Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/196

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000152 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “***” ХХК-нд шланк угсралтын мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 2, найз охины хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** хорооллын *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** дугаар байрны *** тоотод ***тай үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, газарт унасан үед нь дээрээс нь дэвсэж, өшиглөн эрүүл мэндэд нь дагз, зүүн дал, шуунд зулгаралт, зүүн зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, гэрэл зургууд (хавтаст хэргийн 2-4 дэх тал),

2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...*** овогтой *** гэх хүнтэй 2015 оны эхээр танилцаж байсан бөгөөд энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уулзаж үерхэх болсон. Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** дугаар байр *** тоотод бид хоёр сүүлийн 3 жил хамт амьдарч байгаа. 2023 оны 1 дүгээр сарын 17-ны орой ажлаасаа тараад шөнийн 22 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** хороолол *** дугаар байр *** тоот гэртээ ирэх үед найз залуу *** гэртээ ганцаараа байсан. Тэр надад хандаж архи согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад маргаж эхэлсэн. *** нь надтай маргаж байх үедээ надад авч өгсөн бэлгийн талаар яриад хэрүүл хийгээд байхаар нь түүний авч өгсөн зүйлийг түүний өөдөөс шидсэн. Энэ үед *** нь уурлаж босож ирээд гартаа барьсан удирдлагаа над руу шидэх үед миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү оносон. Энэ үед тэр намайг барьж аваад миний толгойны зүүн хэсэг болон зүүн шанаа, хацар хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Би түүнийг өөрөөсөө түлхэж холдуулаад алгадах үед тэр намайг түлхэж унагаагаад миний нуруу, толгой хэсэг дээр хөлөөрөө дэвсэж эхэлсэн. Тэр намайг зодож байснаа болиод надтай хэрүүл хийж эхэлсэн. Хэрүүл хийж байх үедээ *** нь гал тогооны өрөөнд орж заазуур аваад надад хандаж “чи намайг энэ заазуураар зүсээд өг” гэж хэлээд гартаа барьсан заазуураа миний гарт хүчээр бариулах гээд байхаар нь би түүнийг аргадаж заазуурыг нь гараас нь авч гал тогооны шүүгээ рүү буцааж хийсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гараад явсан. Энэ өдрөөс хойш бид хоёр уулзаагүй байгаа. Би одоо ээжийн гэрт амьдарч байгаа. Толгойн зүүн тал хавдсан, зүүн шанаа, хацар хөхөрч хавдсан байдалтай байна. Огцом хөдөлгөөн хийх үед толгойны зүүн тал лугшиж өвдөж байна. Нуруу хэсэг зулгарч улайсан, зүүн хөлийн шилбэний дунд хэсэг хөхөрч хавдсан, зүүн гарын шууны гадна хэсгийн дунд талд хавдаж хөхөрсөн байна. *** гэх хүний гаргасан үйлдэл нь анх удаагийн үйлдэл, өмнө нь маргаж байсан боловч зодож байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1648 дугаартай “...***т дагз, зүүн дал, шуунд зулгаралт, зүүн зовхи, хацарт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

4. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн үед ажлаа тараад Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** хорооллын *** дугаар байр *** тоот гэртээ ирэх үед найз эмэгтэй *** гэртээ ирээгүй гэр эзгүй байсан. Удалгүй найз эмэгтэй *** гэртээ ирсэн. Би ***т хандаж “унтах гэсэн юм аа, чи ороо засчих” гэж хэлсэн чинь “чи өөрөө зас гэж хэлсэн” би ядарч байсан учир түүнтэй хэрүүл хийсэн. Хэрүүл хийж байсан чинь *** нь гартаа барьсан гар утсаа над руу шидэх үед утас нь миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү оносон. Миний дургүй хүрээд түүн дээр очоод нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадах үед тэр уурлаж надад хандаж “чи номхон зогсож байгаад надад алгадуулах хэрэгтэй” гэж хэлээд миний зүүн нүд рүү цохих үед би түүнийг алгадсан. Тэр хөлөөрөө өшиглөөд нүүр лүү цохиж, алгадаж, маажаад байсан. Энэ үед би түүнийг цааш түлхэж нуруу хэсэг дээр нь нэг удаа алгахад үед тэр уйлаад надад хандаж “чамд цагдаагийн чадлаа гаргана” гэхээр нь би гал тогооны шүүгээнд байх заазуур авч түүний гарт бариулаад намайг одоо алчих гэж хэлсэн чинь тэр гартаа барьсан заазуураа гал тогооны саванд буцааж хийгээд гараад явсан. Би найз эмэгтэй ***тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Энэ хэргийг хурдан хугацаанд шийдүүлэх хүсэлтэй байна. Миний биеийн байдал зүгээр байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж шийдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 35 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 36 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 37 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 38 дахь тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 39 дэх тал), байнга оршин суух хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 40 дэх тал), гагнуурчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 41, 43 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 46-47 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 29 дүгээр хороо Өнөр хотхоны 45 дугаар байрны 78 тоот гэртээ ***тай үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, газарт унасан үед нь дээрээс нь дэвсэж, өшиглөн зодож, үүний улмаас ***ын эрүүл мэндэд хөнгөн зэрэгт хамаарах дагз, зүүн дал, шуунд зулгаралт, зүүн зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна. 

Хэргийн дээрх үйл баримт нь хохирогч ***ын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, гэрэл зургууд, хохирогч ***ын “...2023 оны 1 дүгээр сарын 17-ны орой ажлаасаа тараад шөнийн 22 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** хороолол *** дугаар байр *** тоот гэртээ ирэх үед найз залуу *** гэртээ ганцаараа байсан. ...Бид хоёр юм ярьж байгаад маргаж эхэлсэн. *** нь надтай маргаж байх үедээ надад авч өгсөн бэлгийн талаар яриад хэрүүл хийгээд байхаар нь түүний авч өгсөн зүйлийг түүний өөдөөс шидсэн. Энэ үед *** нь уурлаж босож ирээд гартаа барьсан удирдлагаа над руу шидэх үед миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү оносон. Энэ үед тэр намайг барьж аваад миний толгойны зүүн хэсэг болон зүүн шанаа, хацар хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Би түүнийг өөрөөсөө түлхэж холдуулаад алгадах үед тэр намайг түлхэж унагаагаад миний нуруу, толгой хэсэг дээр хөлөөрөө дэвсэж эхэлсэн. Тэр намайг зодож байснаа болиод надтай хэрүүл хийж эхэлсэн...” гэх, шүүгдэгч ***ийн “...Би ***т хандаж “унтах гэсэн юм аа, чи ороо засчих” гэж хэлсэн чинь “чи өөрөө зас гэж хэлсэн” би ядарч байсан учир түүнтэй хэрүүл хийсэн. Хэрүүл хийж байсан чинь *** нь гартаа барьсан гар утсаа над руу шидэх үед утас нь миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү оносон. Миний дургүй хүрээд түүн дээр очоод нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадах үед тэр уурлаж надад хандаж “чи номхон зогсож байгаад надад алгадуулах хэрэгтэй” гэж хэлээд миний зүүн нүд рүү цохих үед би түүнийг алгадсан...” гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн агуулгын зөрүүгүй мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1648 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч ***ын биед учирсан дагз, зүүн дал, шуунд зулгаралт, зүүн зовхи, хацарт цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 1648 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ***ийн хохирогчийг нүүр, толгой, нуруу хэсэг рүү нь цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Тухайн гэмт хэрэг хохирогч, шүүгдэгч нарын хоорондын таарамжгүй харьцаа, үл ялих зүйлээс болж маргалдсан нөхцөл байдлаас үүдэж гарсан байх ба тэдгээр нь урьд өмнө хэн хэнийхээ эрх ашгийг зөрчсөн гэж үзэх буюу бие махбод, сэтгэл санаа, бэлгийн, эдийн засгийн дарамтад байлгаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, үйлдэж байсан гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул  прокуророос шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзаж, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1648 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг бичгээр гарган өгсөн (хавтаст хэргийн 50 дахь тал) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 47 дугаар захирамжаар шүүгдэгч ***т авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА