Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

                                       

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,улсын яллагч Б.Батцоож,шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2236000000030 дугаартай, 178/2023/0059/Э индекстэй хэргийг 2023 оны 03дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа амьдрах, ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* муурын байшингийн 3-70 тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 587 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн гэх, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: НЩ*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах Минж зочид буудлын 302 тоот өрөөнд 2023 оны 01 дүгээр сарын 14-ний орой 19 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.*******тай маргалдах явцдаа ширээн дээр байсан шар иштэй хутгаар түүний зүүн гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 8-р хуудас/

2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 9-14-р хуудас/

3.Хүний / Т.*******ын/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 15-17-р хуудас/

4.Хүний /З.*******гийн/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 18-20-р хуудас/

5.Гэрч Б.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би Ховд аймагт ирээд 3 хонож байна. Тухайн өдөр З.*******гийн хөлсөлсөн Оюу мандал гэх байрны подволд З.*******, Т.******* нарын хамт байж байтал З.******* 15 цагийн үед “хүнтэй уулзана” гээд гараад явсан. Нэг цаг орчмын дараа Т.******* “З.*******тай уулзана” гээд гарсан.Орой нь 19 цагийн үед би байрандаа байж байтал Т.******* гаднаас архи уучихсан орж ирээд “ З.******* пизда гуянд хутга шаачихлаа” гэж хэлсэн.Удалгүй араас нь З.******* цагдаа дагуулаад орж ирсэн... гэх мэдүүлэг / хэргийн 25-р хуудас/

6.Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...3 давхраас нэг хүн “ ална пизда” гээд орилохоор нь дээшээ гарах гэтэл 302 тоот өрөөнөөс нөгөө залуу цээж нүцгэн “ хутгалчихлаа пизда” гээд надад өмдөө тайлж үзүүлэхэд зүүн гуя хэсгийн урд талд хөндлөн хэмжээний зүсэгдсэн мах нь цухуйж ойр тойронд нь цус болсон байхаар нь би цагдаад дуудлага өгсөн.Цагдаа ирэх хооронд тэр залуу гараад явчихсан...гэх мэдүүлэг / хэргийн 27-28-р хуудас/

7.Хохирогч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би Дархан-Уул аймагт амьдардаг. Найзуудтайгаа Увс аймгийн Бөхмөрөн сум орчихоод Ховд аймагт 2023 оны 01 сарын 11-ний өдөр ирэхэд найз З.*******, Түвшинбаяр нартай таараад хамт явсан хүмүүсээсээ үлдсэн. З.******* Түвшинбаяр нар Оюу мандал гэх байрны подвол түрээсэлсэн ба тэнд нь хамт 2 хонож байтал 2023 оны 01 сарын 14-ний орой 19 цагийн үед З.******* намайг Минж буудал дээр хүрээд ир гэж ярьсан.Тэр буудалд нь яваад очиход 302 тоот өрөөнд З.******* Хонхонцэцэг гэх эмэгтэйтэй байсан.Бид гурав 0.75 литрийн архи хувааж уугаад хоол захиалж идээд байж байтал З.******* бид хоёр хоорондоо маргалдаад барилцаад ноцолдож байтал З.******* миний зүүн гуянд хутгалчих шиг болоод цус гарахаар нь би тухайн өрөөнөөс гүйж гараад доошоо бууж буудлын хүнд хөлөө үзүүлчихээд шууд гараад Оюу мандалын байрны подволд ирэхэд Түвшинбаяр байж байсан.Бид хоёрыг байж байтал гаднаас цагдаа орж ирээд намайг Цагдаагийн газар луу авч явсан.З.******* бид хоёр Дархан-Уул аймагт нэг барилга дээр өрлөгийн ажил хийж байсан мөнгө төгрөгнөөс болоод хоорондоо маргалдсан... гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р хуудас/

8.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн...Т.*******ын биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал болон зулгаралтууд, зүүн гуяны урд дунд хэсгийн шарх, зүүн гуяны дотор дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Т.*******ын биед учирсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 38-39-р хуудас/

9.Шүүгдэгч З.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Минж зочид буудлын 302 тоот өрөөнд Т.******* Хонхонцэцэг бид гурав 1 шил архи хувааж уугаад хоол захиалж идээд байж байгаад Т.******* бид хоёр өмнө нь Дарханд барилгын ажил хийж байхдаа хоорондоо маргасан асуудлаа ярьж байгаад бид хоёрын хооронд маргаан болсон.Т.******* босч ирээд намайг заамдаад авахаар нь би ширээн дээр байсан шар иштэй тонгорог аваад айлгах санаатай хөл рүү нь чичтэл *******ын зүүн гуя руу орчихсон. Т.******* “ писда хутгачихлаа ш дээ” гээд доошоо гүйгээд буухаар нь би айсандаа хутгыг цонхоор шидчихээд сууж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан...гэх мэдүүлэг / хэргийн 63-64-р хуудас/ зэрэг  баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Хоёр.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

2.2. Шүүгдэгч З.******* хохирогч Т.******* нар нь согтуууулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргаж З.******* Т.*******ын зүүн гуянд хутгалж түүний биед нь хөнгөн гэмтэл учруулжээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хохирогчийн биед халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3. Шүүгдэгч олон нийтийн газар биеэ зохистой авч явж чадахгүй хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

2.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

2.5. Иймд шүүгдэгч З.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч З.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.******* “...би гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хохирогчтой найз нөхдүүд бөгөөд бид хоёр эвлэрсэн..” гэж мэдүүлсэн.

Шүүгдэгч З.******* нь урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 587 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан тэмдэглэл/ хэргийн 68-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд / хэргийн 71-78-р хуудас/, шүүгдэгч З.*******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, түүний хувийн байдлын талаар гэрч О.Алтанхуягийн өгсөн...манай найз З.******* нь даруу төлөв зантай, хүнд тусархуу, хүнд худлаа хэлдэггүй, элдэв муу зуршилгүй, өөрийн ажилдаа эзэн болж явдаг залуу юм. Эцэг эхээс 4-дээ,айлын бага хүүхэд.******* аймгийн ******* суманд хувиараа дугуй засвар ажиллуулж,гагнуур хийдэг, сард 1000000-1500000 төгрөгний орлого олдог гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 84-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

 Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч З.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, ганцаараа амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Хохирогч Т.******* хохирлын баримт ирүүлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд... бид найзууд надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, гомдол саналгүй.../ хэргийн 35-р хуудас/ гэх мэдүүлэг өгснөөс шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Иймд түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагчаас:Шүүгдэгч З.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, тухайн хугацаанд ******* аймгийн ******* сумын нутгаас гадагш явахгүй байх хязгаарлалт  тогтоох, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,түүнд авсан хувийн баталгаа гаргах тасалан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Миний бие нь ******* аймгийн ******* суманд амьдардаг. Хувиараа дугуй засварын газар ажиллуулдаг, сард 1 саяас 1500000 төгрөгний орлоготой. Надад торгох ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргасан.

Шүүх: Шүүгдэгч *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн санал, шүүгдэгчийн тайлбар мэдүүлэг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2336000000030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй 1 ширхэг хутгыг /тонгорог/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Баруун хусай ургийн овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баруун хусай ургийн овогт *******ын *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.*******д мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч З.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч З.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй 1 ширхэг /тонгорог/ эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Ховд аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

 8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС