Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 00180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: 1974 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, *тоотод оршин суух, /*, утас:*/ Монгол овогт Сарантуяагийн Гийн нэхэмжлэлтэй

 

    Хариуцагч: 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, *тоотод оршин суух, /*, утас:*, */ Вандгай овогт Үржихбаатарын Бд холбогдох

 

     Ү.Бгаас 1800000 төгрөг гаргуулах тухай С.Гийн үндсэн нэхэмжлэлтэй, Ү.Бгийн сөрөг нэхэмжлэлтэй С.Гээс 1696000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, гэрч Г.Об, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Ү.Б нь С.Г миний өмчлөлийн тус сумын 7-р баг Арцатын №16 тоот байршилтай 922 м2 талбайтай газрыг хашаа байшингийн хамт 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр 25500000 төгрөгөөр худалдан авсан юм. Анх би хашаа, байшин, газрын хамт 27000000 төгрөгөөр үнэ хэлсэн боловч бид нар харилцан ярилцаж тохиролцоод паар солих, зуух авах шаардлагатай байсан учир үүний үнэнд 1500000 төгрөг суутгаж 25500000 төгрөгөөр худалдан авахаар болж 24000000 төгрөгийг надад дансаар шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 1500000 төгрөгийг өгөхгүй юм. 1500000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлнө гэсэн боловч төлөхгүй байгаа тул Ү.Бгаас уг мөнгийг гаргуулж өгнө үү. Мөн Ү.Б 2018 оны 08 дугаар сарын 02-нд хашаа байшингийн мөнгө шилжиж орж ирэх үед 300000 төгрөг банкны хүнд өгнө гэж авсан. 300000 төгрөг миний 5001261647 дугаартай данснаас Ү.Бгийн 5001413126 дугаарын дансанд орсон 300000 төгрөгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мягмарсүрэнгээс нэхэмжилж байна. Надаас авсан 300000 төгрөгийг  Улсын тэмдэгтийн хураамж 9650 төгрөгийн хамт нийт 309650 төгрөгийг П.Мягмарсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Г шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: … 2018 оны 6 сард би байшингаа зарахаар зар өгсөн. Зарын дагуу энэ хоёр хүн ирсэн. Манай байшин бол тийм удаан, хүнээр яриулахаар хэмжээнд зарагдаагүй. Би байшингаа ерөнхийдөө 27 сая төгрөгөөр зарна гэсэн байсан. Тэр байшинд байсан зуух бол өмнө нь олон хүн байшинг ирээд үзэхэд байж л байсан зуух юм. 25500000 төгрөгтөө тохироод сангийн ажил нь 1500000 төгрөгт багтана. Үгүй бол би өөрөө сангийн ажилаа хийгээд өгье. 27000000 төгрөгтөө байшинг шууд авч болно гэж хэлсэн юм. Сангийн ажлаа хийлгэх талаар би хүнтэй тохирчихсон байсан. Ахуйн тосол хотоос 100 литрийг захиад авчируулсан байсан. Тэгээд бид дөрөв дөрвүүлээ тохироод байшингийн сангийн ажилаа эд нар хийхээр болоод тохирсон. Тэгээд мөнгөө зөндөө хөөцөлдөж баахан зардал болоод нэг өдөр банкных нь 25500000 төгрөг нь бүтээд 30 сая төгрөг орж ирээд 6 сая төгрөгийг нь би эргүүлээд Ү.Бд шилжүүлж явуулсан байгаа. 6000000 төгрөг нь энэ айлийн мөнгө. 1500000 төгрөгийг нь Мягмарсүрэн нь надаас гуйсан. Энэ өвөөгийн мөнгө байгаа юм та 6000000  төгрөгийг нь явуулчих гэсэн. 6000000 төгрөгийг нь би удаагүй явуулсан. Араас нь банкны хүний мөнгө 300000 төгрөг явуулсан. Одоо хариуцагчаас бүгд 1800000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ү.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Ү.Б миний бие нь 2018 оны 07 дугаар сарын 23-нд С.Гээс Мандал сумын 9 дүгээр баг, Арцатын 16 тоот хашаа байшинг 25500000 төгрөгөөр худалдаж аваад 24000000 төгрөгийг нь бэлэн өгч үлдсэн 1500000 төгрөгийг хашаа байшинг нь зун худалдаж авсан учир өвөл амьдарч дулаахан тохитой эсэхийг нь шалгаж үзээд үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр тохирсон юм. Гэтэл өвөл байшинд нь амьдарч үзэхэд нам даралтын зуух байхгүйгээс гадна нацос шатсан, дээд доод давхарын паар бүгд хөлдсөн, сантехникийн хоолойг буруу хийсэн учир солих шаардлагатай болсон ба намар дээврээс нь бороо орсны дараа шууд дусаал дусаж байсан ба дээврийн  дулаалга хийгдээгүй байсан. Энэ талаар тухайн үед С. Гийг дуудаж хэлээд харуулсан чинь дээврийн нэг шфир хагарсан байна тэгээд л дусаал дусаж байгаа байх тэгэхээс гайгүй дулаахан гэж хэлсэн. Үүний дараа өвөл болоход дээд давхар битүү цан болж цонх тааз битүү мөстөж амьдрахад үнэхээр хүнд болсон тул манай эхнэр С.Грүү ярьж дахин дуудсан боловч 2-3 удаа ярихад эгч нь согтуу байна аа гээд ирээгүй дараа дахиад аргаа бараад 2019 оны 2 дугаар сард дуудаж үзүүлээд бүх байдлыг хэлэхэд гэрт ирж хараад та нар зутруу байна аа гэж өөрөө хэлсэн. Энэ үед бид байгаа байдлыг нь харуулж нэмж 1 зуух тавьж 2 зуухаар галлаж байгаагаа ч харуулж хэлсэн. Ер нь анхнаасаа Г нь паар солих, зуух авах шаардлагатай гэдгийг мэдэж байсан. Ингээд бид үлдэх 1500000 төгрөгийг төлөх боломжгүй тухайгаа хэлсэн. Гэтэл үлдэгдэл 1500000 төгрөгийн биднийг өгөхгүй байгаа мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Мөн үүний өмнө Г нь мөнгөө авахаар манай эхнэрт мөнгө зээлсэн болж нотариатчаар баталгаажуулсан гэрээг үндэслэн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан байсан. С.Г нь хашаа байшингаа дулаахан тохитой ямар ч асуудалгүй өвөл бид нар нүцгэн байдаг гэж бидэнд худал хэлж зарсан. Гэтэл байшин маш хүйтэн хүн амьдрахад үнэхээр хүнд байсан тул нялх хүүхэдтэй бид дулаахан тохитой амьдрахын тулд дараах зардлыг гаргасан. Үүнд: 650000 төгрөгөөр нам даралтын зуух худалдаж авсан, нам даралтын зуухны нацос мөн дээд доод давхрын хөлдсөн паарыг сольсон тул паар болон бусад холбогдох материал, мөн сантехникийн жижиг хэрэгсэл бүгдийг авахад 846000 төгрөг зарцуулан худалдан авсан ба эдгээр зүйлийг хийлгэхийн тулд 200000 төгрөгөөр хүн хөлсөлж ажиллуулан бүгд 1696000 төгрөгийн зардал гарсан тул үүнийг С.Гээс гаргуулан өгч хуулийн дагуу асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мягмарсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... 2018 оны 06 дугаар сард байшин зарах зарын дагуу очиход Г эгч нөхөртэйгөө 27000000 гэж хэлсэн. Танайх үүдгүй, гүний худаггүй болохоор үнэтэй байна гэхэд бэлэн бол 25500000 төгрөгт өгчихнө гэсэн. Бид хоёр тэр мөнгийг банкнаас 25500000 төгрөгөөр нь хөөцөлдсөн. Энэ хоёр хэлэхдээ бид нар өвөл өвөлжөөгүй. Паар зуух нь хөлдсөн байгаа. Гэрт бол сангийн ажил байгаа. Гэхдээ дээд паар хөлдөөгүй. Зуух хийдэг хүнээр 100000 төгрөгөөр л хийлгэчихдэг гэсэн. Тэгэхээр нь та хямдруулаад 25500000 төгрөгт бэлэн өгнө гэж байгаа бол бид хоёр сангийн ажлыг хийе гэсэн. Бид хоёр 25500000 төгрөгт ярьсан чинь авъя гэж хэлсэн. 1500000 төгрөгийг нь үнэхээр дулаахан байвал амралтаа аваад өгчихье гэсэн. Бид хоёр засварынхаа мөнгийг өөрсдөөсөө гаргачихъя гэж хэлсэн. Тэгэхэд за тэгье гэж тохирсон. Одоо банкны хуулганд ч харагдаж байгаа. Бид хоёр өвөөгөөс 6300000 төгрөгийг авч байршуулаад авч байсан. Байшингийн гэрээ хийх болоод С.Г эгч рүү залгахад эгч нь гол дээр архи уучихсан байна гээд байдаг байсан. Бичиг баримтын асуудал гараад ярих гэхэд байдаггүй. Гэрээ хийхэд ч шөнө гол дээр архи уусан байдалтай байсан. Тэгээд бид хоёр за ингээд 24000000 төгрөгийг нь өгчихлөө. 1500000 төгрөг чинь бид хоёрт үлдлээ гэж хэлсэн. Асуудалгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд амьдраад үзэхэд үнэхээр амьдархад бэрх. Байшин нь түлээ муутайдаа хүйтэн байгаагүй. Угаасаа л хүйтэн байшин байсан. Өвөл хүйтэн цантаад хүүхэд ханиадтай амьдрахад хэцүү байсан. Эгч надад мөнгө өгөөгүй мөртөө 1500000 төгрөг зээлсэн гэж гэрээ байгуулсан байсан. Би харалгүйгээр гарын үсэг зурсан нь буруу л даа. Өчнөөн засвар хийсэн. Таныг очиход манай гэр ямар байдалтай байлаа даа. Нэг насаараа амьдрах гэж банкнаас зээл авч амьдарсан. Бид нар хадмындаа амьдарсан. Тень тавьсаар байгаад тогны мөнгө 80,90 мянган төгрөг төлдөг. Үнэхээр хүнд байсан. Би мөнгөгүйдээ тэгж байгаа биш. Би сар болгон байшингийн мөнгө төлж байгаа. Хорин хэдэн саяаар байр авсан ч болно. Та үнэхээр муухай итгүүлсэн. Манай байшин дулаахан гэж л байсан. Мэдсээр байж та яагаад тийм өндөр үнээр зарсан юм бэ. Та намайг 4 өөр тайлбараар шүүхэд өгч байна. Би амьдралдаа тийм юм үзээгүй. Арай ч ийм хүн чанаргүй гэж бодоогүй. Манайх хүйтэн шүү гэж хэлсэн бол өөр байшин л авах байсан гэв.

Шүүх хуралдаанд гэрч Г.Об мэдүүлэхдээ: ... С.Г нь нэг удаа манайд орж ирэхдээ байшингаа зарчихлаа гэж байсан тэгээд хэд хоноод гэрийнхээ юмыг авчираад манайд тавьсан. Бэлэн мөнгөөр 27000000 төгрөгөнд өгөөд нөгөө хүндээ буцааж өгсөөр байтал 23700000 төгрөг л дансанд үлдлээ. Нөгөө паараа янзлахаа болиод 1500000 төгрөгөө 100 литр тосолтойгоо өгчихсөн. Банкны хүнд 300000 төгрөг өгнө гэж байсан. Байшингийн халуун хүйтний хувьд би хөрш нь учир байнга ороход даараад сүйд болсон юм байдаггүй. Дулаахан тохьтой сайхан л айл байсан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хашаа, байшин худалдан борлуулсан үнийн үлдэгдэл төлбөрт 1500000 төгрөг, мөн банкны ажилтанд өгнө гэсэн шалтгаанаар авсан 300000 төгрөг, нийт 1800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бид дулаахан тохитой амьдрахын тулд бүгд 1696000 төгрөгийн зардал гарсан тул  С.Гээс гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Сөрөг нэхэмжлэлийг С.Г хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үндсэн нэхэмжлэлээс үлдсэн хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Ү.Бгаас 1800000 төгрөг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа: ...Ү.Б нь миний өмчлөлийн тус сумын 7-р баг Арцатын №16 тоот байршилтай 922 м2 талбайтай газрыг хашаа байшингийн хамт 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр 25500000 төгрөгөөр худалдан авсан юм. Анх би хашаа, байшин, газрын хамт 27000000 төгрөгөөр үнэ хэлсэн боловч бид нар харилцан ярилцаж тохиролцоод паар солих, зуух авах шаардлагатай байсан учир үүний үнэнд 1500000 төгрөг суутгаж 25500000 төгрөгөөр худалдан авахаар болж 24000000 төгрөгийг надад дансаар шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 1500000 төгрөгийг өгөхгүй юм. Мөн банкны хүнд өгнө гэж хэлээд дансаар 300000 төгрөг шилжүүлж авсан. Иймд хариуцагчаас 1800000 төгрөгийг гаргуулах... гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “... миний бие нь 2018 оны 07 дугаар сарын 23-нд С.Гээс Мандал сумын 9 дүгээр баг, Арцатын 16 тоот хашаа байшинг 25500000 төгрөгөөр худалдаж аваад 24000000 төгрөгийг нь бэлэн өгч үлдсэн 1500000 төгрөгийг хашаа байшинг нь зун худалдаж авсан учир өвөл амьдарч дулаахан тохитой эсэхийг нь шалгаж үзээд үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр тохирсон юм. Гэтэл өвөл байшинд нь амьдарч үзэхэд нам даралтын зуух байхгүйгээс гадна нацос шатсан, дээд доод давхарын паар бүгд хөлдсөн, сантехникийн хоолойг буруу хийсэн учир солих шаардлагатай болсон ба намар дээврээс нь бороо орсны дараа шууд дусаал дусаж байсан ба дээврийн  дулаалга хийгдээгүй байсан. Энэ талаар тухайн үед С. Гийг дуудаж хэлээд харуулсан чинь дээврийн нэг шфир хагарсан байна тэгээд л дусаал дусаж байгаа байх тэгэхээс гайгүй дулаахан гэж хэлсэн. Үүний дараа өвөл болоход дээд давхар битүү цан болж цонх тааз битүү мөстөж амьдрахад үнэхээр хүнд болсон тул манай эхнэр С.Грүү ярьж дахин дуудсан боловч 2-3 удаа ярихад эгч нь согтуу байна аа гээд ирээгүй дараа дахиад аргаа бараад 2019 оны 2 дугаар сард дуудаж үзүүлээд бүх байдлыг хэлэхэд гэрт ирж хараад та нар зутруу байна аа гэж өөрөө хэлсэн. Энэ үед бид байгаа байдлыг нь харуулж нэмж 1 зуух тавьж 2 зуухаар галлаж байгаагаа ч харуулж хэлсэн. Ер нь анхнаасаа Г нь паар солих, зуух авах шаардлагатай гэдгийг мэдэж байсан. Ингээд бид үлдэх 1500000 төгрөгийг төлөх боломжгүй тухайгаа хэлсэн. Гэтэл үлдэгдэл 1500000 төгрөгийн биднийг өгөхгүй байгаа мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Мөн үүний өмнө Г нь мөнгөө авахаар манай эхнэрт мөнгө зээлсэн болж нотариатчаар баталгаажуулсан гэрээг үндэслэн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан байсан. С.Г нь хашаа байшингаа дулаахан тохитой ямар ч асуудалгүй өвөл бид нар нүцгэн байдаг гэж бидэнд худал хэлж зарсан. Гэтэл байшин маш хүйтэн хүн амьдрахад үнэхээр хүнд байсан тул нялх хүүхэдтэй бид дулаахан тохитой амьдрахын тулд дараах зардлыг гаргасан. Үүнд: 650000 төгрөгөөр нам даралтын зуух худалдаж авсан, нам даралтын зуухны нацос мөн дээд доод давхрын хөлдсөн паарыг сольсон тул паар болон бусад холбогдох материал, мөн сантехникийн жижиг хэрэгсэл бүгдийг авахад 846000 төгрөг зарцуулан худалдан авсан ба эдгээр зүйлийг хийлгэхийн тулд 200000 төгрөгөөр хүн хөлсөлж ажиллуулан бүгд 1696000 төгрөгийн зардал гарсан тул үүнийг С.Гээс гаргуулан өгч хуулийн дагуу асуудлыг шийдэж өгнө үү...” гэсэн тайлбар гарган, маргажээ.

Нэхэмжлэгч С.Г нь 2018 оны 07 дугаар сарын 23-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Арцатын 16 тоот хаягт байршилтай өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307002257 дугаартай, 59.6 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн Улсын бүртгэлийн Г-1307003046 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 922 м2 талбайтай газрын хамтаар худалдан, хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч Ү.Б нь уг үл хөдлөх эд хөрөнгө буюу хашаа байшинг хүлээн авч үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч С.Г нь үл хөдлөх эд хөрөнгө буюу өөрийн өмчлөлийн хашаа байшингаа Ү.Бгийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд хариуцагч Ү.Бгаас нэхэмжлэгч С.Гт үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан үнэнд 24000000 төгрөг төлсөн байх ба энэ үйл баримтанд зохигч маргаагүй болно.

Нэхэмжлэгчийн “....Ү.Б нь С.Г миний өмчлөлийн тус сумын 7-р баг Арцатын №16 тоот байршилтай 922 м2 талбайтай газрыг хашаа байшингийн хамт 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр 25500000 төгрөгөөр худалдан авсан юм...” гэх нэхэмжлэл, тайлбар /ХХ-н 1, 33 дугаар хуудас/, хариуцагчийн “...Ү.Б миний бие нь 2018 оны 07 дугаар сарын 23-нд С.Гээс Мандал сумын 9 дүгээр баг, Арцатын 16 тоот хашаа байшинг 25500000 төгрөгөөр худалдаж аваад 24000000 төгрөгийг нь бэлэн өгч үлдсэн 1500000 төгрөгийг хашаа байшинг нь зун худалдаж авсан учир өвөл амьдарч дулаахан тохитой эсэхийг нь шалгаж үзээд үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр тохирсон юм...” гэх тайлбар /ХХ-н 14, 15, дугаар хуудас/, гэрч Ц.Үржихбаатар, Д.Буяндэлгэр, Э.Дулмаа, Д.Батсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Арцатын №16 тоот байршилтай, нэхэмжлэгч С.Гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ү.Бд худалдсан үнэ 25500000 төгрөг байхаар тохиролцсон нь тогтоогдож байна. Дээр дурдсанаас үзвэл, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Мөн “Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан байна.

Иймд нэхэмжлэгч С.Г нь “Худалдах-худалдан авах” гэрээний дагуу хариуцагч Ү.Бгаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу газар, хашаа, байшингаа 25500000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдан борлуулсаны үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 1500000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Харин хариуцагч уг эд хөрөнгийг хүлээн авсан ба эд хөрөнгө хүлээж авах үедээ тухайн эд хөрөнгийн доголдлын талаар мэдсээр байж түүнийг хүлээн авсан байх тул хариуцагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж дүгнэлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хашаа байшинг 25500000 төгрөгөөр худалдаж аваад 24000000 төгрөгийг нь бэлэн өгч үлдсэн 1500000 төгрөгийг хашаа байшинг нь зун худалдаж авсан учир өвөл амьдарч дулаахан тохитой эсэхийг нь шалгаж үзээд үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул  Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Арцатын 16 тоот хаягт байршилтай 59.6 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 922 м2 талбайтай газрын хамт 25500000 төгрөгөөр худалдан авсан үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрт 1500000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч С.Гийн үндсэн нэхэмжлэлээс үлдсэн “банкны ажилтанд өгнө гээд дансаар шилжүүлж авсан 300000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “би уг 300000 төгрөгийг банкны ажилтанд өгсөн” гэж тайлбарладаг ба нэхэмжлэгч үүнтэй маргаагүй, уг мөнгө нь хариуцагчийн өмч болсон нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Ү.Бгийн С.Гээс 1696000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Учир нь: Хариуцагч Ү.Бгаас ”... байшин маш хүйтэн хүн амьдрахад үнэхээр хүнд байсан тул нялх хүүхэдтэй бид дулаахан тохитой амьдрахын тулд 650000 төгрөгөөр нам даралтын зуух худалдаж авсан, паар болон бусад холбогдох материал, мөн сантехникийн жижиг хэрэгсэл бүгдийг авахад 846000 төгрөг, ажлын хөлс 200000 төгрөг, бүгд 1696000 төгрөгийн зардал гарсан тул С.Гээс гаргуулж өгнө үү...” гэж нэхэмжилсэн боловч дээрхи эд зүйл нь хариуцагчийн өмч, түүний үр шимийг хариуцагч өөрөө хүртэж байх тул нэхэмжлэгчээс 1696000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч С.Г нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Гэрчилгээний дугаар:000310795, Улсын бүртгэлийн дугаар: Ү-1307002257 “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /ХХ-ийн 5 дугаар хуудас/, мөн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Гэрчилгээний дугаар:000281277, Улсын бүртгэлийн дугаар: Г-1307003046, Нэгж талбарын дугаар: 18607413512876 “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /ХХ-ийн 5 дугаар хуудас/ зэргийг хавсаргасан боловч уг гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлага хангаагүй байх тул  нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар С.Гийн нэхэмжлэлтэй Ү.Бд холбогдох 1800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Ү.Бгаас 1500000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Гт олгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 300000 төгрөгт холбогдох хэсгийг, мөн Ү.Бгийн сөрөг нэхэмжлэлтэй С.Гт холбогдох 1696000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Гээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 38950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Бгаас 38950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Гт олгож, Ү.Бгаас сөрөг нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 42086 төгрөг, С.Гээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөг зэргийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.            

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.