Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/38

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Ө-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З-,

Шүүгдэгч Р.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Р-ын Е-д холбогдох эрүүгийн 2213003430035 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 16 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Р.Е-ын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум..........

 

Шүүгдэгч Р.Е-ын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Е- нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Харганат тохой” гэх нэртэй газарт өөрийн ...-.... БӨҮ улсын дугаартай “Kia prontier” загварын тээрийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад уул өөдөө өгсөх үйлдэл хийх явцдаа тээврийн хэрэгслийн хүчийг алдагдуулж, ухрахдаа Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж, хохирогч О.Б-г дайрч зам тээврийн осол гаргасны улмаас түүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Х.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Р.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч Р.Е- нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирол мөнгө болох нийт 9.330.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй” гэв.

2. Шүүгдэгч Р.Е- мэдүүлэхдээ: “...Өгсөж явахдаа хүч алдаж талийгаачийг дайрсан байсан. Би машинаасаа буугаад очихдоо амнаас нь хөөс гарсан нас барьсан байдалтай байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зөндөө олон удаа уучлалт гуйх болно. Энэхүү гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирлыг нэхэмжилсэн тохиолдолд төлж өгөх болно”  гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Р.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эр нөхрөө алдаж, хоёр хүүхэд нь эцгээсээ хагацаж нөхөж баршгүй хохирол учирсан явдалд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хохирогч талаас дахин дахин уучлалт хүсэж байна. Хүний амь насыг төлөх боломжгүйгээс хойш бодит учирсан хохирлыг шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гардуулж өгсөн. Цаашид хохирогчийн ард үлдсэн эхнэр, хүүхдэд өөрийнхөө боломжоороо тусална гэдгийг илэрхийлсэн”  гэв.

4. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Манайх Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд нэг хүнд малаа нийлүүлсэн байсан. Манай нөхөр шүүгдэгчийн хөлсөлж авсан хүнийг таньдаг юм байна. Өмнө нь тухайн хүнд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас тухайн хүнд идэшний махыг авчирна гэж хэлсэн байна. Тухайн хүнтэй хамт малаа нэг машинаар Баян-Өлгий аймгийн төвд хүргэж авахаар тохиролцсон байна. Шүүгдэгчийн хөлсөлж авсан хүн нөхөрт маань хэд хэдэн удаа залгасан. Би нэг удаа утсыг нь аваад манай нөхөр байхгүй гэж хариулсан. Дараа нь нөхөр маань гэрт ирсний дараа Х- гэж хэн бэ, яагаад чам руу дахин дахин залгаад байгаа юм бэ гэж асуухад нөхөр маань тухайн хүнтэй хамт хөдөө явж идэшний малаа авчрахаар болсон гэж хэлсэн. Тухайн өдөр нөхөр маань ээлжээс буусан амралтын өдөр нь байсан. Энэ өдөр хөдөө явж малаа аваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би яарах ямар шаардлага байгаа вэ, дараа нь тухтай яарахгүйгээр малаа авчирч болно гэж хэлж байсан. Манай нөхөр явах өдөр сэтгэл санаа нь тогтворгүй байсан. Буруу тийшээ хараад зогсож байсан. Гэрээс гарч явах үед хаана явж байгаа талаар асуухад нөхөр маань надад зах гэж хэлэх шиг болсон. Нөхөр маань нэг дэх өдөр үдээс хойш 2 цагийн үед явсан. Ямар машинаар хэн гэдэг хүний машинаар явсан талаар хэлээгүй. 2 дахь өдөр, 3 дахь өдөр утас руу нь залгах үед холбогдохгүй байсан. 3 дахь өдөр үдээс хойш 2-3 цагийн үед осол авар гарсан талаар надад мэдэгдсэн. Осол гарсан газарт манай хамаатан садны хүмүүс очоогүй. Мал өгөх хүн малыг машинаар хүргэж өгнө гэж дуудсан байна. Дараа нь мал маань алга болсон танд мал худалдах боломжгүй гэж хэлсэн байна. Нөхөр маань шүүгдэгчийн машинаар дайтаж яваад ийм осол гарсан байна” гэв.

 

Эрүүгийн 2213003430035 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

5. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Алтанцөгц сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Д.Ж-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

6. Жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,

7. Хэргийн газар, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-09, 11-15 дахь тал/,

8. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-21 дэх тал/,

9. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 28 дахь тал/,

10. “Киа бонг пронтиер вЗ” загварын ...-.... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн мэдээлэл, лавлагаа /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 38-57 дахь тал/,

12. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/59 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 113-115 дахь тал/,

13. Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 128-130 дахь тал/,

14. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 136-142 дахь тал/,

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3629 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 149-153 дахь тал/,

16. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 176-180 дахь тал/,

17. “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-23-0032 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 185-189 дэх тал/,

18. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт бичиг /хавтаст хэргийн 201-209 дэх тал/,

19. Эрүүгийн 2213003430035 дугаартай хэргийн хохирлын тооцоо /хавтаст хэргийн 211-212 дахь тал/,

20. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-63 дахь тал/,

21. Гэрч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

22. Гэрч С.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,

23. Гэрч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/,

24. Гэрч Е.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

25. Шүүгдэгч Р.Е-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 171-172 дахь тал/ зэргийг,

26. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас: Хавтаст хэргийн 209 дэх талд авагдсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудас, хавтаст хэргийн 128-130 дахь талд авагдсан авто тээврийн төвийн шинжээчийн дүгнэлт, бодит хохирлыг гардуулж өгсөн тодорхойлолт зэргийг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

27. Шүүгдэгч Р.Е-, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

28.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

29. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Е-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

30. Шүүгдэгч Р.Е- нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Харганат тохой” гэх нэртэй газарт өөрийн ...-.... БӨҮ улсын дугаартай “Kia prontier” загварын тээрийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад уул өөдөө өгсөх үйлдэл хийх явцдаа тээврийн хэрэгслийн хүчийг алдагдуулж, ухрахдаа Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж, хохирогч О.Б-г дайрч зам тээврийн осол гаргасны улмаас түүний амь насыг хохироосон гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

31. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Алтанцөгц сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Д.Ж-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

32. Жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,

33. Хэргийн газар, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-09, 11-15 дахь тал/,

34. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-21 дэх тал/,

35. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 28 дахь тал/,

36. “Киа бонг пронтиер вЗ” загварын ...-.... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн мэдээлэл, лавлагаа /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,

37. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 38-57 дахь тал/,

38. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/59 дугаартай “...хувцсанд үүссэн ханзралт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн, цооролт нь эдэлгээний явцад үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 113-115 дахь тал/,

39. Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай “...Киа бонго пронтиер ВЗ загварын ...-.... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг багажаар шалгаж үзэхэд урд тормозны систем ажиллаж тормозны удаашрал стандартын шаардлага хангаж байгаа боловч хойд тормоз, гар тормоз ажиллахгүй байна..., ...Жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгслүүд нь бүрэн ажиллагаатай байна..., ... Киа бонго пронтиер ВЗ загварын ...-.... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нь осол гарах шууд шалтгаан болоогүй бол ямар нөлөө үзүүлсэн болохыг тогтоох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 128-130 дахь тал/,

40. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаартай “...задлан шинжилгээний онош:

1. Авто ослын гэмтэл: Гавал тархи болон цээжний битүү хавсарсан хүнд гэмтэл. Гавлын зулай яс хугарал, тархины зулай хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, цээжний хөндийд цус хуралт, зүүн уушги цооролт, атлектаз, зөөлөн эдийн тархмал цус хуралт.

2.  Тархины хаван. уушгины хаван. Дотор эрхтнүүдийн цус дүүрэлт Дотор эрхтнүүдийн холбоос дагасан зөөлөн эд дэх цус хуралт. Цээжний хэнхэрцгийг шалгахад зүүн 4, 5, 6, 7 дугаар хавирга хугаралтай, зөөлөн эдэд цус хуралттай, баруун талын 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугаралттай, зөөлөн эдэд цус хуралттай.

3. Толгойны зулайны хуйхад зүсэгдсэн шархтай, духны зүүн дээд хэсэгт тархмал хэлбэрийн шархтай, зулайны зүүн ар талд үүссэн шархны доод хэсэгт зүсэгдсэн няцарсан шархтай, баруун шилбэний урд хэсэгт шалбарсан.

4. Этилийн спирт илрээгүй.

Дүгнэлт: Талийгаачийн биед дээрх задлан шинжилгээний оношинд байгаа гэмтлүүд тогтоогдлоо..., ...талийгаач О.Б- нь тархины болон цээжний хүнд хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаач О.Б-гийн биед архаг хууч өвчингүй...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 136-142 дахь тал/,

41. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3629 дугаартай “...шинжилж буй Киа пронтиер загварын ...-.... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р-ын Е- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг биелүүлээгүй байх үндэслэлтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 149-153 дахь тал/,

42. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 176-180 дахь тал/,

43. “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-23-0032 дугаартай “...2023 оны 01 дүгээр сарын байдлаар 1999 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад импортлогдсон Киа пронтиер загварын ...-.... БӨҮ улсын дугаартай, цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгсэл 3,500,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 185-189 дэх тал/,

44. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт бичиг /хавтаст хэргийн 201-209 дэх тал/,

45. Эрүүгийн 2213003430035 дугаартай хэргийн хохирлын тооцоо /хавтаст хэргийн 211-212 дахь тал/,

46. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Талийгаач нөхөр маань 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойш 15 цагийн үед хамгийн сүүлд гэрээс гараад явсан бөгөөд тухайн үед талийгаач надад малын зах руу очно гэсэн юм ярих шиг болсон, яг тодорхой юм яриагүй. Гэрээс их л яараад гарсан..., ...Талийгаачийн ажил явдалд гарсан бүх зардлыг талийгаачийн ах дүү нар гаргасан гэж ойлгож болно. Яг хэдэн төгрөг гарсныг нь мэдэхгүй байна, нэг сонсохдоо 10 сая төгрөг гарлаа гэж ярьж байсан. Энэ талаар талийгаачийн эгч Жазира гэх хүн сайн мэдэж байгаа байх. ...бодит хохирол 9,328,000 төгрөг гарсан. Харин нэхэмжлэлд 10,250,000 төгрөг байгаа, нийтдээ 19,578,000 төгрөг болж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-63 дахь тал/,

47. Гэрч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хэргийн газарт очиход талийгаач аль хэдийнээ нас барсан байдалтай, бие нь хөөрсөн, судасны лугшилтгүй байсан. Би хэргийн газарт очиход цагаан өнгийн ачааны машины урдуур, уулын бэл хэсэг рүү шороон зам дээр дээшээ харсан байдалтай, толгой нь уул тал руу, хөл нь машин тал руу харсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

48. Гэрч С.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өглөөний 10 цаг өнгөрч байхад хөдөлсөн бөгөөд машиныг Р.Е- өөрөө жолоодоод хажууд нь О.Б- гэх хүн болон миний бие хүүхдээ урдаа суулгаж аваад хөдөлсөн. Тэндээс хөдлөөд 4 гаруй км газар яваад эхлээд нэг даваа даваад дараагийн даваанд ирэхэд их л өгсүүр газар байсан ба өгсүүр замаар гарч байтал машин зогсчихсон. Тэр үед миний баруун талд сууж байсан О.Б- гэх хүн “би машины дугуйн дор чулуу тавья” гэж хэлээд машинаас буусан. Уг нь Р.Е- гэх хүн тэр хүнд “та болгоомжтой байгаарай” гэж хэлсэн. Тэгээд нөгөө О.Б- гэх хүн нэг чулуу тавьчихлаа гэсэн боловч машин хойшоогоо бага зэрэг хөдөлж явсан. Тэгтэл О.Б- дахин нэг чулуу тавилаа, одоо урагшаа яваарай гэж хэлэхэд Р.Е- машинаа урагшаа хөдөлгөх гэсэн боловч машин хүч алдаад шууд хойшоогоо ухарч явсан. Ухарч яваад замын хажуу далан мөргөх шиг болоод тэр чигтээ машин доошоогоо ухраад хоёр уулын завсарт зогсчихсон. Гэтэл нөгөө О.Б- гэх хүн машины урдуур шороон зам дээгүүр хэвтэж байсан ба Р.Е- эхлээд машинаас буугаад О.Б- гэх хүн рүү очсон. Араас нь би хүүхдээ аваад очтол тэр хүний амнаас цус гарч байсан..., ...би дээр буруу хэлсэн байна, О.Б- гэх хүн машинаас буугаад машины хойд хоёр дугуйны доор хоёр чулуу тавьчихлаа одоо урагшаа яваарай гэж хэлж байсныг сонссон. Тухайн үед жолооч талын хаалганы шил онгорхой байсан болохоор тэр хүний дуу хоолой сонсогдсон. Тэгээд Р.Е- машинаа урагшаа хөдөлгөх гэж байтал машин хүч алдаад шууд хойшоогоо ухарч яваад замын шороон далан мөргөөд улмаар уулын завсарт очиж зогссон..., ...Харин энэ хугацаанд талийгаач хаанаас ямар чулуу тавиад өөрөө хаана зогсож байгаад машинд хэрхэн яаж мөргүүлсэн эсэхийг бол хараагүй болохоор мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,

49. Гэрч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Р.Е- нар машинтайгаа хөдлөөд явснаас хэсэг хугацааны дараа миний бие Р.Е-ын мотоциклийг унаад араас нь явсан бөгөөд хоёр уулын зааг дээр Р.Е-ын машин зогсож байсан ба Р.Е- өөрөө машиныхаа урдуур уул руу өгсөх хэсэгт талийгаач О.Б-н толгойноос нь өргөж, тэвэрсэн байдалтай сууж байхаар нь би хажууд нь очиход талийгаач О.Б-н амнаас бага зэрэг улаан шингэн зүйл гарсан байдалтай ухаангүй байсан. Тэгээд талийгаачийг ийш тийш хөдөлгөхгүйгээр тэр газарт нь хэвтүүлээд дээр нь хөнжил нөмөрч тавьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/,

50. Гэрч Е.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би морио унаад бог малаа өвөлжөө чиглүүлээд хэсэг туугаад тэгээд нөгөө хэдийн араас морьтой очсон. Намайг очиход “Харганат тохой” гэх газарт хоёр уулын завсарт аавын машин зогсож байсан ба аав машины урдуур хэсэгт талийгаачийг тэврээд сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

51. Шүүгдэгч Р.Е-ын “...Тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., ...Тэр өглөө манайх “Харганат тохой” гэх газарт байдаг өвөлжөө рүүгээ нүүхээр гэрийнхээ эд хогшлуудаа ачиж байтал О.Б- гэх хүн надад “би та нартай цуг өвөлжөөг нүүлгэлцээд хамт явъя, та намайг Ховд голоор гаргаад уурхай явах замын унаанд суулгаад өгчих” гэж хэлээд бид нартай цуг дагаад явсан. Тухайн өдөр хаваржаанаасаа гэрийн эд хогшлыг ачиж аваад 11 цагийн орчимд хөдлөөд өвөлжөө рүүгээ явах замд “Харганат тохой” гэх газрын эхний даваагаар даваад дараагийн даваа руу ирэх үед даваа өгсөхөөс өмнө талийгаач машинаас буугаад авсан. Уг нь тухайн үед миний туслах талын суудалд Т-ын эхнэр Г- нялх хүүхдээ өвөртлөөд сууж байсан ба баруун захад талийгаач О.Б- сууж явж байсан. Тэгээд талийгаач машинаас буусны дараа би уул өөд өгсөөд явж байтал машин маань хүч алдаж зогссон. Тэр үед талийгаач машины хойноос хүрч ирээд чулуу тавьчихлаа, урагшаагаа яв гэж хэлээд машины жолооч талын зүүн хажуу талд хүрээд ирэх үед би машинаа урагшаа хөдөлгөх үед хүч алдаад хойшоогоо уулын уруу уруудаад явчихсан. Хойшоогоо ухрахдаа машины зүүн хойд хэсгээр шороон замын даланг мөргөх шиг болохоор нь жолоогоо баруун тийшээгээ дараад тэгээд машин давааны бэл рүү ухарч буусан. Энэ хооронд талийгаач О.Б- яг ямар байдалтай, хэрхэн машинд мөргүүлж, дайрагдсаныг бол анзаараагүй. Машин давааны бэлд бууж зогсох үед талийгаач машины урдуур шороон зам дээгүүр зүүн талаараа хажуулдаж хэвтэж байсан. Тэгэхээр нь би машинаасаа бууж очоод талийгаачийн толгойг өндийлгөсөн боловч талийгаач амьсгаадаж, амнаас нь цустай хөөс гараад төд удалгүй амьсгал авч чадахгүй амьсгал хураасан..., ...бодит хохирлыг нэхэмжилбэл тухай бүр төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 171-172 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

52. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ

53. Шүүгдэгч Р.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухайд Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд “Хүн бүр амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан ба энэхүү хүний амьд явах жам ёсны үндсэн эрхэд халдсаны улмаас бусдын амь насыг хохироосон тохиолдолд гэм буруугийн санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээс үл хамааран гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан байна.

54.  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

55. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Р.Е- нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Харганат тохой” гэх нэртэй газарт өөрийн ...-.... БӨҮ улсын дугаартай “Киа пронтиер” загварын тээрийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад уул өөдөө өгсөх үйлдэл хийх явцдаа тээврийн хэрэгслийн хүчийг алдагдуулж, ухрахдаа Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж, хохирогч О.Б-г дайрч зам тээврийн осол гаргасны улмаас түүний амь насыг хохироосон байна.

56. Тодруулбал: Жолооч Р.Е- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, О.Б-г автомашинаар мөргөж, амь насыг хохироосон нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.  

57. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

58. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

59. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна.

60. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна.

61. Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Р.Е- нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй байна.  

62. Гэтэл шүүгдэгч Р.Е- нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг зөрчсөн нь  зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон нь хэргийн 149-53 дахь тал авагдсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3629 дугаартай дүгнэлтээр бүрэн нотлогдон тогтоогдсон байна.

63. Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч О.Б-гийн цогцост гавал тархи болон цээжний битүү хавсарсан хүнд гэмтэл, гавлын зулай яс хугарал, тархины зулай хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, цээжний хөндийд цус хуралт, зүүн уушги цооролт, атлектаз, зөөлөн эдийн тархмал цус хуралт, дотор эрхтнүүдийн цус дүүрэлт дотор эрхтнүүдийн холбоос дагасан зөөлөн эд дэх цус хуралт, цээжний хэнхэрцгийн зүүн 4, 5, 6, 7 дугаар хавирга хугаралтай, зөөлөн эдэд цус хуралттай, баруун талын 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугаралттай, зөөлөн эдэд цус хуралттай, толгойны зулайны хуйхад зүсэгдсэн шархтай, духны зүүн дээд хэсэгт тархмал хэлбэрийн шархтай, зулайны зүүн ар талд үүссэн шархны доод хэсэгт зүсэгдсэн няцарсан шархтай, баруун шилбэний урд хэсэгт шалбарсан зэрэг гэмтлүүд учирсан байх ба амь хохирогч нь тархины болон цээжний хүнд хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон.

64. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед буюу хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтойг шинжээч мөн тогтоосон байх тул шүүгдэгч Р.Е- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг зөрчиж, зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон гэж үзэв.

65. Шүүгдэгч Р.Е-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

66. Шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч О.Б-гийн амь нас хохирсон үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

67. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон” шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч Р.Е-д холбогдуулан үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.

68. Иймд шүүгдэгч Р.Е-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч О.Б-гийн амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

69. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм.

70. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

71. Шүүгдэгч Р.Е-ын авто осол гаргасан үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон байх тул түүнийг гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учруулсан гэж үзнэ.

72. Шүүгдэгч Р.Е-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-аас бодит хохиролд 9.328.000 төгрөг, иргэний нэхэмжлэлд 10.250.000 төгрөг, нийт 19.578.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Р.Е-аас мөрдөн шалгах ажиллагааны үед 1.000.000 төгрөг, шүүх хуралдааны үеэр 8.328.000 төгрөг, нийт 9.328.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг болон шүүх хуралдааны үеэр бичиж өгсөн баримтаар тогтоогдож байна. Харин иргэний нэхэмжлэлд 10.250.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй тул илүү нэхэмжилсэн 10.250.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

73. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л- нь цаашид гарах хохирол, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

Хоёр: Шүүгдэгч Р.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

74. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Р.Е-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

75. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-аас “Шүүгдэгч надад насан туршид туслалцаа үзүүлж байвал хангалттай. Би ч гэсэн эх хүн. Шүүгдэгч хорих ялаар шийтгүүлсэн тохиолдолд түүний хүүхдүүдийг өрөвдөж байна. Эх хүний хувиар шүүгдэгчийг уучилсан” гэх саналыг,

76. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- эрүүгийн хариуцлагын хуралдаанд “Шүүгдэгч Р.Е- нь улсын яллагчийн дурдсан хорих ялыг эдэлбэл ар гэр нь хүнд байгаа. Р.Е-ын эхнэр Д- нь 2 жилийн өмнө өвчний улмаас нас барьж 3 хүүхэд нь өнчин хоцорсон. Энэхүү 3 хүүхдийн хамгийн бага нь 2 дугаар ангид сурдаг. Өнөөдрийн байдлаар 3 хүүхэд нь ээжээсээ хагсаж хагас өнчний байдалтай байгаа. Эцгийн халамжаар өсөн торниж байгаа. Ар гэрийн нөхцөл байдал, бодит хохирлыг төлсөн нөхцөл байдал, хохирогчийн ар гэрт цаашид тусалж байх болно гэх амлалт өгсөн байдал, гэм буруугийн талаар маргаахгүй байгаа байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон хорих ялыг Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримталж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар улсын яллагчийн санал болгосон хорих ялыг 1 жил болгон багасгаж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж өгөхийг хүсэж байна” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан байна.

77. Шүүгдэгч Р.Е- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3- д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

78. Шүүгдэгч Р.Е-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

79. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

80. Шүүгдэгч Р.Е- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй нь хавтаст хэргийн 108 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

81. Түүнчлэн шүүгдэгч Р.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан ” гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

 82. Учир нь шүүгдэгч Р.Е-ын гаргасан ослын хувьд тухайн үед гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна.

83. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг эмнэлэгт хүргэх арга хэмжээ авсан нь нотлогдсон байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эдгээрийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй байна.

84. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

85. Шүүгдэгч Р.Е- нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амь хохирогчийн ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэн гэмшсэн сэтгэлээ илэрхийлж 9.328.000 төгрөг төлсөн, хэдийгээр энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ их байгаа ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...хорих ял оногдуулахгүй байхыг хүсье” гэж мэдүүлсэн байна.

86. Гэмт хэрэг үйлдэж, бусдад гэм хор учруулсан этгээд хийсэн хэргийнхээ төлөө заавал цээрлэл амсах нь шударга ёсны зарчимд нийцэх хэдий ч нөгөө талаасаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлуулахгүйгээр нийгэмд нь хүмүүжүүлэх нь эрүүгийн хариуцлагын бас нэг зорилго юм.

87. Иймд шүүгдэгч Р.Е-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.  

88. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Р.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

89. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

90. Шүүгдэгч Р.Е-д оногдуулсан 1 жил 2 сарын  зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

91. Тодруулбал, шүүгдэгч Р.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 жил 2 сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

92. Хэрэв шүүгдэгч Р.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй

93. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан.

94. Шүүгдэгч Р.Е-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 3 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

95. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Е-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолно. 

96. Шүүгдэгч Р.Е- нь энэ хэрэгт баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

97. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн амь хохирогчийн өмсөж явсан хар хөх өнгийн куртик 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, бор хүрэн өнгийн нимгэн цамц 1 ширхэг, саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, шар өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, бор өнгийн үдээстэй өвлийн хос гутал, хар хөх өнгийн хос оймс, цэнхэр цоохор өнгийн нимгэн өмд 1 ширхэг, хар саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан шаврын хаалт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, 1 ширхэг CD бичлэг зэргийг эрүүгийн 2213003430035 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй.

98. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Е-ын эзэмшлийн Kia prontier загварын ...-.... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

99. Шүүгдэгч Р.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Р-ын Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч О.Б-гийн амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Р.Е-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Е-д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц  сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Р.Е-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг  ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Р.Е- нь энэ хэрэгт баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Е-ын эзэмшлийн Kia prontier загварын ...-.... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн амь хохирогчийн өмсөж явсан хар хөх өнгийн куртик 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, бор хүрэн өнгийн нимгэн цамц 1 ширхэг, саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, шар өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, бор өнгийн үдээстэй өвлийн хос гутал, хар хөх өнгийн хос оймс, цэнхэр цоохор өнгийн нимгэн өмд 1 ширхэг, хар саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан шаврын хаалт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, 1 ширхэг CD бичлэгийг эрүүгийн 2213003430035 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Е- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 9.328.000 /есөн сая гурван зуун хорин найман мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, илүү нэхэмжилсэн 10.250.000 /арван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л- нь цаашид гарах хохирол, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

11. Шүүгдэгч Р.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК