Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хас банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч /М.Э/-ийг эрэн сурвалжлуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Дундговь салбар  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.Э нь зээл авах үедээ Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 11-р хороо Булгачин 16-р гудамж 215 тоот гэсэн үндсэн хаягтай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржгон 17-8 тоотод түр оршин суудаг байсан.  Үндсэн хаягт нь М.Эын аав Ма Амьдардаг, М.Э гэртээ ирээгүй, хаана байгааг нь мэдэхгүй гэсэн хариу өгсөн. Одоо түүний оршин суугаа хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй, үндсэн болон оршин сууж байгаа хаяг дээрээ байхгүй, холбоо барих боломжгүй байна.

Иймд зээлдэгч М.Эыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Дундговь салбар нь хариуцагч М.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч М.Э нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11-р хороо булгачин 16-р гудамж 215 тоотод хаягтай болох нь Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 3 сарын 21-ний өдрийн 3/179 тоотоор ирүүлсэн М.Эын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 13-14-р хуудас/.

Иргэний  эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь Хас банкны Дундговь салбараас зээл авахдаа Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хаягт бүртгэлтэй байсан бөгөөд өнөөдрийн байдлаар энэ хаягтаа бүртгэлтэй байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдлож байна.

Хариуцагчийн оршин суугаа газрыг мэдэхгүй байх үндэслэл нь хүсэлт гаргагч түүний оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээ авсан боловч хаягийг тодруулж чадаагүй, хаана оршин суугааг мэдэх боломжгүй байхыг хэлнэ.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд Хариуцагчийн оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээ авсан боловч хаягийг тодруулж чадаагүй талаархи нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ талаар тайлбарлаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт “...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрын олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана...” гэжээ.

Иргэний  эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь Хас банкны Дундговь салбараас зээл авахдаа байсан хаягтаа өнөөдрийн байдлаар бүртгэлтэй байх тул нэхэмжлэгч тухайн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод  оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон             ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Хас банкны Дундговь салбарын хариуцагч М.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.Х