| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00156/И |
| Дугаар | 00194 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 00194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1977 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, *тоотод оршин суух, /*, утас:*/ Дамдинжав овогт Дагвадоржийн Мгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1977 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, *тоотод оршин суух, /*, утас:*/ Бурхант овогт Амгалангийн Зт холбогдох
Д.Мгийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Худалдааны гудамж Төвийн 2-р хэсэгт байршилтай 1244 м2 газрын зарим хэсгийг А.Зын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, Хариуцагч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Соёлзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … А.З нь “Мода Shop” дэлгүүрийг 2015 онд худалдан авсан бөгөөд тухайн цагаас хойш манай эзэмшлийн газар дээр хогны сав, түлшний мод, 2 амбаар зэрэг нь байрладаг болсон. Бид уг газраа ашиглах шаардлагатай болоод дээрхи зүйлсээ авахыг удаа дараа хэлж шаардсан бөгөөд газрыг маань чөлөөлж өгөхгүй байна. Манай дэлгүүр нь өргөтгөлийн барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдэл өгсөн боловч эс биелүүлсэн тул шүүхээр шийдвэрлэж өгнө үү. Манай эзэмшлийн газрыг А.Зын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.М шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: … 2015 онд энэ газрыг худалдаж авахад газар зарсан хүн нь надад хэлэхдээ “...эднийх ямар ч газаргүй тул хашаагаараа дамжуулаад нүүрс түлээг нь оруулж гаргаж байгаарай...” гэж надад хэлж байсан. Тийм учраас би өдий болтол энэ айлын хог түлээг нь өөрийн арын хашааны газраараа дамжуулж оруулж гаргаж байгаа. Мөн барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор би Засаг дарга болон газрын албатай уулзаж талбай муутай учир би түр хашааг илүү газраар баръя гэж зөвшөөрөл авахад түр барилгын хашаа болохоор барьж болно гэсэн зөвшөөрөл өгөөд надад гарын үсэг тамгаа дарж өгсөн. Энэ хүсэлтийн дагуу би түр хашаагаа барих гэтэл З дэлгүүрээсээ гарч ирээд бидний ухсан нүхийг минь буцааж булаад дээр нь гарч зогсоод хашаа бариулаагүй. Тэгээд газрын албанаас газрын даамал Булганхангайг дуудаад мөн кадастрын албанаас хүн ирээд та хоёрын маргааныг шийдье гээд бүгдийг шийдээд би 1 ч метр газар илүү хашаа бариагүй яг өөрийнхөө кадастрын зураглалын дагуу хашаагаа барьсан. Би энэ хүнд энэ олон жил хашаагаараа дамжуулж юм хийлгэж байхад хоёрхон сарын хугацаанд түр хашаа барихад ямар ааш араншин гаргаж ямар үг хэлээр намайг доромжилж Булганхангай, засаг дарга Лхагвадорж /Дагаа/ та гурав яаж хуйвалдаж лобидсоныг би яаж мэдэхийн гэж орилж гудамжаар нэг юм болсоныг манай ажилчид тэр хавиар явж байсан хүмүүс мэднэ. Тэр байдлаас чинь болж за хүн ийм зан гаргаж байгаа юм чинь өөрийнхөө газраа авч өөрөө ашиглая гэж шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргасан. Одоо өөрийн эзэмшлийн газраас зарам хэсэг болох А.Зын хоёр ширхэг амбаар байрлаж буй газрыг энэ хүнээс авч, өөрөө ашиглах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч А.З шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Миний уурлаж муухай аашилсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Анх би дэлгүүрийг авахад Урнаа гэдэг хүн амбаартайгаа савтайгаа энэ кадастрын зураг нь байна гэж надад зарсан. Тэгээд 4 жилийн дараа гэв гэнэт амбаараа буулга гэсэн шаардлага тавьсан. Мөн барилгын ажил эхлэх үедээ надад хэлэхгүй шууд газар шохой асгаад газраа ухаад эхэлсэн. Би тэр үед ганцаараа байсан. Засаг даргаас зөвшөөрөл авсаныг мэдээгүй. Миний кадастрын зурган дээр уг газрын зураг байна чинийх дээр байхгүй байхад зүгээр өгчих л байхгүй юу. Энэ одоо яах ёстой юм мэдэхгүй газрын албатай дахиад уулзая гэж бодож байна. Надад ингээд тамга тэмдэгтэй Засаг даргын захирамж нь байгаад байдаг би миний газар гээд байдаг чи бас миний газар гээд байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М, хариуцагч А.Зт холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Худалдааны гудамж Төвийн 2-р хэсэгт байршилтай 1244 м2 газрын зарим хэсэг буюу А.Зын хоёр ширхэг амбаар байрлаж буй газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч А.З нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Газрын албанаас Дамдинжав овогт Дагвадоржийн Мд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №000532550 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-р: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 573 тоот шийдвэрийг үндэслэн, 1244 м2 газрыг, 47 жилийн хугацаатай 7-р баг, Төвийн 2-р хэсэгт, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрчилгээ олгожээ /ХХ-н 3-р хуудас, кадасртрын зураг ХХ-н 4-р хуудас/.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны 202 дугаартай “Газар эзэмших эрх баталгаажуулах” тухай захирамжаар Бэхчулуун овогтой Гэрэлтуяад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Худалдааны гудамж “АШ” барилгын дэлгүүрийн ард 404 м2 хэмжээтэй /урьд өмнө 2015 оны 04 дүгээр сарын 03-ны 220 дугаартай шийдвэртэй 124 м2 талбайн хэмжээтэй/ газрыг эзэмшүүлэхээр олгожээ /ХХ-н 18-р хуудас, кадасртын зураг 19-р хуудас/.
Хариуцагч А.Зын 2 ширхэг амбаар нэхэмжлэгч Д.Мгийн нэхэмжилж буй газар дээр нь байрлаж байгаа болох нь зохигчийн тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон ба маргааны зүйл болсон газар дээр хариуцагчийн 2 ширхэг амбаар байрлаж байгаа эсэхэд зохигч маргаагүй, харин хариуцагчийн 2 ширхэг амбаар байрлаж буй газрыг эзэмших эрхтэй эсэх талаар зохигч маргасан бөгөөд хариуцагч А.З нь уг газрыг хууль, гэрээний дагуу эзэмших эрхтэй болох нь тогтоогдоогүйгээс түүний эзэмшил хууль бус байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч Д.М нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Худалдааны гудамж, Төвийн 2-р хэсэгт байршилтай 1244 м2 газрын хууль ёсны, шударга эзэмшигч мөн байна.
Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч А.Зын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Д.Мгийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Худалдааны гудамж, Төвийн 2-р хэсэгт байршилтай 1244 м2 газрын хариуцагчийн 2 ширхэг амбаар байрлаж буй хэсгийг А.Зын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дахь хэсэгт зааснаар Д.Мгийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Төвийн 2-р хэсэг Худалдааны гудамжинд байршилтай 1244 м2 газрын зарим хэсэг буюу А.Зын хоёр ширхэг амбаар байрлаж буй газрыг А.Зын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мгаас тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Заас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.