Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж,

Шүүгдэгч: Ц.Бямбажав, /шүүгдэгч өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцсон/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар: Б.Номинтунгалаг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бямбажавт холбогдох 201616010104 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 1-3 насны 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханхонгор сум, Хондот багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зулаатын Харчин овогт Цогтбаатарын Бямбажав /РД:КЕ92041711/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Ц.Бямбажав нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө тус аймгийн Цогтцэций сумын нутаг, Шовог гэх газарт нутаглах Г.Бадрахын гэрт Б.Батбагана, Б.Төмөрхөлөгсүхбаатар нартай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Г.Батбаганатай маргалдаж, улмаар түүний зүүн шанаан тус газар нь гараараа нэг удаа цохисны улмаас Г.Батбаганын бие махбодод нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бямбажав мэдүүлэхдээ:

 “...Би Батбаганатай хамт худаг янзалж байсан бөгөөд хамт архи уусан. Тухайн үед бид 2 нилээн согтсон байсан тул Батбагана над руу агсан тавиад байсан. Гэмтэл уруулна гэж бодоогүй нэг удаа цохисон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

Бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримт:

2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд “.. Г.Батбаганаас Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Шорвог гэх газарт нутаглах Г.Бадрахын гэрт 2016 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө 03 цагийн үед иргэн Амбаа нь миний эрх чөлөөнд халдаж, биед гэмтэл учруулсан” гэснээр, /хавтаст хэргийн 2-р хуудас/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 5-8-р хуудас/

Хураан авах тогтоол, тэмдэглэлд “...Г.Батбаганы ГСҮТ-д авахуулсан гэх эрүүний гэмтлийн зургийг хуулсан гэх Си Ди /CD/, Г.Батбагана гэх 1 ширхэг шүдний хэсгийг хураан авав” гэснээр /хавтаст хэргийн 13-14-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, /хавтаст хэргийн 15-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч  М.Аригуунтөгсийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №09 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 29-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Батбаганын “...Би Цогтцэций сумын нутагт отроор явж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Бямбажав гэж саахалт айлын залуутай хамт худаг янзлаад орой 18 цагийн үед дуусахад тэрээр сумын төвөөс хүн ирнэ түүнийг тосож авъя гээд миний мотоциклоор бид хоёр хамт явж “Эрдэнэс тавантолгой” компанийн кемп болон сумын төвийн хоорондох шороон зам дээр хүлээж байтал нэг залуу мотоциклтойгоо ганцаараа хүрээд ирсэн. Тэр залуу ирэхдээ нэг шил 0.75 литрийн “Ерөөл” архитай ирснийг Ц.Бямбажав бид гурав хөдөө сууж байгаад хувааж уусан. Тэр залууг Төмөрөөө гэж нэрээ хэлж танилцсан. Тавантолгой тосгон руу явж тэнд байх дэлгүүрээс Төмөрөө дахин нэг шил 0.75 литрийн архи аваад гарч ирсэн. Тэндээс бид нар явах гэж байтал Ц.Бямбажав нэг айлд очиж ууя гээд Тавантолгой тосгоноос хойш 6-7 км яваад нэг айлд ирсэн. Тэгээд Ц.Бямбажав, Төмөрөө, айлын эзэн Шар бид дөрөв хувааж уусан. Тэр айлд Шарын эхнэр гэх эмэгтэй байсан, өөр хүн байгаагүй. Архи уж байх үед Ц.Бямбажав миний мотоциклыг гуйж сумын төв ороод ирье гэхээр нь би өгөөгүй. Төмөрөө, Ц.Бямбажав нар Төмөрөөгийн мотоциклоор сумын төв рүү явсан. Би тэр айлд Ц.Бямбажавыг хүлээгээд унтаж байхад тэрээр Төмөрөөтэй хамт сумын төвөөс шөнө 1 цагийн үед ирсэн. Ирэхдээ нэг шил 0.75 литрийн “Ерөөл” архитай ирснийг Шар, Төмөрөө, Бямбажав бид дөрөв хувааж уугаад сууж байтал Ц.Бямбажав  мотоциклио өгч сум явуулсангүй, гээд хэрүүл өдөөд түүнээс болоод бид 2 маргалдаж байтал Ц.Бямбажав архи ууж байсан шаазан аягаараа миний зүүн шанаа руу нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд миний амнаас цус гараад байхаар нь  би сум руу мотоцикльтой явж эмнэлэг ороод эмчид үзүүлчихээд эм авч уугаад сумын төв дээр нэг айлд хоночихоод өглөө эмнэлэг, цагдаад мэдэгдсэн. Өглөө эмчид дахин үзүүлэхэд шүдний эмч шүд чинь хугарсан байна гээд хугарсан шүдний талыг нь аваад уг нь үлдчихлээ эрүү чинь хугарсан байна яаралтай аймаг явж үзүүл гэсэн. Тэр өдрөө би аймаг орж гэмтлийн эмчид үзүүлэн рентген зураг авахуулахад эрүү зүүн талдаа ар хэсгээрээ хугарсан байна яаралтай хот явж эмчлүүл гэсэн. Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэж байгаад ирсэн.” гэснээр /хавтаст хэргийн 17-18-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Батбаганын “...Ц.Бямбажав гараараа нэг удаа миний шанаа руу цохисон. Өөрөөр бол зодож цохиогүй. Миний биед учирсан эрүү, шүдний хугарал гэмтлүүдийг Ц.Бямбажав зодож учруулсан. Ц.Бямбажав намайг гараараа цохиход би арагшаа уначихаад босоод ирэхэд эрүү эвгүй болчихсон байсан. Ц.Бямбажавт цохилж уначхаад босоод ирсэн чинь хажууд шаазан аяга байхаар нь би аягаар цохисон юм байна гэж бодоод тэгж мэдүүлсэн юм. Би эмчилгээний зардал, хохиролд Ц.Бямбажаваас 1,000,000 төгрөг авсан. Одоо миний зүгээс санал, гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснээр /хавтаст хэргийн 19-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Төмөрхөлөгсүхбаатарын “...Г.Бадрах гэдэг айлд очсон. Тэнд очиход гэрийн эзэн Г.Бадрах эхнэр нь байсан. Өөр хүн байгаагүй бид гурав авч очсон архиа Шартай хувааж уучхаад тэндээсээ сумын төв рүү Ц.Бямбажав бид хоёр явж НИК-ийн шатахуун түгээх станцын хажуу талын дэлгүүрээс дахин нэг шил 0.75 литрийн “Ерөөл” архи аваад буцаж Шарын гэрт очиж Г.Батбагана, Ц.Бямбажав бид дөрөв архиа уугаад сууж байтал Г.Батбагана, Ц.Бямбажав хоёр согтчихсон маргалдаад байсан. Тэгж байснаа Г.Батбагана урд талдаа байсан шаазан аягыг гартаа бариад босоод иртэл Ц.Бямбажав Г.Батбаганы зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Г.Батбагана цохиулаад цаашаа гэрийн хаяа руу уначихсан. Тэгээд босож ирэхдээ амнаас нь цус гараад эрүү эвгүй болчихлоо гэсэн учир эмчид үзүүлэхээр Г.Батбаганыг сумын төв рүү Шарын эхнэр мотоциклоор сундлан авч явсан. Ц.Бямбажав гараараа Г.Батбаганын зүүн шанаа руу нэг удаа цохисон өөр бол зодоогүй” гэснээр /хавтаст хэргийн 20-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бадрахын “...Тэр гурав манайд нэг шил 0.75 литрийн архитай ирээд бид дөрөв хувааж уусан. 22 цагийн үед Ц.Бямбажав, Төмөрөө хоёр Цогтцэций сум руу ажилтай гээд явсан. Г.Батбагана манайд үлдсэн. Шөнө 1 цаг өнгөрч байхад Ц.Бямбажав, Төмөрөө хоёр ирсэн. Тэр хоёр 0.75 литрийн архитай ирээд бид дөрөв хувааж уусан. Архийг ууж дуусаад Г.Батбагана гэр рүүгээ явахгүй бол өглөө ажилтай гэж хэлсэн. Тэгээд Ц.Бямбажав, Г.Батбагана хоёр хоорондоо маргалдаад байсан. Г.Батбагана явна гээд Ц.Бямбажав явуулахгүй хоноод яв гээд орж, гараад тамхи татаад байж байсан. Тэгээд би орондоо ороод унтаад өгсөн. Тэгсэн чинь гэрт хүмүүс шуугилдахаар нь сэрэхэд тогоотой сүү асгарсан байсан. Г.Батбагана, Ц.Бямбажав хоёр гэрийн баруун талд гэр дотор өөд өөдөөсөө хараад сууж байсан. Г.Батбагана шүд эвгүй болчихлоо гээд хацраа дараад сууж байсан. Түүний амнаас цус гарч байсан” гэснээр /хавтаст хэргийн 21-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Түмэндэлгэрийн “...2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн үед нөхөр бид хоёр гэртээ байж байхад Г.Батбагана, Ц.Бямбажав, Төмөрөө гурав хоёр мотоциклтэй ирсэн. Тэр гурав гэрт орж ирээд манай нөхөртэй юм яриад авч ирсэн нэг шил архиа хувааж уусан. Тэгээд Ц.Бямбажав хамт ирсэн Төмөрөө гэдэг залуутайгаа Цогтцэций сум руу явсан. Буцаж ирэхдээ нэг шил архитай ирээд манай нөхөр тэд нартай хувааж уусан. Тэгээд нөхөр маань орондоо ороод унтаад өгсөн. Би гэсэн орондоо ороод унтаж байсан. Тэгсэн чинь хүмүүс хоорондоо маргалдах чимээ гараад сэрсэн чинь Г.Батбагана гэрийн баруун урд хэсэгт газраар дөрвөн хөллөөд оочсон байсан. Ц.Бямбажав араас нь дараад унасан байдалтай байсан. Тэгэхээр нь би орноосоо босоод юу болж байгаа юм бэ гээд Ц.Бямбажавыг татаад салгасан. Тэгсэн чинь Г.Батбагана дуугарч чадахаа больсон, амнаас нь цус гарч байсан” гэснээр /хавтаст хэргийн 22-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Монголмаагийн “...Г.Батбагана гэдэг хүн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шиг санаж байна, манай эмнэлгээр үзүүлсэн. Үзлэгээр Г.Батбаганын эрүүний зүүн талд бага зэрэг хавдартай, эмзэглэл, зовуур ихтэй, зүүн талын агт арааны орчим буйл нь язарсан 38 дугаар шүд голоороо цуурч хагарсан байсан. Би хугарсан шүдийг авахад эрүүний хугарсан яс нь харагдаж байсан. Эрүү хөдөлгөөнтэй болсон байсан учир эрүү чинь хугарсан байна хот руу явж үзүүлэх шаардлагатай юм байна гэж хэлээд явуулсан. Г.Батбаганын биед шүд хугарсан, эрүүний зүүн тал агт арааны орчмоор хугарсан шинэ гэмтэл байсан. Тэр хүн урьд шөнө хүнд зодуулсан гэж хэлж байсан” гэснээр /хавтаст хэргийн 23-р хуудас/

Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар /хавтаст хэргийн 27-28-р хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Г.Батбаганын биед эрүү ясны хугарал, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэснээр /хавтаст хэргийн 29-р хуудас/

Ц.Бямбажавын сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хавтаст хэргийн 40-р хуудас/

Ц.Бямбажавын хувийн байдал холбоотой баримтууд /хавтаст хэргийн 38-51-р хуудас/

Ц.Бямбажавын арилжааны банкнуудын лавлагаа /хавтаст хэргийн 52-57-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №1/385 дугаартай албан тоот, /хавтаст хэргийн 45-р хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ц.Бямбажав нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө тус аймгийн Цогтцэций сумын нутаг, Шовог гэх газарт нутаглах Г.Бадрахын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Г.Батбаганатай маргалдаж, түүний бие махбодод нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Г.Батбаганын “... Ц.Бямбажав  мотоциклио өгч сум явуулсангүй гээд хэрүүл өдөөд түүнээс болоод бид 2 маргалдаж байтал Ц.Бямбажав архи ууж байсан шаазан аягаараа миний зүүн шанаа руу нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд миний амнаас цус гараад байхаар нь  би сум руу мотоцикльтой явж эмнэлэг ороод эмчид үзүүлчихээд эм авч уугаад сумын төв дээр нэг айлд хоночихоод өглөө эмнэлэг, цагдаад мэдэгдсэн..” мэдүүлэг,

гэрч Б.Төмөрхөлөгсүхбаатарын “...Г.Батбагана, Ц.Бямбажав хоёр согтчихсон маргалдаад байсан. Тэгж байснаа Г.Батбагана урд талдаа байсан шаазан аягыг гартаа бариад босоод иртэл Ц.Бямбажав Г.Батбаганы зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Г.Батбагана цохиулаад цаашаа гэрийн хаяа руу уначихсан. Тэгээд босож ирэхдээ амнаас нь цус гараад эрүү эвгүй болчихлоо гэсэн учир эмчид үзүүлэхээр Г.Батбаганыг сумын төв рүү Шарын эхнэр мотоциклоор сундлан авч явсан. Ц.Бямбажав гараараа Г.Батбаганын зүүн шанаа руу нэг удаа цохисон өөр бол зодоогүй” гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Бадрахын “...Тэгсэн чинь гэрт хүмүүс шуугилдахаар нь сэрэхэд тогоотой сүү асгарсан байсан. Г.Батбагана, Ц.Бямбажав хоёр гэрийн баруун талд гэр дотор өөд өөдөөсөө хараад сууж байсан. Г.Батбагана шүд эвгүй болчихлоо гээд хацраа дараад сууж байсан. Түүний амнаас цус гарч байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Түмэндэлгэрийн “...Г.Батбагана гэрийн баруун урд хэсэгт газраар дөрвөн хөллөөд оочсон байсан. Ц.Бямбажав араас нь дараад унасан байдалтай байсан. Тэгэхээр нь би орноосоо босоод юу болж байгаа юм бэ гээд Ц.Бямбажавыг татаад салгасан. Тэгсэн чинь Г.Батбагана дуугарч чадахаа больсон, амнаас нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч С.Монголмаагийн “...Г.Батбагана гэдэг хүн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шиг санаж байна, манай эмнэлгээр үзүүлсэн. Үзлэгээр Г.Батбаганын эрүүний зүүн талд бага зэрэг хавдартай, эмзэглэл, зовуур ихтэй, зүүн талын агт арааны орчим буйл нь язарсан 38 дугаар шүд голоороо цуурч хагарсан байсан. Би хугарсан шүдийг авахад эрүүний хугарсан яс нь харагдаж байсан. Эрүү хөдөлгөөнтэй болсон байсан учир эрүү чинь хугарсан байна хот руу явж үзүүлэх шаардлагатай юм байна гэж хэлээд явуулсан. Г.Батбаганын биед шүд хугарсан, эрүүний зүүн тал агт арааны орчмоор хугарсан шинэ гэмтэл байсан. Тэр хүн урьд шөнө хүнд зодуулсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг,

Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Хохирогч Г.Батбагана нь эмчилгээний зардал 1,000,000 төгрөг гаргуулан авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй шүүх хуралдаанд суухгүй гэсэн болно.

            Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ц.Бямбажав нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Ц.Бямбажавын хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Ц.Бямбажав нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдвал зохино.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч Г.Батбаганын ГСҮТ-д авахуулсан гэх эрүүний гэмтлийн зургийг хуулсан гэх СиДи /CD/, 1 ширхэг шүдний хэсэг хураагдсан бөгөөд СиДи /CD/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, 1 ширхэг шүдний хэсгийг устгах нь зүйтэй.           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зулаатын Харчин овогт Цогтбаатарын Бямбажавыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бямбажавыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялшийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Бямбажавт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Ц.Бямбажав нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Бямбажавт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Г.Батбаганын ГСҮТ-д авахуулсан гэх эрүүний гэмтлийн зургийг хуулсан гэх СиДи /CD/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, 1 ширхэг шүдний хэсгийг устгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх Ц.Бямбажавт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА