| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0068/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/175 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/175
2023 02 13 2023/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Э.Билгүүн,
Хохирогч Л.А,
Шүүгдэгч: Д.Д, түүний өмгөөлөгч О.Аззаяа нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1977 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик инженер барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны гадна тус байрны оршин суугч Л.Атэй хашаа нураах асуудлаас болж маргалдан улмаар хашаа нураахдаа ашиглаж байсан А шатаар түүнийг цохисны улмаас эрүүл мэндэд нь “баруун сарвууны ард няцарсан шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 09.00 өнгөрч байхад манай барилгын хашааг бөглөсөн байсан. Өмнө нь байсан хашаа, орц гарц хийсэн байхад хаасан байсан. Гарцыг нээх шаардлагатай гэх орчин суугчдын хүсэлт байсан. оршин суугчдын хүсэлтээр нээсэн байгаа бөгөөд нээх явцад хохирогч гадаа зогссон, яахаараа нээдэг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь нийтийн эзэмшлийнх учраас нээнэ гэж хэлсэн. Тэгээд хүрч ирээд хэл амаар доромжилсон. Бид нарын эрх ашгийн асуудал учраас нээж байна гэж хэлсэн. Хашааг дотор талаас нь дотогшоо цохиж байхад буюу шатаар цохиж нээж байх үед гадна талаас нь гараараа тулж байсан юм байна лээ, камерын бичлэг дээр байгаа. Тэр үед хохирогч гараа тэнд шалбасан юм байна гэж бодож байна. Манай А шатанд хүний гар шалбалаад байхаар ирмэг үзүүртэй юм бол байхгүй байгаа. А шатын шидсэн гэж мэдүүлээд байгаа боловч зүгээр түшүүлээд зогсож байсан шатыг энэ хүмүүс намайг зодох гээд над руу зэрэг дайрах үед түлхсэн асуудал болсон. Дээрх нь камерын бичлэгт байгаа. Шидэх түлхэх хоёр өөр байх....” гэв.
Хохирогч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 08 дугаар сарын 30-ний өглөө хэрэг явдал болсон. 2023 оны 8 дугаар сарын 29-ний орой хэвтэж байхад эхнэр гарч явсан, тэгээд хойд талын байрныхан хогийн машины амыг нь хаагаад тавьчихжээ гэж хэлсэн. Манайх подезэнд хогийн цэгтэй байсан. Тэгээд дор пункерын хогийн цэгээ харахад хойд талын байрны машин тавьсан байна. Байрны СӨХ-ийн дарга нь дороос төмөр гарган үүнийг хадъя, тэгэхгүй бол болохгүй нь гэж хэлсэн. Тэгээд тэр машины эзэн рүү манай эхнэр холбогдсон. Тэгээд холбогдохоор нь чадахгүй, гарч чадахгүй гэхээр нь хогийн машин яваад өгсөн. Манай эхнэр мөн СӨХ-д ажилладаг. 62 дугаар байрны хүн манай СӨХ-ийн дарга үүнийг хадъя, тэгэхгүй бол өөрсдөө төмөр гаргаж бөглөсөн. Хойд талын байрныханыг оруулахгүй гэж хаасан. Өглөө хашааг өшиглөөд байхаар нь чи хэн юм чамд хамаагүй гэж хэлсэн. 62 дугаар байрын даргыг барьж аваад дээрэлхээд чи намайг цохичих гэхээр нь цохихгүй байсан. Машин ирэнгүүт гарахад хаалгыг ганцаараа тулж байхад 3 хүн цохиод байсан. Зөрүүлээд нэг л удаа цохисон. Манай эхнэр бас явсан байсан. Хойшоо ухраахад намайг СӨХ-ийн дарга хаашаа явах гэж байгаа вэ гэхээр нь цагдаа ирэхээр нь намайг дуудсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. 50.000 төгрөгөөр, 20.000 төгрөгийн шүүх эмнэлэгт үзүүлээд нийт 70.000 төгрөг нэхэмжилж байна. Чи намайг цохичихвол чи намайг дийлэхгүй гэж хэлсэн. Гурван залуу байсан. Хашааг цохисоор байгаад унагаасан. Би наад талд нь байсан. Цохичих гэхээр нь би цохиогүй. Миний ард талд хоёр авгай зогсож байсан. СӨХ-ийн дарга гарч ирээгүй байсан. Намайг хашаанд тулж байхад хаалга нурсан, тэгээд намайг цохисон. Хашаа нураад ирэнгүүтээ нүүр лүү шат шидсэн. Тал нь унасан байсан. Тэгээд миний баруун гар шалбарсан байсан
Эрүүгийн 0 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Хохирогч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч С.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Хохирогч Л.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №11993 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38, 40-41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, хохирлын баримт /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны гадна тус байрны оршин суугч Л.Атэй оршин суугчдын байрны урдах гарц нээх эсэх асуудлаас болж маргалдан улмаар хашаа нураахдаа ашиглаж байсан А шатаар түүнийг цохисны улмаас эрүүл мэндэд нь “баруун сарвууны ард няцарсан шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч Л.Аийн “...Би 2022 оны 8 дугаар сарын 29-ний орой манай эхнэр орж гараад байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хойд талын байрны хүн хогны машин таглаад тавьсан байсан. Манай эхнэр нөгөө машинаа гарга гэхэд чадахгүй гэсэн. Тэгээд хажуу талын байрны СӨХ-ны дарга төмөр гаргаж ирээд хүн орж гардаг хэсгийг тагласан гэсэн. Би 8 дугаар сарын 30-ны өглөө байрны гадаа гарч ирэхэд нэг хүн уг хаалтыг эвдэх гээд зогсож байсан. Тэгэхээр нь би “чи яаж байна чи хэн юм” гэж асуухад “чамд ямар хамаатай юм би хүн байна” гэсэн. Тэгэхээр нь “урд өдөр хогны машин оруулахгүй байснаас манай хог ачаагүй байна” гэхэд “тэр надаа хамаагүй” гэсэн тэгэхээр нь би “энэ оршин суугчдын эрх ашиг” гэхэд “юун оршин суугчдын эрх ашиг тэр надаа хамаагүй” гэсэн. Тэр залууг би түлхэж холдуулаад жаахан маргалдаж байгаад би гэртээ орсон. Ачилтын машин ирэхээр нь би юм хумаа ачиж байхад нөгөө төмрийг цаад талаас нь юмаар цохиж байсан. Би гүйж очоод наад талаас нь түшсэн тэгсэн чинь цөм цохиод нөгөө төмөр хашаа нураад ороод ирсэн. Би “чи яаж байгаа юм бэ” гэхэд тэр залуу барьж байсан А шатаар намайг шууд цохиход нь би гараараа хаасан тэгэхэд миний гар гэмтсэн. Дахиад цохих гэхээр нь би өөдөөс нь гар далайж болиулсан. Тэгсэн нурсан хашааг нэг залуу нь суга татах гэхээр нь би тэр залууг цааш нь түлхсэн. Маргалдаж байгаад би явлаа гэхэд СӨХ-н дарга “чи явах гэж байгаа юм уу” гэхэд нь “би явлаа” гэсэн чинь “цагдаад дуудлага өгсөн” гэхээр нь би ойрхон явчхаад ирье гээд явсан... Гомдолтой байна. Эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Хийн “...Манай байрны гадаа байдаг хашаа битүү байсныг хажууд баригдаж байгаа барилгын ажилчид нээсэн байсныг оршин суугчид гомдол гаргаж 2022 оны 08 дугаар сарын 28-ний өдөр буцааж төмөр тавьж хаасан. Тэгсэн 2022 оны 8 дугаар сарын 30-ний өглөө жижүүр залгаж “барилгын ажилчид нөгөө хаасан хашааг нээж байна оршин суугчид гарч ирээд барилгын ажилчидтай маргалдаад байна” гэсэн тэгээд би уг газарт очиход барилгын гээд 3-4 хүн байсан 60 дугаар байрны оршин суугчдаас 10-аад хүн байсан ба манай байрнаас 4-5 хүн байсан. Тэгээд би очоод “боль” гэхэд үгүй гээд барилгын ажилтан нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгсэн салахгүй болохоор нь нэг нь цаанаас “А” шат барьж ирээд уг хашааг дотор талаас нь цохиод байсан. Тэгсэн 60 дугаар байрны оршин суугч гээд нэг эрэгтэй уг хашааг гараараа дарсан боловч цаанаас нь шатаар цохисоор байгаад уг хашааг эвдэж нээсэн. Тэгээд уг барилгын ажилтан болон оршин суугч нар маргалдаж бие биеэ түлхээд байсан тэгсэн “А” шат барьсан байсан хүн уг шатаа тэр оршин суугч руу түлхэн шидсэн. Тэгээд маргалдаж байхад цагдаа нар ирсэн тэгээд хэсэг байж тайлбар хэлж байгаад гараа гэмтээсэн залуу болон барилгын “А” шат бариад цохиод байсан залуугийн хамт аваад явсан... гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Мийн “....Би 2022 оны 8 дугаар сарын 30-ний өглөө өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах баригдаж байгаа барилгын гадаа урагшаа гардаг гарцыг төмөр тавьж тагласан байсан. Тухайн гарцыг буцаагаад нээх хэрэгтэй болоод бэлдээд байж байхад хажуу байрны СӨХ-ны дарга янз янзын хүмүүс ирсэн байсан ба гарцыг онгойлгохгүй гээд маргаан болоод байсан. Би тухайн үед хийсэн байсан төмрийг нээх гээд очиж хөлөөрөө өшиглөсөн үүнээс болж над руу 2-3 хүн дайрсан. Тэгсэн манай барилгын даамал Д.Д нь тухайн байдлыг намдаах гээд ярилцаж байсан ба тухайн хүмүүс дайраад байсан. Тэгсэн даамал Д.Д нь барилгын “А” шатыг авч хаасан байсан төмрийг цохиж нээсэн. Нэг хүн намайг гэмтээчихлээ гээд цаанаас орилоод гараад ирсэн. Тухайн хашааг нээчихээд би цаашаа яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Мын “...Би 2022 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн 12-13 цагийн орчимд өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 427 дугаар байрны 15 дугаар давхрын оффисын өрөөний цонхоор хартал манай байгууллагын хоёр ажилтан болон өдрийн туслах ажилтан болон тухайн байрны оршин суугч нар болон СӨХ-н ажилтан нар маргалдаж байсан. Тэгээд би бууж очиж юунаас болсныг мэдэх гээд очиход манай байр руу ордог явган хүний орц гарцын хаалга хэсгийг 60, 62 дугаар байрны оршин суугчид төмрөөр хааж явах замыг хаасан байсан. Тэгээд манай 427 дугаар байрны оршин суугч болон СӨХ-н ажилтан энэ хаалгыг нээгээд өгөөч гэж барилгын ажилчдаас хүссэн тэгээд хаалгыг нээхээр цахилгаан дрилл авч хаалгыг нээх гэхэд 60, 62 дугаар байрны оршин суугч нар эсэргүүцсэн. Тэгээд гаднаас дриллээр нээх гэхэд болохгүй байхаар дотор талаас нь манай ажлын Д.Д нь барилгын “А” шатаар цохиж эвдэлж нээсэн. Тэр үед урд байрны оршин суугч хаалганы нөгөө талд байж таарсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар 30-ны өдрийн №11993 дугаартай дүгнэлтэд “...1. Л.Аийн биед баруун сарвууны ард няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Хашааны зүүн гар талд хар өнгийн майктай бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн ирж уг хашааг хөлөөрөө түлхэж байх ба зүүн гараараа уг хашааг дарж байх ба “А” шат барьсан эрэгтэй хүн баруун талаас нь “А” шатаар цохиж байв. Уг гараараа дарж байсан эрэгтэй хүн цохиход нь хойш болж байв. Уг “А” шат барьсан хүнийг уг хар өнгийн майктай залуу түлхэж байх ба хажуу талаас нь мөн эрэгтэй хүн түлхэж байв. “А” шат барьсан эрэгтэй хүн уг шатыг хар өнгийн майктай байсан эрэгтэй хүн рүү түлхэн шидэж байв. “А” шат түлхэн шидсэн эрэгтэй хүн баруун гар талдаа байсан хүний түлхэж байх ба хажууд нь басайн хүмүүс салгаж байв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь хохирогч Л.Атэй оршин суугчдын байрны урдах гарц нээх эсэх асуудлаас болж маргалдан улмаар хохирогч руу барьж байсан “А” шатаа шидэж хүч хэрэглэсэн болохыг хохирогч Л.А, гэрч С.Хүрэлморь нараас, гэрч Н.Моос хүн гэмтсэн талаар тус тус мэдүүлж, хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгээр шүүгдэгчээс хохирогч руу хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь тусгагдаж, хохирогчийн бие махбодод хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Хэрэг болох үед шүүгдэгч Д.Д нь барилгын даамлын ажил гүйцэтгэж байсан гарц гаргах зорилгоор барилгын хашааны хаалгыг нээх үйлдлийг хийх явцад тухайн барилгын хашааны ойролцоох байрны оршин суугчдаас эсэргүүцэж, хохирогч Л.Аээс шаардлага тавих явцад хоорондоо маргалдан улмаар хохирогчоос шүүгдэгчид гэмтэл учруулахгүйгээр довтлоход шүүгдэгчээс барьж байсан “А” шатаар хохирогчийг цохиж гэмтээн хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нотлогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Д.Д нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Л.Аийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “...хохирогч шүүгдэгч рүү довтолж түүний улмаас шат шидсэн асуудалд санаатай үйлдэл байхгүй. Мөн хохирогчид учирсан шарх хэд хоног сарнисан байдлыг тогтоогоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал гаргажээ.
Хэргийн үйл баримтаас үзвэл хэдийгээр хохирогчоос шүүгдэгчийн эсрэг чиглэн довтолсон үйлдэл хийсэн боловч тухайн үйлдэл нь шүүгдэгчийн амь бие, эрүүл мэндэд аюулгүй, хэлбэрийн төдий үйлдэл байсан, түүнчлэн тухайн үйлдэл дөнгөж дууссаны дараа шүүгдэгчээс “А” шат хэмээх том биетээр хохирогчийг цохьсон үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
Түүнчлэн шинжээчээс 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №11993 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдан мөрдөгдөж буй “Гэмтлийн зэрэг тогтоох” журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж заасан нөхцлийг хангасан гэж үзэж дүгнэлтээ гаргасан нь хууль, журмыг зөрчөөгүй, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж шүүх үзсэн болно.
Хохирогчийн биед учирсан гэмтэл нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч 28 хоног дотор чухам хэд хоног түр хугацаагаар сарнисан байдал нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй тул шүүх өмгөөлөгчөөс гаргасан саналуудын хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.А нь “...Шүүх эмнэлэгт үзүүлсэн 20.000 төгрөг, тос 50.000 төгрөг, нийт 70.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн байх ба 70.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...450.000 төгрөгөөр торгох...” саналтай талаар илэрхийлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Д.Дг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бүс үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Д нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, дээд боловсролтой, авто механик инженер барилгын цахилгаанчин мэргэжилтэй, “Дэлгэр наран өргөө” ХХК-д барилгын даамал ажилтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Авгачууд овогт Доржсорогсүрэнгийн Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Аээс гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН