| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2023/0135/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/175 |
| Огноо | 2023-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/175
2023 03 17 2023/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, хохирогч Ц.Даваадулам, шүүгдэгч Ж.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлэг Олхонууд овогт Жамсрангийн Эрхэмбаярт холбогдох эрүүгийн 23100 0000 0110 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мөнххада” ХХК-ийн харьяа “Мэжик инженеринг” авто компанид үйл ажиллагаа хариуцсан менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Төгөлдөр апартамент хотхоны 763 дугаар байрны 1304 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Олхонууд овогт Жамсрангийн Эрхэмбаяр /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Эрхэмбаяр нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Төгөлдөр апартмент хотхоны 1304 тоотод хамтран амьдрагч Ц.Даваадуламтай “манай найзуудад агсан тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Ж.Эрхэмбаяр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.Эрхэмбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, одоо нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохирогч бид хоёр 3 жил хамт амьдарсан. Дундаасаа 1 хүүтэй. Манай эхнэр гэрээс гарч явахаараа утсаа авдаггүй. Мөн гэртээ ирж хонодоггүй. Тэгээд ийм зүйлээс болж бухимддаг. Эхнэр бид хоёр болсон асуудлын талаар ярилцсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа.“ гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Ц.Даваадуламаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Тэр өдөр манай нөхрийн найз нар нь орж ирсэн. Ариунжаргал гэдэг найз нь намайг “архи уу” гээд байхаар нь би “уухгүй, гэр бүлийн асуудалтай байгаа, маргаан гарна, яах юм” гэж хэлсэн. Тэгээд Ариунжаргал гараад явахад нь би жижиг өрөөндөө ороход манай нөхөр араас орж ирээд уурлаад эхэлсэн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө эмнэлэгт ажилладаг учраас ажил дээрээ эмчилгээ хийлгэсэн. Мэдрэлийн эмнэлэгт 3 хоног хэвтсэн. Манай нөхөр надад 1.500.000 орчим төгрөг эмчилгээний зардалд өгсөн.“ гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн 23100 0000 0110 дугаартай хэргээс:
1. Хүчирхийллийн аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдэлийн түвшин “дунд” гэж тогтоосон үнэлгээний баримт (хэргийн 07-08 дахь тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Даваадуламын хохирогчоор өгсөн:
“...Би 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрт хувцсаа угааж байх үед Эрхэмбаяр надад “угаалгын машинаар их хувцас угаалаа, цагаан, цэнхэр өнгийн хувцсыг ялгаж угаалаа” гэж уурлахаар нь “эмнэлэгт ажилладаг тул ингэхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Намайг жижиг өрөөндөө байхад миний зүүн хацар орчимд нэг удаа гараараа цохиод, дараа нь гар болон гуя хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Би “болиоч” гэхэд юм хэлэхгүй байсан.
Дараа нь буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө шинэ жилийн баяр тэмдэглэхээр манай нөхрийн найз Батболд, Ариунжаргал, Хишигжаргал нар ирсэн. Тэгээд намайг “архи уу” гэхээр нь “шинэ он гарч байгаа тул архи уухгүй” гэж хэлээд жижиг өрөөндөө орсон. Тэр 3 баяр тэмдэглээд явцгаасан. Шөнийн 01 цагийн орчимд Эрхэмбаяр орж ирээд, намайг орон дээрээ хэвтэж байхад миний толгой руу олон удаа цохисон.
Намайг нүүрээ хаахад миний хоолойг боогоод “чи дуугараад өгөөч” гэсэн. Тэгээд “чи миний найзуудын хажууд яагаад архи уухгүй гэж хэлж байгаа юм бэ” гэж хэлээд 1 цаг орчим зодсон. Зодсоныхоо дараа манай хүү рүү залгаад “ээжийгээ аваад манай гэрээс зайл” гэж хэлсэн. Манай хүү ирээд бид 2 машин дотроо хоносон. Намайг зодож байхад өөр хүн байгаагүй. Манай нөхөр намайг нүүж ирснээс хойш байнга гэрээсээ хөөдөг, эсхүл зоддог болсон. Намайг ир гээд амьдарч байсан байрыг маань түрээслүүлээд, очих газар газаргүй болгосон. Мөн архи уусан үед намайг бэлгийн харьцаанд орохыг шаарддаг. Мөн согтуудаа намайг бэлэг эрхтнээрээ оролдохыг шаарддаг. Бэлгийн харьцаанд орох үедээ түрэмгийлж, хүч хэрэглэсэн байдалтай бэлгийн харьцаанд ордог юм.
...Одоо надад гомдол санал байхгүй, эмчилгээтэй холбоотой баримтуудаа гаргаж өгч нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11-12, 14 дэх тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Батболдын гэрчээр өгсөн:
“...Би 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ шинэ оноо тэмдэглээд, Эрхэмбаярын гэрт очсон. Намайг очиход Эрхэмбаяр, түүний эхнэр Даваа, Жоши гэх өвөр монгол залуу, түүний эхнэр Хишиг нар байсан. Бид нар нэг шил виски уусан ба ямар нэртэй байсныг санахгүй байна. Энэ вискиг Эрхэмбаяр гаргаж өгсөн. Бид нар архи ууж байхад Эрхэмбаярын эхнэр Даваа гэнэт уурлаад эхэлсэн ба “та нар найзууд нь юм байж дандаа өмөөрдөг” гэж хэлсэн. Миний бодлоор Эрхэмээ, Даваа хоёр хоорондоо маргаантай байсан юм шиг байсан. Тэгээд уурлаад байхаар нь би эхнэрээ дагуулаад гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16-17 дахь тал),
4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 981 дугаартай:
“...1. Ц.Даваадуламын биед уруулын зүүн дээд хэсэг, баруун шуу, сарвуу, 2 гуянд цус хуралт, зүүн чихний ар, 2 өвдөгт зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Баруун шуу, сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 22-24 дахь тал),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Эрхэмбаярын яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Миний буруу, би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 35 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 38 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 43 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 49 дэх тал) баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч нар гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Эрхэмбаярын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Эрхэмбаяр нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Төгөлдөр апартмент хотхоны 1304 тоотод хамтран амьдрагч Ц.Даваадуламтай “манай найзуудын хийж өгсөн архинаас уусангүй, найзуудад агсам тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой, нүүр лүү нь гараараа олон удаа цохих зэргээр бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсний улмаас эрүүл мэндэд нь “...уруулын зүүн дээд хэсэг, баруун шуу, сарвуу, 2 гуянд цус хуралт, зүүн чихний ар, 2 өвдөгт зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
- хүчирхийллийн аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдэлийн түвшин “дунд” гэж тогтоосон үнэлгээний баримт (хэргийн 07-08 дахь тал),
- хохирогч Д.Даваадуламын: “...Би 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрт хувцсаа угааж байх үед Эрхэмбаяр надад “угаалгын машинаар их хувцас угаалаа, цагаан, цэнхэр өнгийн хувцсыг ялгаж угаалаа” гэж уурлахаар нь “эмнэлэгт ажилладаг тул ингэхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Намайг жижиг өрөөндөө байхад миний зүүн хацар орчимд нэг удаа гараараа цохиод, дараа нь гар болон гуя хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Би “болиоч” гэхэд юм хэлэхгүй байсан.
Дараа нь буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө шинэ жилийн баяр тэмдэглэхээр манай нөхрийн найз Батболд, Ариунжаргал, Хишигжаргал нар ирсэн. Тэгээд намайг “архи уу” гэхээр нь “шинэ он гарч байгаа тул архи уухгүй” гэж хэлээд жижиг өрөөндөө орсон. Тэр 3 баяр тэмдэглээд явцгаасан. Шөнийн 01 цагийн орчимд Эрхэмбаяр орж ирээд, намайг орон дээрээ хэвтэж байхад миний толгой руу олон удаа цохисон. Намайг нүүрээ хаахад миний хоолойг боогоод “чи дуугараад өгөөч” гэсэн. Тэгээд “чи миний найзуудын хажууд яагаад архи уухгүй гэж хэлж байгаа юм бэ” гэж хэлээд 1 цаг орчим зодсон. Зодсоныхоо дараа манай хүү рүү залгаад “ээжийгээ аваад манай гэрээс зайл” гэж хэлсэн. Манай хүү ирээд бид 2 машин дотроо хоносон. Намайг зодож байхад өөр хүн байгаагүй.
Манай нөхөр намайг нүүж ирснээс хойш байнга гэрээсээ хөөдөг, эсхүл зоддог болсон. Намайг ир гээд амьдарч байсан байрыг маань түрээслүүлээд, очих газар газаргүй болгосон. Мөн архи уусан үед намайг бэлгийн харьцаанд орохыг шаарддаг. Мөн согтуудаа намайг бэлэг эрхтнээрээ оролдохыг шаарддаг. Бэлгийн харьцаанд орох үедээ түрэмгийлж, хүч хэрэглэсэн байдалтай бэлгийн харьцаанд ордог юм.
...Одоо надад гомдол санал байхгүй, эмчилгээтэй холбоотой баримтуудаа гаргаж өгч нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11-12, 14 дэх тал),
- гэрч О.Батболдын: “...Би 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ шинэ оноо тэмдэглээд, Эрхэмбаярын гэрт очсон. Намайг очиход Эрхэмбаяр, түүний эхнэр Даваа, Жоши гэх өвөр монгол залуу, түүний эхнэр Хишиг нар байсан. Бид нар нэг шил виски уусан ба ямар нэртэй байсныг санахгүй байна. Энэ вискиг Эрхэмбаяр гаргаж өгсөн. Бид нар архи ууж байхад Эрхэмбаярын эхнэр Даваа гэнэт уурлаад эхэлсэн ба “та нар найзууд нь юм байж дандаа өмөөрдөг” гэж хэлсэн. Миний бодлоор Эрхэмээ, Даваа хоёр хоорондоо маргаантай байсан юм шиг байсан. Тэгээд уурлаад байхаар нь би эхнэрээ дагуулаад гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16-17 дахь тал),
4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 981 дугаартай:
“...1. Ц.Даваадуламын биед уруулын зүүн дээд хэсэг, баруун шуу, сарвуу, 2 гуянд цус хуралт, зүүн чихний ар, 2 өвдөгт зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Баруун шуу, сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 22-24 дахь тал),
- шүүгдэгч Ж.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 35 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан.
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа, хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;
гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг;
гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг, мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгох бөгөөд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.
Шүүгдэгч Ж.Эрхэмбаяр болон хохирогч Ц.Даваадулам нар нь гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч гэр бүлийн амьдралаар хамтран амьдардаг, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болох нь тэдгээрийн мэдүүлэг болон хэргийн баримтаар тогтоогдсон тул тэдгээр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” этгээдэд тооцогдох юм.
Шүүгдэгч Ж.Эрхэмбаяр нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Төгөлдөр апартмент хотхоны 1304 тоотод хамтран амьдрагч Ц.Даваадуламтай “манай найзуудын хийж өгсөн архинаас уусангүй, найзуудад агсам тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой, нүүр лүү нь гараараа олон удаа цохих, хоолойг нь боох зэргээр бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсний улмаас эрүүл мэндэд нь “...уруулын зүүн дээд хэсэг, баруун шуу, сарвуу, 2 гуянд цус хуралт, зүүн чихний ар, 2 өвдөгт зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон ба хохирогч Ц.Даваадуламын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ж.Эрхэмбаярын цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ж.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.
Хэргийн хохирогч Ц.Даваадуламын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэ хэргийн хохирогч Ц.Даваадулам нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “......Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэж мэдүүлсэн (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Эрхэмбаяр нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь хэргийн 38 дугаар талд авагдсан “Цагдаагийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн хохирогч Ц.Даваадулам нь “гомдол саналгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан,
эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж Ж.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт Ж.Эрхэмбаяр нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Даваадулам нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Олхонууд овогт Жамсрангийн Эрхэмбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Эрхэмбаярт 1.800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Эрхэмбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ж.Эрхэмбаяр нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Даваадулам нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Эрхэмбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД