| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2021/0346/З |
| Дугаар | 128/ШШ2021/0585 |
| Огноо | 2021-09-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2021/0585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ү Х К” ХХК.
Хариуцагч: БОАЖС.
Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалын “Ү Х К” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ү Х К” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Бид дотоодын аялал жуулчлалын хөгжүүлэх зорилгоор Хан Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн задгай хаягт байрлах газар 3,0 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хууль, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны ******* тоот тушаал, ******* тоот гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан ******* тоот гэрээний үндсэн дээр аливаа эрхийн доголдолгүйгээр ашигладаг.
2021 оны 1 дүгээр улирлын газрын төлбөрийг төлөхөөр 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Татварын албанд хандтал манай ашиглаж буй газрын эрхийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалаар цуцалсан тухай олж мэдсэн ба тухайн тушаалыг албан ёсоор манай Компанид одоо болтол мэдэгдээгүй.
Аливаа захиргааны байгууллага албан тушаалтан нь Захиргааны Ерөнхий хуулийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны итгэлийг хамгаалж, иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахын өмнө энэ талаар мэдэгдэж, сонсох ажиллагааг хийж, хариу тайлбар гаргаж эрхээ хамгаалах нөхцөлөөр нь хангах үүрэгтэй. Гэтэл манай компанид ямар нэг сонсох ажиллагаа хийгээгүй буюу тухайн тушаалын “Ү Х К” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус, үндэслэлгүй байгааг тайлбарлан, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар ашиглагчийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг хааж, эрх ашгаа хамгаалах нөхцөлийг хязгаарлаж, сонсох ажиллагааг хийлгүйгээр тушаал гаргасан нь хууль бус байна.
“Ү Х К” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр цуцалжээ. Гэтэл Монгол Улсын хэмжээнд төдийгүй дэлхий нийтээр хорио цээрийн дэглэм мөрдөж байгаа энэ цаг үед аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа 2020 оны 2 сараас эхлэн бүрэн зогссон. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.О 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийж, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг хамтран давах талаар ярилцахдаа тухайн салбарынхандаа хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж, газрын төлбөрийн талаар ахин хэлэлцэхээр тогтож, үйл ажиллагаа бүрэн зогсоод байгаатай өөрийн биеэр танилцсан. Хэдийгээр цар тахлын улмаас бидний үйл ажиллагаанд асар их доголдол үүсэж байгаа ч газрын тухай хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд бид газрын төлбөрөө зохих ёсоор төлсөөр ирсэн. Энэ нь 2020 оны 12 сард Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албатай газрын төлбөр тооцоо нийлсэн актаар нотлогдоно.
Түүнчлэн бид өөрийн ашиглаж буй газрын эрхээ 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/396 дугаар тушаалаар сунгуулж, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай ******* тоот газар ашиглах гуравласан гэрээг шинэчлэн байгуулж, газрын хянан баталгаа болон үнэлгээг хийлгэж Байгаль орчны яамаар хянуулсан байтал ийнхүү тухай газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж байгаа нь хууль бус байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд аливаа хяналт шалгалтыг бодитоор, үнэн зөв, үр дүнтэй хийх ёстой боловч манай компанийн ашиглаж газар дээрээ газрын чанар байдлыг хамгаалан хашаалж, зориулалтын дагуу ашиглаж байгааг шалган тогтоогоогүй буюу хяналтыг бодитоор хийлгүйгээр ашиглагчийн эрх ашгийг хөндсөн байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны ******* дугаар тушаалын “Ү Х К” ХХК -д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... байгууллагууд нийтлэг хэд хэдэн алдаа гаргаад байгаа нь үйл баримтын зөрүүтэй тушаал, фактын зөрүүтэй албан бичиг, мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн гэх баримтууд, хяналтын шийдвэрийн бүртгэлийг хөтлөөгүй байна. Шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж байна. Захиргааны байгууллага оролцогчдын эрхийг хангана. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасныг баримтлах ёстой. Бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой. Нэг бичиг ирэхээр нь энэ үнэн гэдэг шийдвэр гаргах биш, хянах, шалгах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргийг хэрэгжүүлмээр байна. Сонсох ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 26, 28 дугаар зүйлд заасан ажиллагааг хийхгүй байна. Сонсох ажиллагаа гэдэг бол зүгээр л бичиг явуулаад өнгөрөх зүйл биш санал ирсэн эсэх, саналыг тусгасан бол яагаад тусгаагүй бол яагаад гэдгийг тайлбарлах ёстой. Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг гэж бий. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2012 оны 394 дүгээр бидэнд огт хамааралгүй. Одоо байгаа нь 2019 оны А/394 дүгээр тушаалаар сунгагдсан. Сунгагдсаны үндсэн дээр ******* тоот гэрээ 2020 онд байгуулагдсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж байгаа. 2020 онд байгуулагдсан гэрээний зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзээгүй хэр нь 150 цуцлахдаа 394 өөр шинээр байгуулсан гэрээг цуцалж эрх зүйн үйлчлэлийн хязгаарлаж байгаа нь өөрөө хууль бус. Гэрээг сунгадаг гэдэг тайлбар үндэслэлгүй Газрын тухай хуульд, гэрээг заавал шинэчлэн байгуулдаг. 5 жилийн хугацаанд ч шинэчлэн байгуулах тохиолдол байдаг. Төлбөрийн бүсчлэл заримдаа өөрчлөгддөг. Тойрог тойргоороо өөр манай 3 га газар төлбөрийн 2 өөр бүсчлэлд ордог. Зарим хэсэг нь 1094, зарим хэсэг 926 байдаг. Энэ тохиолдол бүрд гэрээ шинэчлэгддэг. Гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүсдэг учир шинэчилдэг. Манайх гуравласан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Хууль зүйн үйлчлэл дуусгавар болсон 150 дугаар тушаалыг цуцлахдаа 394 өөр хэвийн ашиглаж байгаа гэрээний үйлчлэлийг зогсоож байгаа нь буруу. Өөрсдөө анхнаасаа хянан шалгах, судлан тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйгээс болоод аж ахуй нэгжийн эрх ашиг хөндөгдөж байна. Бид нар 2022 онд газрын хугацаа дуусна, дуусахад бид дахиад энэ баримтыг бүрдүүлнэ. Гэтэл дунд нь цуцалсан шийдвэр гаргачхаад 394 гэж бичсэн атлаа 150 гэж ойлгоно гэдэг нь ойлгомжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасны дагуу гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 8 жил дараалан ашиглаагүй. Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр" гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 дүгээр албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11из/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны ******* дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/394 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг сунгаж байгаа нь шинээр олгож байгаа зохицуулалт биш. Өөрөөр хэлбэл тухайн тушаалын үндэслэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг баримталсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байна гэсэн заалтыг баримталж сунгасан. Харин дахин шинээр газар ашиглах эрх олгож байгаа зүйл биш. Нэхэмжлэгчийг 2021 оны ******* дугаар тушаалтай маргаж байгаа гэж ойлгож байгаа. 2012 оны 150 дугаар тушаалаар олгосон газар ашиглах эрхийг цуцалсан. 394 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг сунгаж байгаа нь газар ашиглах эрхийг цуцлахгүй байх үндэслэл болохгүй. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг гуйвуулан хэрэглэж болохгүй. Гэрээнд заасан зориулалтын дагуу газар ашиглана. Бодит нөхцөлд байдалд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа юу гэвэл үгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар авчхаад, ямар ч зориулалтын дагуу ашиглаж байгаа зүйлгүйгээр хуулийг гуйвуулж хэрэглэж болохгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан зориулалтайн дагуу ашиглах эрхээр нь хангаж газар ашиглах эрхийг сунгасан үйлдэл тогтоогдож байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” ******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Ү Х К” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалын “Ү Х К” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба уг шаардлага бүхий нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Үйл баримтын тухайд, анх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-150 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 3 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг нэхэмжлэгч хуулийн этгээд авсан байх бөгөөд уг тушаалыг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаар газар ашиглах гэрчилгээг олгожээ.
Энэхүү газар ашиглах эрх нь хамгийн сүүлийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах тухай” А/394 дүгээр тушаалаар “Ү Х К” ХХК-д олгосон 3 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгагдсан ба Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах тухай ******* дүгээр гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Ү Х К” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгуулах үндэслэл бүрдсэн талаар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 дүгээр санал хүргүүлэх тухай албан бичгээр “Ү Х К” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт,
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс ...мэдэгдэлд дурдсан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй 660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авч холбогдох зөрчлийг арилгах... талаар 2020 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр 11И-3/ 5988 тоот албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус хүргүүлсэн байна.
Дээрх санал болон мэдэгдлийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай ******* дугаар тушаал гарсан. Уг тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: “эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг: “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т: “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д: “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д: “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д: “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг тус тус үндэслэсэн ба хариуцагчаас “... Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ...” гэж үзэж нэхэмжлэгч “Ү Х К” ХХК-ийг газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалын өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар “Газрын тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу газрын төлбөрөө зохих ёсоор төлсөөр ирсэн, өөрийн ашиглаж буй газрын эрхээ 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/394 дугаар тушаалаар сунгуулж, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай ******* тоот газар ашиглах гуравласан гэрээг шинэчлэн байгуулж, газрын хянан баталгаа болон үнэлгээг хийлгэж Байгаль орчны яамаар хянуулсан байтал ийнхүү тухайн газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж байгаа нь хууль бус” хэмээн, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “бодит нөхцөлд байдалд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар авчхаад, ямар ч зориулалтын дагуу ашиглаж байгаа зүйлгүйгээр хуулийг гуйвуулж байгаа, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно” гэж Улсын Дээд шүүхээс тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй, иймээс маргаан бүхий тушаал хууль зүйн үндэслэлтэй” хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж буй энэ тохиолдолд шүүхийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.
Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 16/4670 дугаар албан бичигт: “Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Тусгай хамгаалалттай нутгийн тухай хууль, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэр газар ашиглуулах тухай гэрээний үүргээ зөрчиж, газрын төлбөрөө төлөөгүй хавсралтад дурдсан 122 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах саналыг хүргүүлж байна” гэсэн авч уг албан бичгийн хавсралтад нэхэмжлэгч “Ү Х К” ХХК-ийн нэр ороогүй байгаа баримт, мөн хавтаст хэргийн 22 дахь талд авагдсан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг гэсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, тус шүүхийн 2021 он 8 дугаар сарын 13-ны өдрийн 1/5939 дүгээр албан бичгээр шаардсан нотлох баримтаар ирүүлсэн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16/1462 дугаар албан бичигт: “Ү Х К” ХХК-ийн 2020 оны жилийн эцсийн байдлаар гэрээний дагуу газрын төлбөрөө төлж барагдуулан газрын төлбөр төлөлтөө дүгнүүлж тооцоо нийлсэн акт үйлдсэн байна” гэх хариу зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Ү Х К” ХХК-ийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасан газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, үүгээрээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан хариуцагчийн маргаан бүхий тушаалын үндэслэл хууль зүйн үндэслэлгүй байна.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар мэдэгдлийн хавсралтад заагдсан 660 иргэн, хуулийн этгээдийн нэрст нэхэмжлэгч “Ү Х К” ХХК-ийн нэр 595-рт бичигдсэн байна. Энэ нь Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа ба захирамжийн огноо, дугаарыг 2012 оны 12 дугаар сарын 28-ны ******* гэжээ.
Хариуцагч нь энэхүү баримтыг шийдвэр гаргахдаа шууд ашигласан ба нэхэмжлэгч “Ү Х К” ХХК 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дүгээр Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах гэрээ байгуулсан, ийнхүү байгуулснаас хойш ашиглаж буй газраа зориулалтын дагуу ашиглахаар 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ГБМЗХ2020/16-017 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авсан байгааг анхаараагүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан “шийдвэр нь үндэслэл бүхий байх”, “бодит нөхцөлд тохирсон байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн асуудал болсон, шүүх нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхгүй гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, 2012 оны ******* дугаар тушаалаар анх үүссэн газар ашиглах эрх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай” А/394 дүгээр тушаалаар дахин сунгагдсан, үүний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ******* дүгээр газар ашиглах гэрээ байгуулсан байгаа нь цаг хугацааны хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д: “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа дээр дурдсанаар Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан шийдвэр гаргаснаараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн сонсох ажиллагааны мэдэгдлийг манай компани хүлээж аваагүй, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулалгүйгээр актыг гаргасан нь захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй байна.
Тодруулбал, хариуцагч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 10/7443 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Ү Х К” ХХК-д оролцогчийг сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэх боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шуудангийн бүртгэлд 10/7443 дугаар албан бичгийг бүртгэсэн байх ба хүлээн авсан хүний нэр гарын үсэг байхгүй байгаагаас үзвэл уг албан бичгийг нэхэмжлэгч “Ү Х К” ХХК-д гардуулсан гэж үзэх боломжгүй, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ү Х К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалын “Ү Х К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б