Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 02

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн

     Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

     Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, хохирогчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Вичээчийнхэн овгийн *******д холбогдох 201618010121 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар  сарын 01-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 12 дугаар сарын 15-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн, эмэгтэй, 55 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 дугаар баг, Нарангийн 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бичээчийнхэн овгийн ******* /РД:ФБ-/ гэв.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв засмал замын 45-46 дахь км-т *******ын эзэмшлийн 71-27 ОРО улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж зам тээврийн осол гарган зорчигч *******, ******* нарын бие махбодид хүнд гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчийн хүсэлтээр

  1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-11 хуудас/
  2. Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-26, 32 хуудас/
  3. Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/
  4. Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 38, 39 ар тал/
  5. Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/
  6. Шинжээч *******ын мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/
  7. Шинжээч ын мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/
  8. *******ы биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт /хх-ийн 48 хуудас/
  9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12541 тоот дүгнэлт /хх-ийн 51 хуудас/
  10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12542 тоот дүгнэлт /хх-ийн 54 хуудас/
  11. Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 64-65 хуудас/,
  12.  Тээврийн хэрэгслийн  хагарсан дугуйг шинжилсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72 хуудас/
  13.  Замын цагдаагийн зохицуулагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82 хуудас/
  14.  *******ы сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 90-94 хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр:

  1. Насанд хүрээгүй хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол /хх-ийн 26 хуудас/,
  2. *******ийг хохирогчоор тогтоосон тогтоол /хх-ийн 27 хуудас/,
  3. Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/
  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12541 тоот дүгнэлт /хх-ийн 51 хуудас/
  5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12542 тоот дүгнэлт /хх-ийн 54 хуудас/
  6. Хохирогч *******, насанд хүрээгүй хохирогч Анандын өвчний түүх /хх-ийн 117-123, 130-131/
  7. Насанд хүрээгүй хохирогч *******ын компьютер томографийн бичлэг /хх-ийн 138 хуудас/,
  8. Насанд хүрээгүй хохирогч *******ын төрсний гэрчилгээний  хуулбар /хх-ийн 140 хуудас/
  9. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 141 хуудас/
  10.  Гэм хорын хохиролын баримтууд /хх-ийн 142-157, 193-200 хуудас/, гэм хорын хохирол төлөгдсөн талаарх баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр:

  1. Дугуй хагарсан байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 хуудас/
  2. *******ийг тайлбараар асуусан тэмдэглэл /хх-ийн 12-13 хуудас/
  3. Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/
  4. Иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/
  5. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 35-37/
  6. Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/
  7. Шинжээч *******ын мэдүүлэг /хх-ийн40-43 хуудас/
  8. Шүүгдэгчийн өвчний түүхүүд /хх-ийн 107-115 хуудас/
  9. Замын цагдаагийн зохицуулагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82 хуудас/
  10.  Шүүгдэгчийн зүгээс хохирогчид үзүүлсэн тусламжийн талаарх тооцооны баримтууд /хх-ийн 175-176 хуудас/
  11.  Хохирлын 2.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 174 хуудас/
  12.  Ял шалгах хуудас /хх-ийн 178 хуудас/
  13.  Хохирлын 450.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч ******* нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв засмал замын 45-46 дахь км-т *******ын эзэмшлийн 71-27 ОРО улсын дугаартай “TOYOTA IST” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *******, ******* нарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох

1. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дүүгийн хамт 2-уулаа Орхон аймгаас Улаанбаатар хот руу тендерийн унаагаар гарсан. 12 цагийн үед Улаанбаатар хот руу орсон. Тэгээд би Энхболор луу залгасан чинь утас нь болохгүй байхаар нь би дүү рүүгээ залгаад Энхболорын ээжийнх нь дугаарыг авсан. Би Энхболорын ээж рүү нь месеж бичсэн чинь ээж нь Энхболор байхгүй байна гэхээр нь утасны дугаарыг нь явуулаач гэсэн ээж нь дугаарыг нь явуулсан. Тэр утас нь холбогдохгүй байсан болохоор би Жаргалсайхан эгч рүү залгаад Энхболороор хүүхдээ харуулаад сургууль орох гэсэн юм та гэрээ зааж өгөөч гэж хэлээд гэрт нь очсон. Би Энхболортой хамт сургууль орчоод буцаагаад явуулъя та хүүхэд харж байгаач гэж хэлэхэд ах эгч хоёр нь одоо Эрдэнэт явлаа гэж хэлсэн. Тэгвэл хамт явъя гэж хэлсэн. Тэр үед би энэ хоёр хүнийг машинтай явна гэж мэдээгүй. Тэгээд гэрээсээ бид хамтдаа гараад Их засаг их сургууль ороод 3 цагийн үед  Хотоос Эрдэнэт рүү гарсан. Явж байгаад би Цайдам дээр бие засах гээд зогссон. Тэгээд Цайдмаас цаашаа Жаргалсайхан эгч машин барьсан. Би Цайдам дээр бие засахдаа хүүгээ Баттөмөр ахад өгөөд буусан. Тэгээд Баттөмөр ах манай хүүг цааш нь өвөр дээрээ суулгаад явсан. Осол болох үед манай хүү Баттөмөр ахын өвөр дээр байсан. Дугуй хагарчихлаа гэж хэлээд би юу болсныг санахгүй байгаа. Дараа нь болохоор Баттөмөр ах дугуй хагарчихлаа чи хүүгээ аваарай гээд өгсөн гээд байгаа. Би юу ч санахгүй байгаа гэв. .... Би Цайдам дээр бие засахдаа Баттөмөр ахад өгсөн. Тэгээд дугуй хагарлаа гээд хүүгээ аваарай гээд надад өгсөн гэж яриад байгаа. Би түүнийг санахгүй байгаа. Би Баттөмөр ахаас хүүхдээ авсан эсэхийг мэдэхгүй байгаа. Тэгээд нэг сэрсэн чинь би гадаа хэвтэж байсан ба хүүгээ хаана байна гээд харсан чинь хүүгийн маань нүүр цус болсон Баттөмөр ах тэвэрсэн зогсож байсан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Дахин нэг сэрсэн чинь Дарханы эмнэлэгт хэвтэж байсан. Мөн хот руу явж байгаад нэг сэрсэн. Одоо манай хүүхдийн биеийн байдал муу байгаа. Өдөрт 1-2 удаа таталт өгч, байнга өвчин намдаах эм, таталт намдаах эм гэх мэт эм тариа хэрэглэж байгаа. Манай хүүхэд одоо 8 сартай, энэ насны хүүхдүүд мөлхөөд, толгойгоо даагаад чөлөөтэй хөдөлгөөн хийгээд байж байх ёстой. Гэтэл одоо толгойгоо дааж чадахгүй, хөдөлгөөн хийхгүй хэвтэж л байдаг. Сууж ч чадахгүй, хөгжил нь хоцрогдсон. Саяхан барианд яваад овоо толгойгоо өргөдөг болсон. Эмч нар хүнд хэлбэрийн таталттай цаашид хөгжлийн бэрхшээлтэй болох магадлал өндөр гэж хэлсэн. Миний болон хүү Анандын эмчилгээний зардал нийлээд 2.449.000 төгрөг болсон. Жаргалсайхан эгч эхлээд 2.000.000 төгрөг, дараа нь 450.000 төгрөг нийт 2.450.000 төгрөг өгсөн. Одоо шүүх хуралдаанд гаргаж өгөх нотлох баримт байхгүй. 2017 оны 01 сард би хүүгийнхээ толгойн томографийн зураг дахин авахуулна. Үнэ нь 700.000-с 800.000 төгрөг болох байх. Би цаашлаад хүүгээ Солонгос улс руу авч явж эмчлүүлнэ гэж бодож байгаа гэв.

2. Гэрч ******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би нөхөрийн хамт машинтайгаа Дархан-Уул аймаг орчихоод буцаад Сайхан сум руу явж байх үед Номгон сумын цаахан талд замаас гарчихсан цагаан өнгийн “Тоёота Ист” маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон дээшээ харчихсан доторх, хүмүүсийг бүгдийг нь машинаас гаргачихсан байдалтай байсан. Би анх өөрөө цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудлага өгсөн. Удаагүй цагдаагийн ажилтан нар ирээд үзлэг шалгалт хийсэн. Цагдаагийн ажилтан нар ирэхээр нь бид нар яваад өгсөн. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. ...Бид нарыг ирэхэд замын машинууд бол байсан. Осол болсон хүмүүст тусалж байх шиг байсан. Мал амьтан байгаагүй. Зам нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй асфальтан зам байсан, үзэгдэх орчин бол чөлөөтэй тогтуун байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь замаас гараад өвсөн дээр дөрвөн дугуй нь дээшээ хараад уначихсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

3.Гэрч ******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би эхнэр Жаргалсайханы хамт Тоёота Ист маркийн 71-27 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Орхон аймаг явах гэж байсан. Бат-Эрдэнэ гээд Орхон аймагт байдаг найзын охин Баярцэцэг нь би хотод байна та Орхон аймаг явах гэж байгаа бол би хамт явна шүү гэж хэлсэн. Эхнэр, Баярцэцэг Баярцэцэгийн хүү Ананд нарын хамт хотоос 15 цагийн үед гарахдаа би машинаа барьж явсан. Замдаа явж байхад Цайдам өнгөрөөд замын хажууд бие засах гээд зогссон. Бид нар явахдаа жолоогоо эхнэр Жаргалсайхан нь бариад явсан. Замд Номгон сум өнгөрөөд явж байхад замаар уруудаад тээврийн хэрэгслийн зүүн хойд талын дугуй буудсан “тас” гээд л хүчтэй чимээ гарсан. Тэгээд шууд замын хажууруу ороод онхолдсон. Онхолдсоны дараа би машинаас гараад ирэхэд Баярцэцэг нь машины гадаа хэвтэж байсан. Жаргалсайханыг машины цонхоор татан гаргаж ирээд Баярцэцэгийн хүүхэд бас машинаас гарчихсан газар байсан. Замын хүмүүс ирж бид нарт туслаад цагдаагийн байгууллага, эмнэлэгийн байгууллагад мэдэгдэж тусласан. Би тэр хүмүүсийг таньж мэдэхгүй. Эхнэр, Баярцэцэг, Ананд нарыг эмнэлэгийн ажилтан нар ирээд авч явсан. Би тухайн газарт үлдсэн. ...Жолоог эхнэр бариад би хажуу талд нь суучихсан, Баярцэцэг нь арын суудал дээр хүүхдийнхээ хамт сууж явсан. Тухайн замд эвдрэл гэмтэл байхгүй асфальтан зам байсан. Мал амьтан зэрэг зүйл байгаагүй. Үзэгдэх орчин чөлөөтэй ямар нэгэн саад болох зүйл байгаагүй. Би хотоос гарахын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан. Тухайн үед илт мэдэгдэх гэмтэл байхгүй байсан. Би урьд шөнө гэрээ нүүлгээд шөнөжин унтаж чадаагүй, нойр муутай байсан болохоор эхнэр Жаргалсайхан нь машин жолоодож явсан. Ядарсан учраас жолоогоо сольсон юм. Миний бодлоор тээврийн хэрэгслийн арын дугуй хагарснаас болж осол гарсан гэж бодож байна. Тээврийн хэрэгслийн жолоо булаацалдсан зүйл байхгүй. Дугуй хагараад замаас гараад онхолдсон. Тээврийн хэрэгслийн бүх цонх онгорхой явж байсан учраас хурд багатай 60 орчим км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Осол болох үед тоормоз гишгэсэн машин зүүн тийшээ далийгаад байхад баруун тийш нь болгож машиныг тэгшлээд тэгээд машин жолоодлого байхгүй болоод замаас гарч онхолдсон.

... Би Жаргалсайхантай анх 1982 онд гэр бүл болсон. Одоо 5 хүүхэдтэй айл болж амьдарч байна. Жаргалсайхан нь шудрага даруу төлөв зантай найз нөхөдтэй эвтэй найрсаг харьцаатай архи тамхи хэрэглэдэггүй, үр хүүхэд хань ижлээ гэж боддог хүн. Орхон аймаг Эрдэнэт хотод ажиллаж байгаад “Эрдэнэт ус дулаан түгээх станцад” ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Одоо гэртээ хүүхдүүд ач нараа харж сурган хүмүүжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-41-р хуудас/,

4. Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...******* нь миний төрсөн ээж байгаа юм. Би айлын том хүүхэд нь. Ээжийн унаж явсан Тоёота Ист маркийн 71-27 ОРО улсын дугаартай цагаан тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг юм. Уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь бас миний нэр дээр байдаг юм. Тэгээд гэрчилгээнийхээ нэрийг солиулж амжаагүй ажил ихтэй байсаар байгаад өдий хүрчихлээ. Тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Намайг тээврийн хэрэгсэлээ аав ээждээ зарсаны дараа оношлогоонд орсон байсан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй байна. Уг тээврийн хэрэгслийг аав, ээждээ зарчихсан болохоор аав, ээж өөрсдөө мэднэ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/

5. Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №12541 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

-*******ын биед баруун чамархай, зулай, зүүн дагз ясруу үргэлжилсэн суман заадас, лямбда заадас дайрсан цөмөрсөн нийлмэл хугарал, баруун дух, зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун чамархайн эдийн цусархаг няцрал, тархины зөөлөн бүрүүл доорх цус харвалт, баруун чамархай хуйх, шанаа, чих хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/,

6. Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №12542 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

- *******ийн биед хүзүүний 2-р нугламын их биеийн шахагдсан хугарал, хоншоор ясны цөмөрсөн хугарал, сээрний 10-р нугаламын арын сэртэнгийн ташуу, зөрүүгүй хугарал, сээрний 11,12-р бүсэлхийн 1-р нугламын их биеийн шахагдсан хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт, зулайн хуйх, нүүр, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/,

7. Шинжээч Х.Мянганбаярын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 33 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. 7127 ОРО улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 7127 ОРО улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэл жолоодон яваад онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас иргэн *******, иргэн ******* нарын биед хүнд гэмтэл учирсан нь осол гаргасан эрх зүйн үндэслэлтэй байна.                                            

2. Жолооч ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Зам тээврийн осол гарсан хэргийн газрын үзлэг болон үзлэгийн зурагтай танилцахад жолооч ******* нь зогсоох арга хэмжээ аваагүй, тоормозны мөр байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй байна.

4. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн, тээврийн хэрэгслийн хурд болон бусад шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй. 201618010121 тоот эрүүгийн хэрэг *******ы мэдүүлэгт /би 60 км цагийн хурдтай явж байсан. Зам нь асфальтан зам хөдөлгөөний хувьд эсрэг урсгалаас машин байгаагүй араас машин байсан үгүйг мэдэхгүй байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Зам өөр нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. /Мөн хавтас хэрэгт гэрч *******ийн мэдүүлэгт /тээврийн хэрэгслийн бүх цонх онгорхой явж байсан учраас хурд багатай 60 орчин км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна./ Гэрч ******* мэдүүлэхдээ: /Би арын суудал дээр сууж явж байсан болохоор хянах самбар харах боломжгүй байсан. Хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдээгүй байна./

5.Осол хэрэг 7127 ОРО улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн байна.

6. МУ-ын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №5895 тоот шинжээчийн дүнэлтэнд /Зам орчны нөхцөл байдал тодорхойгүй тул шинжилж буй дугуй нь осол гарахад нөлөөлсөн эсэх, ослын аль үед буудаж хагарсныг тодорхойлохгүй/ Зам тээврийн ослын үед дугуй хагарсан эсэхийг тогтоох боломжгүй.

7. Шинжээчийн зүгээс нэмэлт мэдээлэл байхгүй байна.

8. Осолын шалтгаан нь: 7127 ОРО улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтыг зөрчсөн байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 82-р хуудас/,

 8. Ашид билгүүн ХХК-ын үнэлгээний тайлан: ...Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ 2.773.000 төгрөг... гэх үнэлгээний тайлан /хх-ийн 61-66 хуудас/,

9. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 11 цаг өнгөрч байхад би нөхрийн хамт эмнэлэгт хэвтэж байгаа эгчийгээ эргэчихээд гэрлүүгээ явж байсан. Тэгсэн миний утас руу мессеж ирсэн Энхболор мөн үү гээд тэгэхээр нь би буцаагаад Энхболор биш байна гээд бичээд явуулсан. Тэгсэн Энхболорын утсыг хэлээд өгөөч гэсэн тухайн үед манай охины утас холбогдохгүй байсан. Тэгээд би гэртээ ирчихээд дэлгүүр ороод ирсэн чинь Баярцэцэг над руу залгасан. Та Жагай эгч мөн үү гэхээр нь би мөн байна. Чи хэн бэ? гэхэд би Энхболорын ангийнхан хүүхдийнх нь эгч нь байна гэсэн. Тэгсэн Баярцэцэг намайг та хотод байгаа юм уу гэхээр нь би эгч нь хотод байна гэсэн чинь та миний хүүхдийг хараад өгөөч гэхээр нь эгч нь чадахгүй ээ ах, эгч хоёр нь одоо Эрдэнэт рүү буцлаа гэж хэлсэн. Тэгээд Баярцэцэг намайг та гэрээ заагаад өгөөч танайх хаана байдаг юм бэ? гэхээр нь би гэрээ зааж өгсөн. Удалгүй Баярцэцэг манайд хүүхдээ тэврээд хүрээд ирсэн. Ирчээд Баярцэцэг би сургууль орчихоод эргээд буцана гэж хэлсэн. Бид бол бие биенээ мэддэг хүмүүс болохоор би Баярцэцэгийг сургууль дээр нь аваачаад багш нартай нь уулзуулчихаад бид 15 цагийн үед Улаанбаатараас 4-үүлээ гарсан. Тэгээд замд явж байсан машины дугуй хагарч харамсалтай зүйл болсон.   Би машины зүүн хойд дугуй хагарах үед зогсоох арга хэмжээ авч тооромз дарсан мөн карданаа татсан харьцангуй хурд багатай явсан боловч удирдлаганд орохгүй, зогсоож чадаагүй замын хажуу руу орж онхолдсон. Миний энэ байдлаас Баярцэцэг, Ананд гэдэг хоёр хүүхдэд хүнд гэмтэл учирч, би ч мөн  хүнд гэмтэл авсан байгаа. Хажууд сууж байсан нөхрийн маань гэмтэл нь гайгүй байсан. Ийм зүйл болсонд би маш их харамсаж байна. Тухайн үед жолоогоо авахдаа машиныхаа дугуйг тойрч харахад зүгээр байсан...Арын суудалд хамгаалах бүс байсан. Ард сууж явсан зорчигч хамгаалах бүс хийгээгүй байсан. Энэ хүн нялх хүүхэдтэй бүс зүүх боломжгүй байсан. Мөн суудал нь хивсэн бүтээлгэтэй байсан. Хохирогч нарт эхлээд 500 гаруй мянган төгрөгөөр эмчилгээ хийлгүүлсэн. Дараа нь бэлнээр 2.000.000 төгрөг, өнөөдөр 450.000 төгрөг өгсөн байгаа гэв.

10. Хохиорогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* болон ******* нарын өвчний түүх /хх-ийн 117-138 хуудас/

11.  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 хуудас/

12. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, бүрдэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 2 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201618010121 тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд байх тул хэрэгт ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөлийн үгэндээ: ...Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байна гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудал бол нотлогдоогүй, дутуу байна. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгааныг тодорхой болгоогүй байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд жолооч замын хөдөлгөөний ямар ямар дүрэм зөрчсөн, осол гарах болсон шалтгааныг зөвхөн Замын хөлөлгөөний дүрмийн 9.2 буюу зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байна гэж өнөөдөр яллах дүгнэлт үйлдэж оруулж ирж байна. Гэтэл 2.3б, хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүсээ хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн үүрэг байхгүй байна. Мөн урьд шөнө нь хүүгийнхээ гэрийг нүүлгэж өгсөн нойр муутай байсан гэж байгаа. Энэ талаар хохирогч мөн мэдүүлээд байгаа. Жолооч 2.7а дугаар зүйлд заасныг мөн зөрчсөн. Энэ заалт бас тогтоогдоогүй байгаа. Энэ хоёр хүн урд нь нойргүй байсан юм уу? урьд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу гэх мэт зүйлийг мөн мөрдөн байцаалтын шатанд асууж тодруулаагүй байдаг. Мөн сая шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж ирсэн байгаа. Хохирогчийн өвчний түүх дээр хохирогч мэс засал хийлгээгүй байхад мэс засал хийлгэсэн гэж бичсэн байгаа. Өнөөдөр хохирогчийн гэмтэл согог үндэсний төвөөс авсан энэ өвчтөний түүх яагаад ийм зөрүүтэй байна вэ? Мөрдөн байцаагч яагаад өвчний түүх бичсэн эмчийг асууж энэ байдлыг тодруулаагүй юм бэ? Эдгээр нотлогдвол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын явцад дутуу шалгасан байх тул мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

1-рт Шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: ...Машины ард суудлын бүс байдаг, суудал дээр хивс дэвссэн байсан. Мөн энэ охин хүүхэдтэй байсан учраас хүүхдээ унтуулаад, өөрөө ч унтаад яваад байсан болохоор бүс зүүх боломжгүй байсан байх гэж бодож байна. Би ч гэсэн адилхан эх  хүн аль болох ая тухтай л яваг гэж бодож байсан. Би бүсээ зүү гэж хэлээгүй нь миний буруу... гэх мэдүүлэг,

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...Арын суудал дээр бүс зүүгээгүй явж байсан... гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд тээврийн хэрэгслийн арын суудал дээр сууж явсан хохирогчид бүс зүүгээгүй нь мөрдөн байцаалтын шатанд гэрч *******ийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр жолооч жолоочийн үүргээ биелүүлээгүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б-д заасныг зөрчсөн, зорчигч зорчигчийн үүргээ биелүүлээгүй буюу 4.1а-г зөрчсөн нь нэгэнт тогтоогдсон бөгөөд энэ дүрмийн заалтыг зөрчсөний улмаас осол гарах үндсэн шалтгааныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч, хохирогч нар нь хамгаалах бүс зүүгээгүй нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна... гэж зааснаас үзвэл хамгаалах бүс зүүгээгүй нь захиргааны зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болно.

2-рт Шүүгдэгч ******* Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно... гэсэн дүрмийн заалтыг зөчсөн эсэхийг тогтоогоогүй гэх боловч энэ нь хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Баттөмөр ах ярихдаа урьд өдөр нь буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний шөнө машинаараа хүүхдийнхээ гэрийг нүүлгэсэн шөнө бараг унтаагүй. Нойр муутай байна. Замдаа жолоо солино гэж ярьж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... гэх, гэрч *******ийн: ...Би урьд шөнө гэрээ нүүлгээд шөнөжин унтаж чадаагүй нойр муутай байсан болохоор эхнэр Жаргалсайхан машин жолоодож явсан... гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ы ...Би урьд шөнө гэр нүүлгэлцээгүй. Охинтойгоо гэртээ унтаж амарсан. Манай нөхөр л гэр нүүлгэсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй... гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байгаа бөгөөд согтуурсан буюу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь үгүйсгэгдэж байна.

3-рт Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би мэс засалд ороогүй. Андуурсан байх... гэсэн мэдүүлэгийг өгч байх тул заавал өвчний түүх бичсэн эмчээс мэдүүлэг тайлбар авах шаардлагагүй байна гэж үзлээ.

Дээрх зүйлүүдийг шалгаагүйгээс тухайн гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, шүүгдэгчийн гэм буруутай, буруугүй эсэхэд эргэлзээтэй байдал тогтоогдохгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай саналыг хүлээн авч хангах боломжгүй байна.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-р тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийг заавал олон нийтээс тусгаарлан хорихгүйгээр цагдаагийн байгууллагын хяналтад хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэсэн болно.  

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд: Би болон миний хүү ******* нарын эмчилгээний зардал нийлээд 2.449.000 төгрөг болсон. Үүнийг Жаргалсайхан эгч эхлээд бид хоёрт 500 гаруй төгрөгний эмчилгээ хийлгүүлж өгсөн, дараа нь 2.000.000 төгрөг бэлнээр, өнөөдөр буюу шүүх хуралдаанд 450.000 төгрөг нийт 2.450.000 төгрөг авсан. Шүүх хуралдаанд нэмж нэхэмжлэх эмчилгээний баримт байхгүй... гэж мэдүүлж байх тул хохирол төлбөр төлөгдсөн гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие Баттөмөр овогтой Эрдэнэбаярын нэр дээрх  “TOYOTA IST” маркийн 71-27 ОРО маркийн  машины эзэмшигч болно. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ээж ******* нь уг  машинаар осолд орсон бөгөөд уг ослын улмаас гарсан эвдрэлд иргэний нэхэмжлэл гаргахгүй, гомдолгүй нь үнэн болно... гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул иргэний нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь 2017 оны 01 дүгээр сард хүү *******ыг томографийн зураг авахуулна, цаашид хүүхдээ Солонгос явж үзүүлж, эмчлүүлнэ гэж байх тул цаашид гарах эмчилгээний зардал, хохиролоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож ял шийтгэл оногдуулав.

Харин шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №0285966 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч *******т буцаан олгож, шүүгдэгч *******ы №729886 дугаартай В ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тасагт явуулах нь зүйтэй байна.

71-27 ОРО улсын дугаартай цагаан өнгийн “TOYOTA IST” маркийн  тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч *******т буцаан олгох нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бичээчийнхэн овгийн *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******анд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар *******д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч *******д анхааруулсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №0285966 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч *******т буцаан олгож, шүүгдэгч *******ы №729886 дугаартай В ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тасагт явуулсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн *******ын эзэмшлийн 71-27 ОРО улсын дугаартай цагаан өнгийн “TOYOTA IST” маркийн  тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг өмчлөгч *******т олгосугай.

8. Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч ******* нэхэмжлэх зүйлгүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДЭЛГЭРСАЙХАН