Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 115

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 9-р хороо ******* тоотод оршин суух, До овогт Да  О /*******/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 7 сараас 1990 он дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт архивт байхгүй тул гэрчийн мэдүүлэг, бусад баримтыг  үндэслэн  1983 оны 7 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар урт бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д-н О-г Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1983 оны 8 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Ажилд томилогдсон,  чөлөөлөгдсөн тушаалууд өөрт нь хадгалагдаагүй бөгөөд архиваас олдохгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн архивын тасгийн 28 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.О Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1983 оны 8 сарын 1-ний өдрөөс 1989 оны 4 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан  болох нь дараах бичгийн нотлох баримтаар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болох нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.

-Нэхэмжлэгч Д.О-ын иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 2-р хуудас/

-Дундговь аймгийн Татвары хэлтсийн 2019 оны 1 сарын 28-ны өдрийн 08/58 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/

Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1983 оны 8 сарын 13-ны өдөр Д.От олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-7-р хуудас/

-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 1 сарын 28-ны өдрийн 28 дугаартай тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/

- Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн даргын 1984 оны 4 сарын 12-ны өдрийн Аймгийн намын хороонд хүргүүлсэн тушаал /хэргийн 10-р хуудас/

-Дундговь аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 1988 оны 2 сарын 3-ны өдөр Д.От олгосон “Соёлч гэрийн эзэгтэй” гэрчилгээ /хэргийн 11-р хуудас/

-Дундговь аймгийн Намын хорооноос 1984 оны 4 сарын 20-ны өдөр Д.От олгосон Баярын бичиг /хэргийн 12-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Харин нэхэмжлэгч Д.О-ын 1989 оны 4 сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хуульчилсан байна.

 

Гэрч П.О , Т.Мө  Д.Ба нар нь нэхэмжлэгчийг 1983 оноос 1991 он дуустал болон нэгдэл тартал Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд ажиллаж байсан гэж шүүхэд мэдүүлж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй мэдүүлгийг өгсөн байх тул гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.

  

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар До овогт Д-н О-г Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1983 оны 8 сарын 1-ний өдрөөс 1989 оны 4 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 4 сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х