Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 591

 

 

Б.Оюундарийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/02818 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.О,

Хариуцагч “СТ” ХХК, “ГС” ХХК, “Г” ХХК нарт холбогдох,

 

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нартай байгуулсан “ГС” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хувьцааг Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нарт буцаан шилжүүлж, хувьцааны үнэ 55 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, компанийн үүсгэн байгуулах баримт бичгүүдэд өөрчлөлт оруулж, бүртгэхийг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгах тухай,

 

Б.Оюундариас үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахад болон засварт нэмж оруулсан 65 650 903 төгрөг, “ГС” ХХК-иас засварт оруулсан 90 000 000 төгрөг, нийт 155 650 903 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй

 

Гэрээ цуцалсны улмаас байрыг хэвийн болгоход шаардагдах зардал 103 341 299 төгрөг гаргуулах тухай “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар,

Хариуцагч “ГС” ХХК-ийн төлөөлөгч Ц.Дэлгэрмөрөн, “СТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Дэлгэрмөрөнтэй анх интернетээр мөнгө зээлж, үл хөдлөх хөрөнгө барьцаалж танилцсан бөгөөд надад хамтран ажиллах санал тавьсны үндсэн дээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, үүнийг энэхүү бизнест орсон болгон тооцож, компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох тохиролцоо хийсэн. 

Тохиролцоо хийх үед “ГС” ХХК нь ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, хөрөнгө орлогогүй байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулахаас 7 хоногийн өмнө “ГС” ХХК-ийг үүсгэн байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байсан. Ингээд хувьцаа худалдсанаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр туул гудамжны 56Б байрны 5 тоот байрыг чөлөөлүүлж авсан. Б.Оюундарийг 55 000 000 төгрөгийн хувьцаа авсан гэж байсан боловч эцэстээ 5 000 төгрөгийн хувьцаа гэж зааж энэхүү гэрээгээр хуурч мэхэлсэн. “ГС” ХХК-ийн дүрмийн 5.2-т компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 5 000 000 төгрөг, нэг бүрийн үнэ 10 000 төгрөгийг нэрлэсэн үнэ бүхий 500 ширхэг энгийн хувьцаа байна, мөн дүрмийн 5.2.1-т компанийн хувь нийлүүлэгчид дараах байдлаар хувьцаа эзэмшинэ. Б.О хувьцааны тоо 5 ширхэг, нэрлэсэн үнэ нэг бүрийн 1000 төгрөг, бүгд 5000 төгрөг буюу 50 хувийн хувьцаа гэж заасан байдаг. Ингэснээр нэхэмжлэгч төөрөгдөлд орсон. Иймээс хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хувьцааны үнэд төлсөн 55 000 000 төгрөгийг буцааж авахаар нэхэмжилж байна.

Мөн дээрх гэрээнүүд байгуулагдсаны дараа “Г” ХХК-тай болон “ГС” ХХК хоёрын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Уг гэрээний дагуу уг обьектыг эзэмшилдээ авч үйл ажиллагааны чиглэлд зориулж засвар хийсэн. Эцэст нь Б.О 65 650 903 төгрөгийн хөрөнгө оруулаад, нийт 120 650 903 төгрөгөөрөө хохирсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “ГС” ХХК-ийн захирал Ц.Дэлгэрмөрөнтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд үүний дагуу “Г” ХХК-иас “ГС” ХХК-ийн оруулсан 90 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхийг Б.Од олгосны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл одоо Ц.Дэлгэрмөрөн нь итгэмжлэлээ хүчингүй гэж байгааг ойлгохгүй байна гэжээ.

Хариуцагч “СТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн, Б.О нарын хоорондоо байгуулагдсан гэрээ болохоос “ГС” ХХК, “СТ” ХХК болон Б.О нарын хооронд байгуулагдсан гэрээ биш юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасныг баримтлан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж хэлсэн. Гэтэл Иргэний хуулийн 57 дугаар зүйлд 57.3 дахь хэсэгт гэрээгээр тохиролцсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж болно гэж заасан байгаа. Энэхүү гэрээ хэлцлийг бичгийн хэлбэрээр хийж, нотариатаар баталгаажуулж Улсын бүртгэлд өөрчлөлт орсон учраас үүнийг зөрчсөн хэлбэр байхгүй.

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б.О болон өмгөөлөгч нарын бичсэн хүсэлтэд “...бид “Г” ХХК-иас нэхэмжилж байгаа 90 000 000 төгрөгөөс татгалзаж байна гэж бичсэн боловч одоо уг эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж байна. Уг эвлэрлийн гэрээнд “ГС” ХХК, Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нар гарын үсэг зурсан. “Г” ХХК-д манайхаас 90 000 000 төгрөг, нэхэмжлэгч талаас 65 000 000 төгрөг нийтдээ 155 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, засварын ажлыг хийсэн. Гэрээ цуцлахдаа өөрөө хүсэлт гаргасан, манай талаас ямар ч хүсэлт гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ГС ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Оюундарийн хэлснээр анх 55 000 000 төгрөгийг зээлж хамтран ажилласан нь үнэн. Манайх Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд “СТ" ХХК-ийн 30 айлын хотхон хаус байшин барихаар 10 айлын хаус ашиглалтад орохоор үйл ажиллагаа нь явж байсан. Би Б.Оюундартай хамтран ажиллаж байхдаа мөнгөгүй болоод уг барилга зогссон. Тэгэхэд би өөрийнхөө таньдаг Б.Оюундарийн чөлөөлүүлж авсан гэж байгаа Хан-Уул дүүрэгт байрлах 3 өрөө байрыг манай компанийн дээр, манайхаас хаус худалдаж авна гэсэн хүн уг байрыг 3 өрөө байраар солихоор тохиролцсон байсан. Миний бие “Г” ХХК-иас мөнгө авч чадахгүй байхад 100 000 000 төгрөгийн байрыг өгч өрийг дарсан. Гэтэл Б.О надаас нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Иймээс уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахгүй, хамтдаа ашиг олох зорилгоор хийсэн учраас хамтдаа алдагдалд орсон. Иймд хамтдаа хариуцах ёстой гэжээ.

Хариуцагч Г ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлээр ажлын байр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нар энэ гэрээний 1.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээг цуцалсан. Гэтэл хариуцагч нар дураараа нэхэмжлэгчийн байранд дотоод засвар хийх нэрийдлээр барилгын зориулалтыг өөрчилж, эвдсэний улмаас нэхэмжлэгч уг байраа буцааж хэвийн болгоход шаардагдах зардал нь хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн хийсэн тайлангаар 103 341 299 тогтоогдсон байх тул энэ үнийн дүнг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Г” ХХК нь бидний хөрөнгөөр уг барилгын 80 хувийг засуулж авчихаад гэрээгээ цуцалж байна гээд уг байраа буцаан авсан. Одоо уг обьектыг буудал рестораны зориулалтаар ашиглаж ашгаа олж байгаа. Гэтэл хохиролд 103 341 299 төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ГС ХХК болон СТ ХХК нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин бид оруулсан хөрөнгөө “Г” ХХК-иас авах ёстой гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оюундарийн хариуцагч “СТ” ХХК, “ГС” ХХК нарт холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нартай байгуулсан “ГС” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хувьцааг Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нарт буцаан шилжүүлж, хувьцааны үнэ 55 000 000 төгрөгийг гаргуулж, компанийн үүсгэн байгуулах баримт бичгүүдэд өөрчлөлт оруулж, бүртгэхийг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Оюундарийн үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахад болон завсарт нэмж оруулсан 65 650 903 төгрөг, “ГС” ХХК-иас засварт оруулсан 90 000 000 төгрөг, нийт 155 650 903 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас гаргуулахаар шаардсан болон гэрээ цуцалсны улмаас байрыг хэвийн болгоход шаардагдах зардал 103 341 299 төгрөг гаргуулах тухай “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюундарийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761 205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674 660 төгрөгийг “Г” ХХК-д, нэхэмжлэгч Б.Оюундариас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 000 төгрөгийг Б.О нарт улсын орлогоос тус тус буцаан олгохоор шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулж, хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэхдээ, тухайн үед хариуцагчаар татан оролцуулаагүй байсан этгээд болох “Г” ХХК-ийн хөрөнгийг битүүмжилж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан арга хэмжээг авахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ нь “Г” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөнөөс гадна, тус “Г” ХХК-ийн зүгээс уг арга хэмжээг авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн үр дагаврыг бий болгож байгаа тул нэхэмжлэгч миний эрх ашигт ноцтой хохирол учруулж болзошгүй байна.

            Миний бие Л.Жавзмаад шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  өөрийгөө төлөөлүүлж байсан бөгөөд уг итгэмжлэлээсээ татгалзсан тухай шүүхэд мэдэгдээгүй байтал намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө биечлэн оролцох эрхтэй мэтээр тайлбарлаж шүүхээс татан оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г” ХХК нь К.Султанбекд уг хэрэгт төлөөлөн оролцох бүрэн эрхийг 2 жилийн хугацаатай олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаагүй байхад “Г” ХХК-ийн захирал Б.Гантуяад эрх үүрэг тайлбарлан өгч оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

            “Г” ХХК нь хариуцагчаар татагдсаныхаа дараа сөрөг нэхэмжлэл гаргахдаа тус хэрэгт хариуцагчаар оролцож байгаа “ГС” ХХК-ийн захирал ажилтай Ц.Дэлгэрмөрөнг хариуцагчаар татаж, нэхэмжлэгч Б.О намайг хамтран хариуцагчаар татсаныг шүүх хүлээн авч, нэхэмжлэгч надад болон хариуцагчийн төлөөлөгч Ц.Дэлгэрмөрөнд тус тус гардуулсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шүүгчийн үйл ажиллагааны улмаас хариуцагчаар оролцож байсан “ГС” ХХК нь нэхэмжлэгч тал болох Б.О надад  “Г” ХХК-ийн эсрэг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг олгохоос өөр аргагүй зөрчилтэй байдалд хүргэсэн.

            Дээр дурдсан өөрчилж, ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хариуцагчаас авсан итгэмжлэлийн үндсэн дээр гаргаад, хэргийг тусгаарлах хүсэлтийг хоёр удаа гаргасан боловч шүүгч уг хүсэлтийг 7 сарын турш огт шийдвэрлэлгүй байсаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Зохигч талаас маргаан бүхий гэрээг гэрчилсэн тойргийн нотариатч Б.Энхээг гэрчээр асуулгах хүсэлтийг бичгээр гаргасан боловч шүүхээс хүсэлтийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхисон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

            Уг хэрэг анх Б.Мөнхжаргал шүүгчид хуваарилагдаж хянагдаж байсан боловч томилолтоор ажиллаж байсан шүүгч Д.Ренченхоролд хэргийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шилжүүлж албажуулсан бөгөөд буцаж Б.Мөнхжаргал шүүгч хянан шийдвэрлэсэн байх ба уг хэргийг буцаан хуваарилахаар шүүгчдийн зөвлөгөөнөөс шийдсэн, хожим албажуулсан баримт хэрэгт авагдаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “СТ” ХХК, “ГС” ХХК-иудад холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нартай байгуулсан “ГС” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хувьцааг Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нарт буцаан шилжүүлж, хувьцааны үнэ 55 000 000 төгрөг, нэмж оруулсан 65 650 903 төгрөг, нийт 120 650 903 төгрөгийг гаргуулж, компанийн үүсгэн бaйгуулах баримт бичгүүдэд өөрчлөлт оруулж, бүртгэхийг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад засварт оруулсан 65 650 903 төгрөгийг болон “ГС” ХХК-иас засварт оруулсан 90 000 000 төгрөг, нийт 155 650 903 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас гаргуулах болгон өөрчилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “Г” ХХК нь гэрээ цуцалсны улмаас байрыг хэвийн болгоход шаардагдах зардал 103 341 299 төгрөгийг нэхэмжлэгч Б.О, хариуцагч “ГС” ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нь “СТ” ХХК, “ГС” ХХК-иудыг хариуцагчаар тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь иргэн Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нарт хамааралтай, тэдэнтэй хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэжээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч “СТ” ХХК, “ГС” ХХК-иудад холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, мөн шүүхийн шийдвэрээр компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ч шийдвэрийн үндэслэлд эдгээр компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг ямар үндэслэлээр хангаагүй талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн шүүх хуралдааны шатанд хариуцагчаар компани, эсхүл иргэн алиныг нь тодорхойлж байгааг нэхэмжлэгчээс тодруулан, улмаар шийдвэрийн үндэслэлдээ нэхэмжлэгч Б.Отай иргэн Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нар нь хувьцаа эзэмшигчийн хувиар гэрээ байгуулсан агуулга бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нарт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэсэн заалтгүй байна. Иймд хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй, хэнд холбогдох нэхэмжлэлийг ямар үндэслэлээр шийдвэрлэсэн талаар дүгнээгүй шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсэгт нийцсэн гэж үзэх боломжгүйгээс талууд маргаантай асуудлаар мэтгэлцсэний үндсэн дээр шийдвэр гарсан гэж үзэхгүй тул анхан шатны шүүхийн хэлэлцээгүй, шийдвэрлээгүй асуудлыг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

 Нэхэмжлэгч нь “компанийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулж, бүртгүүлэх” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах гэж тодорхойлсон атлаа түүнийг хариуцагчаар тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээд байхад шүүх тодруулаагүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасанд нийцэхгүйгээс гадна нэхэмжлэлийн уг шаардлагад дурдсан асуудал нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахаар байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн нь өөр хариуцагчид холбогдох, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээнээс өөр гэрээг үндэслэсэн шаардлага байхад шүүх хамтран хариуцагч гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг эрх зүйн байдлыг нь зөв тодорхойлсон гэж үзэхээргүй байна. Иймд хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж, түүнд хамаарах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулан, маргаан бүхий үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөж Ерөнхий шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2016/00205 дугаар захирамжаар шүүгч Д.Ренченхоролыг шүүх хуралдаан даргалагчаар томилсон боловч 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, 183/ШШ2017/02818 дугаар шийдвэрийг гаргажээ. Хэрэгт шүүх хуралдаан даргалагчийг дахин өөрчилж, Б.Мөнхжаргалыг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж авагдаагүй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.4 дэх хэсэгт заасан журмын дагуу томилогдсон шүүгч шийдвэрлэсэн гэж үзэхгүй, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761 205 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                        Д.БАЙГАЛМАА

                                                                                                 А.ОТГОНЦЭЦЭГ