Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0659

 

 

 

 

 

 

2021 10 14 128/ШШ2021/0659

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Я и ХХК. 

Хариуцагч: БГДЗД

Гуравдагч этгээд: К Б ХХК д б э х а. 

Гуравдагч этгээд: БГДЗДТГ 

Нэхэмжлэлийн шаардлага: БГДЗД 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамж, мөн дүүргийн ЗД 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/360 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Л.И, гуравдагч этгээд К Б ХХК д б э х а итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээд БГДЗДТГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я И ХХК-ийн төлөөлөгч З.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... манай компани Дулааны 4-р цахилгаан станцын баруун хойд талд байрлалтай 12000 м.кв талбай бүхий газрыг БГДЗД 2012 оны А/239 дүгээр захирамжаар эзэмшиж байсан. Тухайн газар нь анх хонхор жалга ихтэй хог хаягдлаар бүрэн дүүрч овоорсон, эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон байсан тул манай компани нь ойролцоогоор 15000 м.кв газрын хог хаягдлыг ихээхэн хэмжээний хөрөнгө гаргаж, өөрийн хүч хөрөнгөөр зөөж арилган сэргээснээс манай компанид 12000 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар хуульд заасны дагуу эзэмшүүлэхээр болсон юм. Гэвч БГДЗД нь 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр А/287 дугаар захирамж гарган манай компанийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгон ашиглах боломжгүй байлгаж байгаад 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/247 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээсэн болохоо 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр манай компанид мэдэгдсэн байдаг.

Түүнээс хойш тухайн газрыг аж ахуйн зориулалтаар ашиглахад дахин засаж янзлах, жалга хонхор газрыг тэгшлэх зайлшгүй шаардлагатай болсон тул өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан бага багаар шороо асгаж ашиглаж байсан бөгөөд санхүүгийн боломжтой болсон үедээ бусад этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тухайн газрыг шороо асган тэгшлүүлэх зэргээр хамтран ажиллаж ашиглаж байсан. Одоо энэхүү газар тэгшлэхэд бэлэн болж, нэлэнхийд нь шороо асгасан. Мөн манай компани нь газрын төлбөрийг тасралтгүй бүрэн гүйцэд төлж байсан. Тухайлбал, 2018 оны газрын төлбөрөө 1 сая төгрөгөөр хүртэл илүү төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, манай компани нь газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Гэтэл БГДЗД Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр манай компанийг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар хууль бус захирамж гаргаж Я И ХХК-д хууль ёсны дагуу газар эзэмших эрх олгосон БГДЗД 2012 оны А/239 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь манай компанийн хууль ёсны дагуу олж авсан газар эзэмших эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Манай компани нь газар эзэмших гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг жил бүр төлж газрыг эзэмшин ашиглаж байхад газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл үүсээгүй байхад үүссэн мэтээр хууль зөрчиж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. БГДЗД 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр А/272 дугаар захирамж нь бодит нөхцөл байдалд нийцэж байх Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Я И ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо компанийг оролцуулан сонсох ажиллагаа явуулах ёстой байтал сонсох ажиллагаа огт явуулаагүй байж түүнийг явуулсан мэтээр хуулийн зүйл заалт баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дахь заалтыг илтэд зөрчсөн үйлдэл юм. БГДЗД нь манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон атлаа энэ талаар манайд албан ёсоор өнөөдрийг хүртэл огт мэдэгдээгүй. Манай компанийн хувьд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр газрын төлбөр, тооцоогоо хийх гэж очихдоо архивын ажилтан гэх Г гэдэг хүнээс Я И ХХК-ийн газар эзэмших эрхийг БГДЗД 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн A/272 тоот захирамжаар хүчингүй болгосон талаар олж мэдэж, тухайн захирамжийн хуулбар хувийг олж авсан. Ингээд тухайн үед нь тэр даруй БГДЗД хандан газар эзэмших эрхээ сэргээлгэхээр гомдол гаргасан боловч манайд огт хариу өгөөгүй болно. Урьдчилан шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02 06/2705 дугаартай албан бичгээр шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүл гэсэн хариу ирүүлсэн тул өөрийн зөрчигдсөн эрх болох газар эзэмших эрхээ сэргээлгэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон БГДЗД 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/272 тоот захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Захиргааны акт бодит нөхцөл байдалд нийцсэн байх ёстой учир газрыг ашиглаж байгаа эсэхийг тодорхойлсны үндсэн дээр акт гаргах ёстой байсан. Бид өөрсдийн боломжоороо хөрөнгө, мөнгө зарцуулж хог хаягдлыг цэвэрлэж, хүний нүдэнд харагдахуйц шороо асгасан байгаа нь ашиглаж байгаа хэлбэр юм. Бид цаашид үйлдвэрийн барилгаа барих байсан. Ийм байхад захиргааны акт гарсан нь бодит нөхцөл байдалд нийцээгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан нөхцөл үүсээгүй учир бодит нөхцөл байдалд нийцээгүй захиргааны акт гарсан байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэсэн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой байтал 2012 оны газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. Учир нь 2012 онд бидэнд хуулийн дагуу газар эзэмших эрх олгосон. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй хэр нь газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгосон. Иймд бид газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Засаг даргын захирамжийг хүчингүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар захиргааны акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсгох, тайлбар авах ажиллагаа хийснээр бодит нөхцөл байдалтай нийцэх ёстой. Оролцогчийг сонсох ажиллагаа хийгдээгүй газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгосон байдаг. Бидний хувьд газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан, газрын төлбөр төлсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр манай газар эзэмших эрхийг хүчингүй болгочхоод үргэлжлүүлээд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр А/360 дугаар захирамжаар тус газрыг өөрийн Тамгын газартаа эзэмшүүлсэн. Үүнийг бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдээд уг захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шалтгаан нь Тамгын газарт эзэмшүүлсэн байгаа газар нь Я******* компанийн эзэмшиж байсан газар бөгөөд уг газартай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших асуудалтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд тухайн газрыг бусдад эзэмшүүлэхийг хориглодог. Гэтэл хууль зөрчиж уг газрын эзэмших эрхийг Тамгын газартаа олгочихсон. Засаг даргын Тамгын газар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталснаар тухайн жилийн газрын төлөвлөгөөнд тусгагдсан газар эзэмших ёстой. Уг газар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Харин шинэчилсэн төлөвлөгөөнд тодотгол оруулж Тамгын газарт ******* цахилгаан станцын баруун хойд талд газар эзэмшүүлэх төлөвлөгөө гарсан байдаг. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар нь газар эзэмших тухай хүсэлтдээ ******* цахилгаан станцын баруун хойд талд гэж бичсэн байсан. Гэтэл манай газар нь ******* цахилгаан станцын зүүн хойд талд байрладаг. Хүсэлтэд тусгагдаагүй газрыг Засаг дарга олгосон нь хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Манай эзэмшил газартай холбоотой маргаан дуусаагүй байхад өөр этгээдэд олгосон. Бидний шударгаар олж авсан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Бидний газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тул БГДЗД А/360 дугаар захирамжийг хүчингүй болгосноор бид газраа үргэлжлүүлэн эзэмших боломжтой болох тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хариуцагч талаас манай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэлээд байгаа ч бидний гомдол гаргах хугацаа эхлээгүй. Бид хаягтаа байдаг гэсэн тодорхойлолтыг өгсөн. Хариуцагч талаас мэдэгдэл хүргүүлэхэд шууданч тухайн үед холбогдоогүй, утсаа авахгүй байна гээд буцаагаад явуулсан байж болно. Бид мэдэгдэлдээ биш захиргааны акттай маргаж байгаа учир мэдэгдлийг биш захиргааны актыг бидэнд хүргүүлэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлэх, хаяглагдсан этгээд хаягтаа байхгүй өөр газар уруу нүүсэн болохоо мэдэгдээгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх ёстой. Хариуцагчийн зүгээс уг ажиллагааг хийгээгүй. Бид өөрсдөө мэдчихээд шүүхэд гомдол гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь үндэслэлгүй тайлбар, албан ёсоор мэдэгдээгүй учир хөөн хэлэлцэх хугацаа эхлээгүй байна. Баруун хойд, зүүн хойд гэдэгт үг үсгийн алдаа гарсан гэж хэллээ. Засаг даргын захирамжаас хууль зүйн үр дагавар үүсэж байна. Техникийн алдаа байсан бол засаж залруулсан албан ёсны зүйл байх ёстой. Үүнээс шалтгаалан гарах сөрөг үр дагавар өндөр учраас үг үсгийн алдаатай байна гэж үзэх үндэслэлгүй. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг баримталснаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг үндэслэл болгож байна. Мэдээж гэрчилгээний хугацаа дуусаагүй, сунгах хугацаа болоогүй байсан. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгочхоод 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд нэмэлт тодотгол оруулаад, Тамгын газар нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргаад, Тамгын газартаа олгоод маш хурдан нэг сарын дотор бүх үйл явдал болсон. Тамгын газар нь өөрийн чиг үүрэгт хамаарахгүй байхад орон сууц барина гэж байна. Манай газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуульд заасан олон зүйл заалтыг үндэслэл болгосон хэр нь өнөөдөр маргаж байгаа нь ганц л үндэслэл байна. Эдгээр нөхцөл байдлыг харахад газрын эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгож, мөн авсан байна.

Иймд бид газар эзэмших эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. БГДЗД 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамж, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/360 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/239 дүгээр захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо ******* цахилгаан станцын баруун хойд талд байрлалтай 12000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар Я******* ХХК-д эзэмшүүлсэн боловч тус компани нь уг газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй тул Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 12/623 дугаар албан бичгээр уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгохтой холбоотой тайлбар, санал, хүсэлт ирүүлэх тухай мэдэгдлийг хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заагдсан утасны дугаар болон хаягаар хүргүүлсэн боловч хаягтаа байхгүй гэх шалтгаанаар шуудангаас буцаж ирсэн. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу өдөр тутмын хэвлэл болох Өнөөдөр сонины 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 5 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт нийтлэн сонсох ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан явуулсан боловч мэдэгдэлд заагдсан хугацаанд холбогдох тайлбараа ирүүлээгүй тул Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамжаар Я******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Хүчингүй болгосныг Өнөөдөр сонины 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дугаараар дамжуулан мэдэгдсэн болно. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заагдсан гомдол, нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дуусгавар болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Я И ХХК-д 2012 оны Засаг даргын захирамжаар газар олгоод, 2013 оны 5 дугаар сарын захирамжаар хүчингүй болгосон байдаг. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дахин газар олгоод 2019 онд цуцалсан байдаг. 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тэр газрыг Газрын тухай хуульд заасны дагуу ашиглаагүй. Ашиглаагүй гэдэг нь шүүхээс газрын үзлэг хийснээр нотлогдсон. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хийсэн. Тэр талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Газар эзэмших эрхийг Засаг даргын захирамжаар 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүчингүй болгосон. Гэтэл Я******* компани 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгосноос хойш 4 сарын дараа банканд зээлийн барьцаанд тавьчихсан гэдэг тайлбарыг хэлсэн. Ийм учраас К Б ХХК д б э х а гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон. Эзэмших эрх нь хүчингүй болчихсон газрыг зээлийн барьцаанд тавьсан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд К Б ХХК д б э х аэнэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд газрыг бусдад барьцаалах тохиолдолд Засаг даргаас албан бичгээр зөвшөөрөл олгох бөгөөд үүний дагуу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтан байгууллага бүртгэл, тэмдэглэл хийнэ гэж заасан байдаг. Гэтэл газрыг банканд зээлийн барьцаанд тавих ямар ч эрх үүсээгүй, хуульд заасан нөхцөл журмыг хангаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг удаа дараа гэдгийг хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Мөн зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшсэн газартаа гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байхыг ойлгоно. Шороо асгасныг ашигласан гэж ойлгохгүй. Төлбөр төлсөн гэдэг нь газар ашиглахтай холбоотой заалт биш, газрын төлбөрийг төлсөн нь газрыг ашигласан гэсэн үг биш юм. Газар эзэмших эрхийг хүчингүй болголоо, яагаад ашиглаагүй вэ гэж асууж хүчингүй болгохоо хойшлуулах боломж, сонголт төрийн байгууллагад байхгүй. 8 жилийн хугацаанд газрыг ашиглаагүй учир Газрын тухай хуульд заасны дагуу Засаг дарга захирамж гаргаж хүчингүй болгох эрхтэй. Сонгох эрх эдэлж аж ахуй нэгжид давуу эрх олгох үүрэггүй. Засаг дарга өөрийн чиг үүргийн дагуу хүчингүй болгосон. К Б ХХК д б э х а манай эрх ашиг хөндөгдсөн гэж тайлбарлаад байгаа. Хэрэв тийм бол Газрын тухай хуульд заасны дагуу Засаг даргад мэдэгдэж, мэдэгдлийн дагуу барьцааны гэрээг ном журмын дагуу бүртгэл хийлгээд барьцаалах байсан. Хууль ёсны дагуу барьцаалуулсан бол банканд мэдэгдэх байсан. Өөрсдөө хуульд заасан журмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус зүйл яриад байна. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын А/272 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр захирамж тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд К Б ХХК д б э х аитгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар К Б ХХК-г албадан татан буулгах шийдвэр гаргаж, А/97 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч нь банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, иргэд, төрд учирсан хохирлыг барагдуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд төлөгдөөгүй зээлийн төлбөрийг төлүүлэх, төлөгдөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажлыг хуулийн дагуу хийж байна. Бид ажлаа хүлээж аваад, уг ажлуудыг хийж байх хугацаанд Я И ХХК-ийн төлөгдөөгүй зээл бүртгэлтэй байсан 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр зээл барьцааны 350 дугаар гэрээг байгуулаад энэ маргаан бүхий газрыг 2 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан байна. Бид зээлийн төлбөртэй холбоотой Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамжийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т захиргааны шийдвэр гарах ажиллагааны хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр эсхүл захиргааны байгууллага оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж заасан манайд ямар нэгэн мэдэгдэл ирээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байхад уг боломжийг хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй банкны эрх хүлээн авагчид олгоогүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т энэ хуулийн 26.1-т заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гээд сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр явуулахыг тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: 27.4.1-т сонсгол зохион байгуулах, 27.4.2-т саналыг бичгээр авах, 27.4.3-т биечлэн уулзах, 27.4.4-т утсаар санал авах, 27.4.5-т цахим хэлбэрээр санал авах, 27.4.6-т төлөөлөгчөөр дамжуулан санал авах гэж заасан байна. Сонсох ажиллагааны аль нэг арга хэмжээ нь манайд хийгдээгүй, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөөд байхад мэдэгдээгүй, сонсгол зохион байгуулаагүй. Ийм учраас Баянгол дүүргийн Засаг даргын А/272 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр бус захирамж гэж үзэж байна. Мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж нь өөрөө хууль зөрчиж гарсан захирамж учраас Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн А/360 дугаар захирамж нь бас хүчингүй болж байгаа юм. Тус 2 захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Я И ХХК нь тухайн газраа хариуцагчийн хэлж байгаачлан хуульд заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргаас холбогдох захирамж шийдвэрийг гаргаад хүчингүй болгосон. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 11/01 дүгээр тогтоолоор Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ******* цахилгаан станцын баруун хойд талд байрлах газрыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/360 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг Баянгол дүүргийн Тамгын газарт олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Я И ХХК-аас шүүхэд хандан ...Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анх гаргасан ба 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/360 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг хянаж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны акт нь бодит нөхцөл байдлыг тогтоож шийдвэрлээгүй, үүгээрээ Газрын тухай хуулийн 40.1.6-д нийцээгүй, энэ заалтыг үндэслэсэн атлаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, тайлбар авах ажиллагаа хийснээр бодит нөхцөл байдалтай нийцэх ёстой байтал ийм ажиллагаа хийгээгүй, үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших асуудалтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд тухайн газрыг бусдад эзэмшүүлэхийг хориглодог байтал уг газрын эзэмших эрхийг Тамгын газартаа олгосон нь, шударгаар олж авсан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус зэргээр маргасан бол,

Хариуцагчийн зүгээс газрыг ашиглаагүй гэдэг нь шүүхээс газрын үзлэг хийснээр нотлогдсон, шороо асгасныг ашигласан гэж ойлгохгүй, төлбөр төлсөн гэдэг нь газар ашиглахтай холбоотой заалт биш, газрын төлбөрийг төлсөн нь газрыг ашигласан гэсэн үг биш, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хийсэн, хүчингүй болсон газар эзэмших эрхийг барьцаалсан, хууль зөрчөөгүй хэмээн мэтгэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

К Б ХХК д б э х а зүгээс маргаан бүхий 2019 оны А/272 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т захиргааны шийдвэр гарах ажиллагааны хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр эсхүл захиргааны байгууллага оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаар манайд ямар нэгэн мэдэгдэл ирээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй банкны эрх хүлээн авагчид тайлбар гаргах боломж олгоогүй гэж үзэж байна хэмээн,

Гуравдагч этгээд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар тухайн газрыг эзэмших эрхтэй болсон, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээн тус тус байр сууриа илэрхийлсэн.

Нэг. Маргаан бүхий эхний захиргааны акт болох Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай А/272 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ******* цахилгаан станцын баруун хойд талд байрлалтай, аж ахуйн зориулалттай, 12000 м.кв газрыг эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2012 оны А/239 дүгээр захирамжийн Я И  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т: Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 29.3-д: Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д: Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 37 дугаар зүйлийн 37.1-д: Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах..., 40 дүгээр зүйлийн 40.1.6-д: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 61 дүгээр зүйлийн 61.1-д: Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д: Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг тус тус үндэслэжээ.

Үйл баримтын тухайд, нэхэмжлэл гаргагч Я И ХХК-д Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар захирамжаар 35000 м.кв газрыг 4 жилийн хугацаатайгаар 051063 дугаар гэрчилгээгээр эзэмшүүлж, 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан,

Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх гэрээ сунгах, баталгаажуулах зориулалт, талбай байршил өөрчилж байгаа тухай А/239 дүгээр захирамжаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 20 дугаар хороо ******* станцын зүүн хойно байрлах 12000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан,

Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Газрын тухай хууль болон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/287 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 362 дугаар захирамжийн 2012 оны А/239 дүгээр захирамжийн Я******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон,

Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх сэргээх тухай А/247 дугаар захирамжаар Я******* ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээснээр, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 000304715 дугаар газар эзэмших гэрчилгээгээр 5 жилийн хугацаатай, аж ахуйн зориулалтаар маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн эзэмшсэн, газрын төлбөрт 2015 онд 1,980,000 төгрөг, 2016 онд 2,640,000 төгрөг, 2017 онд 6,614,080 төгрөг, 2018 онд 660,000 төгрөг, 2019 онд 1,320,000 төгрөгийг тус тус Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2602003038 тоот дансанд тушаасан,

Нэхэмжлэгч Я И ХХК-ийн зүгээс М Т ХХК-тай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2018/05 дугаартай Хэлцэл, бэлэн мөнгөний зарлагын баримт, нэхэмжлэх зэрэг анхан шатны санхүүгийн баримт гэхчлэн нотлох баримтууд хэрэгт авагдсан, энэ тохиолдолд нэхэмжлэгч талаас маргаан бүхий газар дээр газар шорооны ажил хийж гүйцэтгэсэн гэсэн бол хариуцагч талаас шороо асгасан-ыг зориулалтын дагуу газраа ашигласан гэж үзэхгүй, Улсын Дээд шүүхээс Газрын тухай хуулийг тайлбарласан тогтоолд нийцэхгүй байна гэсэн тайлбар хийсэн,

Маргаан бүхий газарт явуулсан шүүхийн үзлэгээр маргаан бүхий газар нь Дөрөвдүгээр цахилгаан станцын зүүн хойно байрлалтай, овоолсон шороо ихтэй газар ба нэхэмжлэгч хариуцагч нар нь маргаж байгаа газрын байршлын тухайд маргаагүй нэг газар болохыг заасан,

Нэхэмжлэгч нь К Б ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 351 дүгээр барьцааны гэрээгээр маргаан бүхий газрыг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

2012 оны А/239 дүгээр захирамжийн Я И ХХК-д холбогдох хэсгийг 2013 оны А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосны дараа 2014 оны А/247 дугаар захирамжаар сэргээсэн нь маргаан бүхий газар эзэмших эрхийн тухайд дахин шинэ факт бий болж хариуцагч захиргааны байгууллагаас 2014 оны 7 дугаар сарын 7-нд газар эзэмших гэрчилгээг олгосноороо хугацааны хувьд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй байсан, энэ тохиолдолд дүүргийн Засаг даргаас тухайлбал, Газрын тухай 20 дугаар зүйлийн 20.2.1 нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, 20.2.2 газар эзэмшигчээс хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой эзэмшиж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргах, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тухайлбал, 40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5 ...газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн б/ нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах ... ажлыг зохион байгуулах... гэхчлэн бүрэн эрхүүдийг хуульчилсныг маргаан бүхий захирамж гаргахдаа Засаг даргаас хэрхэн хэрэгжүүлсэн бэ? Маргаан бүхий захирамжид заасан үндэслэлүүдээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн буюу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй хэмээн үзэж маргасан, харин бусад үндэслэлүүдийн тухайд тайлбарлаж мэтгэлцээгүй тул захирамжийн бусад үндэслэлд дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэж байна.

Ийнхүү дүүргийн Засаг даргын захирамжийн үндэслэлд дурдаж, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж байгаа авч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй, үүгээрээ Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй, маргаан бүхий захиргааны актад газрын байршлыг буруу тодорхойлсон, шүүхийн үзлэгээр маргаан бүхий газар нь ердийн хэвийн газар гэж үзэх боломжгүй байгаа нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн өөрийн хөрөнгөөр болон ажил гүйцэтгэх гэрээгээр шороо асгуулсан, үйлдвэрээ барихын тулд бэлтгэж байсан гэх тайлбарт нийцсэн, шүүх газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхийн тулд явуулсан үйл ажиллагаа байна гэж дүгнэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан газар эзэмшигчийн эрхийг хөндсөн байна.

Хоёр. Маргаан бүхий хоёр дахь захиргааны акт болох Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/360 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33 дугаар зүйлийн 33.1.1-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасныг болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 11/01 дүгээр тогтоолыг үндэслэн гарсан ба Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ******* цахилгаан станцын баруун зүүн хойд талд байрлалтай 10000 м.кв газрыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт түрээсийн орон сууцны барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгожээ.

Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 03/1461 дүгээр албан бичгээр нийт зургаан байршилд өөрийн албан хэрэгцээнд зориулан газар хүссэнээс БГД 20 дугаар хороо ******* цахилгаан станцын баруун хойд талд түрээсийн орон сууцны зориулалтаар 10000 м.кв газар эзэмших гэж уг албан бичгийн гуравдугаарт бичигджээ.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дүүргийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 10/07 дугаар тогтоолын хавсралтаар Баянгол дүүргийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдан гарсан, уг төлөвлөгөөнд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дүүргийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 11/01 дүгээр тогтоолын хавсралтаар тодотгол хийсэн. Энэхүү тодотголд эзэмшүүлэх газрын байршлыг ******* цахилгаан станцын баруун хойд талд 1 байршил гээд зориулалтын хувьд төсөвт байгууллагын хэрэгцээнд гэж заагджээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, 20.1.2 ...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах, 20.2.1 нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, 20.2.2 газар эзэмшигчээс хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой эзэмшиж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргах, 21 дүгээр зүйлийн 21.5.3 ...дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан ...төлөвлөгөөний дагуу ...иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх..., 40 дүгээр зүйлийн 40.2-д энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ, 40.5-д ...шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн б/нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах ... ажлыг зохион байгуулах, г/ газрын хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр гаргасан шийдвэрийн хэрэгжүүлэх, ж/ газар эзэмшихтэй холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх гэхчлэн хуульчилсан бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг хариуцагч Засаг даргаас хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг хянах гэж зааснаар тухайлбал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын агуулгыг зөрчих байдлаар гаргасан. Тодруулбал, маргаан бүхий газар нь ******* цахилгаан станцын зүүн хойд талд байршилтай болох тухайд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүх хуралдаан дээр маргаагүй, шүүхээс явуулсан газрын үзлэгээр нэг газар болох тухайд нэгдмэл байр суурьтай болсон, гэтэл гуравдагч этгээд Тамгын газарт газар эзэмшүүлэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд заасан байршилд олгоогүй, нөгөө талд газар эзэмшихийг хүссэн хүсэлт нь баруун хойд талд гэж бичигдсэн байгааг анхаараагүй, энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар захиргааны актын илэрхий алдаа засагдаагүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ...шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэснийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний төрлийг ангилан, энэ зүйлийн 28.1.2-т төрийн байгууллагын гэж заасан, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг агуулгын хувьд хариуцагчаас тайлбарлаж чадаагүй, 9070002085 улсын бүртгэлийн, 9088822 регистрийн дугаартайгаар төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэх ангиллаар улсын бүртгэлд бүртгэгдсэн гуравдагч этгээд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хувьд маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар мөн эсэхэд тайлбар хийж чадаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ ирүүлээгүй, газрын нэгж талбарын дугаар олгогдоогүй байна.

Маргаан бүхий дээрх хоёр захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, үйл баримт, маргааны зүйлд хамаарах хуулийг тайлбарлан шүүх хэргийг шийдвэрлэхдээ, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх, хяналт тавих талаарх бүрэн эрхүүдийг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар өөртөө хадгалж хэрэгжүүлэх бүрэн эрхүүдийг хариуцагч дүүргийн Засаг даргад олгосныг хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах, 4.1.4 газрыг хуульд заасан нөхцөл журмын дагуу ... зохистой эзэмших газрын талаар баримтлах зарчмыг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 ...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг тус тус хангаж гараагүй байна гэж үзэв.

Сонсох ажиллагааны талаар:

Баянгол дүүргийн Газрын албаны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 12/623 дугаар албан бичгээр газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох-ыг нэхэмжлэгч Я И ХХК-д мэдэгдсэн ба уг мэдэгдэл нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хаягтаа байхгүй шалтгаанаар буцаагдсан. Улмаар Өнөөдөр сонин-ы 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт ...газар эзэмших эрхийг хүчингүй болгохтой холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх, мөн сонины 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дугаарт ... Я И ХХК-д холбогдох хэсгийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамжаар хүчингүй болсон хэмээн нийтлүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хаягийн байршил өөрчлөгдөөгүй байсан гэж, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан сонсох ажиллагааг явуулсан гэж тайлбарлаж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ш Х ХХК-ийн Я И ХХК нь 2005 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл оффисын талбай түрээсэлж байсан гэх албан бичиг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1: захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.2.1: хорь буюу түүнээс доош тооны этгээдийг этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх-ээр, харин хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол ... хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх-ээр мөн хууль, зүйлийн 27.2.2-т заасан зохицуулалтаас үзэхэд хариуцагчийн зүгээс сонсох ажиллагааг явуулахаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч нь хаягтаа байсныг анхаараагүй, сонинд нийтэлсэн мэдэгдэлд маргаан бүхий газрын байршлыг буруу бичсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хөндөгдсөн талаарх сонсох ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүлээн авах үүрэггүй, хариуцагч захиргааны байгууллага нь дээрх хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Зүй нь хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1: захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2: энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4: тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд ... ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасанчлан нэхэмжлэл гаргагч Я И ХХК газар эзэмших эрхийг хэрэгжүүлж аж ахуйн үйл ажиллагаа явуулсан эсэхийг тодруулж, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст шийдвэр гаргах байсан байна.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас сөрөг агуулгатай акт гаргаж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх нь хөндөгдөж байгаа оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх гэхчлэн нарийн дэс дараалалтай, үргэлжилсэн шинжтэй ажиллагааг авч хэрэгжүүлээгүй үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 40 дүгээр зүйлийг үл хангаж гарсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я И ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/360 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.Б