Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/81

 

 

 

 

        

    2023      03         14                                         2023/ШЦТ/81

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Э.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Т-ад холбогдох эрүүгийн 2338000000083 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Т-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...тоотод 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эцэг Д.Э-ыг зодож улмаар биед зүүн чихний дэлбэнд шарх, зулгаралт, дух, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000083 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эцэг Д.Э-ыг “та нар намайг харж үздэггүй, чамаас болж би ийм явж байна” гэж хэрүүл маргаан үүсгэж түүний бие эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбэнд шарх, зулгаралт, дух, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т-ын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Э-ын өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ Э.Т-ын хамт байж байхад 11 цагийн үед Э.Т- гэрээс гарч яваад өдөр 13 цагийн үед гэртээ согтуу ганцаараа ирсэн. ...18 цаг өнгөрч байхад Э.Т- гэнэт над руу томроод “та нар намайг харж үздэггүй, чамаас болж би ийм явж байна” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Би ч урдаас нь харилцан маргалдахад Э.Т- гараараа миний хоолойг боосон. Түүнээс хойш юу болсныг би санахгүй байна. Би ухаан алдчихсан юм шиг байсан. Нэг мэдэхэд намайг гэрээс гаргачихсан, би хашаан дотроо зогсож байсан. Би орилж чарлаад хүмүүсээс тусламж гуйсан. Тэр үед Э.Т- хашаанаас гараад явчихсан. Би охин Э.Ч-ийн гэрт ороод сууж байхад миний зүүн чихнээс цус гараад байгааг сүүлд нь мэдсэн. Миний зүүн чих урагдаж гэмтсэн байна лээ. Энэ гэмтлийг Э.Т- л надад учруулсан. Би ухаан алдчихсан болохоор чихийг минь юугаар ийм болгосныг мэдэхгүй байна. ...Э.Т- архи их уудаг, би архи уухаа боль гээд үглэж загнахаар над руу уурлаж маргаан үүсдэг. Иймэрхүү ярианаас л болсон. ...надад гомдол нэхэмжлэх зүйл бол байхгүй. Санал гэвэл Э.Т-ыг 30 хоногийн баривчилгаа болон албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

Гэрч Э.Ч-ийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ...гэртээ 18 цаг 30 минутын үед ирэхэд манай гэрт аав Д.Э-ын зүүн чихнээс цус их гарсан байдалтай, цусаа тогтоохын тулд гараараа чихээ барьчихсан сууж байсан. Би гайхаад ааваас юу болсон талаар асуухад “Э.Т- ах чинь намайг зодчихлоо” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад ...аавын гэр рүү орж харахад хэн ч байхгүй байсан. ...тэгсэн чинь “Хишиг хур” гэх дэлгүүрийн гадаа Э.Т- ах такси барих гээд нэлээд согтуу байдалтай зогсож байсан. ...би ах Э.Т-ад хандаж “та яагаад аавыг зодож байгаа юм бэ” гэж асуухад юу ч дуугарахгүй дэлгүүрийн гадаа суугаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

Насанд хүрээгүй гэрч Н.Н-ын өгсөн: “...Би 1 дэх өдөр гэртээ дүүгээ хараад байж байтал аав, өвөө хоёрын чанга чанга дуугараад байгаа чимээ сонсогдоод байсан. Тэгсэн чинь өвөө манай гэрт ганцаараа ороод ирсэн. Өвөө орж ирээд “Т- ах нь минй багалзуурыг шахчихлаа” гэж хэлсэн. Би өвөөгийн царайг харахад хоолой нь улаан болчихсон, зүүн чихнээс нь цус урсаад байсан. Өвөө манайхаас гарсан. Би араас нь цонхоор харж байтал Э.Т- ах өвөөг хашааны хаалганы үүд рүү зүүн талынх нь чихээр мөргүүлээд байсан. Тэгснээ ах хашаанаас гараад явсан. Харин өвөө буцаад манай гэрт орж ирсэн. Удалгүй ээж маань ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай: “...Д.Э-ын биед зүүн чихний дэлбэнд шарх, зулгаралт, дух, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Д.Э-ын биед үүссэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 7 тал/,

Э.Ч-ээс Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

ЦЕГ-ын хайлтын системийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа /хх-ийн 36-38 тал/,

Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл /хх-ийн 40-41 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Т-ын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би прокурорын тогтоолыг зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар бүгдийг үнэн зөв ярьсан тул надад дахин яриад байх шаардлага алга. Би согтуудаа аавынхаа биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...би ааваасаа уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн байгаа. Тухайн явдлаас хойш би огт архи уухгүй байгаа. Цаашид ийм асуудал гаргахгүй гэдгээ гэр бүлийнхэндээ амалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Э-ын мэдүүлэг, гэрч Э.Ч-, насанд хүрээгүй гэрч Н.Н- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай гэх дүгнэлт, Э.Ч-ээс Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Э.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эцэг Д.Э-ыг “та нар намайг харж үздэггүй, чамаас болж би ийм явж байна” гэж хэрүүл маргаан үүсгэж түүний бие эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнд шарх, зулгаралт, дух, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.  

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Э-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Т-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч Э.Т-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Д.Э-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Э.Т- гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эцэг Д.Э-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Д.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч Д.Э-ын “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/, шүүгдэгч Э.Т-, хохирогч Д.Э- нарын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “...талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 34-35 тал/ хэрэгт авагдсан байх тул  шүүгдэгч Э.Т-ыг хохирогч Д.Э-ад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Т-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Т-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 27-30, 32-33 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Т- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Э.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ад оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ДӨЛГӨӨН