| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0031Э |
| Дугаар | 2023/ШЦТ/33 |
| Огноо | 2023-03-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Х.Г |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Бт холбогдох 2316000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Б овогтой Т.Б.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Быг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төвд ... улсын дугаартай хино маркийн тээврийн хэрэгсэл жолоодон сумын төвийн хуучин барилгын бетонон суурин дээрээс приус маркийн тээврийн хэрэгсэл ачихаар ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Л.Быг мөргөж зүүн шилбэ ясны гадна дотор хавчаар ясны ил хугарал, шагайн үений мултрал, баруун өсгий ясны далд хугарал, зүүн шагай, баруун тавхайд шарх бүхий хүнд хохирол учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Т.Б нь ... улсын дугаартай хино маркийн тээврийн хэрэгсэл жолоодон тэжээл ачиж Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төвд очсон бөгөөд сумын төвд байрлах хуучин барилгын бетонон суурин дээрээс приус маркийн тээврийн хэрэгслийг ачихаар ухрах үйлдэл хийх үедээ машины ард байсан Л.Быг мөргөж, барилгын хуучин суурь, машин хоёрын хооронд хөлийг нь хавчуулсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримтын улмаас Л.Бны эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр зүүн шилбэ ясны гадна дотор хавчаар ясны ил хугарал, шагайн үений мултрал, баруун өсгий ясны далд хугарал, зүүн шагай, баруун тавхайд шарх бүхий хүнд хохирол учирсан байх тул энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Т.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Т.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд тэжээл буулгачхаад наашаа явах гэж байгаад хуучин байрны бетонон суурь руу ухарч байгаад өөрийн санамсар болгоомжгүйгээс ийм хэрэг үйлдсэн. Гэмшиж байна. Буруугаа хүлээж байна. 2 сая төгрөг өгсөн. Ирэхдээ 1 сая төгрөг өгсөн. Хохирогчид нийт 3.000.000 төгрөг өгсөн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Хамгийн багаар шийтгэл ногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Т.Бн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь манай сумд тэжээл буулгахаар ирсэн. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тэжээлээ буулгачхаад манайд хоносон. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө жолооч нь машин ачаад аймаг руу буцна гэж хэлсэн. Бид нар машин ачихаар болоод сумын төв дээр хуучин барилгын суурь руу ачааны машиныг ухарч байрлуулах гэж байсан. Машин нь элсэнд суучихсан юм. Тэгээд бид нар машиныг араас нь түрж, нааш цааш нь хөдөлгөж байсан. Тэгсэн машин гэнэт ухраад ороод ирсэн. Тэгсэн миний хажууд байсан хүмүүс зугтаагаад холдсон. Над руу тулаад ороод ирэхээр нь би арагш болж байшингийн суурь дээр бөгсөөрөө суугаад хөлөө татсан. Тэгсэн миний хөл цементэн байшингийн суурь, машин хоёрын хооронд хавчуулагдсан. Миний хажууд байсан хүмүүс хашхиралдаад машиныг урагш болгосон. Би эмнэлэг дээр ирээд намайг ямар ч байсан эмчилгээ хийгээд аймгийн төв рүү аваад яваач гэж хэлсэн. Тэгээд аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт ирээд хагалгаад орсон...” гэх мэдүүлэг /ХХ15-16, 18/,
Гэрч С.Сн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн орчимд ачааны машинтайгаа манай гадаа хүрээд ирсэн. Тэгээд машин ачих байсан цемент суурь руу шууд шахаад зогссон. Тухайн приус машиныг ачих гэсэн чинь нэлээд зайтай зогссон байсан учраас дахин ухрах гэсэн чинь угаадасны мөсөн дээр тухайн машины дугуй нь хий эргээд байсан. Тэгээд ачааны машиныг араас нь урагш нь түрнэ гээд хойно нь Л.Б бид нар зогсож байсан чинь машин ухарч ирээд Л.Б хуучин суурь, машин хоёрын хооронд хавчуулагдсан. Бид нар машиныг нь урагшлуулаад Л.Быг шууд эмнэлэг рүү хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ23-24 хуудас,
Гэрч С.Бн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төв дээр ачааны машин дээр машин ачих гээд хуучин байшингийн суурь руу шахаж ухарсан юм. Асгасан угаадас дээр машин хий эргээд байсан. Хүмүүс угаадас асгаж хөлдсөн хэсэгт нь шороо цацсан. Хүмүүсээ машины хоёр талд гаргаад машиныг нааш цааш нь холхиулж байсан. Тэгтэл машин хий эргээд байсан.Тэгсэн машин хойшоо ухас хийгээд хөдөлсөн. Тэгэхэд хүмүүс хүүе хаая гээд орилолдоод явчихсан. Би машины араар очиж үзэхэд улаан дээлтэй залуу хөлөө дээш өргөчихсөн байшингийн хуучин суурь, машин хоёрт хавчуулагдсан байсан. Машинаа урагш нь болгоод тухайн хүнийг өргөж авсан. Тэр залуу миний хөл эвгүй болчихлоо. Цус гараад байх шиг байна гэсэн. Эмнэлэг рүү аваад яваадхаач гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /ХХ26-27/,
Гэрч Д.Ан мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төв дээр ачааны машин дээр машин ачих гээд байж байсан. Тухайн үед байшингийн хуучин суурь руу ачааны машиныг ухрааж зогсоох гээд машиныг нааш цааш нь холхиулж байсан. Тэгсэн чинь хуучин суурины тэнд угаадас асгачихсан байсан мөсөн дээр машин хий эргээд байсан. Гэнэт машин овос гээд хөдөлсөн чинь ард нь байсан нэг хүн машин байшингийн хуучин суурь хоёрын хооронд хавчуулагдсан. Тэгээд машиныг урагш нь болгоод тухайн хүнийг эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /ХХ29/,
Гэрч Л.Бн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2023 оны 01 сарын 26-ны өдрийн 13 цаг 10 минутад Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Эрүүл мэндийн төвийн хүлээн авахад машинд хавчуулагдсан хүн ирсэн. Тухайн хүнийг үзэхэд биеийн байдал хүнд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, хэсэг газрын үзлэгээр зүүн талын хөлийн шилбэний ясны доод хэсгийн хугарал цус алдалттай, эмзэглэл ихтэй, баруун талын хөлийн шилбэ, тавхайн дээд хэсэгт 4*6 см орчим шархтай, цус их гарч хавдсан байсан. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Гантөмөрөөс зөвлөгөө авч эмчилгээ хийж, чиг тавьж, даралттай боолт хийж, 2023 оны 01 сарын 26-ны өдөр 14 цаг 30 минутад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэхээр шийдвэрлэсэн...” гэх мэдүүлэг /ХХ31/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №38 дугаартай “1.2. Л.Бы биед зүүн шилбэ ясны гадна дотор хавчаар ясны ил хугарал, шагайн үений мултрал, баруун өсгий ясны далд хугарал, зүүн шагай, баруун тавхайд шарх гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 5.6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.5-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдах гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ53-54/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заажээ. Шүүгдэгч Т.Б нь дээрхи замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Т.Быг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэгдэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Уг гэмт хэргийн улмаас Л.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба Т.Б нь хохирогчийн эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч болон хохирогч нар нь 5,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, 8 сараас хойших эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэхээр харилцан тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд хохирогчийн эмчилгээ бүрэн гүйцэд хийгдээгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Т.Бтай тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Бт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Л.Бд 3,000,000 төгрөгийн хохирол төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид баримтаар 3,000,000 төгрөгийг төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Бт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болон санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Т.Бт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид баримтаар 3,000,000 төгрөгийг төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Т.Бын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, ... улсын дугаартай С.Мн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.Бт буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА