Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар  2023/ШЦТ/57  

 

2023.03.13                                          2023/ШЦТ/57                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0050

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам, 

Улсын яллагч Б.Өнөбат,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 2339000120086 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                      

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 00:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” төвийн гадна хохирогч Н.Б-тай маргалдсаны улмаас түлхэж унагаах цохих үйлдэлээр зодож хохирогчийн эрүүл мэндэд чихний дэлбэн хэсгийн зулгарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу хэсэг, зүүн шилбэ, баруун гуяны хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 00:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” төвийн гадна Н.Б-тай маргалдсаны улмаас түлхэж унагаах цохих үйлдэлээр зодож хохирогчийн эрүүл мэндэд чихний дэлбэн хэсгийн зулгарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу хэсэг, зүүн шилбэ, баруун гуяны хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000120086 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоол зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна...тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би хамт ажилладаг найзууд болох Алтанцоожийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тулга гээд бааранд ойролцоогоор 19 цагийн үед ороод 2 лаазтай пиво ууж байгаад би тамхи татах гээд гадаа гараад татаад зогсож байтал нэг танихгүй зрэгтэй хүн ирчихээд намайг доромжлоод байхаар нь би чи яах гээд байгаа юм бэ гэж хэлтэл тэр залуу намайг бариад авсан тэгэхээр нь би тэр залууг түлхэж унагаагаад толгой нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгээд яваад өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна...Би хохирлыг нь төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багийн Т164-02 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед найз Болорсүхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тулга баарднд орж 4 лаазтай пийв авч уугаад нэг цаг орчим суусан.Тэгээд манай найз Болорсүх надтай уулзахын өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор ширээ дэрлээд унтаад өгсөн. Тэгээд би такси дуудах гээд баарнаас гарахад баарны үүдэнд зүс таних нэг залуу хэл амаар доромжлоод байхаар нь би тухайн залуугийн цамцнаас барихад намайг шууд түлхэж унагаагаад миний нүүр рүү 2-оос 3 удаа цохиход цаанаас нь нэг эмэгтэй хүн ирээд салгасан. Би өөр зүйл мэдэхгүй байна... Миний зүүн чихний доод хэсгээр зулгарсан, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд тал, хамар хавдаж зулгарсан зэрэг гэмтэл учирсан... Одоо надад зовиурлаж байгаа зүйл байхгүй...Намайг зодсон хүнийг сайн мэдэхгүй байна.. Миний эмчилгээний төлбөрийг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.....” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16, 19-р хуудас),

Гэрч Ё.Алтанцоожийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Сариг  6-1За тоотод 2 хүүхдийн хамт амьдардаг юм.  Би Хэрлэн сумын 5 дугаар багийн Хан Хэнтий цогцолбор сургуульд ажилладаг. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлын газрын сантехникч Мөнх-Эрдэнэтэй хамт Хэрлэн сумын 5 дугаар багийн Тулга бааранд 19 цагийн үед орж 2 ширхэг лаазтай пиво авч уугаад байж байгаад М гадаа тамхи татах гээд гарсан тэгээд орж ирэхгүй байхаар нь би араас нь гараад хартал М нэг залуутай муудаж байгаад нөгөө залуу нь хэл амаар доромжлоод байхаар нь түлхэж унагаагаад нэг хоёр цохиж байгаа харагдсан. Тэгээд би М-ийг хөөе боль гээд цааш нь татаж аваад бааранд тооцоогоо хийгээд гараад явсан. Тухайн үед М бид хоёр өөр өөрийн гэрүүгээ явцгаасан. Би өөр зүйл мэдэхгүй байна... танихгүй урьд өмнө нь харж байгаагүй хүн байсан...Би тухайн үед бага зэрэг уусан байсан болохоор ойр орчимд хүн байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны11 дүгээр сарын 22-ны өдрийн 778 дугаартай дүгнэлтэд:

1. Н.Б-ы биед зүүн чихний дэлбэн хэсгийн зулгарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарын нуруу хэсэг, зүүн шилбэ, баруун гуяны хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.  Б Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт (хх-ийн 35-36-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 39-40, 42-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2339000120086 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 00:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” төвийн гадна Н.Б-тай маргалдсаны улмаас түлхэж унагаах цохих үйлдэлээр зодож хохирогчийн эрүүл мэндэд чихний дэлбэн хэсгийн зулгарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу хэсэг, зүүн шилбэ, баруун гуяны хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Н.Б-ы (хх-ийн 15-16, 19-р хуудас), гэрч Ё.Алтанцоожийн (хх-ийн 22-23-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны11 дүгээр сарын 22-ны өдрийн 778 дугаартай дүгнэлт (хх-ийн 35-36-р хуудас) зэргээр тул шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч М.Баасанчулуун нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Д.М нь хохирогч Н.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч Н.Батсайханд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.М нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Д.М-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339000120086 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М-д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн 2339000120086 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР