Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2019/ДШМ/27

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                Прокурор Д.Бат-Өлзий /цахим сүлжээгээр/

                                                 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О

                                                Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Батнасан

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд

                                                 Шүүгдэгч О.Д /цахим сүлжээгээр/                                              

                                                 Нарийн бичгийн дарга Э.Энхболд нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Батнасангийн гаргасан давж заалдах гомдлоор О.Д холбогдох эрүүгийн 1827002250036 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Монгол улсын иргэн, гавъяа шагналгүй, урьд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 46 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасны дагуу 2 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар  хянан харгалзагдаж байсан Луваан овгийн О.Д

 

О.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан даваа” гэх газарт улсын дугааргүй, ногоон өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Д-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний  үйлдлийг  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, О.Д авто тээврийн хэрэгслийн
хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм
хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 2  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар О.Д-д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар О.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгахаар, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-д төлөгдөөгүй хохирол 1.271.600 төгрөгийг шүүгдэгч О.Д-гаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-д олгож цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр, нэхэмжилсэн нийт хохирлоос 17.000.000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор, О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжилсэн О.Д-гийн эзэмшлийн БНХАУ үйлдвэрлэсэн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль зэргийг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгон, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад шилжүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэнээр, О.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Батнасан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Д-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.  Шүүгдэгч О.Д нь хэрэг учрал болох үед гэрч Г.Н, М.Т, Д.А нартай өглөө нь гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг. Тэрээр хэргийн газраас оргон зайлж найз Н.Н-гийн гэрт очсон байдаг. Гэтэл шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад согтуурлыг стандартын багаж, эсхүл цуснаас дээж авч шалган тогтоон бэхжүүлж аваагүй нь одоо нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзжээ. Шүүгдэгч О.Д нь авто тээврийн гэмт хэрэг үйлдэн зугтсан тул түүний согтуурлыг шалгах боломжгүй байсан байж болох хэдий ч шүүхээс түүнийг осол гарсан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газраас тээврийн хэрэгслээ, эсхүл явганаар санаатай зугтаасан гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч О.Д нь гэртээ хэдэн шил архи уусан, хэн хэнтэй уусан, мөн дэлгүүрээс хэдэн шил архи уусан зэргийг тогтоогоогүй байхад түүний согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдлийг үгүйсгэж зүйлчлэн шийтгэх нь ойлгомжгүй байна. Мөн шүүгдэгч О.Д нь гэрч Г.Н, М.Т нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ тэс хөндлөн дайрна гэж агсарч байсан бөгөөд мотоциклиор тэднийг араас нь дайрч зам тээврийн осол үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч  нарын мэдүүлэг, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогддог. Гэрч Г.Н, М.Т нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан тэдний араас дайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг санаатай алах/ гэмт хэргийн шинжтэй байхад шүүхээс хүсэлтийг хүлээж авалгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийг буруу зүйлчилсэн гэж үзэхээр байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Алимаа давж заалдах гомдолд гаргасан прокурорын тайлбарт: “...Шүүгдэгч О.Д-гийн согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдлийг үгүйсгэж зүйлчлэн шийтгэсэн нь ойлгомжгүй, ...мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хүнийг санаатай алах/ гэмт хэргийн шинжтэй байхад хэргийг буруу зүйлчилсэн тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 06 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ. Шүүгдэгч О.Д-гийн согтуурлыг согтуурал шалгах багаж, цуснаас авч шинжилгээгээр согтуурлыг шалгасан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч О.Д-г уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж хэргийг прокурорт буцаах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч О.Д нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас зөрчиж хохирогч Д.Д-ын амь насыг хохироосон нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд хохирогч Д.Д-ын амь насыг санаатайгаар хохироох гэсэн субъектив байдал нь нотлогддоггүй юм. Шүүгдэгч О.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О, түүний өмгөөлөгч С.Батнасан нараас гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзсэн болно.

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг Улаан давааны өвөрт О.Д нь иргэн Г.Н, М.Т, Д.А, талийгаач Д.Д нартай “Харзтай” нэртэй 0,75 литрийн архи хуваан ууж байхдаа “тэс хөндлөн дайрна” гэж иргэн Г.Н-д агсарч улмаар Г.Н, М.Т-г сундлан улаан хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодон түрүүлэн явсан байна.

О.Д нь тэдний араас улсын дугааргүй, ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклийг согтуурсан үедээ жолоодон талийгаач Д.Доржпаламыг сундлан иргэн Г.Н, М.Т нарын явж байсан мотоциклийн араас мөргөж, тэд онхолдон Д.Д-ын амь насыг хохирч, иргэн Г.Н, М.Т нарт хөнгөн зэргийн хохирол учирсан байна.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч Г.Н, М.Т, О.Л, Д.А, Ц.М, Ж.Б нарын мэдүүлгүүд /хх-ийн 48-50, 56-57, 61-62, 63-64, 69х/, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 144-р шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-98х/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 747, 748 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 87-88, 91-92х/, Шинжээч замын цагдаагийн ахмад Б.А-ийн 03 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-79х/ зэргээр нотлогдож байна.

Прокуророос О.Д-д холбогдох хэргийн шинжийг зөв тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийг буруу хэрэглэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнг зөвтгөлгүй түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болж чадаагүй байна.

 Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон О.Д-д холбогдох  хэргийн зүйчлэлийг зөвтгүүлэх, түүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан зохих ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 О.Д-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Луваан овгийн О.Д-д холбогдох эрүүгийн 1827002250036 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол О.Д-д  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.