| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2019/00110/И |
| Дугаар | 146 |
| Огноо | 2019-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 146
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р баг Өндөр дэл гэх газарт нутаглах Б овогт С Цэ /ЗЖ67011303/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ц миний бие 1983 оны 6 сарын 1-ний өдрөөс 1989 оныг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Бумбат бригадад хоньчин байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул цалингийн баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1983 оны 6 сарын 1-ний өдрөөс 1989 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Ц Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1983 оны 6 сарын 1-ний өдрөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдож байна.
-С.Ц 1983 оны 6 сард цалин олгосон баримт /хэргийн 10-р хуудас/
-1986 оны 7 сар, 1984 оны 7 сар, 1984 оны 1 сар, 1985 оны 1 сар, 1985 оны 12 сар, 1987 оны 1 сар, 1988 оны 6 саруудад Содномцэрэн, Дэжид нарт цалин олгосон баримтууд
/хэргийн 11-15-р хуудас/
-Гэрч Д.Б-н “...С.Ц 8-р анги төгсөөд Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Бумбат бригадад эцэг эхийн хамт бог мал маллаж байсан хүн. Он сарыг нь мэдэхгүй байна.Өөр мэдэх зүйл байхгүй. Би Дундговь аймгийн Дэрэн суманд Ахуйн үйлчилгээний төвийн даргаар 1989-2003 он хүртэл ажиллаж байсан, бид нэг нутагт амьдардаг байсан учраас малчин байсан талаар нь мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн19-р хуудас/
-Гэрч А.Д- н “...С.Ц 1983 онд 8-р анги төгсөөд Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Бумбат бригадад эцэг эхийн хамт бог мал, эм хонь маллаж байсан хүн. С.Ц нь 1993 он хүртэл буюу нэгдэл тартал мал малласан. Би Дундговь аймгийн Дэрэн суманд Найрамдал нэгдлийн Саруул бригадад 1974-1993 он хүртэл малчин байсан, бид нэг нутагт амьдардаг байсан учраас С.Цын малчин байсан гэдгийг мэдэж байна. Би мал туудаг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/
-Гэрч Б.А- “...С.Ц 1983 онд 8-р анги төгсөөд, илгээлгээр гарч Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Бумбат бригадад эцэг эхийн хамт хонь маллаж байсан хүн. С.Ц нь 1993 он хүртэл буюу нэгдэл тартал мал малласан. Би Дундговь аймгийн Дэрэн суманд Найрамдал нэгдлийн 1961- 1993 он хүртэл малчин байсан, бид нэг нутагт амьдардаг байсан учраас С.Цын малчин байсан гэдгийг мэдэж байна. Би мал туудаг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Нэхэмжлэгч С.Ц нь амьжиргааны түвшнээс доогуурт багтсан өрх болох нь Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 1 сарын 24-ний өдрийн 52 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн Засаг даргын 2019 оны 1 сарын 24-ний 07 дугаартай тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ба овогт С-н Ц-н Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1983 оны 6 сарын 1-ний өдрөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х