| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0085/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/78 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/78
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Хохирогч Ч.Л-, /онлайн/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2338000190060 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 10-ны үед, тус сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Доргио баарны гадаа 2022 оны 10 дугаар сарын дундуур, мөн Доргио баарны гадаа 2022 оны 11 сарын эхээр тус тус архи ууж сууж байсан газраас авчирлаа гэх шалтгаанаар, тус сумын ... тоотод 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус тус хамтран амьдрагч Ч.Л-г бусдаас хардаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ба гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000190060 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ч.Л-г “ажлын газрынхаа хүмүүстэй архи уулгасангүй” гэх шалтгаанаар толгойн хойд дагз хэсэг рүү төмрөөр цохисон,
2022 оны 10 дугаар сарын дундуур Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Доргио баарны гадаа хамтран амьдрагч Ч.Л-г “авч явах гэлээ” гэх шалтгаанаар үсдэж, газраар чирч, өвдөглөж, нүүр рүү нь алгадаж зодсон,
2022 оны 11 сарын эхээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Доргио баарны гадаа хамтран амьдрагч Ч.Л-г “архи ууж байсан газраас авчирлаа” гэх шалтгаанаар хамар руу нь цохиж, мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод байрлах гэртээ алгадаж, үснээс нь зулгааж, хутга тулгаж зодсон,
2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Ч.Л-г бусадтай хардаж улмаар түүний бие эрх чөлөөнд халдан өшиглөж, толгой хэсэг рүү нь гараараа цохиж, төмөр сандлаар дал хэсэг рүү нь цохиж зодсон,
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Ч.Л-г бусадтай хардаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун далны сорви, эрүүний доорх булчирхайн зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б-ы өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Л-гийн өгсөн: “..Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ бүх ярих зүйлээ ярьсан. Одоо 1.160.000 төгрөг авбал ямар нэгэн гомдолгүй гэж ойлгож болно.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Л-гийн өгсөн: “...Э.Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр байх тухайн өдрийг сайн санахгүй байна Мөрөн сумын 13 дугаар хороонд Э.Б-ы нагац эгч О-ийн гэрт Э.Б- нь ажлын газрынхантайгаа архи уугаад би Э.Б-ыг очиж аваад нагац эгч О-ийн гэрт авчирсан чинь намайг авчирлаа гэж уурлаад агсам тавиад миний толгойн хойд дагз хэсэг рүү төмрөөр цохиход би ухаан алдаж унасан байсан. Төмрөөр цохих үед толгойн ар хэсэгт зөндөө өвчтэй хавдсан байсан. Дараа нь 2022 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна аймаг Доргио баарны гадаа архи уусан үедээ үснээс зулгааж газар чирсэн, өвдөглөж, нүүр рүү алгадаж авсан. Бас миний толгой өвдөөд доргилт авсан байсан. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна аймагт Доргио баарнаас Э.Б-ыг авах гэж намайг очиход Доргио баарны үүдэнд нь гарч ирээд миний хамар руу гараараа цохиод цус гаргасан юм. Тэгээд би гэрт нь ... тоотод авчирсан чинь намайг дахиж зодсон. Алгадаж унагаасан, үснээс зулгаасан, мөн миний хоолой хэсэгт хутга тулгасан. Би хутгыг нь салгах гэж оролдоод өөрийн гараа зүсүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр аймагт гэртээ байхад намайг хардаж өшиглөж аваад толгой хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон. Төмөр сандлаар миний дал хэсэг рүү цохисон. Тэгж байхад нь Э.Б-ы аав Эрдэнэбилэг гаднаас орж ирээд салгасан юм. 2022 оны 12 дугаар сарын 16-ны орой аймагт ... тоотод гэртээ байж байсан чинь Э.Б- аймгийн эрүүлжүүлэхэд хоночихоод гэртээ ирээд миний хоолойг боогоод би арайхийж мултарсан чинь гэрээс гаргахгүй гээд хориод, дахин барьж аваад мөн хоолой боосон юм. Одоо намайг утсаар хэл амаар байнгын доромжилж байна. Эхлээд зодох үед нь Э.Б-ы аав Эрдэнэбилэгийн төрсөн дүү нар болох Алтаншагай, О- гэдэг хүмүүс байсан. Дараа нь Доргио баарны гадаа Э.Б-ы ажлын газрын хүмүүс байсан. Мөн гэрт ирж намайг Э.Б- зодоход ажлынх нь газрын Ганаа гэдэг нэртэй залуу Нараа нэртэй хоёр хүн хамт байсан. Дахиад Доргио баарны гадаа Э.Б- намайг зодоход Доргиод ажилладаг ажилчин танихгүй хүмүүс байсан. Дараа нь гэртээ ирж намайг зодоход хүн байхгүй Э.Б- бид хоёр л байсан. Ер нь байнгын хүн зодно, одоо байнга хэл амаар утсаар доромжилж байна. ...Э.Б-тай 2022 оны 7 дугаар сарын үеэс танилцаж, 2022 оны 9 дүгээр сарын дунд үеэс нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. ...Одоо миний толгой, бөөр байнга өвддөг болсон. ...Миний биеийн баруун даланд байгаа сорви 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр намайг том түшлэгтэй төмөр сандлаар цохисноос үүссэн. Эрүүний зүүн доод хэсгийн булчирхайн зөөлөн эдийн гэмтэл нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хоолой боосноос үүссэн гэмтэл байгаа юм. Хэвлийн арьсанд үүссэн цус хуралт нь 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Э.Б- хөлөөрөө өшиглөж үүсгэсэн цус хуралт байгаа юм. ...би одоо гомдолтой байна. ...Уг гэмтлийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хот руу явахаар гадуур ажил хөөцөлдөж яваад тус тусдаа машинаар явахаар болсон. Би ажлаа дуусгачихаад гэртээ харихад Э.Б- чи өөр хүнтэй явах гэж байна гэж намайг хардаад түшлэгтэй төмөр сурагч сандал нуруу руу шидсэн. Би тэр үед ганц дан нимгэн цамц өмсчихсөн байсан. Миний баруун дал хэсэг рүү сандлын хөл хэсгээр хүчтэй цохигдсон. Тэр үедээ гар даагдахгүй нил өвчин болж байсан. ...өөрийг нь очиж авах гэж байхад авлаа гээд л хамар руу цохисон. Өөрөө архи уучихсан үедээ ааш зангийн хувьд тавтиргүй, ойр орчныхоо хүмүүсийг тавгүй байдалд оруулдаг юм. Тийм учраас л авахаар очсон. ...Э.Б- ажлын газрынхантайгаа архи ууж байхад нь очиж аваад О- эгчийнд нь авч очсон юм. Тэднийд очсоны дараа надаас машины түлхүүр авч машинаараа явж ажлын газрын хүмүүс дээр очно гэж уурласан уурандаа эгч О-д агсам тавьж гэр доторх эд зүйлийг нь авч шидэхээр нь гэрээс гарах гэж байхад газаар ажилладаг плитка авч шидээд намайг оноход ухаан алдаад уначихсан байна лээ. Тэр үед намайг Алтаншагай гэдэг сэрээсэн. ...эхлээд гэрт орохдоо Э.Б-ы хувцсыг тайлах гэхэд намайг түлхээд цохиод байсан юм. ...Э.Б-ыг эрүүлжүүлэх байранд хоносны өглөө О-ийн хамт ирж авсан. ...эмчилгээний зардалд 560.000 төгрөгийг гаргуулж авна. Надад энэ мөнгийг өгөхгүй бол баримтаа шүүхэд гаргаж өгнө. Харин өөрт нь дансаар болон бэлнээр өгсөн 2 сая төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг өгчихвөл надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31, 33 тал/,
Гэрч Б.Б-гийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сард л байх хэдэн сард ярьсныг нь санахгүй байна. Маргалдсан, зодууллаа гэж утсаар яриад дуудахаар нь очиход Ч.Л- орон дээр хэвтчихсэн, Э.Б- нь хог шүүрдээд шалаа арччихсан их л ажилтай хүн байсан. Ч.Л- надад хэлэхдээ үснээс зулгааж, толгой руу цохисон гэж хэлсэн. ...2022 оны 12 дугаар сарын 15-ны үед ...Ч.Л- надтай чат бичихдээ нөхрөөсөө салах гэж байгаа юмнуудаа аваад очно гээд л тавилгаа шөнө ачиж ирсэн. Маргааш нь бас юмнуудаа ачиж авчирсан. ...Анх дуудахад нь гэрт очиход толгойгоо л үзүүлж байсан. Толгойг нь үзэхэд энд тэндээ овойчихсон байсан. ...2022 оны 10 дугаар сард байх л гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,
Гэрч Г.Н-гийн өгсөн: “...Баарны гадаа бол нөхөр л эхэлж хэрүүл хийсэн байх. Э.Б- өөрөө ярихдаа баарны гадаа намайг гарч ирэхэд эхнэрийгээ хоёр залуутай уулзчихсан зогсож байсан гээд хэрүүл хийгээд байсан. Баарны гадаа бол аймаар унагааж зодоогүй байх, намайг гарч ирэхэд л хэрэлдчихсэн зогсож байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,
Гэрч Д.А-ийн өгсөн: “...Эхлээд хамтран амьдарч эхлээд надаас нуугаад хэлдэггүй байсан. Дараа нь надад 2022 оны 11 сарын үеэр Э.Б- миний гэдэс рүү өшиглөж намайг цохисон гэж ярьсан. Надтай утсаар ярихдаа дандаа санаа алдаад байдаг байсан. Тэгэхээр нь би Э.Б- зодож цохиод байдаг юм байна гэж бодсон. Бусад үед надаас нуугаад хэлж ярьдаггүй байсан. Надад Э.Б- ярихдаа би өөрөө нэг хүүхэдтэй, Ч.Л-гийн хоёр хүүхдийн эцэг болж чадахгүй юм байна гэж ярьж байсан. ...Ч.Л- Э.Б-тай муудалцаад Тариалан суманд ирсэн хойноо надад Э.Б- намайг өшиглөсөн гэж үзүүлж байсан. 2022 оны 12 дугаар сарын сүүлээр гэртээ ирээд надад биеэ үзүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/,
Гэрч Ц.Ч-ын өгсөн: “...Би тэр талаар мэдээгүй байж байгаад сүүлд манай эхнэр Д.А- надад Э.Б- Ч.Л-г зодоод байдаг юм шиг байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай: “...Ч.Л-гийн биед баруун даланд сорви, эрүүний зүүн доод хэсгийн булчирхайнд зөөлөн эдийн гэмтэл, хэвлийн арьсанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаануудад тус тус үүсгэгджээ. Ч.Л-гийн биед учирсан баруун далны сорви, эрүүний доорх булчирхайн зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, хэвлийн арьсны цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54 тал/,
Шинжээчийн өгсөн: “...Энэ гэмтэл нь 2022 оны 12 дугаар сарын 06-нд үүсгэгдээгүй. Өмнөх цаг хугацаанд үүсгэгдсэн хуучин гэмтэл байсан. ...Бүрэн эдгэрэлт өгчихсөн сорви байсан. ...Энэ гэмтэл нь улайлт, зовиур нь арилаагүй, булчирхайн хатуу тогтоцтой эмзэглэлтэй шинж тэмдгээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн. Энэ гэмтэл нь хоолойг нь боомилж дарж шахах зэрэг үйлчлэлүүдээр үүсгэгдэнэ. Мөн биеийн хэвлийн цус хуралт зэрэг гэмтэл нь энэ цаг хугацаанд үүсгэгдсэн байна. ...Хамрын таславчийн муруйлт нь төрөлхийн муруйлтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,
2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 5 тал/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 тал/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 19-21 тал/,
Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл /хх-ийн 22-23, 127-128 тал/,
ЦЕГ-ын хайлтын системийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа /хх-ийн 110-112 тал/,
Саатуулагдсан хүний карт /хх-ийн 117-118, 126 тал/,
Хохирогч Ч.Л-гээс хэрэгт гаргаж өгсөн чатаар харилцсан зураг /хх-ийн 132-136 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Б-ы гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцсан. Санал нийлж байна. ...Ер нь бол сонсгосон зүйл анги дээр бол ярих юм байхгүй. Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн буруутай үйлдлээ ойлгож байна. ...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шиг санагдаж байна. Бид хоёрын дунд маргаан үүссэн. ...намайг цохиж авахаар нь түлхэж унагаасан. ...тэгэхэд хот руу явах гэж байхад маргалдаан үүссэн. ...хоёр гурван удаа л түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.Л-гийн мэдүүлэг, гэрч Б.Б-, Г.Н-, Д.А-, Ц.Ч- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай гэх дүгнэлт, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл, ЦЕГ-ын хайлтын системийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа, саатуулагдсан хүний карт, хохирогч Ч.Л-гээс хэрэгт гаргаж өгсөн чатаар харилцсан зураг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.Б-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Э.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ч.Л-г “ажлын газрынхаа хүмүүстэй архи уулгасангүй” гэх шалтгаанаар толгойн хойд дагз хэсэг рүү төмрөөр цохисон, 2022 оны 10 дугаар сарын дундуур Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Доргио баарны гадаа “авч явах гэлээ” гэх шалтгаанаар үсдэж, газраар чирч, өвдөглөж, нүүр рүү нь алгадаж зодсон, 2022 оны 11 сарын эхээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Доргио баарны гадаа “архи ууж байсан газраас авчирлаа” гэх шалтгаанаар хамар руу нь цохисон, мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод байрлах гэртээ алгадаж, үснээс нь зулгааж, хутга тулгаж зодсон, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод байрлах гэртээ бусадтай хардсаны улмаас өшиглөж, толгой хэсэг рүү нь гараараа цохиж, төмөр сандлаар дал хэсэг рүү нь цохиж зодсон, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Ч.Л-г бусадтай хардаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун далны сорви, эрүүний доорх булчирхайн зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч мэдүүлэг зэргээр хохирогч Ч.Л-гийн биед “баруун далны сорви, эрүүний доорх булчирхайн зөөлөн эдийн гэмтэл” хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Б-ы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Б-ы хохирогч Ч.Л-г гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгаж бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл давтагдаж дамжирсан, байнгын шинжтэй болсон нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б-ы үйлдэл идэвхтэй, хохирогч Ч.Л-гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Э.Б- нь хохирогч Ч.Л-тэй 2022 оны 09 дүгээр сараас эхлэн нэг гэрт орж хамтран амьдрах хугацаандаа буюу 2022 оны 09 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож байсан, түүнчлэн дээрх цаг хугацаанд зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь энэ гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Э.Б- нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Л-гийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Л-гийн бие махбодид 3 ба түүнээс дээш удаа халдсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ч.Л- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...эмчилгээний зардалд 560.000 төгрөг, ...өөрт нь дансаар болон бэлнээр өгсөн 2 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/ өгсөн, хохирогч Ч.Л-гийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн: “...хохирогч ...Ч.Л- миний бие холбогдогч Э.Б-аас нэхэмжилсэн 2.560.000 төгрөгийг барагдуулахаар тохиролцсон ба 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15:33 минутанд өөрийн Хаан банкны ... дансаар шилжүүлүүлж авсан бол үлдэгдэл 1.160.000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон болно. Иймээс хэрэгт холбогдогч Э.Б-д гомдол санал байхгүй болно” гэх гар бичвэр /хх-ийн 149 тал/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 148 тал/ хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Л-гийн өгсөн: “..миний дансаар 1,400,000 төгрөг орж ирсэн, “шүүгдэгчтэй 2,560,000 төгрөгийн хэмжээнд тохиролцсон ба 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор 1,400,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдэгдэл 1,160,000 төгрөгийг өгөхөөр болж шүүгдэгчтэй тохиролцсон” гэх мэдүүлэг авагдсан, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт: ”.. 1.400.000 төгрөгийг төлсөн, үлдэх 1.160.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэх мэдүүлэг өгч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-аас 1.160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Л-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б-ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 78, 80-108 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Б- нь ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод түр оршин суудаг, ... ажилтай, урьд ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналд “...яллагдагч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дгаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох саналыг танилцуулахад зөвшөөрсөн тул хэргийг шүүхэд шилжүүлэв” гэжээ.
Шүүгдэгч Э.Б- нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг төлж барагдуулахаа ирлэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Э.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг төлж барагдуулахаа ирлэрхийлсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлан шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, ...тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Э.Б-ы зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 жил 7 сарын хугацаагаар хязгаарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.Б-д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ы зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Э.Б-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хязгаарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.Б-д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-аас 1.160.000 (нэг сая нэг зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Л- (...)-д олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН