Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 555

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03139 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А” ХХК,

Хариуцагч “К” ХХК, М” ХХК нарт холбогдох,

 

“М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т/07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний “А” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блью скай” хотхоны 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган,

Хариуцагч “К” ХХК-ийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “А” ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “МК” ХХК-тай "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г харилцан тохиролцож "Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц"-ыг 184 800 ам.доллар буюу 221 760 000 төгрөгөөр үнийг бүрэн төлж худалдан авсан. Үүний дагуу “МК” ХХК-иас орон сууцын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч “А” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсан боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7161 дугаартай шийдвэрээр “А” ХХК -ийг Хан-Уул дүүргийн 11-р хороо, 44 Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц"-ны өмчлөгчөөр тогтоосон.

Нэхэмжлэгч “А” ХХК нь дээрх 7161 дугаартай шийдвэрийг үндэслэн, үнэ төлбөрийг нь бүрэн төлж худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийг компанийнхаа нэр дээр бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан боловч бүртгэлийн газраас орон сууц нь “Мфикскалитал” ХХК болон “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байна гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан.

Хариуцагч “М” ХХК нь “К” ХХК-иас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “К” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр "Зээлийн барьцааны гэрээ” байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүйгээр, өмчлөгчид огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчийн хувьд “К” ХХК-ийн өмнө аливаа үүрэг, хариуцлага хүлээгээгүй, “М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд үүссэн зээл, зээлийн барьцааны харилцаанд огт хамааралгүй этгээд байх тул “А” ХХК-ийн өмч хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд “К” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан "Зээлийн барьцааны гэрээ"-ээр “А” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээний хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К” ХХК нь “М” компанитай 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 1 400 000 ам.долларыг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, "Си Эм Эс Эл" ХХК-тай 2007 оны10 дугаар сарын өдөр Т07/208 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 500 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн барьцааны гэрээг “Си Эм Эс Эл” ХХК-тай байгуулж нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

“К” ХХК-ийн М ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,11 дүгээр зүйлийн 11.1,12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Кны хувьд Т07/208 тоот барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн.

“К” ХХК нь Хөх тэнгэр хотхоны 44Б байрны 23 тоот орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь “М” компанийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн М компани дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Дээрх үйл баримтаас харахад М ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 44Б байрны 23 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, К нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох Мфискапитал ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин А ХХК нь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон учир К нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн автозогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан. Учир нь улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан.

Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч А ХХК нь МК ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж гэрээний дагуу “МК” ХХК-иас дээрх орон сууцыг 184 800 ам.доллар буюу 221 760 000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж худалдан авсан. Ийнхүү “А” ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/07161 дугаар захирамжаар “А” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж "Блью скай" хотхоны 44Б байрны 6 дугаар давхрын 23 тоот, 132 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон.

“М” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани “К” XXК-иас нийтдээ 15 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 27 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, “К” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, ам.доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Иймд нэхэмжлэгчийн “М” ХХК болон “К” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Блью скай хотхоны 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хууль бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "М Кэй Ай” ХХК нь “А” ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 44Б байрны 23 тоот хаягт байрлах 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, түүний өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч тал нь нийт 184 800 ам.доллар буюу 221 760 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.

Худалдагч талын хувьд “МК” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, заасан орон сууцыг худалдан авагч талд шилжүүлэн 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Байр хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн. “Алтай хүдэр” ХХК нь дээр дурдсан гэрээний дагуу өмчлөх эрхээ иргэн В.Бат-Эрдэнэд шилжүүлэн өгсөн. М ХХК нь “МК” ХХК-тай 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б байрны 23 тоот 128.61 м.кв орон сууыг 225 067 500 төгрөгөөр тооцон худалдахаар тохиролцсон. Уг гэрээнд “Си Си Ай Эм” ХХК нь орон сууц захиалах гүйцэтгэх гэрээний эрх шилжүүлэгчийн хувьд баталгаажуулж гарын үсэг зурсан. Уг гэрээний 3.1 -т "2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн М ХХК болон “Си Си Ай Эм” ХХК-ийн хороонд байгуулсан Орон сууц захиалах гүйцэтгэх гэрээг цуцалж, МК ХХк-иас “Си Си Ай Эм” ХХК-д энэхүү гэрээний нөхцөлийн дагуу гэрээний үнийн дүнг шилжүүлэхээр 3 тал тохиролцов" гэж заасан.

Ингээд “Си Си Ай Эм” компанийн нэр дээр байсан Хан-уул 11 хороо, 44Б байрны 23, 24 тоот орон сууцуудыг хүлээн авахаар тохиролцсон. Энэ гэрээний 2.2-т Пи Ай Эм Эм ХХК нь МК ХХК-ийн нэрийн өмнөөс түүний төлөх дээр заасан 225 067 500 төгрөгийг Си Си Ай Эм ХХК-нд харилцан төлөх үүрэг хүлээсэн. Си Си Ай Эм ХХК нь М ХХК-д 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн төлбөрийн даалгавраар 249 309 ам.долларыг байрны үнэд шилжүүлсэн.  

Иймд М ХХК-ийн Ктай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан "Зээлийн барьцааны гэрээ"-ний хавсралтад авагдсан Хан-Уул дүүрэг, 11 хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот орон сууцыг барьцаалсан гэрээний хэсгийг бусдын өмч хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж гуравдагч этгээд үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар 56.1.8-д зааснаар М ХХК болон К ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, "Блью скай" хотхоны 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот хаягт байрлах, 132 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А ХХК-иас 196 550 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч "А" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч "А" ХХК нь М ХХК болон К ХХК-тай эрх зүйн харилцаа үүсээгүй, ... барьцааны эрхээр хязгаарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан тул ... гэрээтэй холбогдуулан шаардлага гаргах эрхгүй, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр "А" ХХК нь өмчлөгчөөр тогтоогдсон боловч энэхүү үйл баримт нь барьцаалагчийн эрхийг хөндөх үндэслэл болохгүй, ... Мфикскалитал ХХК болон К ХХК-ийн хооронд шинэчилж хийгдсэн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээг хууль зөрчсөн болон зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үндэслэлгүй хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь "А" ХХК нь М ХХК болон К ХХК-тай эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч "А" ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгчөөс нь хуулийн дагуу шударгаар худалдан авсан хууль ёсны өмчлөгч ба одоо уг байр нь К ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд байгаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хураагдах аюул нүүрлэж, өмчлөгчийн эд хөрөнгөө өмчлөх эрх зөрчигдөж байна.

Анхан шатны шүүх М ХХК болон К ХХК-ийн хооронд шинэчилж 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хийгдсэн барьцааны гэрээний "Хан-Уул дүүргийн 11-р хороо, 44Б дугаар байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 м талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус эсэхийг дүгнэхдээ хэт нэг талыг барьж хариуцагч К ХХК-ийн тайлбарт хөтлөгдөн үйл баримтыг үнэн зөв дүгнээгүй гэж үзэхээр байна. Хариуцагч "М" ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дээрх орон сууцыг 3 талт гэрээгээр орон сууц захиалах, гүйцэтгэх эрх шилжүүлэн авсан "МК" ХХК-нд мэдэгдэхгүйгээр өөрийн өмчлөлд хууль бусаар бүртгүүлэн, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан талаар шүүх хуралдаан дээр тайлбарладаг, улмаар К нь орон сууцыг ашиглалтад орсноос хойш 4 сарын дараа буюу 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр "90 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай" гэж худал бүртгэл хийлгэн, өмчлөгч "МК" ХХК-аас зөвшөөрөл авалгүй зээлийн барьцаанд барьцаалсан. К бусдын өмчлөлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүйгээр барьцаалсан энэхүү үйлдэл нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан барьцаа хөрөнгө, барьцаа хөрөнгийг газар дээр очиж, нэг бүрчлэн үзэх шаардлагыг зөрчсөн байна. Иймд өмчлөгчийн эрхийг зөрчиж, өмчлөх эрхгүй этгээд бусдын хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн", 56 дугаар зүйлийн 56.1.8-д "Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл"-ийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан тул "М" ХХК, Кны хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны  өдөр байгуулагдсан барьцааны гэрээний "Хан-Уул дүүргийн 11-р хороо, 44Б байрны байрны 6 дугаар давхрын 23 тоот 132 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч К ХХК, М ХХК-иудад холбогдуулан тус компаниудын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний А ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 44Б дугаар байрны 23 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч К ХХК эс зөвшөөрч маргасан, харин М ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байна.

            Нэхэмжлэгч А ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 143/11 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээгээр МК ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 44Б дугаар байрны 23 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 184 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнийг 2011 оны 4 дүгээр сараас 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд төлж барагдуулсан, улмаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7161 дугаар шийдвэрээр өмчлөгчөөр тогтоосныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

Дээрх “Блю скай” хотхоны 44Б дугаар байрны дуусаагүй барилга бүхэлдээ 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2206013654 дугаараар М ХХК-ийн өмчлөх эрхэд бүртгэгдсэн /хх-28/ ба тус компани нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээгээр К ХХК-иас зээлсэн 1 400 000 ам.долларын зээлийн барьцаанд ирээдүйд бий болох хөрөнгө буюу 55 хувийн гүйцэтгэлтэй 5 блок 120 айлын орон сууц 44А, 44Б, 44В, 44Г байрыг зоорийн давхрын 205 автомашины гаражийн хамт улсын бүртгэлийн дугаарыг гэрээнд нэгбүрчлэн зааж барьцаалуулсан, улмаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот барьцааны гэрээг шинэчлэн байгуулахдаа 90 хувийн гүйцэтгэлтэй дээрх 5 блок барилгыг орон сууц тус бүрээр бүртгүүлсний дотор нэхэмжлэлд дурдсан 44Б дугаар байрны 23 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц багтжээ. Энэ нь барилгын ажлын 90 хувийг гүйцэтгэсэн үедээ 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, “Блю скай” хотхоны 44Б дугаар байрны 23 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг тусад нь бүртгүүлсэн М ХХК-ийн өмчлөх эрхийн бүртгэлд үндэслэсэн байна. /хх-28/

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл хариуцагч К ХХК-ийг М ХХК-ийн өмчлөлд байхгүй хөрөнгийг барьцааны гэрээгээр барьцаалсан гэж үзэх болон 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот барьцааны гэрээг байгуулахдаа А ХХК-ийн өмч хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан гэж буруутгах боломжгүй, хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Түүнчлэн барьцааны гэрээг шинэчлэн байгуулснаас хойш буюу 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны барилгыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан нь хэрэгт авагдсан өдрийн барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан тухай актаар тогтоогдсоноос гадна нэхэмжлэгч нь уг байрыг хариуцагчид барьцааны эрх үүссэний дараа буюу 2011 оны 4 дүгээр сарын 11-нд худалдах, худалдан авах гэрээг Эм Ай Кей ХХК-тай байгуулсан тул барьцаалагч буюу зээлдүүлэгч Кийг барьцааны хөрөнгийг газар дээр нь очиж, нэгбүрчлэн үзээгүйгээс өмчлөгч А ХХК-ийн эрхийг зөрчсөн, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ажиллаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

            Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв ба зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч болох М ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ байгуулах үед нэхэмжлэгч А ХХК-аас зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ