Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 05

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
      Улсын яллагч: П.Ганбаатар 
      Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал   
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхүндэвийнхэн овогт Чанцалдуламын Базаррагчаад холбогдох 201603000395 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо, Хангайн 23-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Лхүндэвийнхэн овогт Чанцалдуламын Базаррагчаа /РД:ЙЕ76122410/

                   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ч.Базаррагчаа нь 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14-15 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр Чигчийн ар гэх газарт асфальтан зам дээр улсын дугааргүй Мон-Иж маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгслийг жолоодно”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. 2.3.в мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Ганхуягийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.


    201603000395 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:


    Хохирогч Б.Отгонсүрэнгийн өгсөн: 

    “...би талийгаач Б.Ганхуягийн төрсөн эгч нь учраас төрөл садангийн харилцаа холбоотой. Харин Базаррагчааг сайн танихгүй. Би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Би мэдүүлэг өгнө. Би өмгөөлөгч сонгон аваагүй. Өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би энэ талаар 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд мэдсэн. Энэ талаар надад Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Миний мэдэж байгаагаар манай талийгаач дүү маань өөрийн найз Базаррагчаатай хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Элсэн тасархайн чиглэлд буюу баруунаас зүүн тийш чиглэлд мотоцикльтой явж байгаад Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг Чигчийн ар гэх газар осолдож нас барсан байсан. Тухайн үед мотоциклийг Базаррагчаа жолоодож явсан гэсэн. Базаррагчаа энэ талаараа надад хэлсэн. Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт байхад нь би түүнтэй уулзсан. Надад хандаж муухай зүйл боллоо гэж байсан. Мөн би осол болохыг нүдээрээ хараагүй, хэргийн газар очоогүй, нарийн зүйлүүдийг мэдэхгүй байна. Манай талийгаач дүү Б.Ганхуягийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. Гэхдээ тухайн мотоциклийн бичиг баримт нь байхгүй, улсын дугааргүй мотоцикль юм. Би гомдолтой байгаа. Манай талийгаач дүү гурван хүүхэдтэйгээ, хөгшин ээжтэйгээ хамт амьдардаг. Түүний эхнэр нь залуудаа нас барсан. Одоо бүтэн өнчин гурван хүүхэд нь байна. Том хүүхэд нь энэ жил 2 дугаар курсын оюутан байгаа. Хүүхдүүдээ тэжээдэг хүн байсан. Гурван хүүхдийг нь одоо тэжээх хүн байхгүй. Хамгийн сүүлд хэдэн төгрөг нэхэмжлэхээ хэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/

    Гэрч А.Батцэнгэлийн өгсөн:

    “...би талийгаач Б.Ганхуяг, Ч.Базаррагчаа нарыг танина. Харин Б.Отгонсүрэнг танихгүй. Базаррагчаа нь миний хадам дүү учраас түүнтэй төрөл садангийн харилцаа холбоотой. Мэдүүлэг өгнө, татгалзах зүйл байхгүй. Би энэ талаар мэднэ. Гэхдээ өөрийн нүдээр үзээгүй. 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг Чигчийн ар гэх газар Ганхуяг гэх найзтайгаа түүний мотоциклийг унаж байгаад зам тээврийн осол гаргаж Ганхуяг нь нас барсны улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар мэднэ. Би Базаррагчаатай нэг нутаг усанд амьдарч байсан учраас түүнийг сайн мэднэ. Тэгээд би Базаррагчаагийн төрсөн эгчтэй нь гэр бүл болсон юм. Би Базаррагчааг 1980-аад оноос хойш л мэддэг. Манай хадам дүү Базаррагчаа нь хүнтэй эв нийцтэй харилцдаг. Нийтэч зан ааш сайтай. Хүмүүстэй хэрүүл маргаан зодоон хийгээд байдаггүй. Базаррагчаа нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын сургуулийг төгсөөд дахиж их дээд сургуульд яваагүй, хөдөө гарч мал малласан юм. Мөн цэргийн алба хаагаагүй. Базаррагчаа нь дээрээ 2 эгчтэй, 3 ахтай доороо нэг эмэгтэй дүүтэй. Ах эгч нар нь бүгд амьд сэрүүн байдаг. Базаррагчаа нь одоогийн байдлаар Улаанбаатар хотод төрсөн эх Чанцалдуламтайгаа хамт амьдардаг ба эхнэр хүүхэд авч гэр бүл болж зохиож байгаагүй. Түүний ээж Чанцалдулам нь 80 гаруй настай хөгшин хүн байдаг. Базаррагчаад одоогоор эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Архи дарс уух нь уудаг. Гэхдээ найз нөхөдтэйгөө баяр ёслолоор уусан байж харагддаг ямар нэгэн байдлаар  олон хоногоор архи, дахс ууж дамий тэнээд байдаггүй. Харин тамхийг бол байнга татдаг. Багаасаа л тамхи татаж эхэлсэн. Базаррагчаа нь талийгаач Ганхуягтай л их дотно сайн найзууд байсан. Өөр ойр дотно гээд байх найз нөхөд байхгүй. Талийгаач Ганхуяг, Базаррагчаа нар нэг нутагт өсч төрсөн учраас багаасаа найзалж нөхөрлөж явсан. Талийгаач Ганхуяг, Базаррагчаа нар нь насны хувьд ч их ойролцоо юм. Талийгаач Ганхуяг ааш зан сайтай, хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Хөдөөний л малчин залуу юм. Талийгаач нь 3 хүүхэдтэйгээ хөгшин ээжтэйгээ амьдардаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/

    Гэрч Ү.Чинбатын өгсөн: 

    “...би талийгаач Ганхуяг, Отгонсүрэн нарыг танихгүй. Харин Базаррагчаа нь манай хүргэн ах байгаа юм. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би энэ талаар мэднэ. Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг Чигчийн ар гэх газар Базаррагчаа нь өөрийн найз Ганхуягтайгаа хамт мотоцикльтой явж байгаад осолд орж өөрөө бэртэж түүний найз Ганхуяг нь газар дээрээ нас барсан гэсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Би Базаррагчаагийн хүргэн болоод 2 жил болж байна. 2 жилийн өмнөөс л Базаррагчааг мэднэ. Базаррагчаа ах бид нар нэг хашаанд амьдардаг. Базаррагчаа нь ээж Чанцалдуламтайгаа хоёулахнаа нэг гэрт амьдардаг. Намайг анх хүргэн нь болж байхад л эхнэр хүүхэдгүй байсан ба одоо ч эхнэр хүүхэд байхгүй. Базаррагчаа ах бол ааш зангийн хувьд дажгүй сайхан ааштай хүн байгаа юм. Ойр зуурын ажлаа өөрөө хийчихдэг, хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд зодоон цохион хийгээд байхгүй. Дуугай хүн юм. Хүний урдаас ч олон юм яриад байдаггүй. Хөгшин ээжтэйгээ амьдардаг учраас гэр орноо цэвэрлэж хоол унд түлээ түлш, усаа бэлдэхээс эхлүүлээд бүх л ажлыг хийдэг. Түүний ээж нь 80 гаруй настай ба бие муутай хүн байдаг. Одоогийн байдлаар эмнэлэгт эмчлүүлж байна. Тамхийг бол байнга л татдаг. Архийг ч уудаг. Гэхдээ олон хоногоор тэнээд уугаад байдаггүй. Хааяа л нэг ууж байдаг. Архи уухаараа ямар нэгэн агсан согтуу тавиад орилж хашгираад байдаггүй. Архи уугаад согтохоороо унтчихдаг л хүн байгаа юм. Базаррагчаагийн гэр орноор найз нөхөд нь гэж хүмүүс ирдэггүй учраас би мэдэхгүй байна. Миний мэдэхээр л тийм зүйл байхгүй. Намайг хүргэн нь болохоос өмнө ямар байсанг мэдэхгүй байна. Би ямар ч байсан цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан талаар нь сонсоогүй учраас миний бодлоор тийм зүйл байхгүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

    Гэрч С.Сүхбатын өгсөн: 

    “...Би Базаррагчаа, талийгаач Ганхуяг нарыг танина. Харин Отгонсүрэн гэгч хүнийг бол танихгүй. Дээрх хүмүүстэй төрөл садан гэр бүлийн харилцаа холбоо байхгүй. Би уг мотоциклийг 3-4 жил унаж байгаад нутгийн таньдаг залуу болох Ганхуягт 2016 оны намар 30.000 төгрөгөнд зарсан юм. Манайхыг тарны гүүрэн дээр байхад худалдан авч байсан. Самарт явах гэж байгаа, самарт унана л гэж байсан. Гэрээ байгуулсан зүйл байхгүй. Ярилцаж тохироод л зарсан. Хөдөөний хүмүүс гэрээ байгуулаад байдаггүй юм. Би үүнийг сонссон. Базаррагчаатай хамт мотоцикльтой явж байгаад осолд орж нас барсан гэсэн. Зүгээр л энгийн сайхан зан ааштай л залуус байгаа юм. Ганхуяг нь хөгшин ээжтэйгээ хүүхдүүдтэйгээ амьдардаг өрх толгойлсон хүн. Харин Базаррагчаа бол Улаанбаатар хот яваад хэдэн жил болсон байх. Миний мэдэхээр л гэр бүлгүй байсан. Одоо гэр бүлтэй болсон эсэх талаар нь бол мэдэхгүй. Ер нь дээрх хүмүүсийг нарийн сайн мэдэхгүй. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Мотоциклийн хувьд бол зарсан учраас талийгаач Ганхуягийн эзэмшлийн мотоцикль л гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/ 

    Сэжигтэн, яллагдагч Ч.Базаррагчаагийн өгсөн: 

    “...би 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг Чигчийн ар гэх газар Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Элсэн тасархай орохоор баруунаасаа зүүн чиглэлд өөрийн найз болох Ганхуягийн хамтаар Ганхуягийн эзэмшлийн цэнхэр өнгийн Мон-Иж гэсэн нэртэй мотоцикльтой давхиж яваад зам тээврийн осолд орсон. Тухайн үед мотоциклийг би жолоодож явсан. Ганхуяг их согтуу байсан ба намайг унаад яв гэж хэлсэн. Тэгээд зам тээврийн осолд орж би биедээ гэмтэл авч ард сууж явсан манай найз Ганхуяг нас барсан. Ийм л зүйл болсон. Би мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй. Зам тээврийн осол болох үед би болон зорчигч Ганхуяг хамгаалалтын малгайгүй байсан. Би нэг их уугаагүй, ганц нэг хундага архи л уусан. Харин Ганхуяг нилээн согтуу байсан. Нэг их хурдтай яваагүй. Ойролцоогоор 40 км цагийн хурдтай л явсан байх. Гэнэт миний урд талд хар юм ороод ирэх шиг л болсон. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Ухаан ороход мотоцикль нь замын баруун гар талд замын хөвөө буюу шороон хэсэг дээр зүүн талаараа хажуулдаж унасан байдалтай, талийгаач Ганхуяг мотоциклийн ертөнцийн зүгээр урд талд нь үерийн далан ухсан шуудуу шиг юманд толгойгоо зүүн зүг рүү хандуулж доошоо харсан байдалтай байсан. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлгийн байгууллага ирсэн. Ганхуяг нилээн согтчихоод намайг мотоциклио жолоодчих гэсэн. Үүний дагуу л жолоо барьсан. Энэ нь миний буруу. Талийгаач Ганхуягийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. Тухайн мотоцикль улсын дугааргүй, нилээн хуучин мотоцикль байсан.
    Надад ял сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгч сонгон аваагүй бөгөөд өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би мэдүүлэг өгнө. Талийгаач Ганхуягийн мотоцикль байгаа юм. Би тухайн үед бол Ганхуяг бид хоёр ганц нэг хундага архи уусан байсан. Нэг согтож тасартлаа бол уугаагүй. Би мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Хамгаалалтын малгайгүй байсан. Миний бодлоор өдрийн 14-15 цагийн орчимд болсон. Консны базуур нь осол болсны дараа хугарсан байсан. Мөн хөл тормозтэй байсан. Харин гар тормоз нь байхгүй байсан. Гэхдээ их хуучин мотоцикль байсан. Миний мэдэж байгаагаар хурд хэмжих заалт, гэрэл зэрэг нь ажилладаггүй мотоцикль байсан. 50-60 км цагийн хурдтай л явсан байх. Гэхдээ км цагийн заалт нь ажиллахгүй учраас сайн мэдэхгүй байна. Зам тээврийн ослоос болж миний хүзүү эгэм зэрэг нь гэмтсэн. Одоогоор нэг их сайнгүй байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруугаа ухаарч хүлээж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би хохирлоо барагдуулж дуусгана...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76, 79-80 дугаар тал/

    * Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын 2016 оны 10 сарын 26-ны өдрийн дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1. Мон-Иж маркын улсын дугааргүй мотоциклыг Цагдаагийн газрын хашаанд очиж үзхэд гар консс хугарсан, урд гар тормоз нь сууриар хугарсан ба ажиллахгүй, урд гэрэл сууриар салсан, түлшний сав баруун талаар хонхойсон зэрэг гэмтлүүд байв. 2. Уг тээврийн хэрэгслийг асааж үзэх гэсэн боловч асахгүй байсан мөн гэрэлтүүлэх хэрэгсэл ажиллахгүй ба урд тормозны систем нь ажиллахгүй байсан. 3. Эдгээр эвдэрлүүд нь ослоос өмнөх эвдрэл гэмтлүүд байж болно. 4. Мон-Иж маркын улсын дугааргүй мотоциклын эвдрэл гэмтлүүд нь осол гархад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй юм...” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/

    * Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1. Ч.Базаррагчаагийн гэх цусанд 0.8 промиль спиртийн алкоголь илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/

    * Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1. Талийгаач Б.Ганхуягийн биед оношын 1 дүгээрт гавал тархины битүү хүнд гэмтэл, биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гавал тархины битүү хүнд гэмтэл нь үхэлд хүргэнэ. 5. Талийгаач нь гавал тархины битүү хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаач Б.Ганхуяг нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 1 дүгээр бүлгийн цустай байна. 7. Шинжилгээгээр оношын 3-А-д дурьдагдсан архаг хууч өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар тал/

    * Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: 
    
    Дүгнэлтэд: “...1. Жолооч Ч.Базаррагчаа нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Ч.Базаррагчаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. 2.3.в мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө. 3. Замын нөхцөл байдал зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй. 4. Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Отгонжаргалын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 47 тоот дүгнэлтээр жолооч Ч.Базаррагчаагын гэх цусанд 0.8 промиль спиртийн алкоголь илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Үүгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдож байна. 5. Жолооч Ч.Базаррагчаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. 2.3.в мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 6. Жолооч Ч.Базаррагчаа /ЙЕ76122410/ регистрийн дугаараар сангаас лавлагааг дүрмийн 4.1 дэх хэсэг “ Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ, 4.1.А хамгаалах бүсээр тоногдогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклиор зорчихдоо хамгаалах малгай өмсөх гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/
 
    * Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдгэлэл /хх-ийн 3-4 дүгээр тал/
    * Зам тээврийн ослын акт /хх-ийн 5 дугаар тал/ 
    * Ослын газрын схем зураг /хх-ийн 6 дугаар тал/
    * Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8, 10, 31-34 дүгээр тал/
    * Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28 дугаар тал/ 
    * Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 67 дугаар тал/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83, 84 дүгээр тал/
* Ч.Базаррагчаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судлав. 

Дээрхи нотлох баримтуудаар 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр Чигчийн ар гэх газарт асфальтан зам дээр зам тээврийн осол гарч иргэн Б.Ганхуягийн амь хохирсон гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна. 
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Базаррагчааг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 
Шүүгдэгч Ч.Базаррагчаа нь согтуугаар 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14-15 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр Чигчийн ар гэх газарт асфальтан зам дээр улсын дугааргүй Мон-Иж маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгслийг жолоодно”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. 2.3.в мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Ганхуягийн амь насыг хохироосон болох нь хохирогч Б.Отгонсүрэн, гэрч А.Батцэнгэл, Ү.Чинбат, С.Сүхбат нарын мэдүүлэг, шүүгдэгч Ч.Базаррагчаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан талаарх Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, уг ослын улмаас хохирогч Б.Ганхуягийн амь нас хохиросон талаарх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт, осол гарахад Ч.Базаррагчаа нь хөнгөн зэргийн согтолттой байсан талаарх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт болон нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Ч.Базаррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, шинжлэн судалсаны үндсэн дээр шүүгдэгч Ч.Базаррагчаа нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ч.Базаррагчааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогч Б.Отгонсүрэнд учирсан хохиролыг шүүгдэгч Ч.Базаррагчаа нь нөхөн төлсөн, хохирогч гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 88 дугаар тал/-ээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч Ч.Базаррагчаа нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн улсын дугааргүй Мон-Иж маркийн мотоциклийг хохирогч Архангай аймгийн Тариат сумын Суман баг Дэнжийн 12-01 тоотод оршин суух Б.Отгонсүрэнд олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Базаррагчаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгч Ч.Базаррагчаагийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 


          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лхүндэвийнхэн овогт Чанцалдуламын Базаррагчааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Ч.Базаррагчааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Базаррагчаад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
 
4. Шүүгдэгч Ч.Базаррагчаа нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Базаррагчаагийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2015 оны 11 сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн улсын дугааргүй Мон-Иж маркийн мотоциклийг хохирогч Архангай аймгийн Тариат сумын Суман баг Дэнжийн 12-01 тоотод оршин суух Б.Отгонсүрэнд буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Ч.Базаррагчаад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулахаар шийтгэх тогтоолын хувийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ч.Базаррагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэсэгт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ч.Базаррагчаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Базаррагчаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

10. Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР