Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

             Улсын яллагч Х.Гүнжидмаа

              Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Сд холбогдох 2316000000020 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр төрсөн, дээд боловсролтой, гааль татварын эдийн засагч мэргэжилтэй, малчин, ам бүл 1, Говь-Алтай аймгийн ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Ө овогтой Д.С.

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө овогт Д.С-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн ... багт нутаг дэвсгэр Бага номгоны ам гэх газарт “мал хулгайлж зарлаа” гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж Н.Хгийн нүүрэн тус газарт гараараа цохиж баруун зүүн дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, дух зүүн шанаа, хамрын нуруу, баруун хөмсгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.С нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Шарга сумын ... нутаг дэвсгэр ... гэх газарт өөрийнх нь малыг харж малладаг Ц.Н, түүний эхнэр Н.Х нартай тааралдаж улмаар “миний малнаас хулгайлж зарлаа” гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж Ц.Нтай зодолдож, уг зодооныг салгах гэж байсан Ц.Нын эхнэр Н.Хгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, дээрээс нь дэвсэлж өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна.  Дээрх үйл баримтын улмаас Н.Хгийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр баруун зүүн дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, дух зүүн шанаа, хамрын нуруу, баруун хөмсгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байх тул энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.С гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Д.Сн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийг аймагт авч ирээд эмнэлэгт хэвтүүлээд төлбөрийг нь төлсөн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Хохирогч Н.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Шарга сум Сондуулт баг Цагаан чулуут гэх нэртэй газар Д ахын малыг хөлсөөр хариулан өвөлжиж байгаа юм. Тэгээд нөхөр бид хоёр 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөнгөний хэрэг гараад хөдөөнөөс эр ямаа төхөөрч ирээд Ээвийн гуанз дээр аваачиж Э.Б ахынд бэлэн мөнгө, ундаа, бэлэн хоол, чихэр, 1 шил хараа нэртэй 0,75 литртэй архи болон тамхинаас өгчхөөд Ээвийн гуанз дээр Ду эгч, Га ах хоёртой таараад би тэр хоёртой машинтай яваад харин нөхөр мотоциклтойгоо буцаад гэр лүү явсан. Тэгээд гэр лүүгээ явах замдаа Ду, Га бид 4 Хараа нэртэй 0.75 литртэй архи хувааж уугаад Осорын гадаа ирээд Осорынд ороод дахиад Эвийн гуанзнаас авсан хараа нэртэй 1 шилтэй архиа тойруулаад ууж дууссан. Осорынх дахиад нэг шил архи задлаад тэгээд тэрийгээ бид хэд тойруулж уучхаад тэдний гадаа мотоциклоо үлдээчхээд нөхөр бид хоёр Га, Ду эгч хоёроор хүргүүлээд Ян ахынд очсон. Эхнэр нь байж байсан. Тэгээд тэдний гадаа Д ахын дунд хүү болох Хоо гэж авгайлж дуудаад залуутай таарсан. Та хоёр хаанаас Ээвийн гуанз дээр ямаа аваачиж зарсан юм гэж асуухаар нь манай нөхөр хэлэхдээ хотноосоо аваачиж зарсан юм. Мөнгөний хэрэг гараад гэсэн чинь эхлээд манай нөхөр Ц.Ныг хацар луу нь гараараа Хоо цохиод авахаар нь би дундуур ороод салгаад болиоч чи гэсэн чинь нүүр лүү өшиглөж унагаачхаад дээрээс дэвслээд байсан. Тэгээд босоод ирсэн чинь хамраас цус гарч байсан. Миний нүүр рүү хөлөөрөө өшиглөж унагаагаад тэгээд толгой дээр хөлөөрөө дэвсээд байсан. Манай нутгийн Сг Хоо гэж авгайлж дууддаг юм...” гэх мэдүүлэг /ХХ8/,

 

           Гэрч Ц.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр Н.Хгийн хамт мөнгөний хэрэг гараад байхаар нь хотноосоо эр ямаа төхөөрч гаргаад Ээвийн гуанз дээр аваачиж Э.Б ахынд ойр зуурын хоол хүнс, 1 шил архи, тамхи, бэлэн мөнгө 10.000 мянган төгрөг аваад түүгээрээ колонки орж бензин авсан. ...Ян ахынд очсон чинь эхнэр нь байж байсан. Тэдний гадаа Д ахын дунд хүү болох Хоо гэж авгайлж дуудаад байдаг залуутай таарсан чинь та хоёр хаанаас Ээвийн гуанз дээр ямаа аваачиж зарсан юм гэж надаас асуухаар нь би хотноосоо аваачиж зарсан юм мөнгөний хэрэг гараад гэж хэлсэн. Тэгтэл миний нүүр лүү гараараа Хоо цохиод авсан. Тэгээд эхнэр Н.Х дундуур ороод салгаад болиоч чи гэсэн чинь манай эхнэрийн нүүр лүү Хоо өшиглөчихсөн юм. Тэгээд босоод ирсэн чинь эхнэрийн хамраас цус гарч байсан. Миний нүүр рүү эхлээд гараараа цохиод дараа нь хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /ХХ11/,

 

            Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “1. Н.Хгийн баруун зүүн дээд доод зовхи, эрүүнд цус хуралт, дух зүүн шанаа, хамрын нуруу, баруун хөмсгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 32 дугаартай дүгнэлт /ХХ19-20/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Уг гэмт хэргийн улмаас Н.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба Д.С нь хохирогчоос уучлалт гуйж эмнэлэгт эмчлүүлж, эмчилгээ хийлгэсэн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 Шүүхээс шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Д.Стай тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ө овгийн Дгийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

    2. Шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

             4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Сд мэдэгдсүгэй.

   5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА