Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

 

 

 

   

                                

      2023         03           14                                         2023/ШЦТ/48

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, ерөнхий шүүгч Ж.Байгалмаа, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар орлогч прокурор С.Батмөнх-Очир,

Иргэдийн төлөөлөгч С.Баярцэцэг,

Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мад холбогдох эрүүгийн 2119000000243 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 09-ний өдөр .... төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  ...... тоотод оршин суудаг,  ял шийтгэлгүй,  Ц.М /.../.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө амь хохирогч Б.Атэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг гараараа шанаан тус газарт нь цохиж, хүзүү, эрүү хэсэгт рүү нь  гараараа түлхсэнээс алсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Ц.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй, эхний өгсөн мэдүүлэг үнэн зөв гэсэн мэдүүлэг,

 

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн орчимд талийгаачийн дотны найз А гэгч нь намайг Улаанбаатар хотод байхад миний ... дугаарын утас руу залгаж “А буюу А маань өнгөрчихлөө ахаа” гэж хэлэхэд дүүгээ нас барсан гэдгийг мэдсэн...Гомдол санал байхгүй, гомдолтой гээд босоод ирэх биш шүү дээ. Би Улаанбаатар хотод байдаг учраас шүүх хуралд очиж, оролцож чадахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 125, 189 дугаар тал),

 

Гэрч О.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"... Өчигдөр шөнө буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчимд манай ажлын 20 тонн цемент ирсэн бөгөөд буулгаж дууссаны дараа гэрээрээ орж усанд орох зүйлсээ авчихаад усанд орохоор Төмөр замын уурын зуух руу явж байтал цэргийн овооны ойролцоо үл таних эрэгтэй хүн гар өргөөд зогсож байсан. тэгээд би зогсоод хаана очих юм бэ гэж асуухад ойрхон буучихъя гэж хэлэхээр нь суулгаад Зүүнбаянгийн вокзалын байрны дэлгүүрийн гадна буулгачихаад уурын зуух руу явсан. ... Нэлээд архи уучихсан бололтой согтуу байсан. Алхаж гишгэж байгаа нь гайгүй юм шиг хэр нь ярьж байгаа зүйлс нь ойлгогдохгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14-15-р тал/,

 

Гэрч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Архиа дуусгаад кемп рүүгээ явахаар болж М автомашин жолоодоод би жолоочийн эсрэг талд нь суусан. Миний ард М, Мын ард талийгаач А нь суусан. Хөдлөөд явж байтал М, А нар хэрэлдэж байгаа аятай чанга чанга дуугараад байхаар нь би “та хоёр автомашин дотор маргалдахгүй шүү гэж хэлээд унтаад өгсөн. Тэгээд үүнээс яг яаж гэр рүүгээ орсноо санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17- 18-р тал/,

 

Гэрч Т.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2021 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 01 цаг 33 минутын орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р баг Зүүнбаян сум дундын эмнэлгийн .... дугаарын утаснаас “эмнэлэгт ухаангүй хүн ирлээ” гэх дуудлага өгсний дагуу 01 цаг 40 минутын орчимд эмнэлэгт очин дуудлага өгүүлсэн хүнийг үзэхэд “дуудахад сэрэхгүй, зүрхний цохилт байхгүй, амьсгалахгүй байсан, том судсанд лугшилт байхгүй, хүүхэн хараа гэрлийн урвалгүй хоёр талд жигд өргөссөн” байдалтай нас барсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Зүс танихгүй 2 эрэгтэй байсан бөгөөд “ хоёр цаг орчим машины арын суудал дээр ийм байдалтай, ухаангүй байгаад байхаар нь эмнэлэгт үзүүлэхээр хүргэж ирлээ” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27- 28-р тал/,

 

Гэрч Г.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Тэгээд түчигнээд хүмүүс ороод ирсэн. Тэгэхэд бригадын дарга, түүний найз, тогооч гурав ороод ирсэн. Нөгөө хүнийг машинд унтаж байгаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал тогооч ах “Би энд чинь ажиллахгүй, гэр рүүгээ явлаа, мах шөл чинь энд байгаа” гэж хэлээд гараад явчихсан. Тэгсэн чинь И бид хоёр араас нь гарсан. Тэгээд гадаа хүн байхгүй байсан. Тэгээд бид хоёр өртөө рүү явган алхаад үзсэн чинь тэр хавиар байгаагүй. Тэгээд буцаад гэр рүү очсон чинь манай хэд бүгдээрээ унтчихсан байсан. Тэгээд тухайн ах хүүг хөлдчих байх гэж бодсон. Тэгсэн чинь И “Халуун усан дээр буусан байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр бригадын даргын машиныг аваад Зүүнбаян руу явсан.  тэнд очоод халуун ус ороод тэр хавиар хайсан чинь олдоогүй. Тэгээд буцаад машиндаа суугаад төв замаар явж байгаад И нөгөө ахыг сэрээрэй гээд дуудсан. Тэгээд намайг дуудчих гэж хэлэхээр нь дуудсан чинь хөдлөхгүй байсан. Тэгээд И шалгаад үзсэн чинь “бөөлжчихсөн байна” гэж хэлээд “хөдлөхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би сандраад 103 руу ярьсан. Тэндээс нэг дугаар аваад залгасан чинь болохгүй байсан. Тэгээд хүнээс эмнэлэг асууж байгаад очоод машин дахь хүнээ үзүүлэх гэсэн чинь өргөөд өрөө рүү оруулчих гэж хэлэхээр И бид хоёр өргөөд эмнэлэг рүү оруулсан. Тэгээд нэг залуухан эмч ирж үзчихээд нас барсан талаар нь хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38-р тал/

 

Гэрч Н.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд манай хүргэн ах болох М надад “Энэ А намайг өдөөд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Хүнтэй муудалцаж болохгүй шүү” гэж хэлсэн. Бид нарыг дэлгүүр орохоос өмнө нөгөө гэрт үлдсэн ахимаг насны ах нар хоорондоо маргалдаад байсан. Манай хүргэн ах бригадад тогооч хийдэг байсан. Тэгээд хоол унд дээрээс маргаад байсан. Манай бригадын дарга Т, түүний найз А, манай хүргэн ах М, талийгаач А нар Зүүнбаян орчихоод ирсэн. Тэгээд орж ирээд М “Би ер нь энд ажиллахаа болилоо, Сайншанд руу буцлаа гээд гараад явчихсан. Тэгээд би араас гарах гэсэн куртикээ олохгүй байж байгаад араас нь Чын хамт араас нь гарсан. Тэгсэн чинь гадаа байгаагүй. Тэгээд Зүүнбаян руу алхаад явж байсан чинь зам дээр машин таараад “нэг хүн чинь урд алхаад явж байна ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь цаашаагаа хараад байсан чинь олдохгүй байсан. Тэгээд бид хоёр Зүүнбаянгийн өртөө хүртэл яваад хайсан чинь олдоогүй. Тэгээд бид хоёр буцаад гэр рүү яваад очиход талийгаач бригадын даргын машинд унтаж байсан. Тэгээд тэнд байхад манай хойно ажил хийж байгаа хүмүүсийн машин ирсэн. Тэгээд тэр машинаас М ахыг асуусан чинь Зүүнбаянгийн халуун усан дээр буусан гэж хэлсэн. Тэгэхээр Чын хамт бригадын даргын машиныг аваад Зүүнбаянгийн халуун ус руу явсан. Тэгэхэд талийгаач машины ард хэвтэж байсан. Тухайн үед бид хоёр түүнийг унтаж байгаа л гэж бодсон. Тэгээд халуун усан дээр ирсэн чинь халуун ус нь хаалттай хүнгүй байхаар нь машинаасаа буугаад ойр орчмоор хайсан. Тэгэхэд олдоогүй. Тэгэнгүүтээ машиндаа суугаад буцаад төв зам руу ороод М ахыг хайсан. Тэгээд гэнэт ард байгаа хүнийг сэрэхгүй болохоор нь сэрээе гэж бодоод арын хаалга онгойлгоод харсан чинь нэг сонин болчихсон байсан. Тэгээд би гүрээний судас дээр нь дараад үзсэн чинь юм мэдэгдэхгүй болохоор нь эмнэлэг явъя гэж бодсон. Тэгээд Зүүнбаянгийн эмнэлгийн мэдэхгүй болохоор нь 103 руу залгаж асуусан чинь дугаарыг нь мэдэхгүй байна гээд эмчийн дугаар өгсөн. Тэгээд тэр дугаар руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд Ч бид хоёр эмнэлэг хайж яваад олсон. Тэгээд эмчид үзүүлсэн чинь нас барчихсан байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43-р тал/,

 

Э.Гэрч Ө.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд удалгүй нөгөө ах болох бригадын дарга Т, Мөнгөнөө, тогооч М ах нар орж ирсэн. Харин талийгаач орж ирээгүй. Тэд нар хэлэхдээ машинд унтаж байгаа гэж хэлж байсан. Тэгээд М ах ууртай л байх шиг байсан. Тэгээд М ах гараад явчихсан. Тэгсэн И араас нь гараад оруулж ирээд хэвтүүлсэн. Тэгсэн чинь М ах дахиад гараад явчихсан. Түүний араас И, Ч нар гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/,

 

Ю.Гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Машиндаа явахдаа би машиныг бариад, бригадын дарга хажууд суугаад нөгөө хоёр ард суугаад явсан. Тэгээд гэртээ буцаж ирээд унтаад өгсөн. Тэгсэн чинь талийгаач машинд үлдчихсэн байсан. Яагаад үлдсэн байсныг нь бол мэдээгүй ...Өдрийн хоол идэж байх үед миний өмнө харалдаа талийгаач сууж байсан. Хоол идэж байх үед талийгаач М хоолой өвдөж байна гэж хэлж байгаагүй. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

Гэрч Б.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...Тэгтэл 23 цаг болж байхад тогооч М, замчин М ах, Э ах, талийгаач нар гадаа ирээд эхлээд М ах орж ирээд, дараа нь М ах, Э ах нар орж ирэхээр нь талийгаачийг хаана байгаа талаар асууж тодруулахад машинд унтаж байгаа гэж М ах хэлсэн юм. Тэгэхээр нь Оийг талийгаачийг гэр лүү оруулаад ир гэж хэлтэл “өөрийнхөө гар утсыг оролдоод, за одоохон жоохон байж байгаад оруулаад ирье” гэж хэлж байсан. Тэгтэл М ах ойролцоогоор 23 цаг өнгөрч байхад “би ерөөсөө Сайншанд руу гэр лүүгээ харилаа” гээд гараад явчихаар нь Ч, И нар нь Э ахын машины түлхүүрийг надаас аваад М ахыг олоод аваад ирье гэж хэлээд явсан бөгөөд би тэр үед нь ажилчдын амрах байрандаа хэвтэж байгаад унтчихсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 56-57-р тал/,

 

Гэрч У.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...22 цаг 40-50 минутын орчимд 50 гаран насны буурал үстэй өөрийгөө Энхбат билүү М гэх хүн орж ирсэн. Тэгээд тэр хүн "Ах нь даараад байна, жоохон унтаж байгаад өглөө явчихъя” гэж хэлсэн. ...Тэгээд өглөө 06 цаг 20 минутын орчимд Зүүнбаянгийн төв рүү явлаа гээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/,

 

Гэрч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 он 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаян төмөр зам руу явж байхад төмөр замын уурын зуухнаас зүс харж байсан хүн гарч явахыг хараад очоод шалгатал амь хохирогч А гэгчтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн болох М нь уурын зууханд хоносон гэх яриа өгүүлэмжтэй гараад явж байхад нь Мыг дагуулаад цагдаагийн хэсэг рүү явсан. ...Тухайн үед амь хохирогч намайг хөгшин банди гэх мэтээр доромжлоод байхаар нь маргалдсан талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 250-р тал/,

 

Гэрч Д.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Хамт сууж 1 шил архи ууцгаагаад л зүгээр манайхаас гарцгаасан. ...манай гэрт бөөлжиж барьсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 13-р тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “...баруун гарын алганы ар хэсэг 3,4,5 дугаар хурууг хамарсан 9 см х7см улаан хүрэн өнгийн цус хуралттай, зөөлөн эд хавдаж овойсон, мөн уг хэсэгт 1см х 0.1 см улаан ягаан өнгийн зулгаралттай байв...” /хх-ийн 77-78/

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/03 дугаартай шинжээчийн “ 1. Амь хохирогч Б.Аийн цогцост хийсэн шинжилгээгээр ховч ясны хугарал, хүзүүний зөөлөн эд, булчингийн цус хуралт, хүзүү, зүүн гуяны цус хуралт гэмтүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. 4. Амь хохирогч Б.Аийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. 6. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 5,3 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч Б.А нь багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас барсан байна. 8. Амь хохирогч Б.А нь 8-12 цагийн өмнө нас барсан байх боломжтой байна. 9. Амь хохирогч Б.А нь В (II) бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 166-167-р тал/,

 

Цогцост үзлэг хийсэн "... ховч яс баруун талд хугаралтай, хүзүүний баруун, зүүн хэсэгт арьсан доорх зөөлөн эдэд цус хуралттай, ховч ясны зөөлөн эдэд цус хуралттай. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 168-177-р тал/,

 

Шинжээч У.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Амь хохирогч Б.Аийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд биед нь ховч ясны хугарал, хүзүүний зөөлөн эд, булчингийн цус хуралт, хүзүү, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Ховч ясны хугарал, хүзүүний зөөлөн эд, булчингийн цус хуралт, хүзүү, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн тодорхойлолтод “хүзүү хоолойг 1 болон 2 гарын хуруугаар эсвэл гарын аль нэг хэсгээр дарж, шахахыг багалзуурдах гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Хүнийг багалзуурдах үйлдэл хийх үед гүрээний судаснууд дарагдсаны улмаас тархины цусан хангамж алдагдаж, амьсгалын зам дарагдсанаас амьсгал бүтэлт үүснэ. Багалзуурдалтын үед түгээмэл илэрдэг шинж нь ховч ясны хугарал гэмтэл байдаг. Улмаар амь хохирогчийн хүзүү хоолойд гарын аль нэг хэсгээр дарж, огцом шахаж түлхсэний улмаас ховч ясны хугарал үүсэж болно. Амь хохирогч Б.А нь механик амьсгал бүтэлтийн улмаас нас барсан байсан бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээний явцад амь хохирогчийн хүзүү, хоолойн хэсгийн арьсан доорх зөөлөн эд, булчинд цус хуралттай байсан нь гаднын хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг цус хуралт нь амь хохирогч амьд байх үед үүссэн байна. Энэ нь эд эсийн шинжилгээгээр булчин болон арьсанд голомтоог цус харвалттай гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. ..Ховч яс хугарлаас болж заавал бөөлжинө гэсэн зүйл байхгүй. Ховч яс хугарал, бөөлжилт хоёр нь хоорондоо харилцан хамааралтай биш. ...Ховч яс хугарснаар амьсгал бүтэлт үүсээд байгаа юм биш. Механикаар амьсгал бүтэлт үүсгэж байгаа учраас ховч яс хугарч байгаа...” гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 187, 2-р хх-ийн 31-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1238 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн суудлын бүрээсний хэсэг дээрээс цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус мөн. Илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй” дүгнэлт /2-р хх-ийн 40-41-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1240 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 47-48-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2895 дугаартай шинжээчийн “1.Тээврийн хэрэгслийн арын суудлын бүрээс дээр цус, арьсны эд, үс илрээгүй. 2. Тээврийн хэрэгслийн арын суудлын бүрээсний хэсэг дээрх хоолны агууламжийн үлдэгдэл /бөөлжис/ гэх 2 цайвар толбонд шүлс илрээгүй /22-р хх-ийн 54-55-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1239 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 60-61-р тал/

 

Хэргийн газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5 дугаар тал),

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл(хавтаст хэргийн 6-9 дүгээр тал),

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 182 дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “1. Талийгаач Б.Ад цогцост хийсэн шинжилгээгээр механик амьсгал бүтэлт, хөвч ясны хугарал, хүзүүний зөөлөн эд, булчингийн цус хуралт, хүзүү, зүүн гуяны цус хуралт тогтоогдлоо. 2. Хөвч ясны хугарал, хүзүүний булчинд цус хуралт, хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач нь амьсгалын зам буюу хүзүү гаднаас дарагдсанаас амьсгал бүтэж нас баржээ. 4. Хөвч ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоов. Хөвч ясны хугарал нь үхэлд хүргэнэ. 5. Хөвч ясны хугарал нь механик амьсгал бүтэлтийн үед үүсдэг. 6. Амьсгал бүтэлт болохоос өмнө бөөлжинө, дараа нь бөөлжих боломжгүй. 7. Задлан шинжилгээний явцад уушгинд илэрсэн “... баруун зүүн уушги хүрэн улаан өнгөтэй, зүслэгийн талбай цус дүүрэлттэй, хүрэн улаан өнгөтэй, зүслэгийн талбайг шахахад цусархаг, хөөсөрхөг шингэн ихээр урсан гарна” гэсэн нь амьсгал бүтэлтийн үед гарч болно.  8. Цусанд спирт 5.3 промилл нь хүнд зэргийн согтолт бөгөөд энэ нь үхэлд хүргэж болно. 9. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 02/003 тоот дүгнэлт, хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 667 тоот дүгнэлт үндэслэл муутай байна” гэсэн дүгнэлт,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас шүүгдэгч Ц.Мад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сайншанд сумын 5 дугаар багт байх ажлын байрныхаа кемп дээр согтууруулах ундаа ууж улмаар Ч.Э, Д.М, талийгаач Б.А нарын хамт Эийн машиныг М жолоодон Зүүнбаян орж архи нэмж уун улмаар ажлын байр луугаа буюу кемп руугаа буцах замдаа Ц.М нь талийгаач Б.Аийн хамт машины арын суудал дээр сууж явахдаа маргалдан талийгаачийн зүүн шанаа руу 1 удаа цохих, хүзүү,эрүү хэсэг рүү нь түлхэх зэргээр биед нь халдаж ховч ясны хугарал, хүзүүний зөөлөн эд, булчингийн цус хуралт, хүзүү, зүүн гуяны цус хуралт гэмтлүүдийг учруулан амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдов.

 

Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох гэрч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Архиа дуусгаад кемп рүүгээ явахаар болж М автомашин жолоодоод би жолоочийн эсрэг талд нь суусан. Миний ард М, Мын ард талийгаач А нь суусан. Хөдлөөд явж байтал М, А нар хэрэлдэж байгаа аятай чанга чанга дуугараад байхаар нь би “та хоёр автомашин дотор маргалдахгүй шүү гэж хэлээд унтаад өгсөн.”гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд удалгүй нөгөө ах болох бригадын дарга Т, Мөнгөнөө, тогооч М ах нар орж ирсэн. Харин талийгаач орж ирээгүй. Тэд нар хэлэхдээ машинд унтаж байгаа гэж хэлж байсан. Тэгээд М ах ууртай л байх шиг байсан.”гэсэн мэдүүлэг, гэрч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөнМыг дагуулаад цагдаагийн хэсэг рүү явсан. ...Тухайн үед амь хохирогч намайг хөгшин банди гэх мэтээр доромжлоод байхаар нь маргалдсан талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, Хүний биед үзлэг хийсэн  “Ц.Мын...баруун гарын алганы ар хэсэг 3,4,5 дугаар хурууг хамарсан 9 см х7см улаан хүрэн өнгийн цус хуралттай, зөөлөн эд хавдаж овойсон, мөн уг хэсэгт 1см х 0.1 см улаан ягаан өнгийн зулгаралттай байв...”гэсэн тэмдэглэл, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/003 дугаартай дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 дугаартай дүгнэлт, Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 182 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “02/003 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Ц.М нь хүнийг багалзуурдсанаас алсан, 667 дугаартай шинжээчийн дүгнэлтэд спиртийн цочмог дутагдалд орсон, гэхдээ ховч ясны хугарал нь хүнд гэмтэл байна, 05 дугаартай дүгнэлтэд ховч яс хугарснаас болж нас барсан, 182 дугаартай дүгнэлтэд хүзүү гаднаас дарагдсанаас болж амьсгал бүтэж нас барсан, ховч яс хугарсан нь хүнд зэргийн гэмтэл, 5,3 промиллын  спиртийн агууламж нь үхэлд хүргэж болно гэсэн дүгнэлт гарсан” тул 4 шинжээчийн дүгнэлтийн аль дүгнэлтийг нь үнэн гэж үзэх вэ, амьсгал бүтэлт нь спиртийн хордлогод орсноос болох эсэх талаар хор судлалын шинжээч  оролцуулан дахин

 

 

бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах саналтай байна гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

         Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/003 дугаартай дүгнэлтээр “...цогцост хийсэн шинжилгээгээр ховч ясны хугарал,хүзүүний зөөлөн эд,булчингийн цус хуралт,хүзүү,зүүн гуяны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Цусанд 5.3 промилли спиртийн агууламж илэрсэн ба согтолтын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч Б.А нь багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас барсан байна “гэсэн, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 дугаартай дүгнэлтээр “...ховч ясны хугарал,хүзүүний зөөлөн эд,булчинд цус хуралт, хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Амь хохирогч нь ховч ясны хугарлын улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдлаар нас баржээ. Ховч ясны хугарал нь шууд үхэлд хүргэсэн гэмтэл байна. Ховч ясны хугарал нь механик амьсгал бүтэлтэнд нөлөөлнө...” гэсэн, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 667 дугаартай дүгнэлтээр: амь хохирогч Б.Аийн цогцост хийсэн шинжилгээгээр ховч ясны хугарал,хүзүүний зөөлөн эд,булчинд цус хуралт, хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогджээ. Амь хохирогч нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ” гэсэн, шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 182 дугаартай дүгнэлтээр “талийгаач Б.Ад цогцост хийсэн шинжилгээгээр механик амьсгал бүтэлт,хөвч ясны хугарал, хүзүүний зөөлөн эд, булчингийн цус хуралт, хүзүү, зүүн гуяны цус хуралт тогтоогдлоо. Талийгаач нь амьсгалын зам буюу хүзүү гаднаас дарагдсанаас амьсгал бүтэж нас баржээ. Хөвч ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоов. Хөвч ясны хугарал нь үхэлд хүргэнэ.  Цусан дахь спирт 5.3 промилл нь хүнд зэргийн согтолт бөгөөд энэ нь үхэлд хүргэж болно...” гэсэн  4 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан байна.

 

Дээрх  02/003, 5, 182 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчид учирсан гэмтлүүдээс хүнд зэргийн согтолт нь үхэлд хүргэж болохыг, ховч ясны хугарал нь үхэлд хүргэхийг тогтоосон ба харин амь хохирогч Б.Аийн үхлийн шалтгаан нь хүзүү гаднаас дарагдсанаас амьсгал бүтэлтэнд орж нас барсан болохыг тогтоожээ.

 

Энэ нь шинжээч эмч У.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шүүх эмнэлгийн тодорхойлолтод “хүзүү хоолойг 1 болон 2 гарын хуруугаар эсвэл гарын нэг хэсгээр дарж шахахыг багалзуурдах гэнэ гэж тодорхойлсон байдаг. Хүнийг багалзуурдах үйлдэл хийх үед гүрээний судаснууд дарагдсаны улмаас тархины цусан хангамж алдагдаж, амьсгалын зам дарагдсанаас амьсгал бүтэлт үүснэ. Багалзуурдалтын үед түгээмэл илэрдэг шинж нь ховч ясны хугарал гэмтэл байдаг” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “талийгаач агсам тавиад, давчуу зайд элдэв үгээр хэлж дайрч давшлаад байхаар нь талийгаачийг няцааж, хүзүү рүү гараараа түлхсэн байдал харагдаж байна. Энэ үйлдлийг хүнийг санаатай алахаар үйлдэл хийж байна уу, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үү, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үү гэдэгт шүүх дүгнэлт хийж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг, Иргэдийн төлөөлөгчийн зүгээс “шүүгдэгч Ц.Мыг гэм буруутай гэж бодогдохгүй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох гэрч Ч.Э, Д.Мөнгөнсор нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ц.М нь талийгаач Б.Атэй машины арын суудалд сууж явах үедээ хоорондоо хэрэлдэж, маргалдан хоорондын таарамжгүй харьцаа үүссэн болох нь тогтоогдсон, муудалцах үедээ шүүгдэгч Ц.М нь амь хохирогчийн зүүн шанаа руу нь цохих, хүзүү, эрүү рүү нь түлхсэн үйлдлийг  болгоомжгүй үйлдлийн улмаас хүнийг цохьсон, түлхсэн гэж үзэх үндэслэл буюу Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Мын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Аийн амь нас хохирсон нь хоорондоо шууд шалтгаант холбоотой тул шүүгдэгчийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

          

          Хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Огээс нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.   

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Мад Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан заалтыг хэрэглэн ял оногдуулах саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл буюу “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх журмын буюу мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил,эсхүл арван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг,заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэснийг үндэслэн шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

           Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний ар гэрийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг  журамлан мөн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Мын 2021 оны 12 сарын 14-ний өдрөөс 16-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан хоног болон 12 сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 сарын 08-ны өдөр, 10 сарын 31-ны өдрөөс 2023 оны 3 сарын 15 хүртэл цагдан хоригдсон 252 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор тогтоов.

 

        Бусад асуудлаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мад 6 жилийн хугацаагаар хорих  ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мад оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мын цагдан хоригдсон 252  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН     

 

                         ШҮҮГЧ                                  Ж.БАЙГАЛМАА

 

                         ШҮҮГЧ                                  Н.АРИУНЖАРГАЛ