Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2019/ДШМ/28

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                       Прокурор  Д.Бат-Өлзий /цахим сүлжээгээр/

                                                        Нарийн бичгийн дарга Э.Энхболд нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Дулмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор М.Э-д холбогдох эрүүгийн 1827001950023 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Базар тайж овгийн М.Э

 

М.Э нь 2018 оны 08, 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун сөдөтийн хонгил” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх,  М. Э-ыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2  жилийн хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд М.Э-д тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдэн,  М.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, цагдан хоригдоогүйг тус тус дурдан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Э-ын эзэмшлийн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай монгол гэр нэг ширхэг, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг тус тус битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Э-ын эзэмшлийн 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий алтны баяжмалтай, шороо угаах зориулалттай төхөөрөмж буюу гитаран бууг хурааж улсын орлогод оруулах, М.Э-аас олборлож худалдсан 17 гр алтны үнэ 1.784.337 төгрөгийг, бусдын эзэмшлийн улсын дугааргүй Солонгос улсад 1998 онд үйлдвэрлэсэн Doosan SL290 LC-V маркийн экскавотарын үнэ 35.500.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төпөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Э гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний зүгээс гэм буруугаа мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 6.706.734 төгрөгийг төлж барагдуулсан, хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа билээ. Гэвч мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхээс хэрэглэх ёсгүй заалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтыг хэрэглэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн үнийг улсын орлого болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Миний бие нь хөдөө мал маллан амьдардаг, урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, алтны уурхай ажиллуулаад ашиг орлого олсон гээд байх зүйл байхгүй, хувийн эд хөрөнгө өмч гээд байх зүйлгүй жирийн нэг хөдөөний мал маллан амьдардаг хүн юм.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь заалт нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хэрэглэж буй заалт гэж тодорхойлогддог. Гэтэл миний бие учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байтал дээрх заалтыг хэрэглэн миний эд хөрөнгийг хурааж улсын орлого болгосон нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчим, мөн миний халдашгүй байх тэр дундаа өмчлөх эрхэд халдахгүй байх зарчмыг удирдлага болгон авч үзэлгүйгээр энэхүү хэргийг шийдвэрлэлээ гэж үзэж байгаа юм.

 Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтыг буруу тайлбарлаж, миний эрх зүйн байдлыг дордуулан шийтгэсэн байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “... 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий шороо угаах төхөөрөмж, 17 гр алтны үнэ 1.784.337 төгрөг, Doosan SL290 LC-V маркийн экскеваторын үнэ 35.500 000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай...” гэснийг “...17 гр алтны үнэ 1.784 337 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай ...” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Алимаа давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техникүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах, үгүйсгэн дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн. М.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн байдал нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэлийг хураах албадлагын арга хэмжээг шүүхээс хэрэглэхэд нөлөөлөхгүй юм.

Шүүгдэгч М.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

 Иймд шүүгдэгч М.Эаас гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоол хэвээр үлдээж өгнө үү ...гэжээ.

                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

М.Э нь 2018 оны 08, 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун сөдөтийн хонгил” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж хууль бусаар газрын хэвлийд халдсаны  улмаас байгаль орчинд 6.706.734 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, М.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

 

Тус үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, М.Э-ын   ...Би 2018 оны 09 дүгээр сард ашигт малтмал алт олборлох зорилгоор өөрийнхөө эзэмшлийн гитаран буу, Улаанбаатар хотоос экскавотар түрээслэж ажилласан,... Ер нь алдаг оног л ажилласан.... Экскавотароо 12,500,000 төгрөгөөр түрээслэж, ачиж ирэх траллерын зардалд 1,700,000 төгрөг өгсөн санагдаж байна. Техник түрээслэсэн мөнгийг хүнээс зээлсэн. Би алт олборлох үйл ажиллагааг явуулж 17 г  алт олж тэрийгээ танихгүй явуулын хүнд 1,300,000 орчимд өгсөн санагдаж байна. ...Дээрх 2 техникээс өөр техник хэрэгсэл гэх зүйл байгаагүй... Миний хууль бус үйл ажиллагаа явуулсан газар бол Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “Баруун сөдөтийн хонгил” гэх газар тус газарт гитаран буу байрлаж байсан газрын орчимд газрын хэвлийд халдаж ухсан...Би өөрийнхөө хийсэн хууль бус үйлдэлд гэмшиж байна ... /хх-ийн 115-116 х гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Янжиндуламын

...Миний хувьд Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход татгалзах зүйлгүй. Бат-Өлзий сумын Бүрэгтий 2 дугаар багийн нутаг “Баруун сөдөтийн хонгил” гэх газарт урд өмнө ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан газар бөгөөд тус газарт М.Э гэх манай нутгийн малчин залуу хувиараа ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан байсан... нэг экскаватор, гитаран буу буюу  ашигт малтмалыг барих угаах зориулалттай төхөөрөмжтэй байсан байх... /хх-ийн 28-29х/ гэсэн мэдүүлгүүд гэрч А.Б /хх-ийн 30- 31х/, Д.Д /хх-ийн 34х/, Б.Б /хх-ийн 35-36х/, Д.О /хх-ийн 37-38х/, М.Г /хх-ийн 40х/, Т.М /хх-ийн 41-42х/ нарын болон шинжээч Б.Б /хх-ийн 43х/ мэдүүлгүүд,

...М.Э нь байгаль орчинд хохирол учруулсан байна. Хээрийн хэмжилт судалгааны ажлыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн хэмжилтээр эвдрэлд орсон талбайн хэмжээ 1097м2, эвдрэлд орсон талбайн эзлэхүүн 1431м3 байна... Иргэн М.Э-ын хууль бусаар алт олборлолт явуулсан талбайд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцож үзэхэд 0.1 га талбайд 6706734 төгрөг буюу 6706.734 мянган төгрөгийн хохирол учирсан байна... гэсэн Дорнын байгаль ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 18/03 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 46-94х/,

... олборлосон 17 г алтны нийт үнэлгээ 1784337 төгрөг... гэсэн  Вендо ХХК хөрөнгийн үнэлгээний 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ӨХ 19-4 дугаартай тайлан /хх-ийн 98- 104х/

...  Алтны баяжмалтай шороо угаах зориулалттай төхөөрөмж /гитаран буу/ 1.600.000 төгрөг, Улсын дугааргүй Doosan SL290 LС-\/ маркийн экскаватор хэрэгсэл нь ... Үнэлгээгээр тогтоогдсон дүн 35,500,000 төгрөг ... /хх-ийн 152-161х/ гэсэн Вендо ХХК хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болон, М.Э-ын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүхээс М.Э-ыг  хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  түүнийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3,  7.5 дугаар зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан М.Э-ын эзэмшлийн 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий алтны баяжмалтай  шороо угаах зориулалттай гитаран буу, М.Эын олборлож худалдсан 17 г алтны үнэ 1.784.337 төгрөг, Doosan SL290 LC-V маркийн экскавотарын үнэ 35.500.000 төгрөгийг тус тус М.Э-аас гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, үндэслэл бүхий  шийдвэрлэжээ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн этгээдэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 5.400 нэгжээс   27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд М.Эад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь М.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор  М.Э-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох арга хэмжээ авахдаа “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох” хязгаарлалтын арга хэмжээ авсан нь агуулгын хувьд зөрчилтэй байх тул зөвтгөн  өөрчлөх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, М.Э-ын  давж заалдсан  гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн  дүгнэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтаас “тусгай зөвшөөрөлгүйгээр” гэснийг хасч,  шийтгэх тогтоолыг бусад заалтыг  хэвээр үлдээж, Базар тайж овгийн М.Э-ын  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.