| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/01921/И |
| Дугаар | 2033 |
| Огноо | 2019-07-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2033
| 2019 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2019/02033 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч / УБТЗ ХНН гэх/-т холбогдох,
2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөн олговорт 26,156,046 /хорин зургаан сая нэг зуун тавин зургаан мянга дөчин зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Л /ШТҮД: 1466/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Л-ын хамт гаргасан тайлбартаа:
Миний бие Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвд тасалбар бичигч-мөнгөний няраваар ажиллаж байгаад 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн даргын 95 тоот тушаалаар орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн юм. Тухайн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02289 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2019/00179 дугаартай тогтоолоор намайг ажилд эгүүлэн тогтоосон. Би 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23 хүртэл ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг УБТЗ-ын Зорчигч тээврийн төвөөс 26,156,046 төгрөгийг ажил олгогч ажлаас үндэслэлгүй халсныг шүүхээр тогтоосон тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Тухайн үеийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдөөгүй тул өөрөө эрсдлээс хамгаалж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж байсан.
2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс Зорчигч тээврийн төвөөс намайг ажилд эгүүлэн томилсон. Эгүүлэн томилохдоо хүүхэд асрах чөлөөтэй хүний орон тоонд томилж буруу тушаал гаргасан. Түүнийг нь 4 дүгээр сарын 25-ны өдөр 106 дугаар тушаалаар цуцалсан. Хариуцагчаас шаардаж байгаа дүн 26,156,236 төгрөг. Гэтэл харуицагчийн төлөөлөгч 17,000,000 төгрөг өгөх боломжтой гэдэг. 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжилж байгаа шалтгаан нь Г.Ч өнөөдрийг хүртэл тухайн ажилдаа томилогдоогүй, тиймээс ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэж байгаа. Тухайн шүүхийн шийдвэр өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр учир 5 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхсэн. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа яригдах боломж байхгүй байна. Анх шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргахдаа цалин авахгүйн улмаас эрх зөрчигдөж байгааг мэдэж байсан. Шүүхийн шийдвэрийг яаж гарахыг мэдэхгүй байсан учраас тухайн үедээ цалинтай тэнцэх нөхөн олговор шаардаагүй гэв.
Хариуцагч УБТЗ ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Г.Ч нь УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаан 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шаардах, нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан бөгөөд, хавтаст хэрэгт энэ талаар нэхэмжилсэн баримт байхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02289 дугаартай шийдвэрээр Г.Ч-г УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоосон. Уг шүүхийн шийдвэрийг бид биелүүлж Г.Ч-г 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ажилд нь эгүүлэн тогтоосон. Нэхэмжлэлд дурдсан 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цалинг тооцсон байгааг ойлгохгүй байна. Г.Ч-г ажлаас чөлөөлсөн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс ажилд нь эгүүлэн томилсон 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 432 хоног байгаа. Энэ хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлөхөд ажил олгогчийн зүгээс татгалзах зүйлгүй. Гагцхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа 26,156,046 төгрөгийг нөхөн төлөхөд цалингийн цэснээс зөв тооцож гаргах нь зүйтэй. Иймд Г.Чгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажил олгогчийн зүгээс НХХ-ийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалинг тодорхойлох журмын дагуу тооцоолон, цалинг Г.Ч-г ажлаас чөлөөлөх үеийн цалингийн хэмжээгээр тогтоох нь зүйтэй бөгөөд, нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин 45,007 төгрөг, үүнийг ажилгүй байсан 432 хоногт тооцвол 19,443,024 төгрөг болно. Үүнээс Г.Ч-д олгосон 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний ажилгүйдлийн тэтгэмжид өгсөн 2,312,496 төгрөгийг хасч 17,130,528 төгрөгийг хариуцагчийн зүгээс олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч УБТЗ ХНН-т холбогдуулан, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөн олговорт 26,156,046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, нэхэмжлэгчийг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн, ажилгүй байсан хугацааг буруу тооцоолж илүү мөнгө шаардсан... гэх агуулга бүхий тайлбар гаргаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг түүнийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилсон 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 432 хоногийн цалинтай тэнцэх олговрыг ажилгүйдлийн тэтгэмжид олгосон 2,312,496 төгрөгийг хасч, нийт 17,130,528 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.
Г.Ч нь 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн УБТЗ-ын Олон улсын зорчигчдын галт тэрэгний тасалбар худалдах төвд үйлчлэгч, дагалдан тасалбар бичигч нярав, тасалбар бичигч няраваар тус тус ажиллаж байгаад, ажил олгогчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, уг тушаалыг эс зөвшөөрөн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд гомдол гаргасан байна.
Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02289 дүгээр шийдвэрээр Г.Ч-г УБТЗ ХНН-ийн Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. /хх 9-13/
Дээрх шүүхийн шийдвэр нь хариуцагч талын гаргасан гомдлын дагуу хянагдаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2007 тоот магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2019/00179 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисноор шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 14-24/
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч УБТЗ ХНН нь ажилтан Г.Ч-г 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 83 тоот УБТЗ-ын Зорчигч тээврийн даргын тушаалаар тасалбар бичигч няравын ажилд эгүүлэн томилж, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 106 тоот тушаалаар Г.Ч-д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан үйл баримт тогтоогджээ. /хх 7/
Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажлаас халагдсан 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаагаар цалинг он оноор гаргаж, үндсэн цалин болон үр дүнгийн шагнал, тасралтгүй ажилласны нэмэгдэл зэргийг нэмж тооцоолон нийт 26,156,046 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардахдаа хариуцагч байгууллага түүнийг ...бодитоор ажилд аваагүй учир нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар цалинг тооцсон... гэж тайлбарлаж байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч талын тайлбарыг няцааж, ...Г.Ч-г шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилсон боловч тэрээр ажилдаа ирээгүйн улмаас сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халсан учир ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажилд эгүүлэн томилсон 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл бодох нь зөв... гэж тайлбарлан маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ч ажлаас үндэслэлгүй халагдсанаар ажил олгогчийн зүгээс түүнд цалин олголгүй эрх нь зөрчигдсөн болохоо мэдсэн, мэдэх боломжтой байсан үеэс буюу 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн тогтоолоор түүний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэснээс хойш 3 сарын дотор буюу 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад хандах эрхтэй байжээ.
Г.Ч ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь шүүх эцэслэн шийдвэрлэх үед энэ талаар мэдсэн бөгөөд, тийнхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад хандаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байгаа хэдий ч, хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээгээр буюу нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс түүнийг ажилд нь эгүүлэн томилсон 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг Г.Ч-гийн ажлаас чөлөөлөгдөх үеийн буюу 2017 оны цалингаас тооцон олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Ч-гийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 432 хоногийн цалингийн дунджыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалинг тодорхойлох журмын дагуу бодож, нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 45,007 төгрөгөөр тооцон, нийт 17,130,528 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 9,025,518 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УБТЗ ХНН-ээс 17,130,528 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,025,518 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 288,675 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 243,602 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА