Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 583

 

Д.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02904 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.М,

Хариуцагч О.О-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31 505 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гүенбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О-тай 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ЭТӨЧ гудамж, 28г үйлчилгээний зориулалттай 4 давхар обьектын дотор засварын ажлыг хийж гүйцэтгэхээр 53 529 700 төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулсан.

Ажлаа 2015 оны 11-12 дугаар сарын хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд 13 003 500 төгрөгийн сангийн материалыг таньдаг хүнээсээ зээлэн авч 4 давхар байшингийн сангийн ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж, гадна болон дотор талын хог шороог цэвэрлэж ачуулсан. Гэрээгээр бараа материалын үнэ 48 000 000 төгрөг, ажлын хөлс 15 000 000 төгрөг байхаар тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр өгөхөөр тохиролцсон.

Маргааны зүйл болох 13 350 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгөхөд О.О нь өөрөө хүлээн авсан. Хэрэв бараа материалыг чанарын шаардлага хангахгүй байсан бол хүлээн авахгүй байж болох байсан. Иймд хариуцагчаас ажлын хөлс 8 000 000 төгрөг, материалын зардал 13 003 500 төгрөг, алданги 10 501 750 төгрөг, нийт 31 505 250 төгрөгийг хариуцагч О.О-с гэрээний үүргийн биелэлтэд гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний хооронд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Үйлчилгээний барилгын дотоод засварын ажлыг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бүрэн хийж дуусгахаар тохиролцсон. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Мөнгөнсүх ажлаа хийж дууссаны дараа тухайн ажлыг шалгахад анх тохиролцсон барилгын чанар бүхий материалаар хийгээгүй байсан.

 Д.М-эд бэлэн болон бэлэн бусаар 1 300 000 төгрөг өгсөн. Хамгийн сүүлд 150 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл энэхүү ажилд шаардагдах материалыг зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэлсэн. Алдангийн хувьд гэрээнд заасан хугацаандаа мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй бол төлөх ёстой төлбөр. Гэтэл төлбөр төлөх хугацаа 2015 оны 12 сарын 30-ны өдөр байсан бөгөөд энэ хугацаа болоогүй байхад нэхэмжилсэн учир алданги нэхэмжлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.О-аас 20 277 750 төгрөгийг гаргуулж Д.М-эд олгож, Д.М-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 227 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 259 339 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хийж гүйцэтгэсэн ажилд зориулагдсан бусад бараа материалын дундаж үнэлгээнд талууд маргаагүй тул гэрээгээр тохиролцсон нэхэмжлэгчийн бараа материалын худалдан авсан баримтын үнээр 4 003 500 төгрөгөөр тооцож, бараа материалын зардлыг 10 303 500 төгрөг, ажлын хөлс 2 815 000 төгрөг, нийт 13 618 500 төгрөгийг Д.М гаргасан гэж Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга журам, хугацааг талууд тохиролцсоноор тодорхойлно” гэж заасанд нийцнэ гэж дүгнэлээ. Иймд гэрээний үүрэгт 13 618 500 төгрөг, энэ дүнгийн 50 хувь 6 809 250 төгрөгийн алданги, нийт 20 227 750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзжээ.

Д.М гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлаас зөвхөн паарыг буулгаж 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хаяж явсан бөгөөд тохирсон үнэлгээ, чанарын шаардлага хангаагүй, хямд үнэтэй муу паарыг дутуу суурилуулсан. Мөн гэрээний алданги нь гэрээнд заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувийн алданги шаардахаар гэрээнд тусгасан боловч нэхэмжлэгч Д.М нь өөрөө гэрээний үүргээ гүйцэтгээгүй, гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа хугацаа дуусаагүй байхад дур мэдэн ажлаа хаяж явсан тул алдангийн 6 809 250 төгрөг гаргуулах нь үндэслэлгүй.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч О.О-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын хөлс 8 000 000 төгрөг, материалын зардал 13 003 500, алдангид 10 501 750 төгрөг, нийт 31 505 250 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, гэрээгээр тохиролцсоноос хямд үнэтэй өөр паар суурилуулсан тул хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үндэслэлгүй гэжээ.

            Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Д.М нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ЭТӨЧ гудамж, 28г үйлчилгээний зориулалттай объектын дотор засварын ажлыг 2016 оны 3 дугаар сарын 30-ны дотор 100 хувь гүйцэтгэж хүлээлгэн өгөх, О.О нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлс 15 000 000 төгрөг болон материалын зардал 38 529 700 төгрөг, нийт 53 529 700 төгрөгийг ажил гүйцэтгэгчид олгох үүрэг хүлээсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

            Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч Д.М 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд сантехникийн холболтын ажлыг гүйцэтгэж дууссан тул гэрээнд зааснаар ажлын хөлсөнд 8 000 000 төгрөг, материалын зардал 13 003 500 төгрөгийг захиалагч төлөх ёстой гэж шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр 2 815 000 төгрөгийн хөлс бүхий ажил хийгдсэн гэж, маргаж буй паарны тоо ширхэг, нэг бүрийн үнийг зах зээлийн үнэ ханшаар тооцон нийт 1 969 800 төгрөгийн үнэ бүхий 34 ширхэг паарыг суурилуулсан нь ашиглагдаж байгаа гэж тогтоосон, талууд дүгнэлтийг үгүйсгэж маргаагүй байна. Талууд бусад сантехникийн ажилд зарцуулагдсан холбох хэрэгсэл, туслах материалын үнэ 4 003 500 төгрөг болох тухайд маргаагүй байна. Иймд бодитоор хийсэн ажлын хөлс, паарны үнийг шинжээчийн дүгнэлтэд тогтоосноор тооцож, ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүнд тохирсон хөлс нь нийт 8 788 300 /1 969 800+4 003 500+2 815 000/ төгрөг гэж үзэх үндэслэлтэй, захиалагч уг хэмжээний хөлс төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн шинжээчийн дүгнэлт хэргийн бусад баримтаар няцаагдсан гэх дүгнэлт үндэслэл муутай байгааг зөвтгөх боломжтой байна.

            Талууд ажлын хөлс төлөх нөхцөл, хуваарийг гэрээний 1 дэх заалтаар тохиролцохдоо 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор 8 000 000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 3 000 000 төгрөгийг захиалагчаас ажил гүйцэтгэгчид төлөхөөр тохирсон тул Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлын хөлсийг хэлэлцэн тохирсон хугацаанд шаардах эрхтэй, мөн гэрээгээр тохирсон хугацаанд хийсэн ажлын хэмжээнд нийцүүлэн хөлс төлөх үүргээ захиалагч биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувь буюу 4 394 150 төгрөгийн алданги тооцож гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.4 дэх хэсэг болон гэрээний 3-т заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 13 182 450 төгрөгөөр хангаж, үлдэх 18 322 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02904 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “20 277 750 /хорин сая хоёр зуун далан долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг” гэснийг “13 182 450 /арван гурван сая нэг зуун наян хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг” гэж, “үлдэх 11 227 500 төгрөгт” гэснийг “үлдэх 18 322 800 төгрөгт” гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “259 339 төгрөгийг” гэснийг “223 862 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 236 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

А.ОТГОНЦЭЦЭГ