| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0481/З |
| Дугаар | 221/МА2025/0123 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0123
“М ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэлийн шаардлага “Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-21230000000 дугаар нөхөн ногдуулалтын актын татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх 1 дэх хэсэг, хавсралтын 4 дэх хэсэгт хамаарах 646,564,574.21 төгрөгийн нөхөн татвар, 193,969,372.26 төгрөгийн торгууль, 129,312,914.84 төгрөгийн алданги, нийт 969,846,861.31 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 859 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Т.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Я.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2023/0273/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь “Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-21230000000 дугаар нөхөн ногдуулалтын актын татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх 1 дэх хэсэг, хавсралтын 4 дэх хэсэгт хамаарах 646,564,574.21 төгрөгийн нөхөн татвар, 193,969,372.26 төгрөгийн торгууль, 129,312,914.84 төгрөгийн алданги, нийт 969,846,861.31 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 859 дүгээр шийдвэрээр “Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.2, 16 дугаар зүйлийн 16.2, 16.13, 21 дүгээр зүйлийн 21.7д заасныг баримтлан нэхэмжлэгч “М ” ХХК-аас Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай НА-21230000000 дугаар нөхөн ногдуулалтын актын зөрчлийн 1 дэх хэсэг, хавсралтын 4 дэх хэсэгт хамаарах 646,564,574.21 төгрөгийн нөхөн татвар, 193,969,372.26 төгрөгийн торгууль, 129,312,914.84 төгрөгийн алданги, нийт 969,846,861.31 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.4, 47 дугаар зүйлийн 47.9, 47.10, 47.18, 76 дугаар зүйлийн 76.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “М ” ХХК-ийн гомдлын тухай 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нар нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “... “М” ХХК нь “П ” ХХК-ийн шинээр гаргасан хувьцааг худалдан авсан нь Компанийн тухай хуулийн 3 зүйлийн 3.2, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд нэр нь ороогүй боловч хувьцаа эзэмшлийн хувь оролцооны хэмжээгээр өөрийн эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон Баянгол дүүргийн 20 хороо, хаягтай, 1681900039 нэгж талбарын дугаартай, Э-2205000252 гэрчилгээний дугаартай, 4,398,398,464.00 төгрөгийн дуудлага худалдааны анхны үнэ бүхий 39968 мкв газар эзэмших эрхтэй “П ” ХХК-ийн хувьцааны 49 хувьд ногдох 2,155,215,247.36 төгрөгийн үнэлгээ бүхий газар эзэмших эрх борлуулсан орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөхөөр тайлагнаагүй суутгагчийн үүргийг хэрэгжүүлээгүй байсанд Татварын ерөнхий /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлд “Хуулийн нэр томъёоны тодорхойлолт” гээд 4.1.6-д “татвар суутгагч” гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 4 дүгээр зүйлд “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” 4.1.6-д “суутгагч" гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг”, 8 дугаар зүйлд “Үйл ажиллагааны орлого” гээд 8.2-д “Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна”, 8.2.2-д “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого”, 16.3-д “Дараахь орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно”, 16.3.5-д “эрх борлуулсны орлого”, 16.12-д “Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 17.2.7-д “эрх борлуулсны орлогод 30 хувиар”, 21.5-д “Энэ хуулийн 17.2.1-17.2.3,17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ”, 21.7-д “Энэ хуулийн 16.11, 16.12, 16.13, 16.14-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн байсан.
3.2. Татварын албан нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу хяналт шалгалт хийж хуулийн хэрэгжилтийг хангуулдаг. Бид татварын хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.6 дахь заалтад заасан зарчмын дагуу татварын улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажилласан болно.
3.3. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2024 оны 01 сарын 24-ний өдөр гомдол гаргасны дагуу Маргаан таслах зөвлөл хуралдаж 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 04 тоот тогтоолоор татварын улсын байцаагчийн НА-21230000000 тоот нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлэн шийдвэрлэж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаасан хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0829 дүгээр шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус уйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" хэлнэ, 52 дугаар зуйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсен болохыг шүүх тодруулах үүрэгтэй. Анхан шатны шүүхэд гаргасан татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах болон маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын аль нь нэхэмжлэгчийн эрхийг бүрэн сэргэх талаар тодруулаагуй нэхэмжлэлийн үндэслэлийн зөрүүг арилгаагүй байна. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийг хариуцагчаар тодорхойлж хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулаагүй, нэхэмжлэл нь үндэслэлтэй буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эсэхийг тогтоох уүргээ биелүулээгүй, бодитоор сэргэх, эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа эсэхийг тодруулах ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2. “М ” ХХК нь татварын улсын байцаагчийн үйлдсэн актаар илрүүлсэн 4 зөрчлөөс зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, 1 зөрчилд холбогдох төлбөрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Маргаан таслах зөвлөл хүлээн авч Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор баталсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 6.1-д “... гомдол хүсэлтийг татвар төлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан шалгаж шийдвэрлэнэ” гэж заасны дагуу зөвхөн тухайн гомдолд хамаарах нотлох баримт, тайлбарыг цуглуулан магадалгаа хийж зөвлөлийн хуралдаанаар хянан хэлэлцүүлсэн нь холбогдох журмыг зөрчөөгүй.
4.3. ... гомдолд дурдсан асуудлыг маргаан таслах зөвлөлөөс хянан хэлэлцээд татвар зайлшгуй байх, шударга байх зарчимд нийцүүлэн газар ашиглах, эзэмших эрхийг шууд бусаар шилжүүлэх замаар орлого олсон этгээдийг зөв тодорхойлох, аль ч орлогын хувьд тухайн татвар ногдох орлого нь нэг л орлого бол тухайн төрлийн татварыг нэг л удаа ногдуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “шударга ёс”, “тэгш байдал”-ын зарчим, Татварын ерөнхий хуулийн татвар зайлшгүй, шударга байх зарчимд нийцүүлэх үүднээс дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаахаар шийдвэрлэсэн болно.
4.4. Гэтэл анхан шатны шүүх Татварын алба Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг биелүулэх үүрэгтэй бөгөөд дахин хяналт шалгалт хийхдээ зөвхөн гомдолд дурдсан асуудал буюу татвар төлөгчийн зөвшөөрөөгүй зөрчлийг шалгах боломжтой гэдэгт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, татвар төлөгчид шууд үр дагавар бий болгож буй захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь татварын хяналт шалгалтын томилолт, эсхүл маргаан таслах зөвлөлийн шийдвэр аль нь болохыг ялган салгаж дүгнэлт өгсөнгүй. Түүнчлэн Маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянан шалгаж, шийдвэр гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 47.10-т заасан дөрвөн шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан байхад захиргааны байгууллага буюу Маргаан таслах зөвлөлийг Захиргааны ерөнхий хуульд заасан сонгох боломжийг буруу хэрэглэсэн гэсэн алдаатай дүгнэлт хийсэн байна.
4.5. Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг дээд шатны татварын алба буюу Татварын ерөнхий газарт албажуулан хүргүүлсэн өдрөөс хойш 3 сарын хугацаанд татварын хяналт шалгалтыг гүйцэтгээгүй, маргаан таслах зөвлөл дахин хэлэлцээгүй байхад дахин бүхэлд нь шалгах үр дагавар шууд үүсгэсэн гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Түүнчлэн Маргаан таслах зөвлөлийн шийдвэр хэрэгжээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, үргэлжилж байхад энэ талаар дүгнэлт өгөөгүй.
4.6. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, хэрэглэх боломжтой талаар хүсэлт гаргасан боловч удаа дараа үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийн Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн 2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын татварын хяналт шалгалт хийх 0000000 дугаартай томилолтын дагуу Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М , Н.Х , У.О нар татварын хяналт шалгалт явуулжээ.
2.2. Хариуцагч татварын улсын байцаагч нараас хяналт шалгалтын явцад “... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 8 дугаар зүйлийн 8.2, 16.3 зүйлийн 16.3.5, 16.12, 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5, 21.7-д заасныг зөрчсөн, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 2019 онд 21,341,689.60 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтын хасалт хийж татвар ногдуулах орлого бууруулсан, Суутгагчийн аж ахуй нэгжид олгосон орлогоос суутгасан албан татварын тайланд 2019 онд 123,768,773.60 төгрөгийн зөвлөх болон ачаа тээврийн даатгалын үйлчилгээний орлогыг Монгол Улсад оршин суугч бус хуулийн этгээдэд шилжүүлэхдээ албан татвар дутуу ногдуулан тайлагнасан, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланд 2019 онд 233,659,280,171.00 төгрөгийн санхүүгийн тайлангийн үнэлгээтэй Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах үйлдвэрийн барилга, байгууламжид үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар дутуу ногдуулсан” гэж үзэж маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-21230000000 дугаар нөхөн ногдуулалтын актаар “2,775,462,726.71 төгрөгийн нөхөн татвар, 832,638,818.01 төгрөгийн торгууль, 555,092,545.34 төгрөгийн алданги, нийт 4,163,194,090.06 төгрөгийн төлбөр төлүүлэхээр” тогтоосон байна.
2.3. Нэхэмжлэгч “М ” ХХК нь маргаан бүхий тогтоолын 1 дэх хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслан зөвлөлд хандсан байх бөгөөд Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “... Албан татварыг хэн тайлагнах, төлөх үүрэгтэй болохыг зөв тодорхойлоогүйгээс суутгагчийн үүрэггүй “М ” ХХК-д төлбөр ногдуулсан нь хуульд нийцээгүй … Төрөөс олгосон тусгай зөвшөөрлийг шууд бусаар шилжүүлсний улмаас орлого олж, татвар төлөх үүрэг үүссэн харилцаа нэгэнт бий болсон тул хуульд заасны дагуу орлого олсон компанийг татварын хяналт шалгалтад татан оролцуулах, олсон орлогод татвар төлөх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай, маргаан таслах зөвлөлөөс энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд магадлан судлах боломжоос хэтэрсэн” гэж дүгнэж, маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-21230000000 дугаар нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж шийдвэрлэжээ.
2.4. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Н.Х , Ц.М , У.О нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-21230000000 дугаар нөхөн ногдуулалтын актын татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх 1 дэх хэсэг, хавсралтын 4 дэх хэсэгт хамаарах 646,564,574.21 төгрөгийн нөхөн татвар, 193,969,372.26 төгрөгийн торгууль, 129,312,914.84 төгрөгийн алданги, нийт 969,846,861.31 төгрөгт холбогдох хэсгийг, Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна.
2.5. Анхан шатны шүүх “...Маргаан бүхий энэ тохиолдолд Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгох, газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар шийдвэр гаргах эрх Баянгол дүүргийн Засаг даргад байх ба тус дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна … газар эзэмших эрхийг борлуулсан үйл баримт нэхэмжлэгчид бий болоогүй, газар эзэмших эрхийг бодитойгоор өөр этгээд хэрэгжүүлж байгаа, газар эзэмших эрх зөвхөн эрхийн гэрчилгээгээр дамжин зөвхөн хуульд заасан хэлбэрээр шилждэг, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хуулиар хориглодог зэрэг эдгээр нөхцөл байдлуудыг хариуцагч захиргааны байгууллага буюу татварын улсын байцаагчдаас бодитой, зөв тогтоож чадаагүй, нөхөн ногдуулалтын акт нь зорилгодоо нийцэж гараагүй, зөвхөн татвар ногдуулж төлүүлэх асуудалд анхаарлаа хандуулсан, татварын ногдлыг зөв тодорхойлоогүй гэсэн дүгнэлтийг хийж, ингэснээрээ Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д зааснаар суутган төлөгч нь татварын хууль тогтоомжийн дагуу тухайн төрлийн татвар төлөх үүрэг бүхий этгээдээс албан татварыг ногдуулан суутгах үүрэг хэзээ яаж, хэрхэн бий болсон нь нотлогдохгүй байна … хариуцагчаас маргаан бүхий 04 дүгээр тогтоолыг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 47.10-д заасан 4 шийдвэрийн аль нэгийг нь л гаргах ба өөрөөр шийдвэр гаргах боломжгүй гэж хуулийг буруу хэрэглэсэн, татварын алба, татвар төлөгч нарын хооронд маргаан дагуулсан, захиргааны акт тодорхой байх хуульд нийцээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Н.Х , Ц.М , У.О нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-21230000000 дугаар нөхөн ногдуулалтын актын татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх 1 дэх хэсэг, хавсралтын 4 дэх хэсэгт хамаарах 646,564,574.21 төгрөгийн нөхөн татвар, 193,969,372.26 төгрөгийн торгууль, 129,312,914.84 төгрөгийн алданги, нийт 969,846,861.31 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.6. Учир нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ...... хаягтай, 1681900039 нэгж талбар дугаартай, Э-2205000252 гэрчилгээний дугаартай 4,398,398,464 төгрөгийн дуудлага худалдааны анхны үнэ бүхий 39,968 мкв газар эзэмших эрхтэй “П ” ХХК-ийн хувьцааны 49 хувьд ногдох 2,155,215,247.36 төгрөгийн үнэлгээ бүхий газар эзэмших эрх борлуулсан орлогоос албан татвар авч төсөвт тайлагнаагүй зөрчилд 646,564,574.21 төгрөгийн нөхөн татвар, 193,969,372.26 төгрөгийн торгууль, 129,312,914.94 төгрөгийн алданги, нийт 969,846,861.31 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
2.7. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 8 дугаар зүйлийн 8.2-т “Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна”, 8.2.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого”, 16 дугаар зүйлийн 16.12-т “Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 21 дүгээр зүйлийн 21.7-д “Энэ хуулийн 16.11, 16.12, 16.13, 16.14-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
2.8. Татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч “М ” ХХК-ийг эрх бүхий байгууллагаас олгосон газар эзэмших, ашиглах эрхийн эзэмшигчийг өөрчлөх замаар эрх борлуулсан орлогыг албан татварыг төсөвт тайлагнаагүй гэж буруутгаж байгаа атлаа тухайн албан татварыг хэн тайлагнаж, төлөх үүрэгтэй эсэх, газар ашиглах эзэмших эрхийг шууд бусаар шилжүүлэн авсан “П ” ХХК ашиг орлого олсон эсэхийг бүрэн тогтоогоогүй байна.
2.9. Энэ талаарх нэхэмжлэгчийн “... энэхүү харилцаанд эрх борлуулаагүй, ийм төрлийн орлого олоогүй учраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 16 дугаар зүйлийн 16.3-д заасанд хамаарахгүй. Тиймээс энэ тохиолдолд ямарваа нэгэн татвар төлөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй. “М ” ХХК нь тухайн газрыг эзэмших, ашиглах эрхтэй этгээд биш тул татварыг ногдуулан суутган авч, төсөвт төлөх үүрэггүй” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас дахин нягталж, шийдвэр гаргах хүртэл хугацаагаар энэ хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2.10. Өөрөөр хэлбэл, шүүх тухайн зөрчилд ногдуулах торгууль, алдангийн хэмжээг захиргааны байгууллага, албан тушаалтны өмнөөс нөхөн ногдуулах эрхгүй, зөрчлийн дүнг зөв тодорхойлж, зөрчил үйлдсэн этгээдэд тохирсон хариуцлага ногдуулах нь хуулиар татварын улсын байцаагч нарын эрх хэмжээ байна.
2.11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчаас гаргасан шийдвэрээ дахин хянаж, шаардлагатай бол шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий Татварын улсын байцаагч Н.Х , Ц.М , У.О нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-21230000000 дугаар нөхөн ногдуулалтын актын татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх 1 дэх хэсэг, хавсралтын 4 дэх хэсэгт хамаарах 646,564,574.21 төгрөгийн нөхөн татвар, 193,969,372.26 төгрөгийн торгууль, 129,312,914.84 төгрөгийн алданги, нийт 969,846,861.31 төгрөгт холбогдох хэсгийг хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2.12. Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална”, 47 дугаар зүйлийн 47.9-д “Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан гомдлыг татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянан шалгаж, шийдвэр гаргана”, 47.10-д “Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ... байх”, 76 дугаар зүйлийн 76.1-д “татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална”, 76.1.3-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” гэж, Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-н 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын татварын хяналт шалгалт хариуцсан нэгж болон том татвар төлөгч хариуцсан нэгжийн гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, хүсэлтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслан зөвлөлд”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Маргаан таслах зөвлөл нь энэ журмын 1.1-д заасан гомдлыг татвар төлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан шалгаж шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
2.13. Дээрх хууль журмын зохицуулалтуудаас үзэхэд маргаан таслан зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батлах бөгөөд Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын татварын хяналт шалгалт хариуцсан нэгж болон том татвар төлөгч хариуцсан нэгжийн гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, хүсэлтийг маргаан таслах зөвлөл шийдвэрлэхээр, ийнхүү шийдвэрлэхдээ татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянан шалгаж, шийдвэр гаргахаар байна.
2.14. Гэтэл Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд нэхэмжлэгч “М ” ХХК-иас Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай НА-21230000000 дугаар нөхөн ногдуулалтын актын зөрчлийн 1 дэх хэсэгт заасан хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан байхад Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор ... НА-21230000000 дугаар нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь түдгэлзүүлж, дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэсэн нь дээрх хууль, журамд заасантай нийцэхгүй байна.
2.15. Энэ талаарх анхан шатны шүүхийн “… хариуцагч нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан гомдлын хүрээнд шалгасан, мөн үнэлэлт дүгнэлт өгсөн байх авч шийдвэрлэхдээ гомдлоос хальж, маргаагүй асуудлыг хамран анхдагч захиргааны актыг бүхэлд нь түдгэлзүүлж, буцааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгосон, гаргасан 04 дүгээр тогтоол нь зорилгодоо хүрэхээргүй нөхцлийг бий болгосон” гэх дүгнэлт үндэслэлтэй.
2.16. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 859 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий /2008 он/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 8 дугаар зүйлийн 8.2, 8 дугаар зүйлийн 8.2.1, 16 дугаар зүйлийн 16.12, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг тус тус баримтлан “Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х , Ц.М , У.О нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай НА-21230000000 дугаар нөхөн ногдуулалтын актын татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх 1 дэх хэсэг, хавсралтын 4 дэх хэсэгт хамаарах 646,564,574.21 төгрөгийн нөхөн татвар, 193,969,372.26 төгрөгийн торгууль, 129,312,914.84 төгрөгийн алданги, нийт 969,846,861.31 төгрөгт холбогдох хэсгийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Нөхөн ногдуулалтын актын дурдсан хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг 3, 4 гэж өөрчилж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ