прокурорын тогтоолоор 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хязгаарлалт тогтоосон хугацааг дууссан гэж тооцоолсон байна. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно” гэж зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд тооцсон. 2018 оны 03 дугаар сарын 02-ний өдрөөс тоолж үзэхэд сар болгоны 31, 01-ний өдрүүд нэмэгдээгүй байна. Дээрээс нь 4 жилд нэг болох 02 дугаар сар нь 29 хоногоор тооцоогддог. Тухайн хоногоор тооцоож үзэхэд прокурорын тогтоолоос 6 хоног нь илүү гарч байгаа. Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр маргааж байгаа зүйл байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
35. Шүүгдэгч М.Н- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
37. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Н- эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
38. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
39. Шүүгдэгч М.Н- урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 25 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ.
40. Улмаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай “Ялыг дүйцүүлэн хасах” тухай захирамжаар түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-т зааснаар оногдуулсан 25 жилийн хорихыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ял болгон өөрчилжээ.
41. Шүүгдэгч М.Н- нь уг ялаа эдэлж байх хугацаанд буюу Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар шүүгдэгч М.Н- нь зан байдлаараа нийгэмд аюулгүй болсноо харуулсан, ял эдэлж байх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, шүүхээс оногдуулсан 20 жилийн хорих ялын дөрөвний гурван хувь буюу 15 жил 1 сар 05 хоногийн хорих ялыг эдэлсэн гэж үзэж, түүний эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоожээ.
42. Гэтэл шүүгдэгч М.Н- нь хяналтын хугацаа дуусаагүй байхад буюу 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ах дам” зах дотор хохирогч Б.М-ад нэг нутгийн хүмүүс байж, надаас яагаад хивэг авч болдоггүй юм бэ гэх зүйл хэлэх явцдаа түүний хамар тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
43. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс “Шүүгдэгч М.Н-ы ял эдэлсэн хугацааг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс тоолж үзэхэд сар болгоны 31, 01-ний өдрүүд нэмэгдээгүй байна. Дээрээс нь 4 жилд нэг болох 02 дугаар сар нь 29 хоногоор тооцоогддог. Тухайн хоногоор тооцоож үзэхэд прокурорын тогтоолоос 6 хоног нь илүү гарч байгаа” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч М.Н- нь дээрх эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/16 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол /хавтаст хэргийн 70 дахь тал/-оор тогтоогдож байна.
44. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заажээ.
45. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Н-д Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон захирамжийг хүчингүй болгож, түүний эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 10 /арван/ сар, 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.
46. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар тооцож хорих ялаар сольж, түүний эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 10 /арван/ сар, 25 /хорин тав/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил, 11 /арван нэг/ сар, 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоов.
47. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч М.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
48. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
49. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К.с овогт М-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Н-д Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар захирамжаар шүүгдэгч М.Н-ы эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон захирамжийг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар тооцож хорих ялаар сольж, түүний эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 10 /арван/ сар, 25 /хорин тав/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил, 11 /арван нэг/ сар, 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д оногдуулсан 4 /дөрөв/ жил, 11 /арван нэг/ сар, 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.М- нь эрүүл мэндээ эмчлүүлэхэд цаашид гарах зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК