Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/173

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 2211021100157 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, шашны байгууллагад бичээч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоотод түр оршин суудаг, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Тоёота Харер маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч ***г зодож түүний биед хамар яс болон хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ. 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч БНХАУ-ын иргэн ***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр *** гэх эмэгтэйн нөхөр болох *** нь намайг эхнэртэй нь хамт зочид буудалд орлоо гэх шалтгаанаар намайг машинд хүчээр хойд талын суудал дээр суулгаад чи яах гэж манай эхнэрийг буудалд дуудсан юм бэ гэж хэлээд уурлаж бухимдаж байгаад миний зүүн талын нүд хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод дараа нь миний хамар хэсэг рүү 2-3 удаа гараараа цохих үед миний хамраас их хэмжээний цус гарсан. Тэр үед цохиулснаасаа болоод миний толгой өвдөөд миний ухаан санаа орж гараад байсан. Ингээд миний биед учирсан байгаа гэмтлүүдийг *** нь миний биед халдаж дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг надад учруулсан. ...Миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55, 58-59 дэх тал),

2. Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед оношлогч аппаратад орно гээд Найрамдал эмнэлэг дээр очсон. Тэгээд *** эмчийн 2 давхарт байх өрөөнд ортол *** эмч “сайн уу *** чи хүрээд ирэв үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмчээс “аппаратад орох төлбөрөө төлчихсөн заавал тэр аппаратад орох хэрэгтэй юу” гэж асуусан. Тэгсэн мөнгийг нь төлсөн юм бол оношлогч аппаратад орчих. Ойролцоогоор 1 цаг орчим болно. Дуусаад гараад ирээрэй, би чам руу мессеж бичье, чи дэлгүүрээс бариа хийх тос, нэг удаагийн бээлий зэргийг аваад ирээрэй. Биеийн юм чинь хэзээ ирсэн бэ, хүүхдийг чинь харах хүн байгаа юу гэх зэргээр асуусан. 14 цаг 50 минут гэж оношлогч аппаратаас гарахад над руу *** эмч *** дугаараасаа миний *** дугаар руу “эм тос юу ч хэрэггүй авчихлаа, 10 хороолол, туслах зам дагуу Голомт банк тулаад Солонгос ресторан *** тоот” гэсэн мессеж явуулсан. Тухайн үед би нөхөр *** луу залгаад яах уу гэж асуухад манай нөхөр *** “яах юу байхав очиж эмчилгээгээ хийлгэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Солонгос ресторан гэсэн бичигтэй газар луу явж ороод 202 тоот хаана юм бэ гэж ресефшин эмэгтэйгээс асуухад “зочид буудал шүү дээ”  гэж хэлсэн. Би хажуу талынх нь хаалгаар ороод 202 тоот хаалгыг тогшсон *** эмч саарал дотуур өмдтэй, саарал футболктой хаалга онгойлгоод “Манай *** ямар хурдан олоод ирэв ээ” гээд инээгээд уриалагхан угтаж авсан. Тэгээд *** эмч “Би чамайг эдгээнэ, эмчилнэ, тийм учраас чи надтай харьцаатай байх хэрэгтэй. Би чамайг эмчилж байгаа юм чинь хоёулаа хааяа уулздаг харьцаатай байна. Гуравдагч этгээд мэдэх ёсгүй” гэж хэлээд миний чигчий хуруу, эрхий хуруу хоёрыг өөрийнхөө гарын чигчий хуруу, эрхий хуруутай нийлүүлсэн. ...Тэгээд би *** эмчээс айгаад эвгүй зүйл болох гээд байна гэж бодоод буудлын өрөөний өлгүүр хэсэгт очоод утсаа гаргаж ирэн “нөхөртэйгөө яриадахъя” гэж хэлэхэд тэр эмч “чи өнөөдөр бүтэн завтай биз дээ” гэж асуухаар нь “үгүй ээ манай нөхөр хүүхдийг маань харж байгаа” гэж хэлсэн. Тэгсэн *** эмч “чи нөхөртөө 2 цаг болно гээд л хэлчих” гэж хэлэхээр нь гялс хувцсаа аваад буудлын өрөөнөөс гарч явсан. Тэгээд зогсоол дээр байсан машинаа унаад нөхөр лүүгээ залган “*** эмч надтай уулздаг байя, бараг энд надтай унтах гэж дуудсан юм шиг байна аа” гэж уйлаад болсон зүйлээ хэлсэн.  Тэгсэн манай нөхөр болгоомжтой машинаа бариад гэртээ хүрээд ир гэсэн. Би гэртээ ирээд нөхөртэй болсон зүйлийг дэлгэрэнгүй ярьтал манай нөхөр уурлаад ...бид гурав гэрээсээ гараад нөгөө буудлын өрөө орсон. ...Манай нөхөр *** “эмнэлэг рүү чинь орж асуудлыг чинь хэлж чамайг онигоо болгоно” гэж хэлсэн. Тэгсэн *** эмч “битгий л дээ ахын дүү ахыгаа уучлаач ийм юм болно гэж ёстой мэдсэнгүй, хөгшин төгцөг би нээрээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр *** эмчийг машин руугаа чихэж суулган *** эмчийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-80 дахь тал),

3. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 3273 дугаартай “хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 119-120 дахь тал),

4. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1490 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 124-126 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6267 дугаартай: “.../***/ ***гийн биед хамар яс болон хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 93-94 дэх тал),

6. Шинжээч эмч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан № 6267 дугаартай дүгнэлт үнэн зөв. Эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд гэмтлүүд бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. КТГ шинжилгээгээр илэрсэн өөрчлөлтүүдээс шинэ гэмтлүүдийг нь дүгнэлтэд тусгасан ба хуучин гэмтлүүдийг нь дүгнэлтэд тусгаагүй. Хамар ясны хуучин хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанаас 3-аас дээш 7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн хөнгөн зэргийн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн буюу цохих цохигдох үед үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дахь тал),

7. Шүүгдэгч ***ын Баянгол дүүргийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 151 дэх тал),

8. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** гэх хүнийг цохиж биед нь халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 137-138 дахь тал),  

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай эхнэрийг эмчлэн гээд өөр газар дуудсан. Тэр газар нь буудал байсан. Манай эхнэр тухайн буудлаас гарч зугтааж, надад хэлэхээр нь би очиж маргалдаж хамар тус газар нь нэг удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр *** нь 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн ба бид хоёр гэр бүл болоод 4 жил орчим болж байна. Дундаасаа нэг хүүхэдтэй. *** эцэг эхээсээ хоёулаа. Төрсөн дүү *** нь ОХУ-д ажиллаж амьдарч байгаа. ***ын төрсөн эх *** нь Одод цэцэрлэгт эрхлэгч хийдэг. Төрсөн эцэг *** нь барилгын компанид хувиараа ажилладаг. *** нь өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Гэр бүлийн байдал тогтвортой, хүмүүжил хэвийн, хэл ярианы болон сэтгэцийн ямар нэг эмгэг байхгүй. Биеэ илэрхийлэх чадвартай. Зан аашны хувьд тогтвортой, уурлаж уцаарлаж янз бүрийн ааш гаргаад байдаггүй. Архи дарс болон тамхи хэрэглэдэггүй. Янз бүрийн муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 139 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 140 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 141 дэх тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 142 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 143 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 144 дэх тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 145 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 146 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 147 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч БНХАУ-ын иргэн ***г зодож, түүнд хамар яс болон хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Энэ нь хохирогч БНХАУ-ын иргэн ***, гэрч Б.***ын нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6267 дугаартай дүгнэлт, шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд хохирогч БНХАУ-ын иргэн ***н эрүүл мэндэд хамар яс болон хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 6267 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч БНХАУ-ын иргэн ***н эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ***ын хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 151 дэх тал)  

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 152-153 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлыг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.      

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан. 

Иймд шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч БНХАУ-ын иргэн ***н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6267 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэргийн 55 дахь талд “...Миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байна.

Иймд шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7, 8, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч БНХАУ-ын иргэн *** нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй бөгөөд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА