Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/193

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнзаяа,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0611/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2205010990123 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл 2, эгчийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар хороолол, *** гудамж, *** дугаар байр, *** тоотод оршин суух, /РД:***/, урьд

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялын хугацаа дуусаж суллагдсан, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр “***”-ийн урд талд байрлах “Түргэн үйлчилгээний цэг”-ийг налуулж, байрлуулсан хохирогч ***ийн эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий “***” загварын ягаан өнгөтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн орчимд би Баянгол дүүргийн *** дугаар хороо *** төвийн урд талд байрлах Унадаг дугуйн дэлгүүрийн хажууд байрлах Түргэн үйлчилгээний цэг дээр өөрийн дугуйгаа налуулж үлдээгээд өөрийн ажил болох унадаг дугуйны дэлгүүрээс дугуйгаа гаргаж улмаар зарах дугуйгаа гаргаж дуусаад би өөрийн унадаг дугуйгаа хураах гэтэл миний унадаг дугуй алдагдсан байсан улмаар би цагдаагийн байгуулагд хандсан. Цул ягаан өнгийн унадаг дугуй байсан. ...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, тухайн үед би унадаг дугуйгаа алдаад буцаагаад олж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19, 23-25 дахь тал),

2. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өөрийн гэр болох Хан-Уул дүүрэг *** дүгээр хороо *** тоотод байж байсан. Тухайн өдөр би ажлаасаа чөлөө авчихсан гэртээ амраад байж байсан. 16 цагийн орчимд дэлгүүр гарах шаардлагатай болчхоод гэрээсээ дөнгөж гараад орцныхоо гадаа зогсож байтал надаас холгүй үл таних залуу унадаг дугуй зарна гээд зогсож байсан. Би тухайн үед тэр залуу дээр очоод ямар учиртай дугуй гарал үүслийг нь асуухад нэг л сэжигтэй байсан. Тухайн эрэгтэй нэг л сэжигтэй байхаар нь бичиг баримтын хурааж аваад түр саатуулаад байж байтал тэр залуу гүйгээд алга болчихсон. Тэгээд хажууханд байсан хэдэн хүүхдүүд ирсэн ээ ах аа наад дугуй чинь facebook хаяг дээр алдагдсан гээд явж байсан гэхээр тэр зарыг олоод эзэнтэй нь холбогдоод дугуйг чинь олсон гэж мэдэгдээд цагдаагийн байгууллага дуудаад зугтсан залуугийн бичиг баримтыг хүлээлгэн өгөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-37, 40-41 дэх тал),

3. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-922/3399 дугаартай шинжээчийн: “Merida загварын унадаг дугуй-800.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-49 дэх тал),

4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 56-61 дэх тал),

5. Прокурорын “...хохирогч ***ийн *** дугаарын утас руу холбогдоход “алдсан унадаг дугуйгаа бүрэн бүтэн олж авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй, ***д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй” гэж хэлснийг тэмдэглэл болгон бичив” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 111 дэх тал),

6. Шүүгдэгч ***өөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 110 дахь тал),

7. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байсан ба тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ийн урд талаас 1 ширхэг унадаг дугуй хулгайлсан. Тухайн унадаг дугуйг авсан өдөр би хүнд баригдаж тухайн унадаг дугуйгаа өгсөн. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, бусдын эд зүйлийг дураараа авч болохгүй гэдгийг би ухамсарлан ойлгосон. Гансүхэд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлт хэвээрээ байгаа...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 83 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 84 дэх тал),  иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 85 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 86 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай албан тоот (хавтаст хэргийн 87 дахь тал), нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн мэдээлэл байхгүй тухай албан тоот (хавтаст хэргийн 88 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89 дэх тал), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 91-95, 98-105 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***өөс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 30-33 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***, гэрч ***, шүүгдэгч нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-922/3399 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “***”-ийн урд талд байрлах “Түргэн үйлчилгээний цэг”-ийг налуулж, байрлуулсан хохирогч ***ийн эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий “***” загварын ягаан өнгөтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ***ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

Мөн хохирогч ***д 800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдсон.  

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.  

Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 110 дахь тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 112-113 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг ***, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарт танилцуулсныг *** хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***эд 800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтас хэргийн 24 дэх талд хохирогч нь “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, тухайн үед би унадаг дугуйгаа алдаад буцааж олж авсан...” гэж мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***өөс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7, 8, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 720 /долоон зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй бөгөөд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА