Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/64

 

  2023 оны  03 дугаар сарын 20-ны өдөр               Дугаар 2023/ШЦТ/64                         Баруун-Урт сум            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, хувиар хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын..... дугаар багт оршин суух,

Урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай,*******  овогт Мөнхбаатарын *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг “*******” дэлгүүрийн гадаа 2023 оны 01 дүгээр сарын 10-ны 00:46 минутад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь тархины доргилт, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******М.Ганхүрэлг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч М.Ганхүрэл*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч *******М.Ганхүрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн гэв.

 

        Хохирогч *******гийн “Би Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг баруун байранд оршин суудаг. 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 18:00 цагийн орчимд нөхөр “хүүхдээ авсангүй” гэх шалтгаанаар хоёулаа маргалдсан. Тэгэнгүүт манай нөхөр гараад явсан. Тэрнээс хойш 19 цаг өнгөрч байхад манай нөхөр сумын төвд С.....ийн гэх айлд архи ууж байна гэхийг сонсоод тухайн айлд очиход 2.5 литрийн нийслэл пиво уугаад сууж байхаар нь нөхөртөө хоёр хүүхдээ өгөөд гэр лүгээ явсан. Тэрнээс хойш манай нөхөр хоёр хүүхдээ аваад гэртээ ирчхээд буцаад гараад явсан. Намайг гэртээ байхад ******* гэх эгч тэй манай гэрт орж ирээд та хоёр яагаад маргалдаад байгаа юм хэнд нь буруу байгаа юм гэх зэргээр надтай ярилцсан. Би болсон асуудлын талаар ярьж хэлсэн удалгүй гэрээс гараад явсан. Шөнө 01 цагийн үед ******* гэх хүний гэр лүү нь очтол манай нөхөр тэднийхээс гарч ирсэн. Би нөхрөө аваад явган гэр лүүгээ явж байхад ******* нь дүү .... хамт араас ирээд манай нөхөр куртик өмсчих гээд нөгөөх нь өмсөхгүй гээд зууралдаад байсан. Тэгж байсан чинь ******* нь намайг түлхээд тохойгоороо хоёр удаа түлхсэн тэхээр нь би та намайг яагаад түлхээд байгаа юм гэхэд чи муу ер нь юу гээд байгаа гичий вэ гээд миний нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Чи миний дүүгийн үйлийг үзэж байгаа чи манай нутгаас зайл гэх зэргээр дайрч давшилж уурласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 х/

 

Гэрч Б.Ган-Эрдэнийн “...2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр гэртээ байж байгаад орой 18 цагийн орчимд гэрээсээ гараад ээжийн дүү болох гэх айлынд очсон. Тухайн айлд 2.5 литрийн /Нийслэл/ гэх нэртэй пиво хоёрыг , *******, нарын хамт хувааж уусан. Тэнд байж байхад манай үеэл орж ирсэн тэгээд бид нар ийн гэр лүү очсон. Гэрт нь очоод дахин 2.5 литрийн нийслэл пиво нэгийг задалж уусан. Пиво уугаад сууж байхад манай эхнэр гаднаас хоёр хүүхдээ аваад орж ирээд надад хүүхдээ үлдээгээд явсан. Тэрнээс хойш би хоёр хүүхдээ аваад орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэртээ хоёр хүүхдээ үлдээчхээд гадаа тамхи татахаар гараад зүүн тийшээ ******* эгчийн гэр лүү явсан. ******* эгчийн гэрт пиво уугаад суусан тэгээд ер нь цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 х/

 

Гэрч А.Жавхлангийн “...Би Сүхбаатар аймгийн ******* суманд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сургуул амраагаад суманд гэртээ ирсэн. 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 18 цагийн орчимд ******* эгч ******* хүнсний дэлгүүр лүү бараа буулгахаар явж байхад Ган-Эрдэнэ ахтай дэлгүүрийн гадаа таараад Ган-Эрдэнэ ах хамт цуг явж бараа буулгалцсан. Бараагаа буулгаж дуусаад машинаа тавьчхаад манай гэр лүү явсан. Манай гэр лүү явахдаа ******* эгч 2.5 литрийн нийслэл гэх нэртэй пиво нэгийг авч очиж түүнийг нь Ган-Эрдэнэ, ******* эгч, манай ах Ачхүү нар хувааж уусан. Манай гэрт нэг пиво уучхаад ахын гэрт очиж хоол идээд мөн /Нийслэл/ гэх нэртэй 2.5 литрийн пиво хоёрыг хувааж уусан. Тэгээд сууж байтал Ган-Эрдэнэ ахын эхнэр Цовоо нь хоёр хүүхэдтэйгээ орж ирээд хүүхдээ үлдээгээд өөрөө яваад өгсөн. Ган-Эрдэнэ ах хоёр хүүхдээ аваад явах гэхээр нь ах машинтайгаа гэрт нь хүргэж өгсөн. Бид хэд ******* эгчийн гэрт байхад Ган-Эрдэнэ ах дээгүүрээ куртик байхгүй цамцтай гаднаас гэрээсээ ирлээ гэж орж ирсэн би цагийг нь сайн санахгүй байна. ******* эгчийн гэрт пиво уусан. Тэгээд сууж байгаад Ган-эрдэнэ ахтай гадагшаа гарахад үүдэнд эхнэр Цовоо нь ирчихсэн шууд аваад явсан. Би тэхээр нь Цовоо эгч ирчихсэн яваад өглөө гэхэд ******* эгч хоёулаа араас нь явъя гээд куртик аваад гарсан. Тэр хоёр дээр очоод Ган-Эрдэнэ ахыг куртик өмсчих гэж хэлээд зогсож байгаад ******* эгч дүүгээ авъя чи чигээрээ зайл ядуу гуйлгачин гэх зэргээр ярьж байгаад хоёулаа барьцалдаж аваад ******* эгч Цовоо эгчийг заамдаж аваад тохойлдох шиг болсон. Тэхэд Ган-Эрдэнэ ах ******* эгчийг араас нь тэврээд салгахад Цовоо эгч цагдаад хэлнэ гээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 х/

 

 Гэрч А.ийн “...2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр гэртээ байхад ******* эгч намайг дуудаад Ган-Эрдэнэ бид хоёр манай гэрт байна чи хүрээд ир гэхээр нь гэр лүү нь очсон. Намайг гэрт нь очиход Ган-Эрдэнэ, Ачхүү, ******* эгч гурав пиво уугаад сууж байсан. Гэрт нь сууж байгаад 19 цагийн орчимд бид хэд манай гэр лүү явсан. Манай гэрт очиж /Сэнгүр/ гэх нэртэй 2.5 литрийн нэг пиво уугаад сууж байхад Ган-Эрдэнийн эхнэр Цовоо хүүхдүүдээ дагуулаад манайд орж ирэхээр нь би тамхи татахаар зөрөөд гадагшаа гарсан. Гадаа зогсож байхад Цовоо манайхаас гараад явсан. Тэрнээс хойш удалгүй ан-Эрдэнэ ах хүүхдүүдээ дагуулаад манайхаас гэр лүүгээ явсан. Би дахиж уулзаагүй. Маргааш нь Цовоотой гудамжинд таарахад өчигдөр орой ******* намайг цохисон би цагдааг өгсөн байгаа гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 х/

 

Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №27 дугаартай “...*******гийн биед гэмтлийн шалтгаант тархины доргилт, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 х/

  

Яллагдагч *******гийн “...Би прокурорын тогтоолтой танилцсан. Үүнтэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...Тухайн үед би уурлаад Цовоогийн өөдөөс уурлаад баруун гараараа нүүр рүү нь далайсан. Тэгэхэд миний гар Цовоогийн нүүрэнд хүрсэн. Тухайн үед миний баруун гарын хуруунд зүүж байсан бөгж Цовоогийн хамрынх нь арьсыг зулгалсан байх. Тэгээд тухайн үед Цовоо цагдаад хэлнэ гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 х/

 

/ Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 х/

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-49 х/

 

Шүүгдэгч *******гМ.Ганхүрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 х/

 

Шүүгдэгч *******гМ.Ганхүрэлийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57 х/

 

Хохирогч *******гийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 65 х/

 

Шүүгдэгч *******гийнМ.Ганхүрэл  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай  хүсэлт  / хх-ийн 64 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 66-68 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 13 дугаартай санал /хх-ийн 69-70 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******М.Ганхүрэл нь Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг “*******” дэлгүүрийн гадаа 2023 оны 01 дүгээр сарын 10-ны 00:46 минутад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь тархины доргилт, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч *******, гэрч Б.Ган-Эрдэнэ, А.Жавхлан, А.  нарын  мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч  нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******г хэл амаар доромжилж түүний нүүр рүү гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь гэмтлийн шалтгаант тархины доргилт, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч  *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

*******гийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч “ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж  хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д  мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ......  овогт ..........г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч ...... 450  /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болох бөгөөд бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР