| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2024/0614/З |
| Дугаар | 221/МА2025/0171 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0171
“МГННХ” ТББ-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч
Нэхэмжлэгч: “МГННХ” ТББ
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Гуравдагч этгээд: “СС” ХХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1008 дугаар,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1008 дугаар шийдвэрээр:
Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МГННХ” ТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 258 дугаар шийдвэр болон тус шийдвэрээр “СС” ХХК-нд олгосон MV-0221*** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1. “Анхан шатны шүүх Үндэслэх нь хэсгийн 2.1-д “... хэрэгт авагдсан баримтаас үзвэл баримтуудыг хавсаргаагүй байна ...” гэсэн боловч 2.2-д “... Коронавируст халдвар-Ковид 19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэг сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилсэн бөгөөд нэхэмжлэгчийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах үед цар тахлын улмаас Монгол Улсад хөл хорио тогтоосон байсантай холбогдуулан гуравдагч этгээдээс үл хамаарч дээр дурдсан баримтуудыг тухайн байгууллагууд хугацаа хожимдуулан баталжээ ... ” гэсэн нь огт хууль зүйн үндэслэлгүй, утга агуулгын зөрүүтэй байна.
Анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гуравдагч этгээдийн өргөдлийг шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь уг хуульд хамааруулж төрийн захиргааны байгууллагын зүгээс хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй ажиллагааг хууль зүйн үндэслэлгүйгээр зөвтгөн үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдээс ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ямар хэлбэрээр хүргүүлсэн, өргөдлийг шийдвэрлэх ажиллагаанд Ковид-19-тэй холбоотой ямар саад учирсан эсэх, шийдвэрлэх ажиллагааг сунгасан эсэх талаарх баримт огт байхгүй байхад төрийн захиргааны байгууллагын хууль бус, эрх зүйн зөрчилтэй актыг шууд зөвтгөсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Мөн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь зохицуулалтыг огт үндэслэлгүй тайлбарлаж “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 258 дугаар шийдвэр Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн гэж үзлээ ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ийм учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/1008 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар маргаан бүхий актыг гурван сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж, 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус зааснаар хэрэв маргаан бүхий акт хууль бус болох нь мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдсон тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох, харин хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тэрхүү нэмж тодруулан зүйлийн цар хүрээ нь шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шинжлэх, судлах боломжоос хэтэрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй захиргааны актыг /шийдвэрийг/ тодорхой хугацаа зааж түдгэлзүүлж шийдвэрлэх үүрэгтэй
3. Нэхэмжлэгч “МГННХ” НҮТББ-аас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 258 дугаар шийдвэр болон “СС” ХХК-д Д аймгийн С сумын Гт гэдэг газар олгосон MV-0221*** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан “... энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах” гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.1, Усны тухай хуулийн 17.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, ... тусгай зөвшөөрөл авахдаа Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргаж өгөх баримт бичгийн бүрдүүлбэр хангаагүй буюу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хавсаргаж өгөөгүй, ... тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын төсөл хэрэгжсэнээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр газрын гадарга, хөрсөн бүрхэвч элэгдэн доройтох, талхлагдах, ургамлын нөмрөг устах, бүрхэц нь багасахын зэрэгцээ тоос, ахуйн хатуу, шингэн хог хаягдал, нефтийн бүтээгдэхүүн асгарах зэргээр бохирдох бөгөөд маш их хог хаягдал гарах /хүрээлэн буй орчин бохирдох/; газрын доорхи усан орчин бохирдсон тохиолдолд тэр нь хөрсөөр дамжин хүрээгээ тэлж хөрс, хүн, мал, амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөх юм. Ингэсэн тохиолдолд тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан ...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь асар ихээр зөрчигдөх юм ...” гэж тайлбарлан маргажээ.
Харин хариуцагчаас “... Тус компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх гэж заасны дагуу зураг зүйн шүүлт хийхэд хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй, ... Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт гэж заасны дагуу сумдын засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчдаас дээрх компаниуд нь хайгуулын үйл ажиллагаа явуулж байхдаа Байгаль орчны тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг чанд мөрдөн ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн , ... 2012 онд батлагдсан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэсэн зохицуулалт орсон байх бөгөөд дээрх талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 онд хууль хэрэгжихээс өмнө олгосон байна. Мөн түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэхээр заасан, ба Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг ч хамааруулж ойлгоно” гэж, гуравдагч этгээдээс “... Манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцалгүй” болно. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж Байгаль орчны тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг чанд мөрдөн ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байгаа, ...Одоогийн байдлаар хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан ашиглалтын талбай дээр ямар нэгэн үйл ажиллагаа эхлээгүй бөгөөд туухайн нутгийн малчин ардтай найрсаг сайхан харилцаатай хамтран ажиллаж байгаа болно ...” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
3.1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 25.1.1-д “хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт”, 25.1.2-т “тухайн этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт”, 25.1.3-д “энэ хуулийн 24.3-т заасны дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр”, 25.1.4-т “энэ хуулийн 10.1.4-т заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт”, 25.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”, 25.1.6-д “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт”, 25.1.7-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 25.1.8-д “улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд энэ хуулийн 24.2-т заасан сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэр” гэж тус тус заасан байна.
3.2. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, 26.1.1-д “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх”, 26.1.2-т “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 26.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ”, 26.3.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэх”, 26.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх”, 26.3.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх”, 26.3.4-т “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэх” гэж тус тус заасан.
3.3. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийн хүрээнд бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол Ашигт малтмал малтмал, газрын тосны газар хүлээн авмагц өргөдөл хүлээн авсан тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгч, бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийж, тодруулах ажиллагааг явуулж, өргөдлийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор багтаан тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэр гаргах үүрэгтэй байна.
3.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд “СС” ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл[1] гаргахдаа өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт, Монгол улсад татвар төлөгч болох тухай нотолгоо, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, ашиглалт хийх болон үлдэх хайгуулын талбай тус бүрийн байршил, булангийн цэгүүдийн солбицол, хилийг буулгасан зураг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг биелүүлж ажилласан тухай баримт, хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтуудыг хавсаргасан өгсөн байна.
3.5. Гуравдагч этгээдээс дээрх өргөдлийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д тухайлан нэрлэн заасан баримтуудаас хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр хүлээн авсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн нөөцийн дэвгэр зураг дээр ашиглалтын зөвшөөрөл хүссэн талбайн хилийг буулгасан зураг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ зэрэг баримтуудыг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн өргөдөлд хавсарган өгөөгүй байхад хариуцагчаас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн MV-0221*** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон нь ойлгомжгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “...Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж заасантай нийцэхгүй байна.
3.6. Харин тухайн үед гуравдагч этгээдээс “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, экологийн үнэлгээний тооцоолол” зэргийг өргөдөлд хавсарган өгсөн эсэх нь тодорхой бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд, хариуцагчаас энэ талаарх холбогдох баримтыг гаргаагүй, шалтгаан үндэслэлийг тайлбарлаагүй байна.
3.7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т тус тус заасан ажиллагааг хийлгэж байсан” гэж тайлбарласан нь ойлгомжгүй, энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт, тайлбар авагдаагүй байна.
3.8. Түүнчлэн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасан.
3.9. Харин Умард говийн Гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргааны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 291 дүгээр албан бичгээр “... ашигт малтмалын MV-0221*** дугаартай зөвшөөрлийн талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй болно” гэх хариуг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснийг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна.
3.10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд “СС” ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргахдаа хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр хүлээн авсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн нөөцийн дэвсгэр зураг дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн хилийг буулгасан зураг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ зэрэг баримтыг хавсарган өгөөгүй, хариуцагчаас тухайн сав газрын захиргааны саналыг хүлээн аваагүй, мөн тус компанийн өргөдлийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор шийдвэр гаргахаар хуульчлан заасан байхад өргөдлийг хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн NM-026048 дугаар өргөдлийн бүртгэл[2]-д бүртгэснээс хойш 5 сар 22 хоногийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон нь ойлгомжгүй байна.
3.11. Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь маргаан бүхий 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 258 дугаар шийдвэрээр “СС” ХХК-д Д аймгийн С сумын нутагт орших Гт нэртэй 3516.81 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-0221*** дугаартай тусгай зөвшөөрөл олгохдоо Усны тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан холбогдох баримтуудыг бүрэн бүрдүүлээгүй байхад тусгай зөвшөөрөл олгосон нь тодорхой бус, мөн хуульд заасан журмын дагуу өргөдөл гаргаснаас нь хойш 20 хоногийн дотор ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар шийдвэр гаргах журам ямар шалтгаан үндэслэлээр гуравдагч этгээдэд хамааралгүй байсан болох нь тодорхой бус байх тул шүүхээс энэхүү үндэслэлд дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжийн хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 258 дугаар шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
3.12. Хариуцагчаас тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болохыг мөн хариуцагчаас дахин шинэ акт гаргах тохиолдолд тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргах боломжтойг тус тус дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1008 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 258 дугаар шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ