Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0790

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0790

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Ц.О -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  П.З

Хаяг:.

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Г.Н, Ч.Л

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/457 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, гэрээ, гэрчилгээг олгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, гэрч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-гаас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...П.З миний бие иргэн Ц.О-ээс Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо *******д байрлах зуслангийн /ямар нэг газрын давхцал байхгүй, маргаангүй/ газрыг худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлэхээр 2018 онд Сүхбаатар дүүргийн газрын албанд хандахад иргэн Ч.Л-ид эзэмшүүлсэн газартай давхацсан гэсэн тайлбар өгч улмаар Ц.О-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Энэ нь газрын албаны холбогдох албан тушаалтнууд хууль бусаар кадастрын зураг болон байршлыг өөрчилж, давхцал үүсгэж, улмаар холбогдох давхцалыг программд шинэчлэл хийсэнтэй холбоотой программын болон манай мэргэжилтний алдаа гэж тайлбарлаж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн засаг даргын "Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай" А/457 дугаар захирамж нь Монгол улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна", 35 дугаар зүйлийн 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтуудыг үндэслэсэн ба миний бие дээрх заалтуудын нэгийг ч зөрчөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр хандахад холбогдох маргааныг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх зүйтэй гэсэн хариу ирсэн болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/457 дугаар захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ******* гэдэг газар 2013 оноос эхэлж зуслангийн хэрэгцээний газрыг найз нөхдөөрөө нийлж худалдан авсан. Хамтран газар авсан найзууд маань газраа тус тусдаа салган авахаар болсон. Маргаж байгаа газрыг 2015 онд хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлэн аваад 2016 онд хуульд заасан шаардлагын дагуу хашаа хатгасан. 2017 онд Ц.О маань байшин барих мөнгөний хэрэгцээ гарлаа танайх газрыг ав гэсэн тул газрыг худалдан авсан. Гэрчилгээг манай гэр бүлийн хүний  нэр дээр шилжүүлэхээр Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт өгөхөд газрын давхцал гарч ирсэн. Бид хуулийн дагуу газрын татвар, хураамжийг төлөөд, газрыг ашиглан хамгаалж, мод тарьж, хашаа хатгасан. Газрын программ шинэчлэлтэй холбоотойгоор газрын давхцал үүслээ гэсэн асуудал 2018 онд үүссэн. Ж.Э нь танай газар манай газартай давхацсан байна гэж надтай ярьсан. Иймд бид Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд аль аль талаасаа хүсэлт, өгөгдөл өгсөн. Тухайн үед захирамж түрүүлж гарснаараа танай газар хүчингүй болно. Танай газар программд өөрчлөлт орсны улмаас давхцалд орсон байна гэсэн. Программд өөрчлөлт орсноор ганцхан энэ газар давхцаад яаг хажууд нь байгаа газрууд давхцалд ороогүй байдаг. 2 иргэнд газар эзэмших гэрчилгээ олгочхоод дараа нь асуудал үүсгэж байна. Манай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Иймд шүүхэд хандаж хууль ёсны дагуу газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг хүсэж хандаж байгаа юм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ч.Л нь 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар олгох хүсэлтийг гаргасан байдаг. Уг хүсэлтийг хүлээн аваад 2008 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/160 дугаар захирамжаар Ч.Л-ид 700 м.кв газрыг олгожээ. Ч.Л-оос иргэн Г.Н-д 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дүүргийн Засаг даргын А/199 дүгээр захирамжаар эрх шилжүүлсэн. Эрхийг шилжүүлэхдээ газар зохион байгуулагч маань газрын байршил буюу нэгж талбарын дугаарыг нь зарим нэг хүний газартай давхцуулан олгосон байгаа. Өөрөөр хэлбэл газрын байршлыг нь өөрчлөн дээш нь болгон олгосон. Дээш нь болгож олгосон газар маань 2008 оны 70 дугаар захирамжаар Г.И-д олгогдоод 2017 оны 380 дугаар захирамжаар н.О-д эрх шилжүүлсэн газартай давхацсан байдаг. Тухайн үед н.О, Г.Н нар нь газрын давхцалтай байна гэдэг асуудлаар газар зохион байгуулалтын албанд хандсан. Тухайн үед газар зохион байгуулагчаар н.Ч гэх хүн ажиллаж байсан. н.Ч нь газрыг үзээд давхцалтай байсан тул давхцалыг арилгаж одоогийн газрын мэдээллийн санд байгаа байршилд газрын байршлыг засаж оруулсан. Одоо маргаан бүхий газарт нэгж талбарын дугаар бүхий, 2018 оны 199 дүгээр захирамжаар иргэн н.Н-д олгосон газар болох нь бүртгэлтэй байгаа. Г.Н, н.О нарын хооронд гарсан маргаан намжсан.

Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.О тус газар газар олгох хүсэлт, кадастрын зураг хийлгэн дүүргийн газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн. Газар зохион байгуулалтын алба өргөдлийг хүлээн аваад 2016 оны А/282 дугаар захирамжаар иргэн Ц.О-т газар эзэмших эрх олгосон байна. Энэ ажиллагааг газар зохион байгуулагч н.Б хийсэн байдаг. Уг Ц.О-т олгосон газар нь Ч.Л-д олгосон газартай давхацсан байдаг. Газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах шаардлага гэж байдаг. Бусдын газар эзэмших эрхтэй давхцалгүй байх ёстой. Энэ шаардлагыг үндэслээд анх Ч.Л-д олгосон газартай Ц.О-т сүүлд олгосон газар давхацсан учраас дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/457 дугаар захирамжаар иргэн н.О-т газар эзэмших эрх олгосон 2016 оны А/282 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд нийцүүлэн тухайн газарт газар эзэмших хүсэлтийг хэн түрүүлж өгсөн, захирамж шийдвэр гарсан байгааг үндэслэн шийдвэрээ гаргасан. Ч.Л нь 2008 онд анх газар эзэмших эрхээ баталгаажуулан аваад Г.Н гэх мэт хүмүүст эрх шилжээд явсан. Энэ газар дээр 2016 онд иргэн Ц.О-т тухайн үед газар зохион байгуулалтын албанд ажиллаж байсан газар зохион байгуулагч сайн нягталж үзэлгүйгээр давхцуулан газар олгосон байсан. Үүнийг 2019 онд илрүүлээд Засаг дарга хуульд заасны дагуу өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгосон. Нэхэмжлэгч П.З-гийн хувьд газрын тухай хуульд заасан ямар нэгэн эрх ашиг байхгүй. Одоогийн байдлаар газар дээр иргэн Г.Н, н.О нар нь амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Г.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ч овогтой Л Сүхбаатар дүүргийн 19-р хороо ******* хаягт орших 700м² газарт газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авч, газрын татвар, газрын төлбөрөө бүрэн төлж холбогдох материалаа Сүхбаатар дүүргийн газрын албанд өгч, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/199 тоот захирамжаар газар эзэмших гэрчилгээ, кадастрын зургаа авсан. 2018 оны 5 сард манай ээж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь Сүхбаатар дүүргийн 19-р хороо майхан толгой хаягт орших авсан газар дээрээ очиход тухайн газар орчим нэг ч шингийн мод, хашаа байгаагүй гэсэн. Тэр өдрөө хашаагаа бариад явсан гэсэн. 2018 оны 7 дугаар сарын 05-нд газар дээрээ очиход барьсан хашааг нь нураагаад төмөр хашаа барьсан байсан. Зуун талын айлаас асуухад энэ төмөр хашааг барьсан Одсүрэн гэх залуу утсаа өгсөн байсан.

2018 оны 7 дугаар сарын 18-нд Г овогтой И газрыг авсан О, Ц.О-ийн газрыг авсан. П.З, П.З-гийн нөхөр Ж.Э бид гуравт хандан Ц.О-ийн энэ газар чинь Г.Н-гийн газар байна. Би наад Ж.Э гуайд кадастрын зургийг нь харууллаа. Одоо энэ газар дээр нэг ч шон хашаагүй юм байна. Хашаа барьж болохгүй шүү. Газрынхаа маргаан, асуудлаа шийдтэл гэж сануулсаар байтал 2020 оны 8 сард П.З, П.З-гийн нөхөр 2 санаатайгаар зориуд манай газрыг тойруулан төмөр хашаа бариад 2 жил шахам болж байна. Би маргааш нь газрын албанд очиж мэдэгдсэн. 2018 оны 12 сард тус газрыг хариуцсан зохион байгуулагч Н.А-тай уулзахад Архивын бүх материалыг шүүж судалж үзэхэд Ц.О нь танай газартай давхардуулан захирамж кадастрын зураг авсан нь тогтоогдсон. Танай газартай холбоотой материалууд энэ байна гээд ном шиг зузаан материал харуулсан. Ц.О-ийн захирамжийг хүчингүй болгож зургийн залруулгыг хийж, давхардлыг арилгана, судалж байна гэсэн.

2019 оны 6 дугаар сарын сүүлчээр билүү Ж.Э би очиход П.З-д бид өөр газар олгохоор болсон. Та байшингаа тавиад лагерьдаа гарч болно гэсэн ( Зохион байгуулагч А ).

Бид авсан газартаа тавихаар 2018 оны 6 дугаар сард Зөөврийн байшин худалдан авсан байсан. Би баярлаад П.З-гийн нөхөр лүү нь утасдаж хэлсэн. Зохион байгуулагч А байшингаа аваачиж тавиад лагерьдаа гаргаарай гэж хэлэхэд гарч болно гэсэн хашаагаа буулгаж, орц гаргаарай гэж хэлэхэд П.З-гийн нөхөр нь уурлаж, цагдаад хэлнэ тавиулахгүй бид шүүхэд хандана гэсэн.

Ц.О-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/282 дугаар захирамж нь Монгол улсын Газрын тухай хуулийн доорх заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:

1. Монгол улсын Газрын тухай хуулийн 31.3 дахь заалтыг зөрчсөн. (Хүсэлт гаргасан газар нь бусдын газартай давхцаагүй байна)

2. 35.3.2 Эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх (тавьсан шаардлагыг зөрчин зориуд санаатайгаар бусдын газар дээр төмөр хашаа барьсан)

3. 35.3.5 Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх (Г.Н-гийн эрхийг зөрчин 2 жил шахам хохироож байна.)

4. 40.1.6 П.З түүний нөхөр 2 нь санаатайгаар зориуд манай газрыг тойруулан төмөр хашаа барьснаас болж бид авсан газраа ашиглаж, авсан байшингаа буулгаж, лагерьд гарч чадахгүй 2 жил гаруй хохирч явна.

Г.Н би Монгол улсын Газрын тухай хуулийн 31.3, 35.3.2, 35.3.3, 35.3.5, 40-р зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг алийг нь ч зөрчөөгүй болно. Харин нэхэмжлэгч П.З нь Монгол улсын Газрын тухай хуулийн 31.3, 35.3.2, 35.3.5, 40.1.6 заалтуудыг зөрчөөгүй гэж нэхэмжлэлд бичсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Санал нийлэхгүй.

Сүхбаатар дүүргийн засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 162 тоот захирамж, бусад архивын нотлох баримт, Монгол улсын Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 12 сарын 03-ны өдрийн А/457 тоот захирамж гарсан учраас П.З-гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас энэхүү хариу тайлбарыг гаргаж байна” гэв.

Гуравдагч этгээд Ч.Л-оос шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Ч.Л би газрынхаа кадастрын зургийг гээгдүүлээд 2017 онд Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас кадастрын зургаа аваад гайхсан.

Учир нь: Манай газар нь кадастрын зураг дээр хойшоогоо болсон байсан. Зураг гаргаж өгсөн кадастрын мэргэжилтнээс энэ манай газар мөн үү гэхэд “тийм, тийм, наад газар чинь танай газар мөн" гэж хэлсэн. Би нөгөө солбицол нь болоод ийм болсон юм байлгүй гэж бодоод өнгөрсөн.

Манай хөгшний бие нь муудаад бид *******гоос хот руу нүүсэн. Хөгшний бие нь олигтой сайжрахгүй байсаар нас барсан. Би ******* дахь хашаагаа эргэж очиход юу ч үгүй алга болсон байсан. Зарим хашааг маань гол дээр гүүр болгон тавьсан байсан. Одоо ч байгаа.

Энэ тухайгаа Сүхбаатар дүүргийн 19-р хорооны Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэн. Өөрсдөө л байхгүй бол алга болно шүү дээ. Та нүүж очихоороо л хашаагаа барина шүү гэсэн. Миний бие тааруухан эм, тарианы мөнгөгүй болсон учраас би энэ газраа Г.Н-д "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээр шилжүүлсэн. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Г.Н газар дээрээ очиход Г.О гэдэг залуу барьсан хашааг нь нурааж, төмөр хашаа барьсан байсан гэсэн. Хажуу айлын П.З, П.З-гийн нөхөр хоёр нь Н-ийн ээж Ж.Э-д “О танай газрын луйвардах гэж байна О энүүгээр зарах газар байна уу гээд сураглаад явж байсан. Одоо танай газар дээр төмөр хашаа бариад зарна гэж зар тавьсан байна” гэж хэлсэн байсан.

Бид газрын албанд Одсүрэнгийн талаар, гомдол, өргөдөл өгсөн. Ж.Э-д: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын зохион байгуулагч Ч******* “О-ийн газар бол танай газар биш, Ц.О-ийн газар бол танай газар байна” гэж компьютер дээр зургийг нь үзүүлж тайлбарласны дараа П.З, түүний нөхөр хоёр нь бидэнд буруу ташаа ойлголт өгснийг мэдэж, О-с уучлалт хүссэн.

Ц.О-ийн энэ газар нь Ч.Л миний газар мөн. Ч.Л би 2008 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд:

1. Хороон даргын цохолттой Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандсан өргөдөл,

2. 2008 оны 4 дүгээр сард ******* дахь газар дээрээ Кадастрын компаниар хэмжилт хийлгэсэн бүртгэлийн хуудас, нэгж талбарын байршлын кадастрын зураг зэргийг бүрдүүлэн өгч 2008 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гарч газар эзэмших гэрчилгээгээ авсан болно.

Энэ бүх материал Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивд байгаа. Шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-гаас тус шүүхэд хандан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/457 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, гэрээ, гэрчилгээг олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий газарт болох хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д захиргааны үйл

ажиллагаанд “хуульд үндэслэх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгайлсан зарчмыг баримтална хэмээн,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” хэмээн,

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” хэмээн тус тус хуульчлан заасан.

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны А/457 дугаар захирамжаар Ц.О-ийн газар эзэмших эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, 35.3.5 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэсэн ч миний бие дээрх заалтуудыг зөрчөөгүй хэмээн,  хариуцагчаас тухайн захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн тул дүүргийн Засаг дарга  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий актыг гаргасан хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд: Ц.О-ээс 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандан “...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, *******н гудамжид зуслангийн газар ... эзэмших хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/282 дугаар захирамжаар Ц.О-т нэгж талбарын 18******* дугаар бүхий 592 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, *******н зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн болох нь,

Нэхэмжлэгчийн 2016 онд хүсэлт гарган, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/282 дугаар захирамжаар эзэмшсэн маргаан бүхий газар болох нэгж талбарын 18******* дугаар бүхий Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, *******н зусланд байрлах 592 м.кв газар нь гуравдагч этгээд Ч.Л-ийн 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан гэр бүлийн хэрэгцээнд зориулан эзэмших хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар Ч.Л-д зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 700 м.кв газартай бүхэлдээ давхцалтай болох нь,

Гуравдагч этгээд Ч.Л нь өөрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 162 дугаар захирамжаар эзэмшиж байсан газраа 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр гуравдагч этгээд Г.Н-д шилжүүлснийг хариуцагчаас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/57 дугаар захирамжаар баталгаажуулж, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гуравдагч этгээд Г.Н-д Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, *******н зусланд байрлах 592 м.кв газар эзэмших эрхийн 000083900 дугаар гэрчилгээг олгосон нь нэхэмжлэгч Ц.О-т Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/282 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартаа бүхэлдээ давхцалтай болох нь,

Гуравдагч этгээд Ч.Л-оос 2018 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан газрын давхцалын асуудлаар гомдол гаргаж, газрын албаны холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж байсан. Гомдлыг хянан шийдвэрлэх хүрээнд дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчидтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэх үүднээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэр бүлийн хүн болох итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-т өөр газар олгохоор санал болгосон ч С.Б-ын зүгээс тухайн санал болгосон газрыг авах боломжгүй хэмээн татгалзсанаар хариуцагчаас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/457 дугаар захирамжийг гарган нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн болох нь  хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан  Ч.Л, Ц.О нарын газар баталгаажилтын хувийн хэрэг, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архив, бичиг хэрэгт болон маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 1/2813 болон 2021 оны 1/1021 дугаар албан бичиг, гэрч Н.А-гийн мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.

Тухайн тохиолдолд, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч Ц.О-т 2016 оны А/282 дугаар захирамжаар нэгж талбарын 18******* дугаар бүхий Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, *******д байрлах 592 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчин гуравдагч этгээд Ч.Л-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 162 дугаар захирамжаар эзэмшиж байсан газартай давхцуулсан.

Улмаар нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл хэсэгт дурдагдсан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, 35.3.5 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн ямарваа нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй хэдий ч хариуцагч өөрийн хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газрыг давхцуулж олгосон болохоо гуравдагч этгээд Ч.Л, Г.Н нараас гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх хүрээндээ олж тогтоон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд залруулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны А/457 дугаар захирамжаар Ц.О-ийн газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн болох нь дээрх дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны А/457 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн” захиргааны акт хэмээн үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

4. Үүнтэй холбогдуулан, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” хэмээн заасанчлан нэхэмжлэгч Ц.О нь захиргааны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-гаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “....“Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/457 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, гэрээ гэрчилгээг олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М