Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 590

 

Б.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00105 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Г,

Хариуцагч Б.З-д холбогдох,

 

24 790 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 6 дугаар сард Б.Онончимэг найзтайгаа хамт Баянзүрх дүүргийн 7-р хороо, Сансар хороолол, Баянцээл үйлчилгээний төвд байрлах гаражийн зориулалтаар ашиглагдаж байсан 400 м.кв талбайтай байранд авто угаалгын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж, 60 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж угаалгын газраа нээсэн. 2015 оны 3 дугаар сард Б.Онончимэгийн найз залуу болох Б.З ирсэн бөгөөд 2015 оны 7 дугаар сард чиний 25 000 000 төгрөгийг гаргаж өгье, Б.Онончимэг бид 2 цааш үргэлжлүүлж үйл ажиллагаа явуулъя гэсэн санал тавьсан. Би саналыг хүлээн зөвшөөрч Б.Онончимэг, Б.З нарт бизнесээ үлдээсэн.

2015 оны 7 дугаар сард мөнгө өгөх ёстой байсан боловч өгөөгүй. Ийм байдлаар хойшлуулсаар байгаад 8 дугаар сарын 01-ний өдөр 210 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй гэжээ.

Хариуцагч Б.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Б.Онончимэгтэй танилцаж угаалгын газарт орсон. Түрээсийн төлбөрийг өгч чадахгүй байна гэж өмнө нь надаас мөнгө авч байсан. Б.Г над руу шилжүүлж байсан гэсэн тайлбар эргэлзээтэй байна. Угаалгын газар түрээсэлж байхад нэг залуу гарч ирсэн. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй болохоор би больсон. Энэ талаар Б.Г өөрөө мэдэж байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Б.Згоос 24 790 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 900 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анх бид тус бүр 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2014 оны сүүлээр хариуцагч Б.З хааяа ирдэг болсон ба харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 7 дугаар сард 25 000 000 төгрөг авахаар болж би тус үйл ажиллагаанд хамтарч ажиллахаа больсон. Гэтэл Б.З тохирсон хугацаанд мөнгөө өгөөгүй бөгөөд сүүлд 210 000 төгрөг шилжүүлсэн. Сүүлдээ утсаа авахаа больж, хааяа авахаараа хүлээж байгаарай удахгүй өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Гэтэл одоо хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн бодит байдалд нийцэхгүй тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Б.З бидний хоорондын тохиролцоог мэдэхгүй гэж шүүхэд итгүүлэхийн тулд шүүх хуралдааны сүүлийн өдөр оршин суугаа хаягаа сольж орж ирсэн. Анх 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гардаж авахдаа Б.Онончимэгтэй хамт амьдардаг хаягаа хэлсэн байдаг. Гэтэл шүүх хурал дээр 2016 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа гэж худал мэдүүлсэн. Шүүх хариуцагчийн худал мэдүүлгийн огноог нягтлан шалгалгүйгээр “худал хуурмаг” тайлбарыг үнэлсэнд гомдолтой байна. Иймд Б.Зтой бичгээр үйлдсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа ба тохиролцооны дагуу 24 790 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Түүнчлэн шүүх хариуцагч Б.З-д харьяаллын дагуу нэхэмжлэлийг гардуулж өгөөгүй. Шуудангийн магадлагаа дээр хариуцагч нэхэмжлэлд гаргасан хаягт оршин суудаггүй гэж хариу ирсэн боловч утсаар дуудаж, нэхэмжлэлийг гардуулж, харьяаллын бус шүүхээр хэргийг шийдвэрлэсэн. Хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч оршин суугаа хаягаа сольсон ч харьяаллын шүүхэд хэргийг шилжүүлээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 65 дугаар зүйлийн 65.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан заалтыг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд миний гомдлын үндэслэлүүдийг хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлага 24 790 000 төгрөгийг гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.Г нь тохиролцооны дагуу 24 790 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч хариуцагч Б.З нь Б.Г надаас үндэслэлгүйгээр 24 700 000 төгрөг нэхэмжилж байна, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Б.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.Онончимэгийн хамт 2014 оны 6 дугаар сараас эхэлж Баянцээл үйлчилгээний төвд байрлах гаражийн зориулалтаар ашиглагдаж байсан 400 м.кв талбайг түрээслэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, тохижилт бүхий авто угаалгын газар болгон ажиллуулж байгаад 2015 оны 3 дугаар сард Б.Онончимэгийн нөхөр болох Б.Зтой тохиролцсоны дагуу 50 хувийн эрхээ түүнд шилжүүлж тухайн бизнесээс гарсан боловч хөрөнгө оруулалт болох 24 790 000 төгрөгийг харилцан тохиролцсоны дагуу төлөхгүй байгаа гэж Б.Зг хариуцагчаар татан, шаардлагаа түүнд холбогдуулж гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Г нь Б.Онончимэгийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 7-р хороонд байрлах “Баянцээл” ХХК-ийн байранд 400 м.кв талбайг сарын 3 500 000 төгрөгийн төлбөртэйгөөр 5 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээг  2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр түрээслүүлэгч Г.Энхбаттай байгуулсан ба /хх4-5/ 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актаар /хх45/ авто угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулж засвар тохижилт хийхэд түрээслэгч тус бүр 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан нь тогтоогдож байна. Дурдсан байдлаас үзвэл авто угаалгын үйл ажиллагаанаас ашиг олох зорилгоор  Б.Г, Б.Онончимэг нар хамтран ажиллаж, түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан “хамтран ажиллах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гийн хамтран ажиллах гэрээнээс гарч, өөрт ногдох хувиа гуравдагч этгээдэд шилжүүлэх хүсэл зориг нь хамтран ажиллах гэрээний тал болох Б.Онончимэгийн зөвшөөрлөөс шалтгаална. Гэвч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Онончимэг оролцоогүй, Б.З нь хамтран ажиллах гэрээний тал биш байхад түүнээс оруулсан хөрөнгөө шаардах үндэслэлтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр, хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн алдааг хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ