Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй,     

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

иргэдийн төлөөлөгч Н.Э,

хохирогч Ж.Б,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Х овогт Гын Бт холбогдох 2217001660010 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Гын Б /РД:.../, Х аймгийн Ө суманд ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын ... дугаар ангид машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Г аймгийн С сумын 1 дүгээр баг,  ... тоотод оршин суух,

 урьд Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар,

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар,

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн орчим Г аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр хувийн байрны 212 дугаар байрны гадаа иргэн Ж.Бийг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хэвлий хэсэгт хутгалж, хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, баруун гарын алганд зүсэгдсэн шарх бүхий амь биед аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр гэртээ байж байтал Б эгч гэрэл засаад өг гэхээр нь очиход Б эгч архи тавьчихсан ууж байсан. Дахиж нэмж архи авч уусан. Би сандлаас босохдоо санаандгүй Б эгчийг түлхэхэд Б уурлаад хамаатныхаа дүүтэйгээ нийлж надтай муудахаар нь гэртээ ороод хаалгаа түгжсэн. Гэрийн хаалга нүдээд байхаар нь би гарсан. Хашааны үүдэнд гараад ирэхэд дахиад нэг дүү нь ирсэн. Б, хамаатаных нь хүүхэд хоёр манай хаалгыг эвдсэн. Хамтран амьдрагч Мтэй маргалдсан асуудал байхгүй. Тухайн үед болсон асуудлыг мэдэж байгаа, согтуурлын зэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад 3 бүхэл гарсан. Ямар ч гэсэн гурвуулаа намайг зодоод байсан. Би хутгыг гэрээсээ гарахдаа айлгах гэж авсан. Би санаатай хутгалаагүй, айлгах гэж байгаад л хутгалсан. Бг хутгалсанаа сайн мэдэхгүй байгаа. Хохирогчид хохирол төлбөрт 400 000 төгрөг өгсөн. Маш их гэмшиж байна, дахиж ийм алдаа гаргахгүй, хохирогч болон бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Цаашдаа үр хүүхдийнхээ төлөө амьдарна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Болсон зүйлд үнэхээр их гэмшиж байна. Надад ганцхан боломж олгож торгох ялаар юм уу, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. Үр хүүхэдтэйгээ элэг бүтэн баймаар байна гэв.  

2. Хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг түрүүлж зодсон гэж мэдүүлж байна. Би тэр үед хойд гэр лүүгээ хувцсаа солих гээд орсон байсан. Манай гэрт орж ирэхэд нь би гарч ирж таараад ийм зүйл болсон. Хоёр хүн хаалгыг нь нүдсэн гэсэн. Тэр нь намайг хутгалсаны дараа болсон. Намайг гэрт ирэхэд ээж, ээжийн найз, хажуу айлын ах, эгч хоёр согтуу урд гэрт архи ууж байсан. Би архи ууж болохгүй боль гэж ээжид хэлээд хойд гэртээ орсон. Тухайн үед Б ах эхнэртэйгээ муудсан байсан. Тэнд байсан хүмүүс чи эхнэртэйгээ муудаж болохгүй гээд гаргатал гэртээ ороод буцаж ирээд орох гэхэд нь эхнэр М нь оруулахгүй гээд орилоод байсан. Би Б ахыг гэрт нь оруулж өгөхөд шоронд ормоор байна, өмнө нь намайг ийм хэрэг хийхэд шоронд оруулаагүй гэсэн. Б нь миний хэвлий хэсэгт хутгалсан. Эхлээд би хутгалсаныг нь мэдээгүй, гэнэт хүрээд авсан. Би Б гэдэг хүнд нэг ч гар хүрээгүй. Энэ хүнд хутгалуулснаас болж гэдсэн доторх хамгийн том судсыг хөндсөн гэсэн. Дотуур цус алдалт их байсан. Амь насаа алдах аюултай гэсэн. Эмнэлэгт сар хэвтэхэд эхний 14 хоног маш их зовсон. Эмч гам сайн барь гэсэн. Би “...” ХХК-нд самнах машин баригчаар ажиллаж байсан болохоор ажиллаж байсан хугацааныхаа мөнгийг нэхэмжилсэн. 3 700 000 төгрөг нэхэмжилсэн дүн нь 2 сард надаас мэдүүлэг авах хүртэлх мөнгө. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх цалингаа нэмж нэхэмжилнэ. Хүнд гэмтэл авсан учраас ажлаа хийж чадахгүй байгаа. Хоёр хүүхдийг нь бодоод гомдолгүй гэж хэлсэн. Би одоо хүртэл орой, үдэш гарч чадахгүй, хажуугаар хүн зөрөхөд айдастай байгаа. Хүнтэй хүртэл мэндэлж чадахгүй байгаа гэв.  

3. Насанд хүрээгүй гэрч Ж.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ иртэл ээж Л, ээжийн ажлын 2 хүн, хажуу айлын ах Б, түүний эхнэр М нар тавуулаа архи уусан согтуу байсан. Би хойд гэртээ ороод өвөөтэйгөө байж байтал ах Б, Бтай цуг ирсэн. Намайг урд гэр лүү ороход Б ах, М эгч хоёр муудалцаж хэрэлдээд Б ах нь сүх барьсан байсан. Ээж уурлаад Б ахын эхнэр М эгчийг өмөөрөөд чи манай гэрт эхнэрээ зодохгүй шүү гээд Б ахыг хөөгөөд гаргасан. Би хойд гэрт байж байтал гадаа хашаа нурж байгаа юм шиг чимээ гарахаар нь очиход нэг үл таних ах хашаа эвдсэн гэрийн хаалга нээх гээд зогсож байсан. Манай ах Б нөгөө үл таних хүнийг босгох гээд байж байтал Б хоёр гараа ардаа хийчихсэн орилоод байхаар нь би та одоо жаахан чимээгүй байлдаа гэхэд Б ах намайг нааш ир гэсэн. Би ойртоод очтол гартаа хутгатай байсан. Над руу зангахаар нь би хойшоо 3-4 удаа алхсан. Тэр үед ах Б яагаад хүүхэд рүү дайраад байгаа юм гээд миний хажуугаар зөрөөд Б ах руу ойртоод 5 секунд орчим зууралдаад Б ах газарт дээшээ харж унаад Б намайг хутгалчихлаа гээд орилсон. Би очоод Б ахыг 2 удаа өшиглөөд холдуулсан. Би Бд Б Бээ ахыг хутгалчихлаа гэж хэлтэл гэрт байсан бүх хүн гарч ирээд Б ахыг түлхээд байсан. Б ах гэр лүүгээ ороод дотроосоо хаалгаа түгжээд нээхгүй байсан. Эхнэр нь дахиад хутгатай гараад ирж магадгүй гээд хаалгыг нь дараад зогссон. Би эмнэлэг, цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн. Бийн баруун гарт нь цэцэгтэй хутга, нөгөө гарт нь жижигхэн хутга байсан. Б нь манай ах Бийг хутгалж байхдаа бацаан ингэдэг болчихсон юм уу гэж хэлж байсан санагдаж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-36, 37-39 хуудас/

4. Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б залгаад амрах байрнаас хоол дөхүүлээд өгөөч гэхээр нь нэг их удалгүй гэрт нь очиход ширээн дээр 0,5 литрийн савлагаатай хоосон архины шил байсан. Зоригоо нэлээн согтчихсон хүн болгон руу үсчээд байхаар нь би ууж идсэн бол одоо гэр лүүгээ орж амар гэтэл Б Зд чи одоо гэр лүү ороод амар, яагаад эхнэр лүүгээ дайраад байгаа юм бэ гэсэн. Зоригоо та нарт хамаагүй гэсэн. Тэгээд байж байтал Б, Б гээд хүүхдүүд орж ирээд Б гэрт байгаа хүмүүст та нар одоо ууж идэхээ болиоч ээ гэсэн. Б Зд хандан та одоо гэр лүүгээ орж амар гэхэд З гэрээс гарсан. Б, Б 2 хойд гэр лүү орсон. Гадаа хүмүүс орилоод хашхираад байхаар нь гараад очиход Мийн нөхөр Б гэх хүн ирсэн. Мөн Э Зг шилэн хүзүүн дээр нь дараад тонгойлгочихсон байсан. З Бийг хутгалчихлаа шүү дээ гэж хэлэхээр нь би утасны гэрлээ тусгаад Бийг хартал гэдэс хэсгээс цус гараад байсан. Би гэр лүү нь гүйж ороод хөнжил гудас хураасан даавуунаас аваад гэдсээр нь ороосон. З гэр лүүгээ ороод хаалгаа түгжчихсэн. Зийн эхнэр, Э нар хаалгыг нь дараад дотор хутгатай байна гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40-41 хуудас/

5. Гэрч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 21 цаг 13 минутад шуурхай жижүүрээс Дэлгэрэх дэлгүүрийн ард талд 3-4 хүн нийлээд нэг хүнийг зодоод байна гэсэн дуудлага ирсэний дагуу очиход З гэх хүн зүүн гартаа цагаан өнгийн маслын мэт хутга, баруун гартаа цэцгэн хээтэй хутга барьчихсан зогсож байхаар нь би эхнэртэй нь хамт очиж гараас нь хутгыг нь булааж аваад гялгар уутанд хийсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42-43 хуудас/

6. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр З цэцэрлэгээс хүүхдээ авч ирээд байж байтал Б буюу Л эгч дуудаад гэрэл янзлаад өг гэсэн. Бид 2 хамтдаа гэрт ороход Б эгч, Б эгчийн найз гэх 2 хүн байсан. Б эгч манай нөхөрт архи хундгалж өгсөн. Б эгч бид 2 Дэлгэрэх дэлгүүр орж 0,5 литрийн савлагаатай “Соёрхол” нэртэй архи нэг ширхгийг аваад буцаад Б эгчийн гэр лүү ороод архийг уусан. Э гаднаас орж ирэхдээ 0,75 литрийн савлагаатай “Соёрхол” архи нэг ширхгийг мөн авч ирээд ууж дуусгаад Э болон миний нөхөр бид 3 дахиад Дэлгэрэх дэлгүүр орж 0,5 литрийн савлагаатай Quаly гэдэг нэртэй архи нэг ширхэгийг аваад буцаад Б эгчийн гэр лүү ороод архиа уусан. Б эгч, З 2 хоорондоо маргалдсан. Яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Б эгчийн хүүхэд Б ажлаасаа ирээд Б эгчийг өмөөрөөд Зтой муудалцсан. З, Б нар гэрээс гарсан. З гэртээ ороод хаалгаа түгжсэн байсан. Б нь хаалгаа онгойлгохгүй байна гэж хэлээд хаалга өшиглөөд байсан. Тэгтэл З гэр дотроос гарч ирээд Бтэй ноцолдоод байсан. Нэг их удалгүй Э эгч гаднаас орж ирэхдээ гадаа Б атиралдаад хэвтэж байна гэсэн. Гэрээс гараад миний харснаар цус байгаагүй санагдаж байна. Дараа нь Бээгийн дүү болох Ч хамаатны залуутай нийлээд Зг зодож байсан. З гэр лүүгээ гүйж ороод хаалгаа түгжсэн. Би хаалгаа онгойлгочих гээд ороход З хутга барьсан байсан. Би хутгыг булааж авах гээд оролдоход цагдаа нар ирээд хутгануудыг гараас нь мулталж авсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 44-45, 50-51 хуудас/

7. Гэрч И.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай найз Л 15 цагийн үед залгаад юу хийж байна, хүрээд ирээч гэсэн. Гэрт очиход Лын ажлын газрын хүн гэх М байсан. Намайг очиход тэр хоёр 1 шилтэй 0,75 литрийн савлагаатай “Соёрхол” архи уусан байсан. Би дэнжийн Андуудаас архи ундаа аваад ирэхэд хөрш айлын эхнэр нөхөр 2 ирсэн 0,5 литрийн Qualy гэсэн архи ууж байсан. Бид нар бөөндөө миний авчирсан архийг уугаад хүмүүс ер нь бүгд согтсон. Хөрш айлын эхнэр, нөхөр 2 хоорондоо муудалцаад хэрэлдээд байсан. Эхнэр нь айж сандраад түгшүүртэй суугаад Л, М бид 3 эхнэрийг нь өмөөрөөд нөхөрт нь хандан залуу хүмүүс байж хоорондоо ингэж болохгүй, муудахгүй шүү адилхан ууж идчихээд, дахиж хэл ам байхгүй шүү гэхэд нөхөр нь та нарт хамаагүй гээд эхнэр лүүгээ далайгаад янз бүрийн үйлдэл гаргаад байсан. Лд Ч, Б, Б гээд 3 хүүхэд орж ирэхэд нөхөр нь гарч яваад буцаж орж ирэхдээ баруун гартаа сүх бариад хаалга нээгээд эхнэрээ дуудаад байсан. Хүүхдүүд гараас нь сүхийг булааж аваад нөхрийг нь цааш явуулсан. Би араас нь гараад нөхөрт нь хандан чи ингэж болохгүй, хүүхдүүдийн дэргэд гэхэд нөхөр нь буцаад гэр лүүгээ гүйгээд орсон. Би 2 гэрийн голд зогсож байтал нэг их удалгүй буцаж гарч ирэх Бээ гарч ирэх яг таараад тэр 2 хоорондоо мөргөлдсөн. Б та одоо байнга эхнэр хүүхдүүддээ агсам согтуу тавьж зоддог, хутга, сүх барьдаг, одоо битгий давраад байгаарай, манай гэрт агсам согтуу тавиад бай гэж хэлээд заамдаад авсан. Би голоор нь ороод салгах гэтэл тэр залуугийн гарт хутга харагдсан. Би Бээ наадах чинь хутгатай холд гэж хэлэхийн завдалгүй тэр залуу Бээг хутгалахад Бээ газар эвхрээд унасан. Үлдсэн 2 хүүхдийн нэг нь тэр залууг унагасан. Би бас тэр залуугийн дээр үстэж дараад хэвтсэн. Тэр залуу босож гүйгээд гэр лүүгээ ороод хаалгаа түгжсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46-47 хуудас/

8. Гэрч Ц.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр М нь 11 цаг үед манай гэрт ирэхдээ 0,75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи 1 ширхгийг бариад ороод ирсэн. Бид 2 архийг ууж дуусаад манай гэрт байсан 0,75 литрийн савлагаатай Соёрхол нэртэй архийг гаргаж ирээд хувааж ууж байхдаа найз Э руу залгаад манайд хүрээд ирээч гэсэн. Би гэрээс гарахад З, М 2 хашаандаа мод түлээ хагалаад байж байхаар нь Зд миний дүү манай гэрийн гэрлийг янзлаад өгөөч гэж гуйхад З манай гэрт орж ирэхэд эхнэр М нь дагаад ороод ирсэн. Гэрэл янзлаж байхад М архинаас Зд аяганд хийж өгсөн. Э 0,75 литрийн савлагаатай Соёрхол нэртэй архи 1 ширхэгийг авч ирсэнийг бид 5 нийлж уусан. Мөн 0,5 литрийн савлагаатай цэнхэр шилтэй архи аваад ирсэн. Тэр архийг ууж байтал З, М нар хоорондоо хэрэлдэх шиг болсон. М нь намайг хаана ч явсан дагаж яваад Б эгч ээ намайг гэр лүү битгий оруулаач, З намайг зодно гээд гэрээс гарахгүй байхаар нь би Зг загнаад гэр лүү нь оруулсан. Тэр үеэр манай хүүхдүүд ирсэн. З үүдэнд байсан жижиг сүх бариад зогсож байхад нь манай дүүгийн хүүхэд Б Зг хөөж гаргаад гараас нь сүхийг булааж авсан. Том хүү Б бид нарт та нар одоо архи уухаа болиоч, М чи гэр лүүгээ ор, энэ та нарын хэрэлддэг газар биш шүү, давраад байгаарай гэж хэлээд гэрээс гарсан. Гадаа бөөн орилоон болоод Э нь гаднаас орилж орж ирээд З чинь Бээг хутгалчихлаа гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 52-54 хуудас/

9. Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Бээ ах бид хоёр Б сумын ноосны үйлдвэрт ажиллаж байгаад тараад автобусаар Чт ирээд Л эгчийн гэрт нь ирэхэд айлын Б, түүний эхнэр М, Л эгч, Э болон бас нэг танихгүй эгч нар архи уугаад сууж байсан. Бээ ах бид 2 хойд гэрт нь ороод Чтэй хамт цай уугаад сууж байтал урд талын гэрт хүмүүс орилолдоод байхаар нь Ч бид 2 гэрт орж харахад Б ах гартаа сүх барьчихсан хамт байгаа хүмүүсээ айлгаад байгаа бололтой байсан. Би Б ахын гартаа барьж байсан сүхийг нь булааж авч шидээд түүнийг гэрт нь чирч оруулаад буцаад гэртээ ороод иртэл Б ах гэртээ байхгүй байсан. Дахин гэрийн гадаа хүмүүс дуугараад байхаар нь гараад иртэл Б ах гартаа 2 ширхэг хутга барьчихсан Б ахыг заамдсан хоорондоо муудалцаад байгаа бололтой зогсож байсан. Тэгээд зууралдаж байгаад Б ах Бээ ахын хэвлий орчим барьж байсан хутгаараа нэг удаа хутгалахад Б ах гэдсээ бариад эвхэрээд унаад өгсөн. Би гүйж очоод Бийг түлхэж унагаагаад гараас нь хутгыг нь салгаж автал Б ах гэр лүүгээ зугтааж ороод хаалгаа дотор талаас нь түгжсэн. Би эмнэлэг рүү дуудлага дуудаад Бээ ахын гэдсээр бүсээр ороогоод гэрт оруулсан. Б ах Б ахыг хутгаар хатгах үед Э эгч ирсэн байсан. Бусад хүмүүс нь гэрт байсан бөгөөд тухайн асуудал болсны дараа гэрээс гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 176-178 хуудас/

10. Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25ы өдрийн 233 дугаар дүгнэлтэд: Ж.Бий биед хэвлийн хөндий нэвтэрсэн шарх, баруун гарын алганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас 2022 оны 11 дүгээр сарын 14-нд үүсгэгдсэн байх боломжтой. Хэвлийн хөндий нэвтэрсэн шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун гарын алганд зүсэгдсэн шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох” журам-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 57-58 хуудас/

11. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, өвчний түүхийн хуулбар /х.х-ийн 4-9, 10-14, 16-22, 25, 120-167 хуудас/

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 97-114 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цагийн орчим Г аймгийн С сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 212 тоот хашаанд бусадтай хэрүүл маргаан үүсгэж, агсам согтуу тавьж улмаар Ж.Бий хэвлий хэсэгт 1 удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, баруун гарын алганд зүсэгдсэн шарх бүхий амь биед аюултай хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Г.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул шүүх бүрэлдэхүүн гэм буруутай гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Бий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ж.Ч, Б.Б, гэрч И.Э, Ч.Г, Ц.Л нарын мөрдөн шалгах ажиллагааны ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25ы өдрийн 233 дугаар дүгнэлт, өвчний түүхийн хуулбар, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон болохыг дурдлаа.

Мөн шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат нь шүүгдэгчийн  гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг тус тус дурдлаа.

Иргэдийн төлөөлөгч Н.Э гэм буруугүй гэж санал гаргасныг, шүүгдэгч Г.Б нь хохирогч Ж.Бийг айлгах гэж байсан, хутгалснаа мэдэхгүй, санаатай хутгалаагүй гэж мэдүүлсэнийг тус тус шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт болох хохирогч Ж.Бий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ж.Ч, Б.Б, гэрч И.Э, Ч.Г нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Б нь хохирогч Ж.Бийг санаатай хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэн агсам согтуу тавьж хүний бие махбодид нь халдснаас үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Э.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Бт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б: Өнөөдрийн байдлаар шүүх бүрэлдэхүүн хохирогчийн хохирлыг жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдлээ. Хохирол төлбөр байхгүй. Зайлшгүй төлөх ёстой байсан 449 700 төгрөгийг төлсөн. Г.Бийн ар гэрийн байдал болон учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгчийн ар гэрийн амьдрал нь нилээн хүнд гэдгийг хэлэхийг хүсч байна. Г.Бийн ээж нь бага насны 4 хүүхэд харж үлдэж байна. Хамтран амьдрагчийн хувьд хэрэг гарсанаас хойш явсан. Г.Бийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Болгоомжгүй үйлдсэн гэж үгнийхээ агуулгыг сайн ойлгохгүй хэлсэн. Дараа нь өмгөөлөгчийн хувьд тодруулж асуухад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ хэлсэн гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б нь шүүгдэгч Г.Бийг учирсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болохоор заажээ.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

- Шүүгдэгч Г.Бийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар: шүүгдэгч Г.Б нь архи хэтрүүлэн хэрэглэж, агсам согтуу тавьж, бусдыг илтэд үл хүндэтгэн хэрүүл маргаан үүсгэж, танхайрах үйлдэл гаргаж хохирогчийн бие махбодид нь халдан хутгалсан.

- шүүгдэгчийн хувийн байдал: шүүгдэгч Г.Б нь 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхээс 4 дэх удаагаа хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулж эрүүгийн хариуцлага хүлээж байна. Шүүгдэгч Г.Б нь өөрийн урьд үйлдсэн гэмт хэргүүддээ дүгнэлт хийж, ухамсарлаж ойлгоогүй байна.    

Гэм хорын нэхэмжлэлийн талаар: хохирогч Ж.Б нь “...” ХХК-нд самнах машин баригчаар ажиллаж байсан. Гэмтэл авснаас болж ажиллаагүй хугацааны цалингаа шүүгдэгч Г.Боос нэхэмжилнэ гэжээ.

 Хохирогч Ж.Б нь “...” ХХК-нд самнах машин баригчаар ажиллаж байсан болон хэдэн төгрөгийн цалин авч байсан талаар холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдаагүй учир шүүхээс шийдвэрлэх боломжгүй байна.

 Гэхдээ тухайн гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497, 505 зүйлд тус тус зааснаар хохирогч Ж.Б нь шүүгдэгч Г.Боос нэхэмжлэх эрхтэй учир нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 9.5 см, бариул хэсэг 12 см мөнгөлөг өнгийн төмөр хутгыг, ажлын хэсэг 20 см, бариул хэсэг 13 см, цагаан өнгийн гадаргуй дээр ягаан өнгийн цэцгийн зурагтай хутгыг тус тус устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Гын Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Бийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 9.5 см, бариул хэсэг 12 см мөнгөлөг өнгийн төмөр хутгыг, ажлын хэсэг 20 см, бариул хэсэг 13 см, цагаан өнгийн гадаргуй дээр ягаан өнгийн цэцгийн зурагтай хутгыг тус тус устгасугай.

6. Хохирогч Ж.Бийг ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.АРИУНЖАРГАЛ

                     

                                                                 ШҮҮГЧИД                               Б.БАТТУЛГА

                                                             

                                                                                                                 Т.ЭНХМАНДАХ