Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айраг 10-р гудамж 38 тоотод оршин суух  Б овогт Б  Ц  /ЗП96110321/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо 5-р баг Хулст гэх газарт нутаглах Б овогт Э-н У т /ЗП94051315/-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц , хариуцагч Э.У ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О  нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Утай 2014 онд танилцаж гэр бүл болсон. 2016 онд охин З, 2018 онд охин Т төрсөн. Ээж аав нь охиноо албан ёсоор авна гэж байсан боловч Э.У огт холбоо барихгүй, манайд ирэхгүй болсон. Э.У аавынд амьдарч байх хугацаандаа манай аавыг зодсон. Уучлалт гуйгаагүй, гэрийнхэн маань Э.Уыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул  цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй.  Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. 2 охин маань төрснөөсөө хойш миний асрамжинд байгаа.

Иймд хоёр охинд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ. 

 

Хариуцагч Э.У шүүх ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй, хоёр хүүхдийнхээ нэгийг нь буюу бага охиноо өөр дээрээ авах саналтай байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Э.Уаас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Э.У нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бага  охиноо өөрийн асрамжинд авна гэж маргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Хариуцагч Э.У, Б.Цаас төрсөн охин Ц.Т , Ц.З нарыг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрдөг тул эцэг Э.У, эх Б.Ц, охин Ц.Т, Ц.З нарын хооронд гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн байна.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн байх тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн дундаас төрсөн охин Ц.Т, Ц.З нарыг эх Б.Цын асрамжинд үлдээж, эцэг Э.Уаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Учир нь:

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь тусдаа амьдарч байгаа эцэг, эхэд ч мөн адил хамааралтай гэжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилсан байна.

 

Шүүх насанд хүрээгүй хүүхдийг эцэг эхийн хэн нэгний асрамжинд үлдээж байгаа нь тустай амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байна гэсэн үг юм.

 

Охин  Ц.Т, Ц.З нар нь төрсөн цагаасаа хойш эх Б.Цын асрамжинд байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Бага охин Т нь 1 ой  8 хоногтой бөгөөд мөөмнөөсөө гараагүй гэж зохигч шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Иймд дээрх шалтгааны улмаас бага охин Ц.Тыг ээжийнх нь асрамжинд үлдээх нь хуульд нийцэж байна.  

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  62990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон              ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2018 оны 3 сарын 24-ний өдөр төрсөн охин Ц.Т /РД:ЗЮ18232401/, 2016 оны 4 сарын 5-ны өдөр төрсөн охин Ц.З /РД:ЗЮ16240509/  нарыг эх Б.Цын асрамжинд үлдээсүгэй.
  2. Гэр бүлийн тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар  Ц.З, Ц.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Уаар  тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх  Б.Цд  даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.Х