Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 00145

 

Монгол улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1979 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, /РД:*/ Асууд овогт Лгийн Сын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс болон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13-р хороо ЗЦХ-ын баруун хойно байрлах “АЭ” ХХК-д холбогдох

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртын * тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн гэрчилгээний 000362826, эрхийн улсын бүртгэлийн Ү-1307000818 дугаарын бүртгэлтэй 40.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 52,563,845,5 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, Э.БЭэ, “АЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс зохион байгуулсан манай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох 1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Спиртийн байрны * тоот орон сууц, 2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баянсуудлын Баянбулаг 2-261 тоот газар, 3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Тайж 5-513 тоот газар зэрэг гэсэн үл хөдлөх хөрөнгүүдийг “АЭ” ХХК-аар үнэлүүлжээ. Тухайн компани нь орон сууцыг зах зээлийн одоогийн үнэ ханшид тулгуурлан судалгаа, харьцуулалт хийж үнэлээгүй, хийгдсэн засварын ажлыг капиталжуулаагүйн улмаас манай орон сууц 52563845,5 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Мөн уг орон сууцны м2 нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрээ зөвхөн ашигтай талбайгаараа 40,5 м2 бичигдсэн байдаг ба бодит м2 нь 61 м2 юм. Тухайн байрны 1-р орцонд яг ижил хэрнээ засваргүй байрнууд 70 болон 75 сая төгрөгөнд зарагдаад удаагүй болно. Үнэлгээг ШШГХэлтсээс зохион байгуулан үнэлгээний компанийг сонгон үнэлгээ хийлгэсэн тул хариуцагчаар татах нь зүйтэй гэж бодож байна. ИХШХШТХ-ийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн оршин байгаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.С шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сонгосон “АЭ” ХХК нь манай орон сууцыг үнэлсэн байгаа. Орон сууцны үнэлгээ нь зах зээлийн бодит ханшинд нийцээгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Спиртийн байр одоогийн зах зээлийн үнэлгээгээр 75000000 төгрөгөөр зарагдаж байгаа. Манай байрны хувьд метр квадрат нь анх гэрчилгээ гарч байсан үеийнх буюу ашигтай талбай гал тогоо, коридор, нойл, ванны өрөө ороогүй. Би 61 метр квадрат гэж бичсэн байгаа. Яг хэмжвэл 67 метр квадрат юм байна лээ. Шийдвэр гүйцэтгэл, үнэлгээний байгууллагаас хүн ирж зураг авч, нарийн хэмждэг юм болов уу гэж бодож байсан боловч тэгээгүй. Мөн манайх 2 жилийн өмнө засвар хийсэн. Засварын зардал гэхэд ажлын хөлс 5000000 төгрөг, материалын зардал 20000000 төгрөг болж байсан. Энэ засварын зардлаа нэмж тооцвол үнэлгээ бүр нэмэгдэж байгаа юм. Тийм болохоор энэ 52563845 төгрөгөөр үнэлсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийнхөө үнэлгээг дэмжиж байгаа. Шийдвэр гүйцэтгэл мэдээж сонгон шалгаруулалтаар үнэлгээний байгууллагаа сонгож байгаа байх. Манай Мандал сумын хувьд үнэлгээний байгууллагыг сонгох боломжгүй ганцхан байгууллага байгаа юм байна. Орон нутагтаа ганц байгаа гэдэг утгаар энэ байгууллагыг сонгосон байх гэж бодож байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Төлбөр төлөгч Л.Сын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 149/ЭГ2018/00168 дугаар эвлэрлийн гэрээг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149/ШЗ2018/01392 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулж Л.Саас 85280000 төгрөг гаргуулж Х.Бд олгохоор шийдвэрлэгдсэн гүйцэтгэх хуудсыг тус хэлтэс нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 19340092 хувийн хэргийн дугаартай төлбөр төлөгч Л.Ст холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч Л.Сын арилжааны банкууд дахь дансыг хааж, Л.Саас төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг авч, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хугацаатай өгсөн. Дансны хасалтаар 1661000 төгрөг төлөгдөж төлбөрийн үлдэгдэл 83619000 төгрөг байна. Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй учраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Л.Сын өмчлөлийн Мандал сум 1 дүгээр баг тайж 5-513 тоотод байрлах, 699  мкв талбайтай * улсын бүртгэлийн дугаартай  өмчлөлийн газрыг * дугаартай битүүмжлэх тогтоолоор 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр,  гуравдагч этгээд Ж.Агийн өмчлөлийн Мандал сум 2 дугаар баг ширхэнцэг, спиртийн 3 дугаар байрны 57 тоотод байрлах * улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг *дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор,  Ж.Агийн өмчлөлийн Мандал сум 3 дугаар баг, баянсуудал, баянбулаг 2 гудамжны 261 тоотод байрлах 4049 мкв талбайтай, * улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг 19340082/09 дугаартай  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус битүүмжлэн төлбөр төлөх хугацаа өгсөн. Битүүмжилсэн эд хөрөнгүүдийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр *, *, *  дугаартай эд хөрөнгө хураах тогтоолуудаар хураан авсан. Талуудаас үнийн санал авахад үнийн санал тохиролцоогүй, зөрсөн тул  2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19340092/14 тоот шинжээч томилох тогтоолоор хураагдсан эд хөрөнгийг үнэлүүлэхээр “АЭ” ХХК-ийн үнэлгээчинг шинжээчээр томилсон. Л.Сын өмчлөлийн Мандал сум 1 дүгээр баг тайж 5-513 тоотод байрлах, 699  мкв талбайтай * улсын бүртгэлийн дугаартай  өмчлөлийн газрыг 4.041.490 төгрөгөөр, Ж.Агийн өмчлөлийн Мандал сум 2 дугаар баг ширхэнцэг, спиртийн 3 дугаар байрны 57 тоотод байрлах Ү1307000818 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 52.563.845 төгрөгөөр, Ж.Агийн өмчлөлийн Мандал сум 3 дугаар баг, баянсуудал, баянбулаг 2 гудамжны 261 тоотод байрлах 4049 мкв талбайтай, * улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг 19.630.975 төгрөгөөр нийт 76236312 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний тайланг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан. Үнэлгээний тайланг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Л.Ст танилцуулж, гуравдагч этгээд Ж.А, болон төлбөр авагч Х.Б нарт шуудангаар хүргүүлэн тэмдэглэлээр баталгаажуулсан.  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 516 дугаар шүүгчийн захирамжаар Л.Ст холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-д заасны дагуу дээрхи эд хөрөнгийг тус хэлтэс нь мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээ нь бодитой үнэлэгдсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар Л.Саас 85280000 төгрөгийг гаргуулах тухай албадан гүйцэтгэх хуудас ирсэн, гүйцэтгэх хуудсыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус хэлтэс хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Л.Ст шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдэл өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас эвлэрлийн гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Л.Сын өмчлөлийн Мандал сумын 1 дүгээр баг Тайж 5-513 тоотод байрлах өмчлөлийн газар, мөн Э.Агийн өмчлөлийн Мандал сумын 2 дугаар баг Ширхэнцэг, спиртийн 3 дугаар байрны №57 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө, Мандал сумын 3 дугаар баг Баянсуудал, Баянбулаг 2 дугаар гудамж 261 тоотод байрлах 4049 метр квадрат талбайтай өмчлөлийн газрыг тус тус битүүмжилж, төлбөр төлөх хугацаа өгсөн. Төлбөр төлөх хугацаа өгсөн боловч төлбөрөө төлөөгүй учраас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эд зүйлийг хураан авч талуудаас үнийн санал авсан. Үнийн санал нь хоорондоо зөрсөн учраас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шинжээч томилох тогтоолоор “АЭ” ХХК-ий үнэлгээчинг шинжээчээр томилсон.  Ингээд шинжээчээр томилсон тайланг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан.  Ж.Агийн өмчлөлийн Мандал сумын 2 дугаар баг Ширхэнцэг, спиртийн 3 дугаар байрны 57 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг 52563845 төгрөгөөр, Ж.Агийн өмчлөлийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудал, Баянбулаг 2 дугаар гудамж 261 тоотод байрлах 4049 метр квадрат талбайтай өмчлөлийн газрыг 19630975 төгрөгөөр, Л.Сын өмчлөлийн Мандал сумын 1 дүгээр баг Тайж 5-513 тоотод байрлах  газрыг 4041490 төгрөгөөр, нийт 76236000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Тэгээд үнэлгээний тайланг төлбөр авагч, төлбөр төлөгч, гуравдагч этгээдэд танилцуулж тэмдэглэлээр баталгаажуулсан боловч Л.С нь үнэлгээнд гомдол гаргасан учраас 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 516 дугаартай шүүгчийн захирамжаар Л.Ст холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа. Уг үнэлгээг мэргэжлийн байгууллагын үнэлгээчнээр гаргуулсан учраас үнэлгээ бодитой гарсан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч “АЭ” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Манай компани нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 79 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.БЭий 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 19340092/14 шинжээч томилох тухай тогтоолын дагуу шинжээчээр томилогдож Ж.Агийн өмчлөлийн орон сууц болон 2 ширхэг газар зэрэгт үнэлгээ тогтоож дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр Ж.Агийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Спиртийн * тоот хаягт байрлах орон сууцыг 52536845.5 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг хийхдээ Үнэлгээний Олон Улсын Стандарт /YOУС/-ын дагуу орлогын хандлага, өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын арга зэрэг хандлагууд болон Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаал /Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ/ бусад хууль тогтоомжийг ашигласан болно. Дээрхи 3 аргаар үнэлгээг тооцоход дараах байдалтай болсон бөгөөд орлогын хандлагын арга болон зах зээлийн хандлагын аргуудад ач холбогдлын хувийг өгч эцсийн дүнг тооцсон. Үүнд:

1. Орлогын хандлагын арга 55,895,992.6 төгрөг, ач холбогдол 60%, үнэлгээний дүн 33,537,595.5 төгрөг

2. Зардлын хандлагын арга 9,016,609.5 төгрөг, ач холбогдол 0%, үнэлгээний дүн-

3. Жишиг хандлагын арга 47,565,625 төгрөг, ач холбогдол 40 %, үнэлгээний дүн 19,026,250 төгрөг

4. Үнэлгээний дүн ач холбогдол 100% үнэлгээний дүн 52,563,845.5 төгрөг гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Манай компаний хувьд хэлэхэд: Ж.Агийн өмчлөлийн Мандал сумын 2 дугаар баг Ширхэнцэг, спиртийн 3 дугаар байрны 57 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн байгаа. Манайх хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр хэдэн мкв гэж заасан байна тэр заасан хэмжээний дагуу тогтоох ёстой. Тэр байдлаараа үнэлгээ тогтоосон. Уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш нь 52563000 төгрөг гэж үнэлэгдсэн. Метр квадрат нь хуваахаар 1300000 төгрөг болсон. Дээр нь спиртийн байр ашиглалтын хугацаа дууссан байр байгаа. Бид үнэлгээ тогтоохдоо маш олон аргаар бодсон. Орлогын аргаар, зах зээлийн аргаар нь бодсон. Бид ашиглалтын хугацаа дууссан байрыг тооцоод үзэхэд 9 сая гаран төгрөгөөр үнэлэх ёстой байсан. Харин бид зах зээлийн үнэ ханшинд тулгуурлан судалгаа хийсний үндсэн дээр 52563000 төгрөг болсон байгаа. Дээрээс нь 61 метр квадрат гэдэг бол үндэслэлгүй. Бид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр байгаа метр квадратын үнэлгээг тогтоосон. Тэрнээс илүү метр квадрат тогтоох эрх бидэнд байхгүй гэжээ.

  Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.С нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс болон “АЭ” ХХК-д холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртын * тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн гэрчилгээний 000362826, эрхийн улсын бүртгэлийн Ү-1307000818 дугаарын бүртгэлтэй 40.5 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 52563845,5 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр Л.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 149/ЭГ2018/00168 дугаар эдлэрлийн гэрээг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149/шз2018/01392 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулж Л.Саас 85280000 төгрөг гаргуулж Х.Бд олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.С нь орон сууцыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн, мөн уг орон сууцны м2 нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрээ зөвхөн ашигтай талбайгаараа 40,5 м2 гэж бичигдсэн байдаг ба бодит м2 нь 61 м2 юм. Тухайн байрны 1-р орцонд яг ижил хэрнээ засваргүй байрнууд 70 болон 75 сая төгрөгөнд зарагдаад удаагүй байгаа гэж өөрийн шаардлага, үндэслэлийг тайлбарлажээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс Л.Сын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Тайж 5-513 тоотод байрлах, 699 м2 талбайтай Г1307006128 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг 19340092/06 дугаартай битүүмжлэх тогтоолоор 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, мөн нөхөр Ж.Агийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртын * тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн гэрчилгээний 000362826, эрхийн улсын бүртгэлийн Ү-1307000818 дугаарын бүртгэлтэй 40.5 м2 талбайтай 3 өрөө орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг 19340092/08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, Ж.Агийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудал, Баянбулаг 2 дугаар гудамжны 261 тоотод байрлах 4049 м2 талбайтай Г1307002924 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг 19340082/09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр тус тус битүүмжилж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 19340092/11, 19340092/12, 19340092/13 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудаар хураажээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “АЭ” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу шинжээч нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дүгнэлтээ гаргасан байх ба орон сууцыг 52563845 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болохыг тогтоожээ.

Нэхэмжлэгч тал нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртын * тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1307000818 дугаарын бүртгэлтэй 40.5 м2 талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг одоогийн зах зээлийн үнэ ханшинд тулгуурлан судалгаа, харьцуулалт хийж үнэлээгүй, хийгдсэн засварын ажлыг капиталжуулаагүйн улмаас 52563845,5 төгрөгөөр доогуур үнэлсэн, тухайн байрны 1 ба 4 дүгээр орцонд яг ижил бөгөөд засваргүй байрнууд 70000000-75000000 төгрөгөөр зарагдсан хэмээн тайлбарлаж байх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй болно.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилсон үйл баримт тогтоогдож байна.

Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19340092/14 тоот тогтоолоор “АЭ” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл “Хөрөнгө үнэлэх”, 55 дугаар зүйлийн 55.2-д “ дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ”, 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж тус тус заасан заасантай нийцэж байна гэж дүгнэлээ.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан дэс дараалал, үе шаттайгаар явагдсан байх тул нэхэмжлэгч Л.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 516 дугаартай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх” тухай шүүгчийн захирамжаар Л.Ст холбогдох үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн ба энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц дээрхи үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах нь зүйтэйг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртын * тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн гэрчилгээний *, эрхийн улсын бүртгэлийн * дугаарын бүртгэлтэй 40.5 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 52563845,5 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлүүлэх тухай Л.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Л.Ст холбогдох үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.            

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.