Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/164

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бичинхүү,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205035670052 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, *** дүүргийн *** дугаар хороонд үсчин хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод амьдардаг,  Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хорооллын *** дугаар байрны *** тоотод хардалтын улмаас гэрлэлтээ цуцлуулсан эхнэр ***гийн нуруу, ташаа, хөл, гуя хэсэгт цохиж, түүний эрүүл мэндэд ууцны 5-р нугалмын их биеийн далд хугарал, дагзны хуйх, зүүн зулайн хуйханд цус хуралт, баруун нүдний гадна булан, зүүн гарын сарвуу, хэвлий баруун ташаанд цус хуралт, зүүн гуя тахимны хонхорт зулгаралт, баруун хацар, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2010 оны 7 дугаар сарын эхээр *** овогтой *** гэх хүнтэй танилцаад уулзах болсон. 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бид охинтой болсон бөгөөд тухайн жилдээ бид хоёр хуулийн дагуу гэр бүл болсон. 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүүтэй болсон. 2014 оны 6 дугаар сарын сүүлээр *** бид хоёр 2 хүүхдийн хамт тусдаа гарч амьдрах болсон. *** намайг хардсаны улмаас 2015 оны 5 дугаар сарын эхээр гэрлэлтээ цуцлуулаад тусдаа амьдрах болсон. 2017 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн *** дугаар хороо *** хороолол *** дугаар байр *** тоотод хүү, охин хоёрын хамт амьдарч байх үед салсан нөхөр ирээд бид 4 хамт амьдрах болсон. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны орой манай 10 жилийн найзууд уулзсан. Би ***аас асуух үед тэр зөвшөөрсөн. 2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хороо *** хороолол *** дугаар байр *** тоот гэртээ ирэх үед 2 хүүхэд аавынх руу явсан гээд нөхөр *** нь гэртээ ганцаараа байсан. Би түүнд хандаж “чи хүүхэнтэй уулзаад байгаа юм уу” гэж асуух үед “чи өөрөө хаашаа яваад ирж байгаа юм бэ, чи хаана хэнтэй уулзаад яваад байгаа юм бэ, танай ангийнхан 2 цаг гэж тарсан гэж байна. Чамаас үрийн шингэн үнэртээд байна шалгаж үзнэ” гэж хэлээд миний хувцаснаас зулгааж бүх хувцсыг тайлж намайг нүцгэлж байгаад миний нуруу, ташаа, хөл, гуя хэсэг рүү олон удаа өшиглөж, нүүр толгой хэсэг рүү гараараа цохиж үснээс зулгааж байсан аа надад хандаж “чамайг өнөөдөр гүйцээнэ” гэж хэлээд хутга аваад дайрах үед нь би босож гүйгээд жижиг өрөөндөө ороод хаалгаа дарсан. Тэр орж ирэх гээд хаалга цохиод байхаар нь би хаалга онгойлгохгүй байж байгаад цагдаа дуудсан. Хардалтаас болж миний эрүүл мэндэд халдсан. Намайг зодох үедээ *** нь архи согтууруулах ундааны зүйл уусан байсан. Тэгэхдээ биеэ авч явах чадвартай байсан. Өмнө нь 2 удаа зодож байсан, тухайн үед нь өргөдөл гаргаад гомдолгүй гэж хэлээд хаалгуулдаг байсан. Хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр зодож байсан талаар нь болон цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд бүртгүүлж байсан талаараа санахгүй байна.

...Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, гэрээрээ эм авч уусан, энэ талаар баримт надад байна. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12, 14 дэх тал),

2. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Баянгол дүүргийн *** дугаар хороо *** хороолол *** дугаар байр *** тоотод нөхөр зодоод байна гэх дуудлага мэдээлэл 2022 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цаг 10 минутад ирсний дагуу тус тоотод очих үед эхнэр нөхөр 2 гэртээ байсан өөр хүн байхгүй байсан. Би тус айлд орох үед нөхөр хаалга тайлж өгсөн, жижиг өрөөнд эхнэр нь хаалгаа түгжсэн байдалтай уйлсан, доогуур хувцасгүй байсан. Би эхнэр ***тай уулзаж юу болсон талаар асуух үед “манай нөхөр хардаж намайг зодоод болохгүй болохоор нь зугтаж жижиг өрөөндөө орж өрөөг түгжиж цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн. Тэгээд тус эмэгтэйгээс аюулын зэргийн үнэлгээ авч, нөхөр гэх *** гэх залууг Дуулгат 120-д эрүүлжүүлсэн. Нөхөр нь гэх залуу жижиг өрөөний хаалгаа эвдсэн байсан, мөн эхнэрийнхээ дотоожийг ураад, доогуур хувцсыг нь тайлсан байсан. Мөн эхнэр нь уйлж айж сандарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15575 дугаартай “...***-н биед ууцны 5-р нугалмын их биеийн далд хугарал, дагзны хуйх, зүүн зулайн хуйханд цус хуралт, баруун нүдний гадна булан, зүүн гарын сарвуу, хэвлий, баруун ташаанд цус хуралт, зүүн гуя, тахимны хонхорт зулгаралт, баруун хацар, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

4. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр эхнэр арван жилийн уулзалттай байсан учраас шөнийн 4 цагт согтуу ирсэн. Би өөрөө 01 цагт ирээд унтаж байсан. Манай эхнэр орж ирээд агсан тавьж өшиглөж зодсон. Эхлээд өөрийгөө хамгаалах маягтай байсан боловч сүүлдээ зодоон болсон. Хардалтын улмаас зодсон. Гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 58 дахь тал), гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 60 дахь тал), эд хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 61 дэх тал), тээврийн хэрэгсэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заажээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар нарийвчлан зохицуулсан.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч ***, хохирогч *** нар 2010 оноос хамт амьдарч, 2012 онд гэрлэлтээ батлуулсан, гэрлэлтээ 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүхээр цуцлуулж, 2017 оноос энэ хэрэг гарсан 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарсан, дундаасаа хоёр хүүхэдтэй буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь тогтоогдож байна.

Мөн хэрэг гарсан өдөр шүүгдэгч *** нь хохирогч ***г бусадтай хардаж маргалдсан, улмаар хохирогчийн нуруу, ташаа, хөл, гуя хэсэг рүү нь өшиглөж, нүүр толгой хэсэг рүү нь гараараа цохиж, үснээс нь зулгааж зодсон үйл баримт хохирогч ***ы “....Чамаас үрийн шингэн үнэртээд байна шалгаж үзнэ” гэж хэлээд миний хувцаснаас зулгааж бүх хувцсыг тайлж намайг нүцгэлж байгаад миний нуруу, ташаа, хөл, гуя хэсэг рүү олон удаа өшиглөж, нүүр толгой хэсэг рүү гараараа цохиж үснээс зулгааж байсан аа надад хандаж “чамайг өнөөдөр гүйцээнэ” гэж хэлээд хутга аваад дайрах үед нь би босож гүйгээд жижиг өрөөндөө ороод хаалгаа дарсан. ...Өмнө нь 2 удаа зодож байсан, тухайн үед нь өргөдөл гаргаад гомдолгүй гэж хэлээд хаалгуулдаг байсан...” гэх, гэрч ***гийн “...2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** хороолол *** дугаар байр *** тоотод нөхөр зодоод байна гэх дуудлага мэдээлэл 2022 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цаг 10 минутад ирсний дагуу тус тоотод очих үед эхнэр нөхөр 2 гэртээ байсан өөр хүн байхгүй байсан. Би тус айлд орох үед нөхөр хаалга тайлж өгсөн, жижиг өрөөнд эхнэр нь хаалгаа түгжсэн байдалтай уйлсан, доогуур хувцасгүй байсан. Би эхнэр ***тай уулзаж юу болсон талаар асуух үед “манай нөхөр хардаж намайг зодоод болохгүй болохоор нь зугтаж жижиг өрөөн дөө орж өрөөг түгжиж цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн. Тэгээд тус эмэгтэйгээс аюулын зэргийн үнэлгээ авч, нөхөр гэх *** гэх залууг Дуулгат 120-д эрүүлжүүлсэн. Нөхөр нь гэх залуу жижиг өрөөний хаалгаа эвдсэн байсан, мөн эхнэрийнхээ дотоожийг ураад, доогуур хувцсыг нь тайлсан байсан. Мөн эхнэр нь уйлж айж сандарсан байдалтай байсан...” гэх мэдүүлгүүд, аюулын зэргийн үнэлгээ зэргээр нотлогдсон байна.  

Шүүгдэгч ***ын дээрх гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ы эрүүл мэндэд “ууцны 5-р нугалмын их биеийн далд хугарал, дагзны хуйх, зүүн зулайн хуйханд цус хуралт, баруун нүдний гадна булан, зүүн гарын сарвуу, хэвлий, баруун ташаанд цус хуралт, зүүн гуя, тахимны хонхорт зулгаралт, баруун хацар, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарах нь шинжээч эмчийн 15575 дугаартай дүгнэлтээр давхар нотлогджээ.

Иймд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, ...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй…” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ***ын гэрлэлтээ цуцлуулсан боловч 13 жил 2 хүүхдийн эцэг, эх, эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарсан амьдран амьдрагч /эхнэр/-ийнхээ бие махбодод удаа дараа халдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй хууль бус үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь хохирогч ***г өшиглөх, цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 58 дахь тал), гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 60 дахь тал), эд хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 61 дэх тал), тээврийн хэрэгсэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...” хөнгөн ангилалд хамаарч байна.

Иймд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 3400 /гурван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.400.000 /гурван сая, дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Шүүх шүүгдэгч ***ын хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15575 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт хавсаргуулаагүй, “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***т 3400 /гурван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА