Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0172

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

            “Гэ” СӨХ, Н.Б,

Г.Ч, Г.Д нарын нэхэмжлэлтэй

               захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Д.Э

Нэхэмжлэгч: “Гэ” СӨХ, Н.Б, Г.Ч, Г.Д

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Д.Э, Г.Т

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 991 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, гуравдагч этгээд Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0560/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 991 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.4, 21 дүгээр зүйлийн 21.2, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Гэ” СӨХ, Н.Б, Г.Ч, Г.Д нараас Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 457 дугаар захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн Г-220300*** дугаарт бүртгэлтэй 000528**** дугаартай Г.Т-гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг, Г-2203002**** дугаар бүртгэлтэй, 000363**** дугаар гэрчилгээтэй Д.Э-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож”, 3 дахь заалтаар: Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Гэ” СӨХ, Н.Б, Г.Ч, Г.Д нараас Хот байгуулалт, хотын стандартын газар /шинэ нэрээр/-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 54** дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавраар батлагдсан архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлэлгүйгээр орхигдуулж шийдвэрлэсэн нь хууль бус.

            Анх тус байруудад өөрсдийн байр орон сууцыг худалдан авсан оршин суугчидад гүйцэтгэгч, уг байрыг бариулсан нь иргэн Д.Э, түүний эхнэр “Д” ХХК-ийн захирал Т.О, мөн БНХАУ-ын иргэн Л** гэх этгээдүүд энэ 2 барилгын ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах Су** дэлгүүр байгаа газарт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, мөн 97 айл өрхөд зориулсан авто зогсоолыг өргөтгөж хийнэ гэж зураг төсөл нь гарсан мэтээр ойлгуулж, орон сууцыг оршин суугч нарт худалдан авах шалтгааныг тайлбарлан ойлгуулж худалдан авсан байдаг. Өнөөдрийн нөхцөл байдал дээр уг хоёр байранд 97 айл өрх амьдарч байгаа бөгөөд 20 машин хүрэхгүй, давхарлаж тавьдаг авто зогсоол байдаг. Түүнчлэн ногоон байгууламж огт баригдаагүй, хүүхэд тоглох, салхилуулах талбай үгүй өнөөдрийг хүрсэн байдалтай байна.

            Гэтэл 3**, 23*** байрны газартай хил залгаа байрлах барилгуудыг СӨХ-ын эзэмшил, ашиглалтанд огт шилжүүлж өгөөгүй, өнөөдрийн байдлаар авто зогсоол байршиж байгаа газрыг хүртэл уг байрыг барьсан газрын эзэд нь өөрсдийн нэр дээр байлгаж, СӨХ-ын мэдлийн газар үгүй үйл ажиллагаа явуулж байна. СӨХ-ын хариуцдаг 2 орон сууцны баруун талд байрлах нэгж талбарын 1461502*** дугаартай 433м2, одоо авто зогсоол байгаа нэгж талбарын 1461502*** дугаартай 345м2 газарт иргэн Д.Э буюу “Д” ХХК нь “Т” ХХК-тай хамтран 10 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын ажил эхлүүлэхээр төлөвлөж, хашаа барьсан байдалтай байна.

            Тус 10 давхар барилгыг барихаар төлөвлөсөн газар нь СӨХ-ын эзэмшлийн газар болох байтал өнөөдрийг хүртэл өгөхгүй, өөрсдийн нэр дээр газар эзэмших захирамж гаргуулж эзэмшсээр байгаа нь өөрөө өнөөдрийн маргаан үүсгэх шалтгаан нөхцөл болж байна. Энэхүү нэхэмжлэлд хүргүүлж байгаа фото зурагнаас харагдах авто зогсоолын газрыг хүртэл өөрсдөө эзэмшиж, кадастрын зураг хийлгүүлж, нэгж талбарын дугаар авч эзэмшиж байгаа нь еgazar.mn сайтаас харагдаж байна.  23*** байр, 3** байрнуудын Д.Г нарын нэр бүхий 11 иргэн, мөн “Г” СӨХ-өөс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт, Хотын Стандартын хяналтын газарт,  СБД-гээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд тус тус гомдол гаргасан боловч энэ асуудлыг шийдвэрлэж өгсөнгүй.

            Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйл. Захиргааны актад гомдол гаргах гэсний дагуу 92.1-т "...Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй ..." гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, Хөгжлийн газарт гаргасан гомдлуудын хариуг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр хаяглаж 9/1567 тоот хариуг ирүүлсэн.

            Уг хариунд "...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас СБД-ийн 9-р хороо, А-н 11 дүгээр гудамж 3*** тоот хашаа, 1864331202**** нэгж талбарын дугаартай 433 м.кв газарт 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 54** дугаартай 12 давхар, үйлчилгээний орон сууцны зориулалттай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зургийг баталж иргэн Б.Н-т олгосон байна. Мөн 2016 онд НЕТГ-аас олгосон 1**/201** дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан байна. Өнөөдрийн байдлаар дээрх байршилд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус газраас олгоогүй байна..." гэсэн хариуг ирүүлсэн. Үүнээс үзвэл уг барилгыг барих гэж байгаа этгээд нь хууль бусаар ямар ч зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлэх гэж хашаа барьсан болох нь тогтоогдож байна.

            Иймд иргэд, оршин суугчдын эрх ашгийг зөрчиж, анх төлөвлөсөн зориулалтаас өөрөөр хууль бусаар барилга барих гэж байгаа этгээдүүдийн үйлдлийг шүүхээр таслан зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. еgazar.mn сайтаас нэгж талбарын дугаараар нь шүүлт хийж хайж үзэхэд нэгж талбарын 1864331202**** дугаартай 433 м.кв газрыг Нийслэлийн засаг даргын Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 457 дугаар захирамжаар Д.Э нь өөрийн охин Г.Тд шилжүүлэн, захирамжаар газар эзэмших эрхийг нь олгосон. Нэгж талбарын 1461502*** дугаартай 345м2 газрыг Нийслэлийн засаг даргын Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжаар Д.Эд газар эзэмших эрхийг нь олгосон байх тул уг захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү. Мөн уг газарт барилга барьсанаар дараах хууль тогтоомжуудыг ноцгой зөрчиж байна. Үүнд:

            1. “Д” ХХК-ийн барилгын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулсан 3**, 23 0А байрнууд нь одоогийн байдлаар автомашины зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхгүй бөгөөд дахин орон сууц барихаар төлөвлөсөн газар нь 3** байрны зайнаас 4-5 метр, 23*** байрнаас 20 метрийн зайд байрлаж байна. Энэ нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 4.18, 4 дүгээр зүйлд 10 давхар барилгын хувьд 45 метр байхаар заасныг илтэд зөрчсөн.

            2. НИТХ-ын  2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тоот тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-ын 4.2.1 дэх зүйлд Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэд, хуулийн этгээдийн саналыг авна” гэж заасан. Гэтэл тус компани нь одоог хүртэл 3**, 23*** байрны оршин суугч иргэд, СӨХ-ноос санал авах байтугай барилгын ажил эхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа дур мэдэн барилгын ажил эхлүүлж байна. Энэ нь хууль бусаар барилга барьж араас нь тусгай зөвшөөрлөө авдаг Монгол улсын хууль бус тогтолцооны нэг хэлбэр, авилгалын хэлхээ холбоо явагдаж байна.

            3. Барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №148 тоот тушаалаар батлагдсан орон сууцны барилгын зураг, төсөв, төлөвлөлт, БНБД 31-01-10 дүрмээр орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зай 45 метр байх, НИТХ-ын 2014 оны 5/14 тоот тогтоолоор баталсан журмын 4.3.1.5 дахь зүйлд барилга хоорондын зай 45 метр байхаар журамлагдсан байх бөгөөд барилга барихад зэргэлдээх орон сууцны оршин суугчдаас зөвшөөрөл авахаар тус тус заасан байдаг. Эдгээр заалтууд нь анхнаасаа хэрэгжээгүй, хууль бусаар барилгын ажлаа эхлүүлж байгаа нь 3**, 23*** байрны 97 айлын оршин суугчдын орон сууцны өрөө тасалгаанд нар тусах тусгалыг шууд хаах, хүүхдийн аюулгүй тоглох, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд санаатайгаар саад хийн иргэдийн өөрсдийн өмчлөлийн орон сууцаа хууль ёсны дагуу эзэмших, өмчлөх, ашиглах эрхэд бодитоор хохирол учруулах эрсдэлийг үүсгэж байна.

            4. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т "барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг..." гэж заасан боловч 10 давхар барилгыг барих гээд байгаа этгээд нь энэ тусгай зөвшөөрлгүйгээр БТХ-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д "...Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ..." гэж заасныг илтэд ноцтой зөрчиж үйл ажиллагаа явуулж байна.

            5. Мөн БТХ-ийн 14-р зүйлийн 14.2-т "... Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна ..." гэж заасан. Хуулийн уг заалтыг 3**, 23*** дугаар барилгуудыг барьж байгуулахдаа огт хэрэгжүүлээгүй зөрчиж, огт хийгээгүй.

            6. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д "... Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна ..." гэхийг 3**, 23*** дугаар барилгуудыг барьж байгуулахдаа зөрчсөн. Огт хийгээгүй.

            7. Түүнчлэн Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д "..Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна..." гэж заасан гэтэл одоо ямар ч зөвшөөрөлгүй барилга барина гээд байгаа хүүхдийн талбай, ногоон байгууламж, зогсоолын талбайд 10 давхар барих барилга нь 70 битгий хэл 100 хувьд нь барилга барьж, барилга барихдаа одоо бидний зогсож байгаа авто зогсоол орц гарцан дээр хааж, кран байршуулж барилгыг барих гэж байгаа нь илтэд оршин суугчдыг доромжилсон увайгүй үйлдэл гаргаж, яаж хууль зөрчиж болдгийг харуулах гэж байна.

            8. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т "... төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх ..." гэж заасан байтал 3**, 23*** дугаар байруудыг барихдаа үүнийг огт хэрэгжүүлээгүй. Улмаар СӨХ-ын эзэмшил газрыг булаан авч, дахин барилга барьж, уг хуулийг зөрчих гэж байна.

            9. “Д” ХХК нь тус 2 байрыг иргэдэд худалдан борлуулахдаа тухайн барилга барих газарт автомашины зогсоол хийнэ хэмээн худал хэлж, иргэдийг хууран мэхэлсэн. Мөн одоогийн 3**, 23*** байрны автомашины зогсоол байрлаж байгаа газрыг СӨХ-д шилжүүлж өгөөгүй нь барилга барихаар төлөвлөж байсан нь тодорхой байна.

            Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т "... эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, 3-т "... хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно ..." гэснийг зөрчиж, СӨХ-ийн газрыг дээрэмдэх авч байгаа “Д” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, газар олгосон шийдвэр, барилгын ажил хийх гэж байгаа шийдвэрүүдийг хүчингүй болгож 97 өрх, түүний цаана байгаа 300 гаруй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж, хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөх хүний төрлөх эрхийг Төрийн байгууллагууд хамгаалж өгөхгүй байгаа тул шүүхээр хамгаалуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргасаныг ханган шийдвэрлэх хуульд нийцнэ.

            Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.03-ны өдрийн 128/ШШ2024/0991 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.

            3. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжпэгч “Гэ” СӨХ-ийн барилга нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 10-р сарын 29-ны өдрийн ДТ 14\55, 2019 02-р сарын 21-ны өдрийн МЗХ2019\02-22 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаваруудын дагуу баригдсан талаар шүүхийн шийдвэрт: маргааны үйл баримт, процессын тухай хэсгийн 2.5-д дурьдсан байна. Иймд нэхэмжпэгч нарын эзэмшил өмчлөлийн барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 54** дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавараас сүүлд хийгдсэн байх тул Барилгын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчих үндэслэл болохгүй. Учир нь эхэлж хийгдсэн архитектор төлөвлөлтийн даалгаврыг дараа нь хийгдсэн архитектор төлөвлөлтийн даалгавар зөрчих буюу шүүгчийн дүгнэснээр барилга хоорондын зай зөрчиж гарсан байхад эсрэгээр нь тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно. Товчоор хэлбэл анхных нь зөв харин дараагийнх зөрчилтэй байхад зөрчилтэй зүйлийг үндэслэж эхнийхийг хүчингүй болгож болохгүй.

            Ийм учраас шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 54** дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаварыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ

                                                                        ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжийн Д.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 457 дугаар захирамжийн Г.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн Г-220300*** дугаарт бүртгэлтэй 000528**** дугаартай Г.Тгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг, Г-2203002**** дугаар бүртгэлтэй, 000363**** дугаар гэрчилгээтэй Д.Эийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 54** дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавраар батлагдсан архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3. Нэхэмжлэгчээс “... иргэдээс төрийн байгууллагад хандахад төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бол иргэд хохирч байхад төрийн байгууллага үйл ажиллагаагаа дахин засах чиг үүрэг байгаа боловч энэ чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тул шударга шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Мөн иргэн Д.Э, Г.Т нарын эрх ашиг хөндөгдөж байгаа тул адилхан иргэдийн хувьд тус иргэдийг хохироохгүй талаар 2023 оны батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд энэ хүмүүст улсаас нөхөн төлбөр олгож өгөөч. Манай “Гэ” СӨХ-нд нийтийн эдэлбэр газар байхгүй байгаа тул хотын Засаг даргад нийтийн эдэлбэр газарт буюу маргаантай байгаа,  …Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэний өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж буй этгээд нь энэ хууль, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг зөрчсөн, түүнчлэн тухайн газарт хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулбал сум, дүүргийн Засаг дарга олгосон зөвшөөрлөө хүчингүй болгоно” гэж заасны дагуу гуравдагч этгээд нарын газар өмлөх эрхийг хүчингүй болгох боломжтой, ... эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, оршин суугчдын зөвшөөрлийг авалгүйгээр барилга барих зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон, ... нарны тусгал, барилга хоорондын зай зэрэг нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр маргажээ.

Харин хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс “...Өмчлөх эрхийн газрыг хүчингүй болгох эрх хэмжээ Нийслэлийн Засаг даргад олгогдоогүй...” гэж, Хариуцагч Хот байгуулалт хотын стандартын газраас “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар “Гэ” СӨХ болон нэхэмжлэгч иргэдийн ямар хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна...” гэж хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс “...2005 оны захирамжаар бүртгэгдсэн газар байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан нотлох баримт, бүрдүүлбэр бүх зүйл заалт нь хуулийн дагуу хийгдсэн. Хэн гэж компанийн барьсан байшингаас болж хэний эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхой биш асуудал байгаа...” гэж, гуравдагч этгээдийн зүгээс “...норм дүрэм эсрэгээрээ биелэгдсэн талбайтай газар. Сууц өмчлөгчийн газар дээр норм дүрэм хангаж байгаа юм гэдгийг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар нь хавтаст хэрэгт авагдсан зургийн компанийн дүгнэлтээр нь гаргасан байгаа. “Гэ” СӨХ-ны эрх ашиг зөрчигдөөгүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. 

4. “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжийн Д.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 457 дугаар захирамжийн Г.Т-дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн Г-220300*** дугаарт бүртгэлийн 000528**** дугаартай Г.Тгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг, Г-2203002**** дугаар бүртгэлтэй, 000363**** дугаар гэрчилгээтэй Д.Эийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй: иргэдэд газар өмчлүүлэх талаарх төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараах эрхтэй”, 19.1.1-д “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах;”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан.

4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх иргэн Г.Б-т Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, А-н-11 дүгээр гудамж, 3*** тоотод байрлах нэгж талбарын 1461502*** /хуучнаар 1864331202****/ дугаар бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжийн дагуу олгогдож, Д.Г, Б.Н нарт 2004 онд 4 дүгээр сарын 23-ны өдөр, Б.Н, Г.Т, Г.Ц нарт 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гуравдагч этгээд Г.Тгийн өмчлөлд шилжсэн байна.

4.3. Харин маргаан бүхий нэгж талбарын 1461502***, 1461502*** дугаар бүхий газруудын хувьд анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн Ж.Ө-д маргаан бүхий 336 тоотод байрлах газрыг 2 жилийн хугацаагаар анх олгож, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаартай захирамжаар тус газрын иргэн Ж.Ө-н өмчлөлд шилжүүлсэн байна. Харин А.О-т 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлж, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-гээр гуравдагч этгээд Д.Эд шилжсэн байна. Газар эзэмших эрхийн тухайд анхны эзэмшигч Г.Б, Ж.Ө нар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар 2003 болон 2005 онуудад тус тус дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж, өмчлөх эрхийг олж авсан байна.

4.4. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно”, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заасан.

4.5. Гуравдагч этгээд Г.Т болон Д.Э нар нь маргаан бүхий газруудын анхны эзэмшигчид болох Г.Б болон Ж.Ө нараас “Газар худалдах худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр маргаан бүхий газрын өмчлөх эрхийг олж авсан болох нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн “.... гуравдагч этгээд Г.Т нь маргаан бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, А-н-11 дүгээр гудамж, 3*** тоотод байрлах нэгж талбарын 1461502*** дугаар бүхий газрын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Г-2203000*** дугаар бүртгэл бүхий, газар өмчлөх эрхийн 000528**** дугаартай гэрчилгээг, Д.Э нь Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, А-н-11 дүгээр гудамж, 336 тоотод байрлах нэгж талбарын 1461502*** /хуучнаар 18643312044****/ дугаар бүхий 345 м.кв талбай бүхий газрын Г-2203002**** дугаар бүхий бүртгэлтэй, газар өмчлөх эрхийн 000363**** дугаар бүхий гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн, шударгаар олж авсан” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

4.6. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Иргэний өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж буй этгээд нь энэ хууль, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг зөрчсөн, түүнчлэн тухайн газарт хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулбал сум, дүүргийн Засаг дарга олгосон зөвшөөрлөө хүчингүй болгоно” гэж зааснаас үзэхэд иргэний өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж буй этгээд нь хууль тогтоомжийг зөрчсөн, тухайн газарт хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга олгосон зөвшөөрлөө хүчингүй болгохоор хуульчилсан байна.

4.7. Энэ талаар анхан шатны шүүхийн “... дээрх хуулийн зорилго, агуулгад Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрыг хүчингүй болгуулах хуулийн зохицуулалтгүй бөгөөд, хэрэвзээ газар өмчлөгчийн газрыг эзэмшиж ашиглаж байгаа бусад этгээд үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд газар, түүнтэй холбогдуулан олгосон зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгох талаар зохицуулалтыг хууль тогтоогчоос хуульчилсан, ...  газар өмлөх эрхтэй холбоотой дээрх зохицуулалт нь газрын өмчлөх эрхийг бус иргэний өмчлөлийн газрыг өөр хэн нэгэн этгээд ашиглах, эзэмших явцад хуулиар хориглосон үйл ажиллагааг хэрэгжүүлсэн тохиолдолд эзэмших, ашиглах эрхийг дуусгавар болгон хуулийн заалт хэрэгжих талаар тодотгон зохицуулсан ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д заасны дагуу гуравдагч этгээд нарын газар өмлөх эрхийг хүчингүй болгох боломжтой ...” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

5. “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 54** дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараах шаардлагыг хангасан байна”, 12.1.4-д “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх”, 12.1.5-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх, Барилгын хөгжлийн төвөөс баталсан БНбД 31-01-10-ын 4 дүгээр хавсралтад заасан барилга хоорондын зай хэмжээ болон 1.3-д “Зай хэмжээний норм нь барилга барих орчны байгаль цаг уурын нөхцөл түүний барилгад нөлөөлөх хүчин зүйл асуудлууд, иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, орчны ахуйн хортой нөлөөлөл, дулааны энергийн эерэг, сөрөг талууд болон барилга байгууламжид тусах нарны гэрлийн тусгалын үргэлжлэх хугацаа, барилга хоорондын сүүдэрлэлт, барилга хоорондын орон зайн ашиглалт, иргэдийн амрах чөлөө цагаа өнгөрүүлэх, бие бялдрын дасгал сургалт хийх тохитой орчин бүрдүүлэх зэрэг шаардлагыг агуулсан байна” гэж тус тус заасан.

5.2. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2024/3808 дугаар захирамжаар, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн128/ШЗ2024/4075 дугаартай захирамжаар тус тус маргаан бүхий Г.Тгийн Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, А-н- 11 гудамж, 3*** тоотод байрлах 433 м.кв талбай бүхий газарт баригдаж буй барилга нь барилгын норм, дүрэм, стандартад нийцсэн эсэх талаар асуудлыг тодруулахаар Хот байгуулалт, хотын стандартын газрыг шинжээчээр томилсон байна.

5.3. Нэхэмжлэгч нарын “3** болон 23*** байрнуудын нарын ээвэрлэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 54** дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавраар батлагдсан 12 давхар үйлчилгээний орон сууцын барилга нь хааж байна” гэж маргасантай холбогдуулан 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн  болон 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүдэд “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 54** дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавраар батлагдсан 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга нь 3** байрны чанх хойд талд мөн 23*** байрны баруун талд төлөвлөгдсөн бөгөөд Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНБД 23-04-07-ийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг, 1 дүгээр хавсралтын зураг 1.1 дэх хэсэгт заасныг тус тус хангаж байна” гэж нарны тусгалтай /ээвэрлэлттэй/ холбоотой асуудлыг дүгнэсэн нарны тусгалын хангамжийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 54** дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавраар батлагдсан 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга нь нарны тусгалыг хаагаагүй, барилгын норм ба дүрмийн стандартад нийцэж, хангаж байна” гэж дүгнэгдсэн байна.

5.4. Харин Хот байгуулалт, хотын стандартын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Э, Б.Ш нарын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 54** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосны дагуу Г ХХК-д боловсруулсан загвар зургийг баталж, 114/2016 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ бүхий, 12 давхар 1 блок үйлчилгээтэй орон сууцны барилга нь одоо байгаа ашиглалтад орсон 3** байрны чанх хойд талд дүлий буюу цонхгүй төлөвлөсөн байх бөгөөд “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4.18, 4 дүгээр хавсралтад заасан заалтыг хангаж байгаа ч баруун талд байрлах 23*** байрнаас 28.75 метр байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4.18, 4 дүгээр хавсралтад заасан (барилгын тууш /урт/ талуудын хооронд 40 м.кв)-ыг хангахгүй байна” гэж дүгнэгджээ.

5.5. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 54** дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавраар батлагдсан барилга болон нэхэмжлэгч нарын 23*** байр хоорондын зай хэмжээ нь БНбД 31-01-10-ын 4.18, 4 дүгээр хавсралтад зааснаар орон сууц, барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зай нь “Барилгажих талбайд барих барилгын давхрын тоо 12 бол барилгын хөндлөн ба тууш талуудын хооронд болон орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд барилгын тууш /урт/ талуудын хооронд 45 метр байна гэж заажээ, ... Гэтэл гуравдагч этгээд Д.Э болон нэхэмжлэгчдийн 23*** барилгын хоорондын зай ихдээ 28 метр 75 сантиметр, энэ тохиолдолд барилга хоорондын зайн нормыг баримтлаагүй ...“ гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

5.6. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ”, 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”, 7.5-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

5.7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавьж хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй байх бөгөөд барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчлан заасан байна.

5.8. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан ““Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-н 4.2.1-д “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэд, хуулийн этгээдийн санал авах, орчны газар өмчлөгч, эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөх” 6.9-д “Барилгын захиалагч, гүйцэтгэгч батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, зай хэмжээний зургийг зөрчин тэг тэнхлэгийг газарт шилжүүлэн тавиулсан бол барилга угсралтын ажлыг зогсоох, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас авна” гэж тус тус заасан байна.

5.9. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 54** дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыг гуравдагч этгээд Д.Эд олгохдоо хууль болон журамд нарийвчлан заасан орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэд, хуулийн этгээдийн санал авах, орчны газар өмчлөгч, эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөх ажиллагааг хэрэгжүүлээгүй, барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь буруу байна.

6. “Д.Эийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, А-н 11-р гудамж, 336 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18643342044**** дугаартай 345 м.кв  газрыг, Г.Тгийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, А-н 11-р гудамж, 3*** тоот хаягт байршилтай нэгж талбарын 1864331202**** дугаартай 433.39 м.кв газрыг “Гэ” СӨХ-ны ашиглалтад өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, орц, гарц гаргах байдлаар газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд

6.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Гэ” СӨХ болон нэхэмжлэгч Н.Б, Г.Ч, Г.Д нараас 2024 оны 8 дугаар сарны 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Д.Эийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, А-н 11-р гудамж, 336 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18643342044**** дугаартай 345 м.кв  газрыг, Г.Тгийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, А-н 11-р гудамж, 3*** тоот хаягт байршилтай нэгж талбарын 1864331202**** дугаартай 433.39 м.кв газрыг “Гэ” СӨХ-ны ашиглалтад өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, орц, гарц гаргах байдлаар газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах” гэж нэмэгдүүлснийг шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2024/7146 дугаартай шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 221/ШТ2024/0731 дугаар шүүхийн тогтоолоор тус шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.

6.2. Мөн дээрх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаа нэхэмжлэгч нар дахин 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан, шүүгчийн 128/ШЗ2024/8990 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

6.3. Харин нэхэмжлэгч нараас шүүгчийн захирамжид заасан хугацаанд дахин бүрдүүлбэр хангуулан ирүүлээгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 128/ШЗ2024/8760 дугаартай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг буцаах тухай шүүгчийн захирамж гарч нэхэмжлэгч талаас тухайн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг дахин шүүхэд гаргаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “... нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлэлгүйгээр орхигдуулж шийдвэрлэсэн нь хууль бус ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 991 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ