Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч Э.Э,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Т овогт Бийн Бт холбогдох эрүүгийн 2217000000099 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Т овогт Бийн Б /РД:......../, Г аймгийн С суманд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөлмөр хамгааллын инженер мэргэжилтэй, “.... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны ... тоотод оршин суух, урьд Г аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, 6 сарын хугацаанд засарч, хүмүүжихийг даалгасан, Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Б.Б нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн үед С сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын орчим ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн Э.Эын нүүрэн тус газар гараараа цохиж унаган эрүүл мэндэд нь гавлын дагз ясны баруун талаас доош суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнд хатуу бүрхүүл дээрх цусан хураа, 2 талын духны дэлбэнгийн суурийн хэсэг, зүүн чамархайн тархины эдийн няцрал, доод эрүүний их бие болон эрүүний баруун буланд хугарал бүхий амь биед аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Этай Петровисын баруун талд таарсан. Би хоёулаа, хохирогч Э гурвуулаа явж байсан. Тухайн үед Этай хамт явж байсан Тг таньдаг болохоор юм асуух гээд дуудсанаас болж Этай маргалдаад цохисон. Миний энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардалд 2 450 000 төгрөг өгсөн. Мөн анх шинжилгээ өгөхөд гарсан төлбөр 140 000 төгрөгийг өгсөн. Бусад төлбөр болох ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирол гэх мэт хохирлуудыг ажлаа хийгээд төлнө. Цаашид дахин хүнтэй маргалдахгүй, гэр бүлээ тэжээнэ гэж өөртөө дүгнэлт хийсэн. Дахин ийм алдаа гаргахгүй, биеэ зөв авч явна гэв.

2. Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглээд ТБ-д орж сууж байгаад 01 цагийн үед гарсан. Б, Т бид гурав явж байтал Тг Б дуудаад маргалдаад байхаар нь би Т одоо явъя, орой болчихлоо харьж амаръя гэхэд Б чи хэн юм, юу нь юм гэсэн. Намайг очиход Б шууд цохисон. Б нь миний зүүн талын шанаанд 2 удаа цохиход би ухаан алдаад сэргэсэн. Энэ хүнд цохиулсны улмаас толгойндоо хугаралтай, тархины бяцралттай, гавлын ясанд хугарал гэмтэл учирсан. Энэ гэмтлийн улмаас зүрх дэлсдэг, толгой өвддөг болсон. 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс ажилдаа орсон, гэхдээ эмчээсээ эрүүл болсон гэсэн бичиг авч ир гээд эмч нь тийм бичиг хийж өгөхгүй байгаа. Үндсэн өөрийнхөө ажлыг хийхгүй арай хөнгөн ажил хийж байгаа. Хамгийн сүүлд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтсэн. Эмч нь залуу хүүхэд яагаад ийм эрт толгойндоо гэмтэл авчихваа гэж байсан. Цаашид эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэж, гам барих шаардлагатай ясны цууралт эдгэрэх гэж бараг 1 жил орчим болно гэсэн. Ажилдаа яваагүй хоногууддаа акт авч, листны мөнгө авч байсан. Баас эмчилгээний зардалд 2 450 000 төгрөг авсан. Анх эмнэлэгт үзүүлэхэд томографд харуулсан 140 000 төгрөг авсан. Одоо ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 13 дахь сарын урамшуулал цалин, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 10 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн гэв.

3. Иргэний нэхэмжлэгч Ө.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Э.Эын аймгийн Нэгдсэн эмнэлэгт амбулаториор үзүүлэхэд, шинжилгээ өгөхөд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 346 000 төгрөг зарцуулагдсаныг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/

4. Гэрч В.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 10 сарын 27-ны өдөр Эын төрсөн өдрийг урьдчилаад тэмдэглэнэ гээд манайхаас Э, Т, Б 3 гараад шөнийн 03 цагийн үед Э гэртээ ирсэн. Тухайн үед би нойрмог байсан болохоор яг ямар байдалтай ирсэнийг мэдэхгүй. Өглөө 07 цагийн үед би ажилдаа явахаар босоод Эыг харахад дух нь шалбарчихсан байсан. Гэрээсээ гарахдаа ямар нэгэн шалбарсан зүйл байгаагүй. Тухайн үед Э унтаж байсан болохоор яагаад дух нь шалбарсан байгааг би асуугаагүй. Тэгээд ажлаасаа тараад 18 цагийн үед гэртээ иртэл Эын баруун талын шанаа хавдсан, буйл нь хөхөрсөн, өөрөө нилээн зовиуртай байхаар нь би юу болсон талаар асуухад Б гэх хүн цохисон гэсэн. Б гэх хүн яагаад өөрийг нь цохисон талаар асуухад Тг Б явуулахгүй байхаар нь Тг дуудаад явъя аа гэж хэлснээс болоод цохисон гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/

5. Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн үед Т, Э бид 3 уулзаад Халуун тогоо гэх газарт орж тус тусдаа 4 лааз пиво ууцгааж, юм ярьж сууцгаасан. Шөнийн 1 цагийн үед хаахаар болж дотор байсан хүмүүсээ гаргасан. Халуун тогооноос Э, Т, Н бид 3 гарахаар явж байхад үүдэнд Б таараад Ттай юм ярьж байгаад салсан.  бид 2 Эыг дөхүүлж өгөхөөр Петровис колонкийн урдуур алхаад явж байтал Б Петровис колонкийн урд байх шороон зам дээр тааралдаад Тыг дуудсан. Т Б руу очоод юм яриад байж байхад нь Э Тт хандан явъя аа гэтэл Б Эын нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Ямар шалтгааны улмаас Б Эыг цохисныг би сайн мэдэхгүй байна. Учир нь Б Э хоёроос би бага зэрэг зайтай зогсож байсан. Э Бт цохиулснаас үүдэн дагзаараа газар хүчтэй савж унасан, мөн юм ярихгүй, манарсан байдалтай хэсэг газар суусан. Тэгээд Э уурлаад босож ирээд Б руу дайрсан. Гэтэл Эыг Б дахин нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон ба Э дахиад газар өмнөх шигээ дагз хэсгээрээ саваад унасан. Тухайн үед Э нэлээн удаан ухаангүй газар хэвтсэн, дуудаад байхад сэрэхгүй байсан. Тэр үед Б наадах чинь зүгээрээ удахгүй босоод ирэхээр нь аваад яв, хэлдэг газар нь хэлээрэй гэсэн. 2-3 минутын дараа Э ухаан ороод босож ирэхээр нь Т бид 2 гэрт нь хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29 хуудас/      

6. Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед Б залгаад би Улаанбаатар хотоос сая Г аймагт ирлээ, хоёулаа уулзах уу гэхээр нь тэгье гээд бид 2 холбоо шарын гадаа уулзаад Халуун тогоо руу явсан.  Бид хоёр 3, 3 шил пиво хувааж ууцгаасан. Халуун тогоо шөнийн 1 цаг өнгөрч байхад хаалаа гээд доторх хүмүүсээ гаргасан. Халуун тогооноос Б бид 2 гараад гэртээ харихаар Петровис шатахуун түгээх газрын урд талд байх шороон замаар явж байхад Б Т гэх залуутай тааралдаад дуудахад Т ирээд Б тэр 2 хэсэг юм яриад зогссон. Тухайн үед Т танихгүй 2 залуутай явж байсан. Гэтэл Ттай явж байсан нэг залуу нь цаанаас Тыг яах гээд дуудаад байгаа юм бэ гээд уурлаад байсан бөгөөд Б хариуд нь би найзтайгаа юм ярьж байна шүү дээ гэсэн. Тэгээд гэнэт Б, Ттай явж байсан залуутай муудалцаад, нөгөө залуу нь Бийг цохих гээд далайтал Б зөрүүлээд нөгөө залуугийн шанаа тус газар нь нэг удаа гараараа цохих шиг болсон. Тухайн үед харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй. Бт цохиулаад нөгөө залуу газар унаад төд удалгүй босож ирээд Б руу дахиад дайрсан. Гэтэл Т надад хандан ах аа та Бийг аваад явчих аа гэхээр нь би Бийг салгасан. Б тухайн үед хэр согтолттой байсныг би мэдэхгүй, гайгүй л байх шиг байсан. Бтай муудалцсан гэх залуу нь архи уучихсан, согтуу байх шиг байсан. Нөгөө залуу нь унахын хувьд унасан, гэхдээ яг яаж унасаныг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-33 хуудас/                                                          

7. Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20-21 цагийн үед Эыг гэрээс нь аваад Халуун тогоо гэх газар луу орж пиво ууцгааж, караоке орж дуулсан. Халуун тогооны үүдэнд тамхи татаад зогсож байтал Б М гээд найзтайгаа явж байгаад надтай таарсан. Тухайн үед би Бтай мэнд мэдээд юм ярьсан. Шөнийн 1 цагийн үед Халуун тогооноос гараад Э, Б бид 3 ертөнцийн зүгээр зүүн тийш гэр лүүгээ алхаж байх замд Петровис колонкийн урд Б намайг дуудсан. Би Б руу очиход Б яасан дуудахад ирэхээ больчихсон юм уу гэж хэлэхээр нь би ямар нэгэн хариу хэлээгүй. Гэтэл араас Э ирээд Т явъя аа гэсэн бөгөөд Б Эт хандан чи хэн юм гэж хэлээд Э луу очоод шууд нүүр лүү нь гараараа нэг удаа цохитол Э ямар ч мэдрэлгүй болоод хойшоо газар унасан. Э ухаангүй бараг 5 минут газар хэвтсэн, энэ хооронд Б чи энэ найзууддаа намайг таниулж хэлсэнгүй гэх мэт үг хэлж байсан. Тухайн үед Э гуйвж босож ирээд Б руу уурлаад дайртал Б дахиж Эыг 2 удаа гараараа цохиод унагаасан. Э Бт дахин цохиулаад урагшаа унаснаас болоод дух нь халцарсан байх, мөн Э дахиад ухаан алдсан бололтой ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэлгүй нэлээн удаан газар хэвтсэн. Эыг босож ирэхээр нь Б найз чинь ингэж манарч байгаад удахгүй зүгээр болно гэсэн. Э Бийг буцааж цохиж зодсон асуудал байхгүй. Маргааш нь Этай очиж уулзахад эрүү нь баруун талдаа хавдсан байсан. Эхлээд Э газар унахдаа нэлээн хүчтэй толгойныхоо ар дагз хэсгээр савж унасан, харин дараа нь урагшаа унахдаа эхний унаснаа бодвол арай зөөлөн унасан, гэхдээ дух нь халцарсан байсныг бодоход тийм ч зөөлөн унаагүй байх” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-36 хуудас/

8. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э.Эын биед үүссэн гавлын дагз ясны баруун талаас доош суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнд хатуу бүрхүүл дээрх цусан хураа, 2 талын духны дэлбэнгийн суурийн хэсэг, зүүн чамархайд тархины эдийн няцрал, доод эрүүний их бие болон эрүүний баруун буланд хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэл гэж хүний гар, хөл цохих өшиглөх үйлдлүүд орно. Гавлын дагз ясны баруун талаас доош суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь хохирогч арагш савж унасны улмаас үүссэн байх боломжтой. Харин бусад зүүн духны дэлбэнд хатуу бүрхүүл дээрх цусан хураа, 2 талын духны дэлбэнгийн суурийн хэсэг, зүүн чамархайд тархины эдийн няцрал гэмтлүүд нь тухайн хэсэг газар цохиулсны улмаас мөн савж унах, урдаас эрүүний хэсэгт цохиулсны улмаас тархи хүчтэй доргисноос үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг дор үүсэх боломжгүй, доод эрүүний баруун булангийн хугарал гэмтэл, доод эрүүний их биеийн хугарал гэмтэл нь тус бүртээ үүсэх бөгөөд өөрөөр хэлбэл 2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49-52 хуудас/

9. Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08ы өдрийн 222 дугаар дүгнэлтэд: Э.Эын биед гавлын дагз ясны баруун талаас доош суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнд хатуу бүрхүүл дээрх цусан хураа, 2 талын духны дэлбэнгийн суурийн хэсэг, зүүн чамархайд тархины эдийн няцрал, доод эрүүний их бие болон эрүүний баруун буланд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022 оны 10 дугаар сарын 28-нд үүсгэгдсэн байх боломжтой. Гавлын дагз ясны баруун талаас доош суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнд хатуу бүрхүүл дээрх цусан хураа, 2 талын духны дэлбэнгийн суурийн хэсэг, зүүн чамархайд тархины эдийн  няцрал гэмтлүүд нь нэг дор үүсэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Доод эрүүний их биеийн хугарал гэмтэл, доод эрүүний баруун булангийн хугарал гэмтэл нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох” журам-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 44-45 хуудас/

10. Хохирогч Э.Эын эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд, өвчний түүхийн хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Г аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг, зардлын түүх  /х.х-ийн 70-71, 75-85, 87-91,92-93 хуудас/

11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 103-139 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01 цагийн үед Г аймгийн С сумын 2 дугаар багт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын орчим бусдыг өдөөн хоргоож маргалдан улмаар Э.Эын нүүрэнд гараараа цохиж толгойн ар дагз хэсгээр нь газарт савж унаган ухаан алдуулсан, мөн ухаан ороод босож ирэхэд нь дахин цохиж ухаан алдуулан унагасны улмаас түүний эрүүл мэндэд нь гавлын дагз ясны баруун талаас доош суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнд хатуу бүрхүүл дээрх цусан хураа, 2 талын духны дэлбэнгийн суурийн хэсэг, зүүн чамархайд тархины эдийн няцрал, доод эрүүний их бие болон эрүүний баруун буланд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Б.Бийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

  Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч В.Н, А.Б, Т.Т, О.М, шинжээч Л.Жаргалтогтох нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08ы өдрийн 222 дугаар дүгнэлт, хохирогч Э.Эын эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд, өвчний түүхийн хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон болохыг дурдлаа.

Мөн шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Ю.С нь шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг өдөөн хоргоож, маргаан үүсгэж, бусдыг илтэд үл хүндэтгэн дээрэлхэж бие махбодид нь халдсанаас үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Э.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид торгох ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас үзэхэд хохирогчийн хувьд ямар нэгэн байдлаар шүүгдэгчтэй хэрүүл маргаан үүсгэсэн, өдөж хоргоосон үйлдэл гаргаагүй. Найзыгаа явъя гэж хэлсэний төлөө хохирогчийн нүүрэн тус газар нь хүчтэй цохисны улмаас 2 удаа ухаан алдаж унасан. Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ямар хүнд гэмтэл учирсан бэ гэдэг нь шинжээчийн дүгнэлтээс харагдаж байгаа. Хохирогч 25 насандаа энэ гэмтлийг авна гэдэг нь цаашид ажил төрөл хийхэд хүндрэлтэй. Мөн шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хүний эрүүл мэндэд 3 дахь удаагаа гэмтэл учруулж ял шийтгүүлж байна. Энэ байдлаас харахад шүүгдэгч нь өөртөө дүгнэлт хийхгүй, засарч хүмүүжихгүй байна гэсэн саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.С нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн. Хойшид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг жич нэхэмжлэх эрхтэйгээр заасан учраас үүнийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн хувьд өмнө нь хэдийгээр ял шийтгэлтэй байсан боловч уг торгох ялуудыг төлж дуусгавар болгосон. Тийм учраас Б.Б нь анх удаагаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Б нь эхнэр, 10 сартай хүүхдийн хамт амьдардаг. Тодорхой хэмжээгээр алдаж, онож байсан боловч хүүхдийн эцэг, өрхийн тэргүүн болж амьдарч байгаа. Шүүгдэгчийн хувьд дотроо маш их зүйлийг бодож, шаналж, өөртөө тодорхой хэмжээгээр дүгнэлт өгч хойшид дахин алдаа гаргахгүй байж чадна гэдгээ илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Б.Б нь ажил эрхэлдэг, нийгмийн даатгал төлдөг, өөрийн гэсэн эд хөрөнгөтэй учир торгуулийн ялыг биелүүлэх, мөн хохирогчийн эрүүл мэндэд анхаарч цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх боломжтой. Шүүгдэгч Б.Б нь хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн. Учир нь хохирогчийг өргөдөл, гомдол өгөхөөс нь өмнө гэм буруугаа ойлгож, нэн даруй Улаанбаатар хот руу дагуулж яваад шинжилгээ өгүүлж тархины гэмтлийг нь тогтоолгосон гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.С нь шүүгдэгч Б.Бийг анх удаагаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг бүрэн төлсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Бийг хуульд заасан хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

- Шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар: гэмт хэрэг гарахад хохирогч Э.Э нь зүй бус, хууль бус үйлдэл гаргаагүй, шүүгдэгч Б.Б нь бусдыг илтэд үл хүндэтгэн, дээрэлхэж, танхайрах үйлдэл гаргаж хохирогчийн бие махбодид нь халдан цохиж 2 удаа ухаан алдуулсан. Үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь гавлын дагз ясны баруун талаас доош суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнд хатуу бүрхүүл дээрх цусан хураа, 2 талын духны дэлбэнгийн суурийн хэсэг, зүүн чамархайд тархины эдийн няцрал, доод эрүүний их бие болон эрүүний баруун буланд хугарал бүхий хүнд хохирол, хүндэвтэр хохирол тус тус учирсан байна. Хохирогчид учирсан гэмтлүүд нь бүрэн эдгэрч хэвийн байдалдаа ороогүй, цаашид эмчилгээ хийлгэх нөхцөл байдалтай байгаа.

- шүүгдэгчийн хувийн байдал: шүүгдэгч Б.Б нь 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, 6 сарын хугацаанд засарч, хүмүүжихийг даалгасан, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар, 2021 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар, 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхээр 5 дахь удаагаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, үүнээс 3 удаа нь хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулж шийтгэл хүлээсэн, өөрийн урьд үйлдсэн гэмт хэргүүддээ дүгнэлт хийж, ухамсарлаж ойлгоогүй байна.  

Мөн хохирогчид гэмтэл авснаас хойш шүүх хуралдаанд хүртэл эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 2 590 000 төгрөгийн зардлыг төлж барагдуулсан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзлээ. Гэхдээ дээрх эмчилгээний зардлыг төлсөнөөр хохирогчид учирсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх боломжгүй болно.

Гэм хорын нэхэмжлэлийн талаар: хохирогч Э.Эт гэмтэл авснаас хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд эмчилгээ хийлгэсэн зардал болох нийт 2 590 000 төгрөг шүүгдэгч Б.Б нь төлж барагдуулсан болох нь хохирогч Э.Эын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирол төлсөн тухай баримтаар тогтоогдож байна.

Харин хохирогч Э.Эаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 13 дахь сарын урамшуулал цалин, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 10 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч эдгээртэй холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаагүй учир шийдвэрлэх боломжгүй байна.

Гэхдээ тухайн гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч Э.Э нь шүүгдэгч Б.Баас нэхэмжлэх эрхтэй учир нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 346 000 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Бийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгчийн 346 000 төгрөгийн нэхэмжлэлийг төлсөн болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Бийн Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 346 000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Э.Эыг ажилгүй байсан хугацааны цалин, 13 дахь сарын урамшуулал цалин, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 10 000 000 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА