Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2-р баг Энгэр ус гэх газарт нутаглах, И овогт Б-н Да /ЗБ61031518/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1993 оны 4 сарын 30-ны дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, тамга тэмдэг, бичиг бүдгэрсэн, шаардлага хангахгүй байгаа тул хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг, тушаал, цалингийн баримтууд, баярын бичиг, үнэмлэх зэрэг баримтад үндэслэн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Д-ын Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1993 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй. Ажилд томилогдсон,  чөлөөлөгдсөн тушаалууд өөрт нь хадгалагдаагүй бөгөөд архиваас олдохгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн архивын тасгийн 42 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Д Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1982 оны 1 сарын 1-ний өдрөөс 1984 оны 5 сарын 2-ны өдрийг хүртэл, 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1992 оны 11 сарын 4-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал хувьцаат компанид 1992 оны 11 сарын 4-ний өдрөөс 1993 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан  болох нь дараах бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

 

-Б.Д-ын хугацаат цэргийн алба хаасан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2019 оны 1 сарын 9-ний өдрийн 227 дугаартай тодорхойлолтын хуулбар /хэргийн 4-р хуудас/

 -Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 2 сарын 18-ны өдрийн 08/82 дугаартай тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/

-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 сарын 14-ний өдрийн 01 дугаартай лавлагаа / хэргийн 9-р хуудас/,

- Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 сарын 18-ны өдрийн 01 дугаартай лавлагаа /хэргийн 10-р хуудас/

-Б.Д-ын  1982 оны 1 сар, 1982 оны 2 сар, 1982 оны 3 сар, 1982 оны 4 сар, 1982 оны сар, 1982 оны 6 сар, 1982 оны 7 сар, 1982 оны 8 сар, 1982 оны 10 сар,  1982 оны 11 сард цалин авч байсан цалингийн баримтын хуулбар /хэргийн 12-22/

- Б.Д-ын 1987, 1988 онуудад хөдөлмөрийн хөлс авч байсан баримтын хуулбар  / хэргийн 23-24-р хуудас/

- Б.Д-ад Дундговь аймгийн Баянжаргалан сумын Намын үүр үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, АДХГЗ, ХЗЭ-ийн хорооноос 1989 оны 7 сарын 10-ны өдөр олгосон баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 27-р хуудас/

- Б.Д-ад Дундговь аймгийн Баянжаргалан сумын Намын үүр, АДХГЗ, Ардын жаргал нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 7 сарын 28-ны өдөр олгосон баярын бичиг /хэргийн 39-р хуудас/

- Б.Д-ад Дундговь аймгийн Баянжаргалан сумын Намын үүр, АДХГЗ, Ардын жаргал нэгдлийн зөвлөлөөс 1989 оны 11 сарын 6-ны өдөр олгосон баярын бичиг /хэргийн 40-р хуудас/

- Б.Д-ад Дундговь аймгийн Баянжаргалан сумын Намын үүр, АДХГЗ, нэгдлийн зөвлөлөөс олгосон баярын бичиг /хэргийн 36-р хуудас/

- Б.Д-ад ардын армийн 213-р ангиас 1987 оны 5 сарын 18-ны өдөр олгосон  гэрчилгээ / хэргийн 37-р хуудас/

- Б.Д-ад Дундговь аймгийн АДХГЗ-аас 1988 онд олгосон шаргуу хөдөлмөрлөсний гэрчилгээ /хэргийн 38-р хуудас/

- Б.Д-ад Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс 1988 оны 5 сарын 17-ны өдөр олгосон 1982, 1983, 1987, 1988, 1989, 1990 онуудын цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 31-32-р хуудас/

- Б.Д-ад Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс 1991 оны 9 сарын 30-ны өдөр олгосон 1991, 1992, 1993 онуудын цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар / хэргийн 33-р хуудас/

- Б.Д-ад 1993 оны 1 сарын 1-ний өдөр олгосон 1995, 1996 онуудын цалингийн бичилт бүхий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 34-р хуудас/  зэрэг баримтууд болно.

Хэрэгт авагдсан 1981 оны цалингийн баримт нь Б.Д  гэсэн хүний нэртэй баримт байх тул Б.Д-ийн ажилласан жилийг тогтооход уг нотлох баримтыг  үнэлээгүй болно /хэргийн 47-р хуудас/.

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс эхэлж ажил, хөдөлмөр эрхлэсэн гэж бичсэн бөгөөд шүүх хуралдаанд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн боловч нэхэмжлэгчийг 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1982 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И овогт Б-н Д-г  Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1982 оны 1 сарын 1-ний өдрөөс 1984 оны 5 сарын 2-ны өдрийг хүртэл, 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1992 оны 11 сарын 4-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал хувьцаат компанид 1992 оны 11 сарын 4-ний өдрөөс 1993 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1982 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х