| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0053/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/54 |
| Огноо | 2023-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/54
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч, прокурор Х.Ө-,
шүүгдэгч Ө.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ө-гийн Б-ид холбогдох эрүүгийн 2313000000030 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, БЕ....................... регистрийн дугаартай, И овогт Ө-гийн Б-, 1979 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймаг, Буянт сумд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар баг, Хөлцөөтөд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед тус аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Г-ийн эзэмшлийн хашаанд өөрийн эхнэр Т.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Х.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ө.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч Т.О- нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхин шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
2. Шүүгдэгч Ө.Б- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
3. Хохирогч Т.О- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Нэг, хоёр удаа алгадсан бол цагдаагийн байгууллагад хандахгүй байсан. Намайг алах санаатай л байсан. Тухайн үед би уурлаж хүүхдүүдээ асарч чадна гэвэл намайг алаад өг гэсэн чинь Ө.Б- алсан ч яадгийн гэж намайг цохиод байсан. Тэгээд би У.Ж- цагдаа руу залгах гэж байтал миний гар утсыг нөхөр маань булааж авсан. Дараа нь эмнэлэгт очиж толгойныхоо цусыг угааж өгсөн. Төмрөөр миний толгой руу олон удаа цохисон. 2020 онд нурууны хүнд хагалгаанд орсон. 5 литрээс хүнд ус өргөж болохгүй, мотоциклээр явж болохгүй. Улсад 17 жил ажилласан. Ө.Б- надаас уучлалт гуйгаагүй” гэв.
Эрүүгийн 2313000000030 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Мөрдөгчөөс хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03-11 дэх тал/,
5. Хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 94-96 дахь тал/,
6. Хохирогч Т.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17, 19 дэх тал/,
7. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,
8. Гэрч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
9. Гэрч Г.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
10. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,
11. Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
12. Мөрдөгчийн эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 42-44 дэх тал/,
13. Иргэн Ө.Б-оос 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хазаарыг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 51-56 дахь тал/,
14. Гэрч Т.Б-ийн бор цоохор өнгийн фудболкод үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 57-60 дахь тал/,
15. Хохирогч Т.О-н 54 размерын ноосон материалтай бор өнгийн өвлийн малгайнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 61-64 дэх тал/,
16. Хохирогч Т.О-н улаан ягаан өнгийн эмэгтэй хүний дээлэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 65-70 дахь тал/,
17. Иргэн Ө.Б-ийн унаж ирсэн гэх 5..6 БӨЗ улсын бүртгэлтийн дугаартай Wonderer маркийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 71-76 дахь тал/,
18. Иргэн Ө.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хазаарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 77-83 дахь тал/,
19. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Х-ын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 59 дугаартай гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-91 дэх тал/,
20. Шүүгдэгч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
21. Шүүгдэгч Ө.Б-, Т.О- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
22. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
23. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Б-ид холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
24. Шүүгдэгч Ө.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед тус аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Г-ийн эзэмшлийн хашаанд өөрийн эхнэр Т.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
25. Мөрдөгчөөс хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03-11 дэх тал/,
26. Хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 94-96 дахь тал/,
27. Хохирогч Т.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Буянт сумын 4 дүгээр багт амьдардаг жирийн нэгэн ажилчин хүн бөгөөд нөхөр болон 3 хүүхдийн хамт амьдардаг ба хамгийн том хүү болох Б.Э- нь Улаанбаатар хотод сурдаг билээ. Манай нөхөр Ө.Б- нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан бөгөөд тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргадаггүй байсан. Уржигдар буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай байшинд угаар гарч би хашаан дотроо эсгий гэр барьсан ба бага хүүхдүүд болох Б.Э- /12 настай/, Б.Э- /8 настай/ нарыг хөрш айл болох Б.Тогтохын гэрт хонуулсан. Тухайн угаар гарсан өдөр нь Ө.Б- нь гэртээ ирж хоноогүй бөгөөд хаагуур явсан, хаана хоносныг мэдэхгүй байна. Харин өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед манай нөхөр болох Ө.Б- нь гэртээ ирээд шууд байшин руугаа орсон ба би эсгийн гэрийн хаяа манаж байсан. Нөхөр Ө.Б- нь 5 орчим минутын дараа байшингийн довжоонд гарч ирээд чимээгүй зогсож байсан ба би хашааны үүдэнд очоод тоосгон блок өргөж байсан ба би нөхөр болох Ө.Б-оос “Яачив чи” гэж асуухад шууд “Чи муу авгай, миний хоёр хүүхдийн толгой залгих юм байна” гэж хэлээд миний зүүн нүд рүү цохисон /аль гараараа цохисон эсэхийг мэдэхгүй/ юм. Нөхөр Ө.Б-ийг нүд рүү цохиход би шууд унаад өгсөн ба миний дээрээс дэвсэж өшиглөөд өгсөн. Намайг өшиглөж байхдаа нөхөр Ө.Б- нь “Гударгыг нь хугалчихаад би чамайг ална” гэж хэлсэн. Тэгээд шууд Ө.Б- нь мотоцикл руугаа яваад гартаа төмөр суртай юм бариад ирсэн ба би шууд хөрш айл болох О.Г-ийн гэр лүү зугтаахад араас хөөсөн бөгөөд миний араас суран оосортой төмөртэй зүйлээр миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Миний толгойноос цус гарч урсаж байгаа нь мэдрэгдсэн бөгөөд О.Г-ийн гэр лүү ороод бүдрээд унангуут Ө.Б- нь миний дээрээс өнөөх төмрөөрөө цохисоор байсан. Хөрш айл болох О.Г-ийн гэрт Г.Г-, Д.Б-, Т.Б-, Т.Б- нар байсан бөгөөд Г.Г-, Д.Б- нар миний дээрээс зодож байхад шууд гараад зугтсан. Би Г.Г-, Д.Б- нарт “намайг авраарай гэж хэлсэн боловч” шууд гараад зугтсан. Харин Т.Б- манай нөхөр Ө.Б-той зууралдаж салгасан ба би утсаа гаргаад хэсгийн цагдаа У.Ж- руу залгахад хэсгийн цагдаа У.Ж- шууд утсаа авсан ба нөхөр Ө.Б- миний утсыг булааж аваад “Чи цагдаа руу залгадаг хэн бэ" гээд гарангуут нь шууд хаалга түгжиж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17, 19 дэх тал/,
28. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Буянт сумын 4 дүгээр багт амьдардаг малчин хүн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед манай гэрт хамаатан Г.Г-, Д.Б- нар айлчлаад ирсэн ба яг буцах гэж гэрээс гарах гэж байхад манай байшингийн хаалганаас хөрш айлын эхнэр болох Т.О- улаан цус болсон “намайг авраарай” гэж хэлээд уйлаад орж ирээд гэрийн босгонд бүдэрч унасан. Т.О-г бүдэрч унахад араас нь түүний нөхөр болох Ө.Б- нь зай завсаргүй дээрээс нь цохиод орж ирсэн бөгөөд Г.Г-, Д.Б- хоёр зөрөөд зугтаад гарсан. Би их айсан бөгөөд Ө.Б- нь Т.О-н дээрээс гартаа барьсан хазаараар дэвсэж цохиж байсан. Би Ө.Б-ийг салгах гэж зууралдах үеэр Т.О-н гар утсаа гаргаад “цагдаа дуудна” гэхэд Ө.Б- нь Т.О-н утсыг булаагаад гарангуут нь шууд хаалга түгжиж авсан. Миний бодлоор Ө.Б- нь цагдаа дуудах сургаар зугтсан гэж бодож байна. Т.О- надад “Эгч би айж байна. Намайг амбаартаа түгжээд өгөөч ээ. Ө.Б- дахиж ирвэл намайг ална” гэж уйлж хэлсэн тул би айгаад Т.О-г амбаартаа түгжсэн. Хэсэг хугацааны дараа Ч.Б- эгч ирсэн ба би Ч.Б- эгчид болсон үйл явдлыг хэлсэн бөгөөд Т.О-г амбаараас гаргаж гэртээ оруулж цусыг нь тогтоосон ба төд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,
29. Гэрч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Буянт сумын 4 дүгээр багт төрсөн эгч болох Т.Б-ийн гэрт амьдардаг хүн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед хамаатан Г.Г-, Д.Б- нар айлчлаад ирсэн ба яг буцах гэж гэрээс гарах гэж байхад манай байшингийн хаалганаас хөрш айлын эхнэр болох Т.О- улаан цус болсон “намайг авраарай” гэж хэлээд уйлаад орж ирээд гэрийн босгонд бүдэрч унасан. Т.О-г бүдэрч унахад араас нь түүний нөхөр болох Ө.Б- нь зай завсаргүй дээрээс нь цохиод орж ирсэн бөгөөд Г.Г-, Д.Б- нар зөрөөд зугтаад гарсан. Би их айсан бөгөөд Ө.Б- нь Т.О-н дээрээс гартаа барьсан хазаараар дэвсэж цохиж байсан ба эгч Т.Б- нь Ө.Б-ийг салгах гэж зууралдах үеэр Т.О-н гар утсаа гаргаад “цагдаа дуудна” гэхэд Ө.Б- нь Т.О-н утсыг булаагаад гарангуут нь шууд хаалга түгжиж авсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
30. Гэрч Г.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Буянт сумын 1 дүгээр багт амьдардаг малчин хүн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хамаатан болох Т.Б- болох Д.Б-ийн гэх хүний гэрт хамт эхнэр Т.Б-ийн төрсөн дүү нь нас барсан байсан тул гашуудал барагдуулах ажлаар 17 цагийн үед очсон бөгөөд 18 цагийн үед тухайн гэрээс гарах гэж байтал гаднаас чимээ шуугиан болоод манай сумын 2 дугаар багийн эмч Т.О- гэх ирсэн ба түүний нөхөр Ө.Б- нь араас нь хазаар мэт суран зүйл гартаа барьсан цохиод ороод ирсэн. Би тухайн үед эхнэр болох Д.Б-ийн хамт хамаатан Т.Б-ийн гэрээс гарах гэж бэлдээд үүдний хэсэгт зогсож байсан бөгөөд шууд Ө.Б-ийн гарнаас манай эхнэр Д.Б- бариад авсан бөгөөд Ө.Б- нь “шанашуудыг бүгдийг нь ална” гэж орилоод ороод ирсэн. Шанаш гэдэг нь манай ээжийн удмын яс үндэс бөгөөд Ө.Б-ийн эхнэр Т.О-н нь шанаш удмын хүн юм. Тэгээд би айгаад гараад яваан өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
31. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Буянт сумын 1 дүгээр багт амьдардаг малчин хүн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т.Б- гэх хүний гэрт нөхөр болох Г.Г-ы хамт Т.Б-ийн төрсөн дүү нь нас барсан байсан тул гашуудал барагдуулах ажлаар 17 цагийн үед очсон бөгөөд 18 цагийн үед тухайн гэрээс гарах гэж байтал гаднаас чимээ шуугиан болоод манай сумын 2 дугаар багийн эмч Т.О- гэх эмэгтэй уйлаад орж ирсэн бөгөөд хаалга нээгдээд Т.О- унаад ороод ирсэн. Түүний нөхөр Ө.Б- нь араас нь хазаар мэт суран зүйл гартаа барьсан цохиод ороод ирсэн. Би тухайн үед нөхөр болох Г.Г-ы хамт Т.Б-ийн гэрээс гарах гэж бэлдээд үүдний хэсэгт зогсож байсан бөгөөд шууд Ө.Б-ийн гарнаас бариад авсан бөгөөд Ө.Б- надад “Холд, би бүгдийг чинь зодно шүү, тавь” гэж намайг түлхсэн бөгөөд би айгаад нөхөр болох Г.Г-ы хамт гараад явсан ба манай сумын цагдаа нарын утсыг мэдэхгүй тул Т.Б-ийн хөрш болох Г- гэх хүний цонхыг цохиод болсон асуудлыг хэлээд цаашаа яваад өгсөн. Би их айсан байсан тул шууд яваад өгсөн. Болсон үйл явдал нь миний хувьд их хурдан болж өнгөрсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,
32. Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Би Буянт сумын 4 дүгээр багт амьдардаг өндөр насны тэтгэвэрт гарсан хүн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед өөрийн гэрт ганцаараа сууж байхад Ө.Б- нь манайд сандарсан байдалтай орж ирээд “Чи юугаа хийгээд энд сууж байгаа юм. Миний хүүхэд угаартсан байхад, чиний бэр Т.О-г цохиод алчихлаа” гэж хэлэхэд би хариуд нь “Би шинэ жилийн тоглолт үзэхээр явах гэж байна, чи манай гэрт ирээд надад агсардаг юу юм” гэж загнаад гэрээс хөөгөөд явуулсан. Бэр Т.О-г зодсон эсэхийг шалгахаар Ө.Б-ийн гэрт очиход хүн байхгүй байсан. Хамар хашаа болор О.Г-ийн гэрт очиход бэр Т.О- байхгүй байсан ба Т.Б- гэх хүн Т.О-г амбаарт байгааг хэлсэн бөгөөд би шууд амбаараас гаргаж О.Г-ийн гэрт оруулсан. Намайг харахад Т.О-н толгой хагарч цус гарч, нүд нь хөхөрсөн байсан бөгөөд ягаан өнгийн дээл өмссөн байсан ба дээл нь цус болчихсон байсан. Би Т.О-г гэрт оруулаад цусыг нь тогтоосон ба төд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
33. Мөрдөгчийн эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 42-44 дэх тал/,
34. Иргэн Ө.Б-оос 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хазаарыг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 51-56 дахь тал/,
35. Гэрч Т.Б-ийн бор цоохор өнгийн фудболкод үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 57-60 дахь тал/,
36. Хохирогч Т.О-н 54 размерын ноосон материалтай бор өнгийн өвлийн малгайнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 61-64 дэх тал/,
37. Хохирогч Т.О-н улаан ягаан өнгийн эмэгтэй хүний дээлэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 65-70 дахь тал/,
38. Иргэн Ө.Б-ийн унаж ирсэн гэх 5..6БӨЗ улсын бүртгэлтийн дугаартай Wonderer маркийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 71-76 дахь тал/,
39. Иргэн Ө.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хазааранд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 77-83 дахь тал/,
40. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Х-ын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 59 дугаартай “...1.Иргэн Т.О-гийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, салстад цус харвасан, зүүн хацар хавдартай, зүүн нүүр, доод эрүү хүртэл битүү хавантай, хөх ягаан туяатай цус хуралттай, зулайны баруун талд шархтай, зүүн мөрөнд, баруун мөрөнд, бүслүүр орчим хөх ягаан туяатай цус хуралттай, хоёр далны хооронд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Иргэн Т.О-гийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. Тухайн гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл ба гэмт хэрэгт үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой. 3.Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4.Иргэн Т.О-гийн биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-91 дэх тал/,
41. Шүүгдэгч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр малдаа яваад орой 18 цагийн орчимд гэртээ ирэхэд манай эхнэр эсгий гэрээ барьсан байсан юм. Намар би өөрийнхөө муу байшиндаа засвар хийгээд орсон бөгөөд ханан пийшин жаахан муу байсан юм. Тэгээд энэ өвөлдөө байшиндаа суучхаад ирэх жилээс ханан пийшингээ янзална гэж бодож байсан юм. Тухайн өдөр нь би өглөө малдаа явахдаа нүүрс хийчхээд явсан бөгөөд эхнэр Т.О- нь өдөр нүүрс нь дээр аргал хийсэн байгаа юм. Тэгээд гэртээ байгаа хүүхдүүддээ анхаарал тавихгүй, хүүхдүүд өдөржингөө орноосоо босохгүй хөнжил дотроо хэвтдэг, хүүхдүүддээ анхаарал тавиагүйгээс болж гэрээс угаар гарсныг мэдэлгүй хүүхэд угаартсан байсныг мэдсэн. Тухайн үеэр би хүүхдээ хайгаад эмнэлэгт очоод ирсэн ба хүүхэд маань хөрш айл болох Тогтох гэх хүний гэрт байсныг мэдээд эхнэртээ уурлаж ганц хоёр үг хэлсэн бөгөөд эхнэртээ уурласан уурандаа эхнэр болох Т.О-г цохисон. Энэ үед эхнэр хажуу айл руу гүйгээд орохоор нь би хойноос нь миний мотоцикл дээр байсан суран хазаараа аваад эхнэрийнхээ араас орж ахиж эхнэрээ цохиход хажууд байсан Буянцэцэг, Гэрэлчулуун гэх хүмүүс салгаж авсан юм... Эхнэр Т.О- нь Буянт сумын 2 дугаар багийн эмч хийдэг бөгөөд нааш, цааш дуудлаганд их явдаг юм. Гэхдээ гэртээ байсан үедээ үр хүүхдүүд, гэр орондоо анхаарал тавьдаггүй болохоор л хүүхдүүд угаартсан байх. Тухайн үед байшингийн хаалга цонх хаалттай, хүүхдүүд өдөржингөө гар утас бариад хэвтчихдэг, энэ бүхэнд чи анхаарал тавьсангүй, дандаа хөдөө гадаа дуудлаганд явна, эсвэл ажлынхан газрын хүн Туул гэх хүнтэй болсон болоогүй байнга хамт явна. Эхнэр өөрөө машинтай бөгөөд машинаа унаад байнга гадуур явдаг, гэр орондоо байхдаа гал хөсөө ч олигтой түлж чадахгүй, хүүхэд, гэр орондоо анхаарал тавьдаггүй болохоор л би түүнд уурлаж, зодсон асуудал байгаа. Тухайн үед нэлээн ууртай байсан бөгөөд эхнэрийнхээ нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Дараа нь суран хазаараар нэг удаа цохисноо санаж байна, би нэлээн ууртай байсан болохоор зарим үйлдлээ санахгүй байна. Урьд өмнө нь эхнэртээ гэр орон үр хүүхдүүддээ анхаарал тавь гэдэг зүйлийн талаар хэлдэг байсан, харин хэрэлдэж, зодолдох асуудал гардаггүй байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
42. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
43. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба шүүгдэгч Ө.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч байна.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.
44. Шүүгдэгч Ө.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
45. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
46. Шүүгдэгч Ө.Б- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
47. Шүүгдэгч Ө.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Т.О-гийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 59 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч Ө.Б-ийн хохирогч Т.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
48. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
49. Гэмт хэрэг гарахад гэр бүлийн гишүүдийн бие биедээ хүндэтгэлгүй хандаж байгаа хандлага, гэмт хэрэг, түүний хор уршгийн талаар мэдлэггүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
50. Прокуророос шүүгдэгч Ө.Б-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Р.Тилекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
51. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.
52. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Т.О- нь цаашид гарах хохирол, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
53. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
54. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Ө.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан болно.
55. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ө.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
56. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
57. Шүүгдэгч Ө.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
58. Шүүгдэгч Ө.Б- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 114 дэх тал/-аар тогтоогдож байна.
59. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
60. Шүүгдэгч Ө.Б-ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо, мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
61. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
62. Шүүгдэгч Ө.Б-ид оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
63. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг суран хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж шийдвэрлэв.
64. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
65. Шүүгдэгч Ө.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Ө-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ө.Б-ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо, мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Т.О- нь цаашид гарах хохирол, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг суран хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгасугай.
9. Шүүгдэгч Ө.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК