Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

Шүүгдэгч/хохирогч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***, *** нарт холбогдох эрүүгийн 2205034750195 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *** дүгээр хэсэг гудамж ***-р байр *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байр, *** тоотыг түрээслэн амьдарч байгаа, (РД:***) урьд ял шийтгэлгүй, ***.

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн *** мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *** дүгээр баг, *** дугаар хэсэг гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод ахындаа байгаа, (РД:***), урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: 2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баарны гадна ***, *** нар үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч *** нь ***ийн биед дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, дээд уруулд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч *** нь ***ын биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун нүдний зовхинд зулгаралт, эрүү, баруун тохой, баруун гарын сарвуу, баруун шуу, баруун хөхөнд зулгаралт, баруун болон зүүн мөр, зүүн дал, зүүн бугалга, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***, *** нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй баарны гадаа шатан дээр 1 цаг өнгөрч байх үед ***тай маргалдаад байж байтал *** хэрүүл хийж байгаад намайг үстээд авахаар нь би эргүүлж үстэж аваад харилцан цохилцоод зууралдаад шатны уруу өнхөрч унаад байж байтал *** намайг газраас босох гээд хэвтэж байтал хөл хэсэг рүү өшиглөөд хүмүүс салгаад больсон ба ***ийн эгч гээд эмэгтэй удалгүй ирсэн. Эгч нь ирээд мөн хэрэлдэж байтал *** над руу дайраад байсан. Эгч нь намайг түлхээд газар унагаасан чинь *** миний толгой болон бөөр нуруу хэсэг өшиглөсөн. Тэгээд эгч нь цаашаа аваад явсан өгсөн. Миний биед учирсан гэмтлүүдийг *** учруулсан бөгөөд намайг ***ийн эгч нь түлхэж унагаах үед бол учирсан гэмтэл байхгүй. *** бид хоёрын хажууд *** гэж найз эгч байсан. *** тухайн хэрүүл маргаанд оролцоогүй бөгөөд болиоч гээд бид хоёрын маргааныг болиулах гээд байсан. Анх *** над руу уурлахдаа “миний гадуур хувцас яагаад газар байгаа юм” гэхээр нь би мэдэхгүй байна гэсэн чинь “пизда минь гээд” уурлаад гараад явчихаар араас нь яасан юм бэ гээд цамцны малгайнаас татсан чинь үс нь цуг татагдсан юм шиг байна лээ, тэгсэн чинь намайг чи үстэж авсан гэж нэмж уурлаад баарнаас дагуулаад гадаа гарсан ба улмаар шатан дээр зогсоод маргалдаж байтал гэнэт намайг уурандаа үстэж аваад энэ асуудал үүссэн. ***ийн гадуур хувцас газар унасан талаар би мэдэхгүй бүгдээрээ цуг бааранд ороод бүжиглэж л байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Хохирогч, шүүгдэгчээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

2. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Баянгол дүүрэг *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй бааранд зүс таних *** эгч, найз *** нартай хамт бааранд ороод бүжиглэж байгаад 30 минут болоод би явлаа гээд явах гэтэл найз *** хамт явъя гэсэн чинь *** эгч дараа уулзана шүү дээ зүгээрээ гэхээр нь би гадуур хувцсаа аваад гарах гэтэл миний гадуур хувцас сандлын ард хэвтэж байхаар нь *** дээр очоод миний гадуур хувцас яагаад газар байгаа юм би явлаа гэсэн чинь *** “тэгээд би яасан юм, миний буруу юм уу” гээд байхаар нь явах гэтэл араас *** намайг үстээд авахаар нь би ***тай хамт баарны гадна талд гараад ***тай шатан дээр зогсож байгаад ***ыг дуудаад хоёулаа ярилцъя гэсэн чинь *** үгүй гээд байхаар нь гараас нь татсан чинь миний нүүр лүү утсаараа 2-3 удаа цохиод авсан. Би ***ыг зөрүүлээд үстсэн чинь намайг эргүүлж шат руу түлхэхэд бид хоёр шат руу хамт унасан. Бид хоёрыг баарны хамгаалагч салгах гэсэн боловч амжаагүй. Тэгээд шатны уруу унаад байж байтал манай найз Отгонбаяр гадаа ирсэн байж таараад дундуур орж болиулсан. Би ах, эгч 2 болон *** гээд найзыгаа дуудсан. Удалгүй бэр эгч *** ирээд *** руу яагаад хүүхдийн нүүр ам ийм болгож байгаа юм гэсэн чинь *** над руу харснаа чамаас уучлалт гуйсан биз дээ гэхээр нь би уур хүрээд ***ын нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон чинь эргүүлээд намайг нэг удаа цохисон бөгөөд энэ үед бэр эгч ***, ***ыг болиулаад хойш түлхсэн чинь газар унасан. Унахаар нь очоод нуруу хэсэг рүү нь би хоёр удаа өшиглөсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

Хохирогч, шүүгдэгчээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14090 дугаартай “...***ын биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун нүдний зовхинд зулгаралт, эрүү, баруун тохой, баруун гарын сарвуу, баруун шуу, баруун хөхөнд зулгаралт, баруун болон зүүн мөр, зүүн дал, зүүн бугалга, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14036 дугаар “...***ийн биед дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

5. Шинжээч эмч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шат руу унах цохих үед аль аль үед нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

6. Шинжээч эмч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд урвуу олон дахин өнхөрч унах үед үүсэх боломжтой. Зулайн хуйхны 4х1 см талбайд үс шингэрсэн нь шатны урвуу унах үед үүсэх ба дүгнэлтийн хэсэгт тусгагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

7. Шүүгдэгч ***ийн Баянгол дүүргийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 89 дэх тал),

8. Шүүгдэгч ***ын Баянгол дүүргийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 90 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч нар хэрэг учрал болсон өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас бие хянах чадваргүй болж, улмаар маргалдан харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дэх тал),

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 76 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 77 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 78 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 79 дэх тал), бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 80-81 дэх тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 82 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх эдгээр нотлох баримтуудад үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 33-34, 35-36 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ***, *** нар нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баарны гадна ***, *** нар үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч *** нь ***ийг шат руу түлхэж, гараараа цохих зэргээр зодож биед нь дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, дээд уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *** нь ***ыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож цохисны улмаас биед нь хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун нүдний зовхинд зулгаралт, эрүү, баруун тохой, баруун гарын сарвуу, баруун шуу, баруун хөхөнд зулгаралт, баруун болон зүүн мөр, зүүн дал, зүүн бугалга, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Энэ нь шүүгдэгч ***, *** нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 14090, 14036 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Шүүгдэгч ***ын үйлдлийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд “дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, дээд уруулд цус хуралт” бүхий гэмтэл учирсан, шүүгдэгч ***ийн үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд “хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун нүдний зовхинд зулгаралт, эрүү, баруун тохой, баруун гарын сарвуу, баруун шуу, баруун хөхөнд зулгаралт, баруун болон зүүн мөр, зүүн дал, зүүн бугалга, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт” бүхий гэмтэл учирсан, эдгээр нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын 14090, 14036 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь тэдгээрийн харилцан зодолдсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор  үүссэн байна.

Шүүгдэгч нарын хэн хэн нь үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандсан, харилцан бие биеэ цохиж зодоход эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдэж хүсэж үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ***, *** нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч ***, *** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтүүдийг гаргасан байна.(хавтаст хэргийн 89, 90 дэх тал)

Уг хүсэлтүүдийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 93 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***, *** нарт танилцуулсныг тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***, *** нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.     

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан. 

Иймд шүүгдэгч ***, *** нар нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Хохирогч ***, *** нар нь харилцан бие биеэсээ хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч ***, *** нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7, 8, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***, *** нарт сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй бөгөөд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА