Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 146/ШТ2017/00001

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд,

Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овгийн Д-н Чд холбогдох эрүүгийн 201615010170 тоот хэргийг 2016 оны 12 дугаар 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ..... сумын Батхаан багт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, У овгийн Д-н Ч /РД:......./

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.Ч нь 2016 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сумын Батхаан багийн хажууд байх “Арын булаг”-ны эхийг хашсан 4 метрийн урттай 48 ширхэг шургааг, 10 ширхэг 1 метрийн урттай төмрийг машин механизм ашиглан хулгайлан авч хохирогч Ю.Э-дд 434.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:         

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Д.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сум Батхаан багын “Арын булаг” гэх газраас 48 ширхэг шургааг өөрийн эзэмшлийн машинаар хулгай хийсэн. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна...” гэв.

Хохирогч 19.... онд төрсөн Ю.Э-нгийн мөрдөн байцаалтын шатанд 2016-11-10-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 06-нд манайд хүү Баянбилэг утсаар мэдэгдэхдээ таны булаг хашсан шургаагны чинь урд талын хашааны шургааг алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2016 оны 06 дугаар сарын сүүлээр ..... сумын Батхаан багийн “Арын булаг” гэх газрын голын тархийг 4 метр урттай 48 ширхэг шинэсэн шургааг модоор хашиж барьсан юм. 1 ширхэг шургааг модыг 8000 төгрөгөөр, түүний залгаас төмрийг 1 ширхэгийг 5000 төгрөгөөр авч нийт 10 ширхэг төмөр байсан. Нийтдээ 450 000 болж байна. Гомдолтой байна. Хийж бүтээсэн зүйлээ бусдад хорлуулж байгаад гомдолтой байна. Хүн байгаль орчин нутаг усаа шүтэж амьдрах ёстой...” ...гэсэн мэдүүлэг /хх-44/.

Хохирогч 1947 онд төрсөн Ю.Э-нгийн мөрдөн байцаалтад 2016-11-22-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шургааг модоо төмөртэй нь буцаагаад авчихсан. Би шургааг модыг өөрийнхөө хөрөнгөөр авч тухайн газрын голын эхийг хамгаалсан юм. Учир нь манай өвөг дээдэс бүгд л энэ нутаг усанд өнө удаан жил амьдарсан хүмүүс. Нутаг усаа хамгаалж байгалиа аргадаж байгаа зан үйлийн илрэл юм...” гэсэн мэдүүлэг /хх-45/

Гэрч 19.... онд төрсөн Т.Г-нийн мөрдөн байцаалтанд 2016-11-10-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын эхээр адуундаа яваад гэртээ ирсэн юм. Тэгээд үхрийнхээ баасыг арилгаад явж байтал байрны хойд талд 10 ширхэг шургааг мод байсан. Тэгэхээр нь Чгаас асуутал үхрийн хороонд оруулах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр нь хулгайн шургааг байсан юм билээ. Хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Батхаан багийн Арын булаг гэх газар булгын эх хамгаалсан шургааг модыг хулгайлсан байсан. “...Ерөөсөө мэдээгүй. Цагдаа нарыг ирэхэд л мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-47/ 

Гэрч 19... онд төрсөн С.Х мөрдөн байцаалтанд 2016-11-10-нд өгсөн мэдүүлэгт: “... 2016 оны зун барьсан юм. Тухайн булгын эхийг хамгаалахаар Эмээлсүрэн гэх хүн санаачлан хүмүүстэй хамтарч барьж байсан юм. Сум орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлсэн нь тухайн газар хашаа барих эрхийг нээж өгсөн. Булгын эх хашсан 48 ширхэг 4 метрийн урттай шинэс модыг хулгайд алдсан. Эмээлсүрэнг томилж байна. Учир нь тухайн иргэн үүсгэн санаачилж харж хандаж байх үүрэг хүлээсэн хүн...” гэсэн мэдүүлэг / хх-49/,

Гэрч 19... онд төрсөн Г-н Э-н мөрдөн байцаалтанд 2016-11-14-нд өгсөн мэдүүлэгт: “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний талийгаач хүү Ууганбаярын нэр дээр авч өгсөн байсан юм. Миний хүү 2012 онд нас барсан. Тэгээд хүүгийн нэр дээр байсан машиныг би тус сумын иргэн Чимээ буюу Ч гэдэг хүнд бэлэн 5 сая төгрөгөөр зарж байсан. Тухайн үед бэлэн мөнгөөр тооцоо хийж байсан. Одоо мөнгөний тооцоо байхгүй. Тухайн үед хүү өнгөрөөд шилжүүлэг хийж чадаагүй юм...” /хх 51/ гэсэн мэдүүлэг,

- Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1

- Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-12, 32/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-19/

- Өвөрхангай аймгийн ..... сумын Засаг даргын тодорхойлолт /хх-64,65/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-28-29/

- Өвөрхангай аймгийн ..... сумын Засаг даргын албан тоот /хх-42/

Шүүгдэгч Д.Чг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр /хх 58/, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар /хх 60-61/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69/ зэрэг болно.

Д.Ч нь 2016 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ..... сумын Батхаан багийн хажууд байх “Арын булаг”-ны эхийг хашсан 4 метрийн урттай 48 ширхэг шургааг, 10 ширхэг 1 метрийн урттай төмрийг машин механизм ашиглан хулгайлан авч хохирогч Ю.Э-дд 434.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Ю.Э-д мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 06-нд манайд хүү Баянбилэг утсаар мэдэгдэхдээ таны булаг хашсан шургаагны чинь урд талын хашааны шургааг алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2016 оны 06 дугаар сарын сүүлээр ..... сумын Батхаан багийн “Арын булаг” гэх газрын голын тархийг 4 метр урттай 48 ширхэг шинэсэн шургааг модоор хашиж барьсан юм. 1 ширхэг шургааг модыг 8000 төгрөгөөр, түүний залгаас төмрийг 1 ширхэгийг 5000 төгрөгөөр авч нийт 10 ширхэг төмөр байсан. Нийтдээ 450 000 болж байна. Хийж бүтээсэн зүйлээ бусдад хорлуулж байгаад гомдолтой байна. Хүн байгаль орчин нутаг усаа шүтэж амьдрах ёстой. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шургааг модоо төмөртэй нь буцаагаад авчихсан. Би шургааг модыг өөрийнхөө хөрөнгөөр авч тухайн газрын голын эхийг хамгаалсан юм. Учир нь манай өвөг дээдэс бүгд л энэ нутаг усанд өнө удаан жил амьдарсан хүмүүс. Нутаг усаа хамгаалж байгалиа аргадаж байгаа зан үйлийн илрэл юм...” мэдүүлэг /хх-44, 45/, гэрч Т.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын эхээр адуундаа яваад гэртээ ирсэн юм. Тэгээд үхрийнхээ баасыг арилгаад явж байтал байрны хойд талд 10 ширхэг шургааг мод байсан. Тэгэхээр нь Чгаас асуутал үхрийн хороонд оруулах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр нь хулгайн шургааг байсан юм билээ. Хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Батхаан багийн Арын булаг гэх газар булгын эх хамгаалсан шургааг модыг хулгайлсан байсан. “...Ерөөсөө мэдээгүй. Цагдаа нарыг ирэхэд л мэдсэн...” мэдүүлэг /хх-47/, гэрч С.Х-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2016 оны зун барьсан юм. Тухайн булгын эхийг хамгаалахаар Эмээлсүрэн гэх хүн санаачлан хүмүүстэй хамтарч барьж байсан юм. Сум орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлсэн нь тухайн газар хашаа барих эрхийг нээж өгсөн. Булгын эх хашсан 48 ширхэг 4 метрийн урттай шинэс модыг хулгайд алдсан. Эмээлсүрэнг томилж байна. Учир нь тухайн иргэн үүсгэн санаачилж харж хандаж байх үүрэг хүлээсэн хүн...” мэдүүлэг / хх-49/, гэрч Г.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний талийгаач хүү Ууганбаярын нэр дээр авч өгсөн байсан юм. Миний хүү 2012 онд нас барсан. Тэгээд хүүгийн нэр дээр байсан машиныг би тус сумын иргэн Чимээ буюу Ч гэдэг хүнд бэлэн 5 сая төгрөгөөр зарж байсан. Тухайн үед бэлэн мөнгөөр тооцоо хийж байсан. Одоо мөнгөний тооцоо байхгүй. Тухайн үед хүү өнгөрөөд шилжүүлэг хийж чадаагүй юм...” мэдүүлэг /хх 51/, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6/, эд зүйлийн үнэлгээ /хх-12, 32/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-19/, Өвөрхангай аймгийн ..... сумын Засаг даргын тодорхойлолт /хх-64,65/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-28-29/, Өвөрхангай аймгийн ..... сумын Засаг даргын албан тоот /хх-42/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Д.Чгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Чг машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Д.Чг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

Шүүгдэгч Д.Чгийн эзэмшлийн 5 тооны үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн.... улсын дугаартай “Портер” маркийн машиныг улсын орлого болгож, №290949 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Д.Чд буцаан олгож шийдвэрлэлээ.

Хохирогч Ю.Э-д 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хохирогч нь шүүх хуралд суухгүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул хохирогчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овгийн Д-н Чг машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч У овгийн Д-н Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд оногдуулсан 02 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чгийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн.... улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг хурааж улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Чгийн эзэмшлийн №290949 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Чд буцаан олгох, №00365334 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг машины хамт Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Цэвэлмаад даалгасугай.

7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чгийн эзэмшлийн 5 тооны үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд оногдуулсан 02 жил 05 сарын хорих ялыг тэнсэж, 01 жил 08 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чгийн цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

10. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Д.Чд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХ-АМГАЛАН