Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/34

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,  

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Шүүгдэгч өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ********************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогтой ************** холбогдох эрүүгийн 2327000000028 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** аймгийн ******сум *************дүгээр баг ****************тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ************* овогтой *********** /РД:***************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч*************нь Өвөрхангай аймгийн ********сумын ********* дугаар багийн нутаг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэхээр очсон тус сумын цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч ****************тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй заамдан авч баруун гарын алга хэсэг рүү нь нэг удаа өшиглөж хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ:

            2023 оны өдөр 02 дугаар сарын 17-ны өдөр найзындаа очиж гэрийн тооно хийсэн. Тооно хийж дуусчхаад орой нь 2 шил архи уусан би нэг шил архийг нь уугаад түүнээс хойш юм санахгүй байгаа гэв.

 

Хохирогч ************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2023 оны 01 дүгээр сарын 17-ны орой 22 цаг 40 минутад ******* аймгийн ************ сумын цагдаагийн кобан байрнаас экологийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч **********хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж гарсан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 01 дүгээр сарын 18-ны орой 00 цаг 30 минутын үед ********сумын ******** дугаар баг дунд өргөн чөлөөнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж машинтайгаа явж байхад **********улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ******* сумын ********** дугаар баг “************” чиглээд явсан. Тэгэхээр нь араас гүйцэж түрүүлээд урд нь гарч зогсоох гэтэл тухайн автомашин зогсохгүй хажуугаар гараад хурдаа нэмээд зугтах маягтай явсан. Араас нь дагаад явж байтал ********сумын ******** дугаар баг бэлийн гудамж руу ороод зогссон. ************** бид 2 машиных ард зогсох үед жолооч талаас нь 1 залуу бууж ирээд уг хашаа руу оролгүй хойшоо чиглээд алхаад явчихсан. Би машинаас буугаад араас нь гүйж очоод амрыг эрье, та яагаад дохиод байхад зугтаагаад байгаа юм бэ гэж асуухад би хаана зугтаасан юм гэж хэд хэдэн удаа давтаж хэлсэн. Тэгэхээр нь би та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд яагаад тээврийн хэрэгсэл жолоодоод байгаа юм. Би ажлаа хийж байна гэхэд хариуд чи ажил хийдэг болчихсон юм уу гэж хэлсэн. Тэгээд намайг заамдаад авахаар нь би цагдаагийн дэслэгч ********дуудсан. ***************ирээд тухайн зөрчил гаргасан хүнд гаргасан зөрчлийнх нь талаар хууль сануулж, бид хоёрын дундуур орж салгасан. Би машиныхаа гадна очоод зогсож байтал **********тухайн залууг дагуулаад ирсэн. Тэгсэн чинь уг залуу над руу “чамайг ална” гээд гараа зангидаад дайрах үед *********дундуур орж тухайн залуу миний баруун гарын алганы ар хэсэгт 1 удаа өшиглөөд өөрийнхөө машин дээр очоод арын хаалга онгойлгож ямар нэгэн зүйл аваад цээжиндээ наах шиг харагдсан. Тэгээд чамайг ална гээд дайрахдаа замд нь байсан ********** түлхэж байгаа харагдсан. Би ойролцоогоор 100 метр орчим зугтааж гүйсэн тухайн залуу намайг 50-60 метр орчим хөөсөн. Араас нь ***********машин жолоодож ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч ***************** мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн:

“...Би согтуудаа алдаа гарсан байна. Би ер нь архи хэрэглээд байдаггүй амархан тасарчихдаг юм. Тухайн өдрийн маргааш нь би цагдаа нараас уучлалт гуйхад хариуд гомдолгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *************** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:

“...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. Миний буруу би тухайн асуудал гаргасан өдрийнхөө маргааш нь ********* цагдаагаас уучлалт гуйсан ба ********************* цагдаа надад гомдол санал байхгүй дахиад ийм асуудал гаргаж болохгүй шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Гэрч ************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2023 оны 01 дүгээр сарын 18-ны орой 00 цаг 30 минутад Өвөрхангай аймгийн **********сумын 2 дугаар баг дунд өргөн чөлөөнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ********машин жолоодон явж байхад *********** улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд “***********” чиглээд явсан. Тэгэхээр нь араас гүйцэж түрүүлээд урд нь гарч зогсоох гэтэл тухайн автомашин зогсохгүй хажуугаар гараад хурдаа нэмээд зугтах маягтай явсан. Араас нь дагаад явж байтал Б*************сумын ******* дугаар баг ***** гудамж руу ороод зогссон. Бид  2 машиных ард зогсох үед жолооч талаас нь 1 залуу бууж ирээд уг хашаа руу оролгүй хойшоо чиглээд алхаад явчихсан. ********  машинаас буугаад араас нь гүйж очсон. Би тухайн залуугийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад түүнтэй хамт явсан эхнэр, найзтай нь уулзаж байхад дэд ахлагч ************* намайг дуудсан. Яваад очих үед тухайн залуу ********заамдаж аваад хэл амаар доромжлоод дайраад байхаар нь би салгаж тухайн жолоо барьж явсан залууд зөрчлийнх нь талаар хууль сануулсан. Тэр үед ****** өөрийнхөө машины хажууд очсон байсан. Би ******* заамдаж дайраад байсан залууг дагуулаад араас очиход уг залуу *******руу чамайг ална гээд гараа зангидаж ***** заамдаж түлхсэн.******* урдаас нь гараараа хааж түлхэх үед **********баруун гар хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд би салгаж авахад уг залуу өөрийнхөө машин дээр очоод арын хаалга онгойлгож ямар нэгэн зүйл аваад цээжиндээ наах шиг харагдсан. Тэгээд ********** ална гээд дайрсан. Тэр үед би машины хажууд зогсож байгаад урдуур нь орж болиулах гэхэд миний хэвлий хэсэг рүү түлхээд ********** руу дайрахад *******зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Гэрч ************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...*************** машиныхаа жолооны ард суугаад эхнэр нь жолоочийн хажуу талын суудалд би ард талын суудалд суугаад дэлгүүр рүү явсан. Явж байх замд хажуу талаар гэнэт нэг цагаан өнгийн машин шахаж сигналдаад урд гараад зогссон. Тэгэхээр нь бид нар тухайн үедээ хэдэн сагсуу банди нар явж байгаа юм байх гэж ярилцаад хажуугаар нь өнгөрөөд цааш явсаар эргээд **********гэрийн гадна очоод зогссон. Тэгсэн уг машин дотроос цагдаа бууж ирээд амрыг эрье гэж хэлсэн чинь********* машинаас буугаад гудамжны хой тал харанхуй хэсэг рүү алхаад явсан. Би бие засчхаад очиж байтал нэг цагдаа нь хэлэхдээ наадах чинь машинаасаа юм авчихлаа гэж хэлээд зугтаад явчихсан. Араас нь ******** хөөгөөд явсан. Би болсон зүйл явдлыг санаж байна. *********** намайг харахад гайгүй л юм шиг байсан. Гэхдээ мэдэхгүй юм. Эхнэр нь архи уугаагүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч ****************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Архийг нэг их хэрэглээд байдаггүй хааяа даа баяр ёслолын болон найз нөхөд нь ирсэн үеэр л хэрэглэдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элдэв ааш зангүй, агсам согтуу тавиад байдаггүй хүн. Гэхдээ энэ асуудалд яагаад элдэв ааш араншин гаргасан болохыг хэлж мэдэхгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №075 тоот:

“...1. Үзүүлэгч *************** биед баруун гарын 3 дугаар хурууны 3 дугаар үе болон баруун гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн******** сумын******* дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2022 оны тооллогын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа, хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7, 40, 46, 47-48, 49-51, 57   дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч **************** нь ********** аймгийн********сумын **********дугаар багийн нутаг 2023 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэхээр очсон тус сумын цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч ********** тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй заамдан авч баруун гарын алга хэсэг рүү нь нэг удаа өшиглөж хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч *********** үйлдсэн болох нь

Хохирогч *********мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч *************нарын мэдүүлгүүд /хх-ийн 15-16, 20-21 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №075 тоот: “...1. Үзүүлэгч ************* биед баруун гарын 3 дугаар хурууны 3 дугаар үе болон баруун гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  3.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  5. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/, шүүгдэгч *********шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгодог.

Хохирогч *********нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Бат-Өлзий сумын цагдаагийн тасгийн замын зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтой, хэрэг гарах тухайн цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэх явсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Шүүгдэгч ************ дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн хангасан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

                       

Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч *********** нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ************ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 200 000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч **********нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **********овогтой ***************хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,

эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ************** 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ************* нь 3 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 200 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 02 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. ***************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА