Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

хохирогч Н.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч Тт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, Ч Т

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ... тоотод хохирогч Н.Быг зодож, түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бид хоёр хоёулаа ууж идсэн байсан. Тэгээд хоорондоо үг сөрөөд хэрүүл болсон. Тэгээд би нэг удаа алгадсан.Эмчилгээний зардлыг 2 хоногийн дотор төлж өгнө гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: Тт эмэгтэй хүний асуудал байдаг байсан. Намайг ажилтай байхад 3 цагийн үед миний утсыг авч яваад яриарай гэхээр нь залгахад эмэгтэй хүн цаана нь дуугарсан. Түүнээс хойш гэртээ тогтохгүй, ийш тийшээ яваад өгдөг. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, ийм хүнтэй уулзана, тийм хүнтэй уулзана, тэр ах ингэсэн, энэ ах ингэсэн гэдэг болсон. Надад гомдоод байгаа зүйл байхгүй. Тухайн өдөр манай найзын төрсөн өдөр байсан. Бид нар 1, 2 пиво уусан. Гараад нэг найз руугаа утасдаад, тэр найз нь ирсэн. Огцом уурладаг, юм л бол гар хүрэх гэж оролддог. Нэг биш нэлээд зодсон, 1 жил биш, 2 жил амьдарч байна. Би ажил хийдэг, нэг өдөр 12 жил уулзаагүй найз нь ирсэн гэхээр нь дайлж цайлаад явуулсан, тэгээд найзтайгаа хардсан. Яагаад намайг зодоод байдгийг ойлгохгүй байна, тэгээд хэлэхээр за намайг уучлаарай гэж хэлдэг. Цалингийн зөрүү, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

       

          Гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ээж 2022 оны 12 сарын 26-ны өдөр эгчийнхээ хүү болон М болох 30 орчим настай үеэл ахтай таараад юм ярихыг нь Т хардаад маргааш нь зодсон гэж ээж хэлсэн. Тэгээд би маргааш нь харахад нүд нь бага зэрэг хөхөрчихсөн хамар нь эвгүй болчихсон босож чадахгүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 7 дугаар тал,

              

           Гэрч Э.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэрээс нь юу болсон талаар асуухад манай нөхөр миний нүүр лүү 1 удаа алгадсан гэж хэлсэн. Тэгээд би нүүр лүү нь харахад зүүн шанаанаас дээш нүдний ойролцоо улайчихсан байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 17 дугаар тал)

          

           Гэрч С.Ггын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2022 оны 12 сарын 27-ны өдөр... намайг очсоноос хойш нээх удаагүй Б, Т хэрэлдэж байгаад гэнэт тас гээд дугарсан. Тэгээд би харсан чинь Быг Т нь нэг удаа гараараа хүчтэй цохисон... тэгэхэд зүүн талын хамраас нь цус гоожиж байсан... тэгээд удалгүй цагдаа орж ирсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 19 дүгээр тал),

          

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай "... Н.Бын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт( хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 40 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ... тоотод хохирогч Н.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан  түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч О.С, Э.З, С.Гга нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон яаралтай тусламжийн хуудас, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 02/042 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Н.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 02/042 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

            Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Ч.Т нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн болно.        

          Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Н.Б цалингийн зөрүү, эмчилгээний зардалд 606,368 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь хэрэгт ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан олгож хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Тын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч Ч.Т нь урьд  ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөдөө мал малладаг/, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ч.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв. 

  

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ч.Т нь  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Тт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын  хязгаарыг Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Тт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Таас 606,368 төгрөг гаргуулан хохирогч Н.Бад олгож, хохирогч нь цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

       

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ч.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН