| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 119/2024/0049/З |
| Дугаар | 221/МА2025/0163 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2025/0163
“Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Х*******
Нэхэмжлэгч: “Э*******” ХХК
Хариуцагч: “Э*******” ТӨҮГ
Хариуцагч: “Э*******” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаар Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил. Багц №1 220/110/35 кВ-ын 2х200 MBA чадалтай Оюут дэд станцыг барих ажил нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо
Нэхэмжлэлийн шаардлага: ЭҮТӨҮГ/202401011300 дугаар Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил Багц №1 220/110/35 кВ-ын 2x200 МВА чадалтай Оюут дэд станцыг барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг мэдэгдсэн захиалагчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ТБ-134-12/7536 тоот мэдэгдэл, тендерийг дахин зарласан Э******* ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн цахим тендерийн урилгыг тус тус хүчингүй болгуулах, тендерийг дахин үнэлэхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 119/ШШ2025/0003 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х*******, Д.Э*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 119/2024/0049/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас “Э*******” ТӨҮГ, тус газрын ЭҮТӨҮГ/202401011300 дугаар Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил. Багц №1 220/110/35 кВ-ын 2х200 MBA чадалтай Оюут дэд станцыг барих ажил нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “ЭҮТӨҮГ/202401011300/ дугаар Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил Багц №1 220/110/35 кВ-ын 2x200 МВА чадалтай Оюут дэд станцыг барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг мэдэгдсэн Захиалагчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ТБ-134-12/7536 тоот мэдэгдэл, тендерийг дахин зарласан Э******* ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн цахим тендерийн урилгыг тус тус хүчингүй болгуулах, тендерийг дахин үнэлэхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах”-аар маргасан.
2.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 119/ШШ2025/0003 дугаар шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023.06.16-ны өдрийн Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 26 дугаар зүйлийн 26.4.2, 26.4.4, 26.9, 26.10, 28 дугаар зүйлийн 28.1.3, 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн “Э*******” ТӨҮГ, “Э*******” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300/01/01 дугаартай Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил. Багц №1 220/110/35 кВ-ын 2х200 MBA чадалтай Оюут дэд станцыг барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Э*******” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ТБ-134-12/7536 дугаартай албан бичиг, тендерийг дахин зарласан “Э*******” ТӨҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн цахим тендерийн урилгыг тус тус хүчингүй болгуулах, тендерийг дахин үнэлэхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн захирал Т.Х******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Манай компани "Э*******" ТӨҮГ-аас зарласан Багц №1 220/110/35 кв-ын 2х200 МВА чадалтай "Оюут" дэд станцыг барих тендерийн урилгыг авч тухайн тендерийн бичиг баримтад дурдсан шаардлага хангасан тендерийн материалыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр захиалагчид цахим системээр илгээж хүргүүлсэн.
Захиалагч "Э*******" ТӨҮГ-аас байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тендерийг нээж үнэлгээний хороо манай тендерийн материалыг хянаад 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ТБ-134-12/7536 тоот албан бичгээр тендерийн шаардлага хангаагүй гэж мэдэгдэл ирүүлсэн.
Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт манай тендерийг ТШ3.16.2-т захиалагчийн тавьсан шаардлага "Хүснэгтэд заасан инженер, техник, мэргэжилтэй ажилтнууд нь тухайн тендерт оролцогчийн үндсэн ажилтан байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 3 саруудад тасралтгүй төлсөн байна. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр дамжуулан хянан үзэхэд санал болгосон инженер техникийн ажилтнуудын 2024 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь шаардлага хангаагүй" гэж үзсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө", мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь хэсэгт "Ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны дотор цахим, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулж, харъяалагдах нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ..." гэж заасан байдаг.
"Э*******" ХХК нь 2024 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 30.000.000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 09.18 минутад Худалдаа хөгжлийн банк дахь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 499135040 тоот дансанд төлж, тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт цахимаар илгээсэн бөгөөд тус газрын байцаагч 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай тайланг хүлээн авч баталгаажуулсан байгаа.
Ингэснээр манай компаний хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тайлан илгээх үүрэг дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл бид төрийн байгууллагад хугацаандаа тайлангаа илгээж шимтгэлээ төлсөн. Гэтэл тендерийн үнэлгээний хорооны гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан манай компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлыг хянан үзэх гэсэн боловч тухайн үед нийгмийн даатгалын цахим систем гацаж манай мэдээлэлтэй танилцаж чадаагүй юм байна. Ингээд үнэлгээний хороо манай компанийг 2024 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна гэж үзжээ.
Бид Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тодруулга хүссэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2015 тоот албан бичигт "... нийгмийн даатгалын байгууллага цахим системийн шинэчлэлийг 2024 оноос үе шаттайгаар нэвтрүүлж байгаатай холбоотойгоор тухайн систем нь алдаа гарч тус байгууллагын шимтгэл төлөлтийн тайлан автоматаар цуцлагдсан байна" гэдэг хариу ирүүлсэн.
Дээрх тодруулга хүссэн албан бичигт манай компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталгаажуулсан талаарх цахим системийн цонхыг нотлох баримтаар хэвлэн манай компанид ирүүлсэн.
Төрийн байгууллагын цахим систем доголдож алдаа гарч байгааг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлага мэдэх ямар ч боломжгүй бөгөөд бидэнд энэ талаар анхааруулга өгсөн зүйл байхгүй, тийм учир бид өдөр болгон нийгмийн даатгалын тайлангийн цахим системд манай тайлан, мэдээ цуцлагдсан, буцаагдсан эсэхийг шалгаад байх боломж байхгүй. Хэдийгээр тендер шалгаруулалтын явцад нийгмийн даатгалын цахим систем нээгдэхгүй байсан гэж үзэхэд манай компани тендерийн материалдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим системээс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар "Э*******" ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй талаарх лавлагааг бичгээр өгсөн байгаа. Үнэлгээний хороо энэхүү бичгээр гаргаж өгсөн лавлагаанд үндэслэн шийдвэр гаргах бүрэн боломжтой байсан.
Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа үнэлгээний хороо тендерийг үнэлэх явцад "Э*******" ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй төлөвтэй байсан учир тухайн үеийн үнэлгээний хорооны үйлдлийг буруутгах үндэслэлгүй гэх утгатай дүгнэлт хийсэн.
Гэтэл Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирсэн албан бичигт “манай системд үе шаттай шинэчлэл хийж байгаатай холбоотой алдаа гарч байгаа" гэсэн тайлбар ирүүлсэн бөгөөд тухайн цахим системээс "Э*******" ХХК-ийн нийгмийн даатгалын тайланг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэнийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталгаажуулж байсан талаарх нотлох баримтыг ирүүлсэн бөгөөд энэ баримыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.
Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар манай компаний илгээсэн цаасан баримт, цахим систем хоорондоо зөрчилтэй байгаа тохиолдолд биднээс тодруулга авах бүрэн боломжтой байсан. Гэтэл Үнэлгээний хороог төлөөлж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд "бид зөвхөн цахим системийг үндэслэн шийдвэр гаргана, цаасан материалыг үнэлэх боломжгүй" гэдэг тайлбар өгсөн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт “оролцогчийн мэдээлэл төрийн эрх бүхий байгууллагад тайлагнаж баталгаажсан тайлангийн мэдээлэлтэй нийцсэн эсэхийг хянан үзэж болно” гэж заасан. Хуулийн энэ заалтаар ганцхан цахим системийг үндэслэн шийдвэр гаргана гэсэн захиалагчийн шийдвэр хуульд нийцэхгүй буруу шийдвэр гэдэг нь нотлогдоно.
Манай компанийн нийгмийн даатгалын системээс өр төлбөргүй талаарх лавлагааг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр авч байх үед манай компанийн нийгмийн даатгалын тайлан, түүний төлөлт цахим системд хэвийн байсан гэсэн үг. Учир нь тайлангаа мэдүүлж төлбөрөө төлөөгүй бол дээрх лавлагаа хэвлэгдэн гарахгүй юм. Шүүхэд гаргаж өгсөн баримтаар манай компани 2024 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын тайлангаа хугацаанд нь илгээж төлбөрөө төлсөн нь нотлогдож байгаа, гэтэл шүүх Үнэлгээний хороо ажиллах үед цахим системд төлбөр төлөгдсөн нь харагдахгүй байсан учир Үнэлгээний хороог буруутгах үндэслэлгүй гэж дүгнэж байна.
Төрийн байгууллагын цахим систем гацаж манай нийгмийн даатгалын тайлан, төлбөр үнэлгээний хороонд харагдахгүй байсан үйлдэлд манай компани ямар ч буруугүй, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд хангалттай гаргаж өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дээрх хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Бид шүүхэд хандаж Үнэлгээний хороо манай компанийг ялагчаар шалгаруулсан захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү гэх агуулга бүхий шаардлага гаргаагүй. Харин нэгэнт манай компанийг шалгаруулахаас татгалзсан шийдвэр хууль бус, дээрх шалтгаан нь төрийн байгууллагын цахим системийн алдаанаас болсон учир хууль бус шийдвэрийг хүчингүй болгож Үнэлгээний хороо манай тендерийг дахин үнэлэх ажиллагаа хийхийг даалгуулахыг хүссэн. Энэ нь заавал манай тендер шалгарна гэсэн үг биш. Гэхдээ манай компанийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа гол хүсэл зориг нь өөрийн тендерийг Үнэлгээний хороогоор дахин үнэлүүлэх ажиллагаа хийлгэх юм.
Мөн тендерийн захиалагч "Э*******" ТӨҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн цахим сайтад ЭҮТӨҮ/202401011300 дугаар Багц №1 220/110/35 кв-ын 2х200 МВА чадалтай "Оюут" дэд станцыг барих тендерийн сонгон шалгаруулалтыг дахин зарлаж нээлтийг 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 09 цагт хийхээр урилга гаргасан.
Дээрх тендерийн өмнөх шалгаруулалтад оролцсон хуулийн этгээд Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад захиалагч "Э*******” ТӨҮГ-аас тендерийг дахин зарлаж байгаа нь илт хууль бус үйлдэл юм. Хэрэв шүүх бусад оролцогчийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл тухайн тендертэй холбоотой шүүхийн болон захиргааны байгууллагын тус тусдаа шийдвэр гарч шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэхэд хүндрэлтэй болох юм.
Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 119/ШШ2025/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангав.
1.“Э*******” ТӨҮГ-аас зарласан Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах Багц 1 “220/110/35” кВ-ын 2х200 МВА чадалтай “Оюут” дэд станцыг барих тендер шалгаруулалтад нийт 9 компани оролцсон, гэвч Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд тендерт санал болгосон үнийн дүнгээр эрэмбэлсэн:
-“Х*******” ХХК-ийг цахим тендерийн баталгаа ирүүлээгүй,
-“С” ХХК-ийг нууцлах шаардлагагүй баримт бичгийг нууцалсан,
-“Э” ХХК-ийг үндсэн ажилтнуудын 2024 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй,
-“Ч” ХХК-ийг хүний нөөцийн болон техникийн, мөн бичиг баримтын бүрдэл дутуу,
-“Н” компанийг ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага, хүний нөөцийн болон машин механизмын бичиг баримтын бүрдэл дутуу,
-“Д,” ХК-ийг ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний үнийн дүн захиалагчийн баталгаажуулсан багцийн төсөвт өртөгийн 20 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй, бичиг баримтын бүрдэл дутуу,
-“Р” ХХК-ийг хүний нөөцийн болон сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх шаардлага хангаагүй,
-“M” ХХК-ийг техникийн болон хүний нөөцийн, бичиг баримтын бүрдэл дутуу,
-“Х” ХХК-ийг татварын өргүй байх шаардлагыг тус тус хангаагүй гэж үзэн, бүх тендерээс татгалзаж, улмаар дахин тендер зохион байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн тухайд тендер нээсэн буюу 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /www.tender.gov.mn/-д тус компанийн санал болгосон инженер техникийн ажилтнуудын 2024 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй төлөвтэй байсан нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.1-ийн “Хүснэгтэд заасан инженер, техникийн мэргэжилтэй ажилтнууд…-ын нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 3 саруудад тасралтгүй төлсөн байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж дүгнэх үндэслэл болсон, энэ нь ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дээрх хурлын тэмдэглэл, хариуцагч “Э*******” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ТБ-134-12/7536 дугаар мэдэгдлээр;
-харин хэрэгт авагдсан “Э” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 10 дугаар сарын тайланд мөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр 30.0 сая төгрөгийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын Худалдаа хөгжлийн банкан дахь 424030133 тоот дансанд шилжүүлсэн гэж бүртгэгдсэн, энэ нь тус банкны мөн өдрийн шилжүүлгийн мэдээлэл /журнал 197778956/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газраас Сангийн яаманд хандсан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2015 дугаар албан бичиг, түүний хавсралтаар тус тус тогтоогдож байна.
Тухайлбал дээрх албан бичигт “…тус газарт бүртгэлтэй “Э” ХХК нь 10 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаа 10 дугаар сарын 29-ний өдөр илгээсэн байсныг тухайн байгууллагыг хариуцсан байцаагч нь 10 дугаар сарын 30-ны өдөр НД-7,8 тайланг баталгаажуулсан. Гэвч нийгмийн даатгалын байгууллага цахим системийн шинэчлэлийг 2024 оноос үе шаттайгаар нэвтрүүлж байгаатай холбоотойгоор тухайн системд алдаа гарч тус байгууллагын шимтгэл төлөлтийн тайлан автоматаар цуцлагдсан болно” гэсэн, мөн хавсралт Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын харилцах дансны урьдчилж орсон орлого хэсэгт “Э” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 30.0 сая төгрөг Худалдаа хөгжлийн банкнаас шилжиж орсон нь тусгагджээ.
2.Гэтэл хэрэгт авагдсан, нэхэмжлэлийн гол үндэслэлд шууд хамаарах нотолгооны ач холбогдол бүхий эдгээр баримтыг анхан шатны шүүхээс огт үнэлж дүгнээгүй атлаа харин хариуцагчийн татгалзлыг зөвтгөхдөө шийдвэрийн 2.5-д “…тендерт оролцогч нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг өөрөө хангахаар байна”, 2.6-д “Захиалагчийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн …26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” шаардлагыг хангаагүй гэж үзсэнийг үндэслэлтэй гэж үзлээ…” гэх зэргээр “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх”, “шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-34.3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх зохицуулалтыг зөрчсөн байна.
Үндсэндээ хариуцагч Үнэлгээний хороо тухайн үед тендер шалгаруулалтыг явуулахад “Э” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй төлөвтэй байсан нь нэхэмжлэгчийн буруугаас бус харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын системийн саатлаас шалтгаалсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс үл хамаарах үндэслэлээр ийнхүү тендерээс татгалзагдсан нь илэрхий байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэхгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт захиалагч “оролцогчийн мэдээлэл төрийн эрх бүхий байгууллагад тайлагнаж баталгаажсан тайлангийн мэдээлэлтэй нийцсэн эсэхийг хянан үзэж болно” гэж заасныг ч тэмдэглэх нь зүйтэй.
Иймд тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж нэхэмжлэгчийг тендер шалгаруулалтаас татгалзсан нь хууль бус болох нь нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгосноор энэхүү магадлал биелэгдэх нөхцөл бүрдэнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 3 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4, 26.5, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э*******” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202401011300 дугаар “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил. Багц 1 “220/110/35” кВ-ын 2х200 МВА чадалтай “Оюут” дэд станцыг барих тендер шалгаруулалтаас татгалзсан захиалагч “Э*******” ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ТБ-134-12/7536 дугаар мэдэгдэл, мөн дээрх тендер шалгаруулалтыг дахин зарласан 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн цахим тендерийн урилгыг тус тус хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийхийг хариуцагч Үнэлгээний хороонд даалгаж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН