| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00382/И |
| Дугаар | 00070 |
| Огноо | 2019-03-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 00070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “НК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг /*, утас:*/ “Мт” ХХК-д холбогдох
5000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхжаргал, хариуцагч “Мт” ХХК-ийн захирал Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “НК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарын дарга Б.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “Майнд Тэч” ХХК нь “НК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарын Баруунхараа ШТС-аас шатахуун авдаг хэрэглэгч юм. Тус компани нь 2018 оны 07 дугаар сард 8468379 төгрөгний шатахуун авсанаас 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 3468379 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл шатахууны төлбөр болох 5000000 төгрөгийг одоо болтол барагдуулаагүй байгаа тул тус компаниас уг төлбөрийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхжаргал шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... “Мт” ХХК нь манайхаас байнга шатахуун авдаг байгууллага байгаа. 2018 оны 06 дугаар сард М захирал утсаар ярьж хүсэлтээ илэрхийлсэн. Юу гэсэн гэхээр манайх 20 хүртэлх сая төгрөгний шатахуун авмаар байна, сар болгоны 25-нд төлбөр тооцоогоо хийнэ гэсний дагуу би дээд газрынхаа нягтлан, менежер нарт танилцуулахад албан ёсоор албан бичгээр хүсэлтээ өг гэсэн. Тэгээд би М захиралд албан бичгээр хүсэлтээ өгөх талаар хэлсэн ба манайд албан бичгээр хүсэлт ирүүлсэн. Манай дээд газрын удирдлагуудаас хэр найдвартай компани юм бэ гэж надаас асууж байсан. Тэгэхэд нь би манайхаар байнга картаар үйлчлүүлдэг, мөн сум орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг компани болохоор нь зээлээр бензин олгож өгөх талаар нягтлан, менежер нартаа мэдэгдсэн. Тэгээд бид сар болгоны 1-нээс эхлэн бензинээ авч 25-ны дотор төлбөр тооцоогоо хийх талаар тохиролцож, 8468379 төгрөгний дизелийн түлш, тос, масло өгсөн байгаа. “Мт” ХХК-иас өдөр болгон авсан тос, масло, шатахууны бүртгэл гарын үсэгтэйгээ байгаа. Энэ бүх баримтыг бид хэрэгт хавсаргасан байгаа. Тэгээд 7 дугаар сард авсан шатахууны төлбөр тооцоогоо сарын 25-нд төлөөгүй. Ямар учир шалтгаантайгаар төлөхгүй байгаа талаар тодруулахад урьд өмнөх компаний өр тооцоог танайхаас тооцож авч байгаа гэсэн зүйл ярьж байсан. Тэгэхээр нь бид удаа дараа “Мт” ХХК дээр очиж нэхэмжилсэн. Тэгээд 8 дугаар сарын 9-нд 3468379 төгрөгийг Ууганаа гэдэг нягтлан цохож бид нарт олгосон. Тухайн үед манай колонкоос шатахуун авахдаа үйл ажиллагаагаа жигдрүүлмээр байна. Ялангуяа дизелийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмж манайд их байдаг учраас танай шатахууныг бид нар шинжилгээнд өгөхөд танай түлш тохирч байна. Тийм учраас танайхаас зээлээр авмаар байна гэсэн хүсэлтийн дагуу борлуулалтаа бодоод өгсөний хариуд танай толгой компаниас авлагатай тэр өрөндөө тооцуулна гэсэн шал өөр зүйл ярьж байгаа нь бидэнд хохиролтой байна. Би энэ ШТС-ын эрхлэгчээр ажиллаж энэ эд зүйлийг хариуцаж байгаагийн хувьд маш их хүнд байдалд орсон. Би ажлаасаа халагдах уу, халагдахгүй юу гэдэг зүйл яригдаж байгаа, миний амь амьдралтай минь холбоотой асуудал болоод байгаа учраас надад хүндрэлтэй байна. Манай Баруунхараа ШТС болон Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбар нь тус тусдаа хүний өмч, тус тусдаа өр авлага тооцоогоо хийдэг байгаа. Би энэ асуудлаас болж 7 сараас хойш өөрийн цалингийн 20 хувиа хасуулж байна. Дээрээс нь өөрийнхөө мөнгөөр бензин тосоо хийж нааш цаашаа явахад хүндрэлтэй байна. Тийм учраас “Мт” ХХК-иас зээлээр шатахуун нийлүүлсний үлдэгдэл төлбөр 5000000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Мт” ХХК-ийн захирал Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... “Мт” ХХК нь “Дх” ХХК-ийн охин компани билээ. Мөн “Дх” ХХК-ийн охин компани болох “Дас” ХХК нь “Пс” ХХК-тай хамтран ажиллах хүрээнд ослын тэмдэг, эмийн сан, гэрэлтдэг наалт, тосны шүүр зэргийг нийлүүлэн түүний сүлжээ дэлгүүрээр бараагаа худалдан борлуулдаг байсан. Ингээд явж байгаад сүүлд нь “Пс” ХХК нь тухайн үед “АТ” ХХК, “Пс” ХХК-ийн 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай охин компани байгуулан Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингээд явж байхдаа “Пс” ХХК нь “Дас” ХХК-д нийт 5001008 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. “НК” ХХК, “Пс” ХХК нь нэг компани гэж үзэж байх тул дээрхи төлбөрийн үлдэгдэл болох 5001008 төгрөгийн үлдэгдлийг “Мт” ХХК-ийн авсан шатахууны төлбөрт суутган тооцохыг удаа дараа мэдэгдэж байгаа билээ. Иймд дээрхи төлбөрийн тооцоонд суутган тооцох ёстой гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Мт” ХХК-ийн захирал Б.М шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Би “Дас” ХХК-ийн “Пс” ХХК-тай гэрээ хийж ажиллаж байсан хүн. Би “Дас” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан. Энэ “Пс” компани нэг компанийг өчнөөн сая төгрөгөөр хохироочихоод давхар нэг ажилтнаа цалингийн хувиар торгосон нь тэр компаний асуудал байх. Бид нар бас л хохирсон хүмүүс байгаа. Одоо лавлагаа авах боломжгүй учраас би тайлбар хийх гэж байна. Тэр нь юу гэхээр “Дас” ХХК нь “Мт” ХХК-тай адил “Дх” ХХК-ийн охин компани болж байгаа. “Дас” ХХК нь “Пс” ХХК-тай өмнө нь “Пс” ХХК-иас өмнө нилээн олон жилийн турш Зам зуур гэдэг дэлгүүр авсан. “Пс”-ийн колонкийн дэргэдэх дэлгүүрээр ч сэлбэг хэрэгсэлээ зарж нилээн олон жил явсан. Ингээд явж байгаад сүүлд нь “Пс” ХХК нь “Пс”-ийн охин компани гэсэн учраас гэрээ байгуулаад явсан. Энэ хүн сая хэлсэн найдвартай том үйлдвэр, найдвартай харилцагч учраас найдвартай харилцааг нь бодоод өгсөн гэж яг үүнтэй утга адилхан. Бид нар “Пс” компанид итгэж барьцаагүй гэрээ байгуулсан. Ийм том компаниас бид барьцаа шаардах нь утгагүй. Тийм учраас бид Псын охин компани гэх Пс ХХК-тай гэрээ байгуулсан. Нөгөө талаар Псийн Зам зуур гэдэг дэлгүүрийн лангуун дээр тэр бараа бүтээгдэхүүнүүд бүгд байсан. Бид нар Пс ХХК-руу бараа бүтээгдэхүүн шилжүүлсэн зүйл байхгүй, яг л нөгөө дэлгүүртээ бараа бүтээгдэхүүн маань байсан, мөн худалдагч нь ч гэсэн байж байсан. Ингээд явж байгаад тэр компаниа хүчээр дампууруулсан юм уу бүү мэд, биднийг хохироосон. “Пс” ХХК нь “Дас” ХХК-д нийт 5001008 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. “НК” ХХК, “Пс” ХХК нь нэг компани гэж үзэж байгаа тул дээрхи төлбөрийн үлдэгдэл болох 5001008 төгрөгийн үлдэгдлийг “Мт” ХХК-ийн авсан шатахууны төлбөрт суутган тооцуулах ийм байр суурьтай байгаа. Яагаад гэхээр толгой компани нь нэг буюу эзэн нь нэг гэж бид үзэж байгаа. Иймд дээрхи төлбөрийн тооцоонд суутган тооцох ёстой гэж үзэж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “НК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбар, хариуцагч “Мт” ХХК-д холбогдуулан шатахуун борлуулсаны үнэ 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “Мт” ХХК нь “Пс” ХХК нь “Дас” ХХК-д барааны үнэд нийт 5001008 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа. “НК” ХХК, “Пс” ХХК нь нэг компани гэж үзэж байгаа тул дээрхи төлбөрийн үлдэгдэл болох 5001008 төгрөгийг “Мт” ХХК-ийн “НК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбараас авсан шатахууны төлбөрт суутган тооцох ёстой. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдаж, нэхэмжлэгч нь 160000 төгрөгний үнэ бүхий АИ-95 бензин, 7670400 төгрөгний үнэ бүхий Дизель түлш, 512479 төгрөгний үнэ бүхий АИ-92 бензин, 66000 төгрөгний үнэ бүхий А-80 бензин, 59500 төгрөгний үнэ бүхий тос, нийт 8468379 төгрөгний шатахууныг худалдах, хариуцагч нь 8468379 төгрөгний шатахууны үнийг 2018 оны 7 дугаар сарын 1-нээс сар бүрийн 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /тооцоо нийлсэн акт ХХ-н 5-6-р хуудас/.
Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид хүсэлт гарган дээрх 160000 төгрөгний үнэ бүхий АИ-95 бензин, 7670400 төгрөгний үнэ бүхий Дизель түлш, 512479 төгрөгний үнэ бүхий АИ-92 бензин, 66000 төгрөгний үнэ бүхий А-80 бензин, 59500 төгрөгний үнэ бүхий тос, нийт 8468379 төгрөгний шатахууныг худалдан авсан ба зохигчийн хооронд байгуулсан Худалдах-худалдан авах гэрээнд худалдан авсан шатахууны үнийг төлөх журам, хугацааг талууд тохирсон нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр дээрхи шатахууны үнэд 3468379 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэгдэл 5000000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн болох нь зохигчдын тайлбар болон тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба зохигч энэ талаар шүүхэд маргаагүй болно.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан АИ-95 бензин, Дизель түлш, АИ-92 бензин, А-80 бензин, Тос, нийт 8468379 төгрөгний шатахууныг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Худалдах-худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн буюу төлөх хугацааг тохирч болох ба энэ нь үнийг хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг тохирсон агуулга бөгөөд ийнхүү үнийг хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байдаг шинжээрээ зээлээр худалдах-худалдан авах зэрэг бусад гэрээнээс ялгаатайг дурьдах нь зүйтэй байна.
Хариуцагч “Мт” ХХК-ийн захирал Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...“Мт” ХХК нь “Дх” ХХК-ийн охин компани билээ. Мөн “Дх” ХХК-ийн охин компани болох “Дас” ХХК нь “Пс” ХХК-тай хамтран ажиллах хүрээнд ослын тэмдэг, эмийн сан, гэрэлтдэг наалт, тосны шүүр зэргийг нийлүүлэн түүний сүлжээ дэлгүүрээр бараагаа худалдан борлуулдаг байсан. Ингээд явж байгаад сүүлд нь “Пс” ХХК нь тухайн үед “АТ” ХХК, “Пс” ХХК-ийн 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай охин компани байгуулан Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингээд явж байхдаа “Пс” ХХК нь “Дас” ХХК-д нийт 5001008 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. “НК” ХХК, “Пс” ХХК нь нэг компани гэж үзэж байх тул дээрхи төлбөрийн үлдэгдэл болох 5001008 төгрөгийн үлдэгдлийг “Мт” ХХК-ийн авсан шатахууны төлбөрт суутган тооцохыг удаа дараа мэдэгдэж байгаа билээ. Иймд дээрхи төлбөрийн тооцоонд суутган тооцох ёстой гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
“Дх” ХХК-ийн охин компани болох “Дас” ХХК нь “Пс” ХХК-тай хамтран ажиллах хүрээнд ослын тэмдэг, эмийн сан, гэрэлтдэг наалт, тосны шүүр зэргийг нийлүүлэн түүний сүлжээ дэлгүүрээр бараагаа худалдан борлуулсан харилцаанаас үүдэлтэй төлбөрийн үлдэгдэлийн талаархи маргааныг тус иргэний хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хариуцагч дээрхи харилцаанаас үүдсэн маргаанаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн тусдаа бие даасан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчаас “Пс” ХХК, “НК” ХХК, “Пс” ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчийн лавлагааг улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байна гэсэн хүсэлт шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх шатанд гаргасанг шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Иймд шүүх хариуцагч “Мт” ХХК-иас АИ-95 бензин, Дизель түлш, АИ-92 бензин, А-80 бензин, Тос зэрэг шатахууны үнэд 5000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарт олгох үндэстэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагчаас 94950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Мт” ХХК-иас 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “НК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мт” ХХК-иас 94950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “НК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.